Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00782

 

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/00564 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т- ХХК-ийн хариуцагч З.Т-, З.Б- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 32,447,376.97 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг хариуцагч З.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч З.Б-, З.Т- нар нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Т-тай зээл болон барьцааны гэрээ байгуулан, 25,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.90 хувь, жилийн 22.8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 02-ны өдөр төлөх үүрэгтэй боловч 2020 оны 02 дугаар сараас эхлэн төлөлт хийлгүй хугацаа хэтэрсэн. 2020 оны 2 дугаар сараас эхлэн тус зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчид мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 32,438,376.97 төгрөгийн үүрэг үүссэн байх тул уг төлбөрийг хариуцагч З.Т-ээс нэхэмжилнэ. Мөн шүүхэд нэхэмжилсэн тэмдэгтийн хураамжийн төлбөр 320,141.28 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөгийн зардал гаргасан тул уг зардлуудыг мөн гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Т-наас зээл болон барьцааны гэрээ байгуулан, 25,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй авсан. Зээлийг авсан өдрөөс хойш 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд үндсэн зээл, хүү, алдангид нийт 14,179,904.41 төгрөгийг төлж барагдуулсан. Дэлхий нийтийн хэмжээгээр цар тахал гарч бизнес маань зогсонги байдалд орсон. Үүнээс шалтгаалаад зээл хүүгийн төлбөрөө хугацаанд нь хийх боломжгүй хүнд байдалд орсон боловч бага хэмжээгээр зээлийн төлбөрөө банкинд тасралтгүй төлж байсан. Нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч З.Т-ээс 32,447,376.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,141.88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Т-ээс 320,141.88 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрт миний төлсөн 15,000,000 төгрөгийн талаар дурдаагүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч зээл авсан болон зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаагүй гэж дүгнэн, нийт 32,438,376.97 төгрөгийг надаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

4.а.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэжээ.

Гэтэл шүүх хуралдааныг хийж хэргийг эзгүйд шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна.

Би өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан эрх ашгаа хамгаалуулах ёстой байлаа. Гэтэл түүний эзгүйд шүүх хурлыг хийжээ.

Би шүүх хэргийг шийдвэрлэсэн талаар 2023 оны 02-р сарын 27-ны өдөр надад утсаар хэлсэн. Шүүх хуралдааныг надад зарласан талаар мэдэгдээгүй. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч бас мэдээгүй байсан.

Иймд шүүх миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлэх боломж олгоно уу.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч З.Т-, З.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 32,447,376.97 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Зохигчид 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Т- ХХК нь 25,000,000 төгрөгийг, сарын 1,90 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч З.Т-, З.Б- нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 25,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн дансны харилцагчийн хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-ийн 6-8, 22-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байх тул нэхэмжлэгч Т- ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар зээлдэгч нараас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Т- ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.Б-ээс татгалзсан, мөн хариуцагч З.Т- нь Т- ХХК-аас зээлсэн 25,000,000 төгрөгийг би хэрэглэсэн, уг зээлийг З.Б- хэрэглээгүй тул түүнийг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. /хх-ийн 36, 44-р тал/

 

Хариуцагч З.Т- нь 2020 оны 02 сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн болох нь зээлийн дансны харилцагчийн хуулгаар тогтоогдсон, нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч З.Т-т зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байна. Иймд нэхэмжлэгч Т- ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж мөнгөн хөрөнгийг шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй. /хх-ийн 22-26-р тал/

 

2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар хариуцагч З.Т-т үндсэн зээл 23,755,392.67 төгрөг, хүү 8,517,807.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 165,177.08 төгрөг, нийт 32,438,376.97 төгрөгийн үүрэг үүссэн байх бөгөөд хариуцагч нь уг тооцооллыг үндэслэл бүхий баримтаар няцаагаагүй, мөн хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг төлсөн гэх тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч З.Т-ийн төлсөн төлбөрийг гэрээний нийт үүргээс хасаж тооцсон байх тул зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд нийт 32,447,376.97 төгрөгийг хариуцагч З.Т-ээс гаргуулж нэхэмжлэгч Т- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой гэжээ. Гэвч анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болдсайханд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн болох нь хэргийн 47 дугаар талд авагдсан тов мэдэгдэх хуудсаар тогтоогдсон. Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцож чадаагүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/00564 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Т-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ