| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00121/Э |
| Дугаар | 00137 |
| Огноо | 2018-11-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 00137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч О.Баярсайхан
Хохирогч Б.Об
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Н.Бт холбогдох эрүүгийн 1832000000092 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай /*/ Урианхай овогт Наранбаатарын Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Н.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Билүүт гэх газарт орших Арцат зуслангийн орчмын сайжруулсан авто зам дээр 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчим авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Toyota Prius-10 загварын “80-04” УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2.7-д Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Б.Обын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: … 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулыг зорьж 2 машинтай хөдөлсөн. Замдаа микроны эзэн нэг шил архи авч надад 2 удаа өгсөнийг нь уучихаад явж байтал замд дугуй хагарч хамт Зүүнхараа орох байсан машинаасаа төөрөөд өдөр нилээн урт хугацаагаар явж орой очих газраа очсон. Тэр хооронд би замдаа унтаж яваад орой очиход миний уусан архи гарсан байсан. Тэгээд бид машинаас бөөгийн эд хэрэглэлээ буулгаад хүмүүс бүгд их завгүй байсан. Би тэр үед хөлөө хугалаад удаагүй байсан болохоор сайн явж чадахгүй хүмүүсийг хараад сууж байсан. Хүмүүс бөөгийн зан үйлд хэрэглэх хатуу сархадаа тэр хавиасаа авна гэж ярилцаад хонинд явах болоод би завтай байсан болохоор хонинд Prius маркын машиныг жолоодоод яваад ирье гээд явахаар болсон. Гэтэл хонинд нас тогтсон намбатай хүн явах ёстой гээд Об эгчийн нөхөр надтай хамт явахаар болж байтал Об эгч ач охиноо дагуулж ирээд нөхөртөө ачийгаа аваад явчих гэж хэлээд суулгасан. Тэгээд яг хөдлөх гэж байтал Об эгч хамт явъя гэж хэлээд машинд хамт суугаад цааш Ноён уулаас уруудаад сайжруулсан замаар явж байтал урдаас хар өнгийн машин хурдтай ирж маш ойрхон зөрөхөд нь би тэр машины хажуугаар зөрөх гээд баруун тийш рулээ дартал сайжруулсан зам дээр машин бөгсөө хаяад шаравсан. Тэр үед нь би баруун тал руу дарахад бидний машин замын хажуугийн жалга руу унасан. Унахдаа машин нэг эргээд 4 дугуйн дээрээ буусан. Би машинаас буугаад хартал Об эгч цонхоороо гараад уначихсан байсан. Тэгээд би нөхөр хүүхэдтэй нь бид 3 Об эгчийг дээшээ гаргаад замын унаанд суулгаад отог дээрээ очиж микрондоо суулгасан. Тэгээд Мандал сумын эмнэлэг рүү микрогоор явсан. Тэгэхэд цуснаас согтууруулах ундааны зүйл илэрсэн гэдэг нь би хэрэг гарсан орой отог дээрээ үлдэхдээ айж сандрахдаа тэнд байсан бөөгийн ундаалганы талын хар гэдэг архинаас 2 балгасан юм. Тэгээд байж байтал цагдаа ирсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Об мэдүүлэхдээ: ... 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос бөөндөө гараад бид Зүүнхараад уулзаад цаашаа Ноён ууланд очсон. Очоод байж байтал хонь гаргах асуудал гарч ирээд тэр дотроо манай нөхөр бид 2 насаар хамгийн ахимаг нь байсан учир бид хонинд явахаар болж Б манай нөхөр бид хоёрыг суучих гээд дуудахаар нь би зээ хүүтэйгээ суугаад бид 4 явсан. Тэр үед Б машин жолоодоод миний 6 настай зээ, манай нөхөр бид 4 хонинд явсан. Би тухайн үед жолооч болох Быг их эвгүй яваад байна гэж хэлсэн. Хажуунаас манай нөхөр бас тэгж хэлсэн. Тэгээд л удалгүй замынхаа баруун тал руу дараад шон мөргөөд цаашаа даваад л гарах шиг болсон. Тэгээд би цаашаа юу болсон тухай сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь Б өөрөө байхгүй манай нөхөр зээ 2 миний цусыг арчаад сууж байсан. Тэгээд бид отог руу явах гээд замын машинд гараа өргөж суугаад отог руугаа явж очоод микро машинд суугаад Мандал сумын эмнэлэгт иртэл толгойд чинь оёдол тавьж өгье харин бусад газрыг чинь эмчлэх боломжгүй гээд миний гаранд гибс тавьж өгсөн. Тэгээд бид эндээс машины төлбөр мөнгийг төлөөд Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэг очсон. Тэгээд гэмтэл дээр очоод үзүүлтэл толгой эргэж тэс хөндлөн яваад байсан учраас эхний ээлжинд тархи толгойгоо эмчлүүлчих гээд 14 хоногийн хугацаанд дандаа тархи толгойгоо эмчлүүлсэн. Дараа нь хөл гараа эмчлүүлсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд Б эргэж тойрч ирж байсан. Би эмчилгээнд Баас 2300000 төгрөг авсан. Мөн намайг энэ хугацаанд эмнэлэгт хэвтэж байхад дэлгүүрийн орлого хаагдаж манай байнгын харилцагч нар хэл ам хийж эхлэхэд нь би түрхэн аргалаад өнгөрөөсөн. Тухайн үед би 10 гаран хоногт эмнэлэгээр явах байх гэж бодож байсан ч 27 хоносон болохоор худалдан авагчаа алдахгүйн тулд алдаг оног ажиллаж байсан. Би үйл ажиллагаа явуулдаг бүх бичиг баримтаа шүүхэд гаргаад өгсөн байгаа. Би Баас тултал нь их хэмжээгээр төлбөр мөнгө нэхэмжлэхгүй. Олох байсан орлогоо дунджаар гаргасан тооцоогоо нэхэмжилж байна. Сүүлийн үед толгой их өвдөж зарим зүйлийг их мартаад байгаа болохоор яг одоо хэдэн төгрөг нэхэмжилж байгаа, төлбөрийн хэмжээг хавтаст хэргээс харахгүй л бол сайн санахгүй байна. Мөн гадаадын эрүүл мэндийн бүтээгдэхүүн авч хэрэглэж байгаа. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэнээс хойш бие маань эрс сайжирч байгаа. Бүтээгдэхүүн авч хэрэглэсэн зардлаа давхар гаргуулж авах саналтай байна. Миний энэ байдлыг та бүгд ухамсарлаж ойлгоод миний хохирлыг барагдуулаад өгөөрэй. Миний цаашид хийх ажил орлого бүгд хаагдаж ажил хийж чадахгүй болсон гэв.
Хохирогч Б.Об мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр нөхөр Гх болон зээ хүү Б.Баяржаргал нарын хамт Улаанбаатар хотоос танил бөөгийн онгод буух үйл явцыг үзэж сонирхохоор Улаанбаатар хотоос тэдний хамт хөдөлсөн юм. Ингээд яваад Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уул гэх газарт очсон юм. Очсон газартаа ачаа бараагаа буулгаад хамт явсан хүмүүс шөлний хонинд явах хэрэгтэй байна, жоохон ахимаг настай хүмүүс явах шаардлагатай гэсэн юм. Тэгэхээр нь нөхөр бид хоёр явахаар болсон. Хонинд явах машины жолооч гээд нэг залуу бид хоёрыг “та хоёр машинд суучих” гээд байсан. Тэгэхээр нь бид 2 суугаад явсан. Би ар талын суудалд сууж, нөхөр зээ хүү нар урд талын суудалд суусан. Тэгээд уулнаас сайжруулсан замаар уруудаад явж байхад жолооч залуу аягүй эвгүй маш хурдтай яваад байсан. Нөхөр бид 2 түүнд “зөөлөн яваачээ” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу сонссон ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд бараг хэлж дуусаагүй байхад гэнэт баруун тийш жолооны хүрдээ дараад гүнзгий жалга руу орчихсон. Түүнээс хойш юу болсонг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд манай нөхөр намайг сэрээсэн. Тэгээд сууж явсан машин аймар гүнзгий жалга дотор зогсчихсон би машины хажууд байж байсан. Миний толгой хэсгээс хүзүү, хоолойг дагаад цус урсаад тархи толгой манараад ухаан балартаад байсан. Ингээд намайг нөхөр болон бусад хүмүүс сумын эмнэлэгт хүргэсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч С.Гт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би автомашиныхаа үнэлгээг хийлгэсэн. Үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нэхэмжилнэ. Надаас найз Мандахнаран “машинаар чинь хонинд яваад ирье” гэхээр нь “одоо энэ уултай газраас хонь олдохгүй биз дээ” гэж хэлээд бөөгийн ундаалга буюу түшээ хийж эхэлсэн. Намайг бөөгийн түшээ хийж байх хооронд миний машин хөдлөөд явахад нь Быг жолоодоод 2-3 хүн суулгаад явж байхыг мэдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/
Гэрч Д.Гх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Эхнэр Б.Об бид 2, зээ хүү 04 настай Б.Баярсайханы хамт Б гэдэг хүний Toyota Prius 10 загварын машинд суугаад 2018 оны 07 дугаар сарын 27-ны орой “Ноён” уулнаас уруудаж айлаас хонь авахаар явсан юм. Тэгээд 19 цагийн үед хуучин “Арцат” зуслангаас хойш өнгөрөөд сайжруулсан замаар явж байсан чинь эсрэг талаас машин гарч ирсэн чинь манай машины жолооч сандарсан юм байлгүй жолооны хүрдээ баруун гар тал руугаа дараад нэлээдгүй өндөр эрэг рүү 2-3 удаа өнхөрөөд модон дээр тулаад зогссон. Уг ослоос болоод манай эхнэр машинаас сугарч унаад газар хэвтэж байсан. Түүний биеийн байдал нь муу байсан учраас хамт явж байсан машинтай хүмүүсээ дуудаж машинтай ирэхээр нь эхнэрийгээ аваад Мандал сумын эмнэлэг дээр хүргэж ирсэн юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 49-50-р хуудас/
Гэрч Л.Ог мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … бид нарыг отог дээр байж байхад цагаан өнгийн жийпэрхүү машин ирсэн. Тухайн машинаас хонинд явсан Гх гарч ирээд энэ Б чинь согтуу байсан байна шүү дээ машин онхолдоод манай эхнэр гэмтчихлээ гэж хашгирч байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 52-р хуудас/
Гэрч Ё.Тж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … замд явахдаа худалдаж авсан архиа задалж “ёс юм чинь хүртчих” гэж хэлээд Н.Бт нэг удаагийн зориулалттай аяганы талаар хийж өгөхөд Н.Б ууж хоосон аягыг надад буцааж өгсөн. Түүнд дахин нэг аяга архи хийж өгөхөд уугаад хоосон аягыг надад буцааж өгсөн. ... Улаанбаатар хотоос гараад явж байхад нь архиа задалж түүнд хийж өгсөн. “Ноён” уул руу очиход 4-5 цаг явж очсон. Н.Б 2 аяга архи уусан, гэхдээ Ноён ууланд очиход архи нь гарчихсан байсан байхаа гэх мэдүүлэг /ХХ-ийн 60- 61-р хуудас/
2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Шинжээчийн №9320 дугаартай дүгнэлт: ...
1. Б.Обын биед гавлын баруун зулай, чамархайн хөхлөг сэртэнгийн шугаман хугарал, баруун атгаал, шуу, богтос ясны далд хугарал, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, няцарсан шарх, зүүн бугалга, гуянд цус хуралт дух, бүсэлхий, ташаанд зулгаралт, зүүн шилбэнд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 78-р хуудас/
2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №7988 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ...1. Шинжилгээнд ирүүлсэн “Наранбаатар Б 2018.07.28” гэж хаягласан 4 мл орчим цусыг хуруу шилэнд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Наранбаатар Б 2018.07.28” гэж хаягласан цусанд 1.0 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусан дах 1.0 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 76-77-р хуудас/
2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №21 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ... 1. Toyota Prius 10 загварын 80-04 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Наранбаатарын Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм 2. Жолоочийн үүрэг, 2.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах баримт бичгийг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох МУ-ын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх 2.7-д Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна гэх дүгнэлт /ХХ-ийн 81-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураглал /ХХ-ийн 5-10-р хуудас/
Согтуурал шалгасан тухай тэмдэглэл AL9000L багажаар шалгахад 0.40% хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон /ХХ-ийн 11-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 105 дугаар хуудас/, Н.Б нь ял шийтгэгдсэн эсэх талаар ЦЕГ-ын МСТТ-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 103 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 205 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Билүүт гэх газарт орших Арцат зуслангийн орчмын сайжруулсан авто зам дээр 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчим авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Toyota Prius-10 загварын “80-04” УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2.7-д Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Б.Обын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Обын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч С.Гтын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 34-р хуудас/, Гэрч Д.Гхийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 49-50-р хуудас/, Гэрч Л.Огы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 52-р хуудас/, Гэрч Ё.Тжын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 60- 61-р хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Шинжээчийн №9320 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 78-р хуудас/, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №7988 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 76-77-р хуудас/, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №21 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 81-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураглал /ХХ-ийн 5-10-р хуудас/, Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /ХХ-ийн 11-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Н.Быг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Билүүт гэх газарт орших Арцат зуслангийн орчмын сайжруулсан авто зам дээр 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20 цагийн орчим авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Toyota Prius-10 загварын “80-04” УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2.7-д Жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно. а/Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж иргэн Б.Обын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нь замын хөдөлгөөний дүрэм, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүх шүүгдэгч Н.Бт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д заасан ялын төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.
Н.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Обын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, хохирогч Б.Обаас гэмт хэргийн хохирол, хор уршиг, эмчилгээний зардалд “Тэрмэстийн өгөөж” ХХК-иас авсан эм тарианы зарлагын баримтаар 105900 төгрөг /ХХ-ийн 19 дүгээр хуудас/, “Тэрмэстийн өгөөж” ХХК-иас авсан эм тарианы зарлагын баримтаар 145000 төгрөг /ХХ-ийн 20 дугаар хуудас/, “Тэрмэстийн өгөөж” ХХК-иас авсан эм тарианы зарлагын баримтаар 145500 төгрөг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/, Оношилгоо, эм тарианы зардалын баримтуудаар 959766 төгрөг /ХХ-ийн 22 дугаар хуудас/, Оношилгоо, эм тарианы зардалын баримтуудаар 258800 төгрөг /ХХ-ийн 23 дугаар хуудас/, Зардалын баримтуудаар 333400 төгрөг /ХХ-ийн 118 дугаар хуудас/, Шүүх хуралдааны үед шинээр гаргаж өгсөн зарлагын баримтуудаар 1335290 төгрөг, нийт 3283565 төгрөг болон олох ёстой байсан орлого 11250000 төгрөг нэхэмжилсэн.
Иргэний нэхэмжлэгч С.Гтоос Авто машины оношилгооны баримтаар 34000 төгрөг /ХХ-ийн 128 дугаар хуудас/, “Ашид билгүүн” ХХК-ийн хохирлын үнэлгээгээр 2615000 төгрөг /ХХ-ийн 132 дугаар хуудас/, Улаанбаатар хот руу машин тээвэрлэсэн зардлын баримтаар 300000 төгрөг нийт 2949000 төгрөг тус тус нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн ба шүүгдэгч Н.Баас хохирогч Б.Обад 2300000 төгрөг төлсөн, Иргэний нэхэмжлэгч С.Гтод 2600000 төгрөг тус тус төлсөн байна.
Иргэний нэхэмжлэгч С.Гт нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул иргэний нэхэмжлэгч С.Гтын нэхэмжилсэн хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, харин хохирогч Б.Обын нэхэмжилсэн хохирол төлбөрийн зарим хэсэг буюу 2300000 төгрөг төлөгдсөн байна.
Хохирогч Б.Обаас шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудаар энэ хэргийн улмаас Улаанбаатар хотоос Мандал суманд зорчсон зардал, эрүүл мэндийн бүтээгдэхүүн авсан болон бусад зардалд нийт 1335290 төгрөг нэхэмжилсэн нь агуулгын хувьд хэрэгт хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд шүүгдэгч 1335290 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Н.Баас 1335290 төгрөгний хохиролыг гаргуулж хохирогчид олгох нь үндэслэлтэй байна.
Хохирогч нь олох байсан орлого 11250000 төгрөг нэхэмжилж “Дэндэвийн сэрээнэн” ХХК-ийн тодорхойлолт /ХХ-н 25-р хуудас/, Тусгай зөвшөөрөл /ХХ-н 26-р хуудас/, Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх гэрээ /ХХ-н 27-р хуудас/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /ХХ-н 28-р хуудас/, гараар бичсэн тооцооны баримт /ХХ-н 30-31-р хуудас/, Татварын албаны тодорхойлолт /ХХ-н 120-р хуудас/ зэргийг хавтаст хэрэгт нотлох баримтаар гарган өгч хавсаргасан боловч дээрхи нотлох баримтуудад тулгуурлан хохирогчийн худалдаа үйлчилгээ явуулсаны үр дүнд олох ёстой байсан орлогыг бүрэн тодорхойлох боломжгүй, нотлох баримт нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд хангалттай биш байх тул хэлэлцээгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг тогтоолд дурьдах нь зүйтэй байна.
Мөн Урианхай овогт Монголын Болормаагийн эзэмшлийн Hyundai Sonata-6 загварын “07-69” УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхай овогт Наранбаатарын Быг согтуугаар, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч Б.Обын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч Н.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Баас 1335290 /нэг сая гурван зуун гучин таван мянга хоёр зуун ерэн/ төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20-р хороо 6-65 тоотод оршин суух Боржигон овогт Бүүвэйбаатарын Обад олгож, хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж, хохирогч нь түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай.
5. Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.
6. Энэ хэрэгт Урианхай овогт Монголын Болормаагийн эзэмшлийн Hyundai Sonata-6 загварын “07-69” УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах тухай шийтгэх тогтоолыг гүйцэтгэх хуудсын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.