Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 00148

 

 

 

 

 

 

 

 

                                                       

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ганзаяа

             Улсын яллагч                                 О.Баярсайхан

                         Шүүгдэгч                                          Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Бид холбогдох 1832001930154 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн №76 тоотод оршин суудаг, Урьд 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 хоног хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Сартуул овогт Гэрэлмаагийн Б.

 

Г.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Депогийн №09 тоотын хашааны гадна 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчим иргэн П.МЭийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: ... 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Абынд очиж мод хөрөөдсөн. Бк, МЭэ, Ар нар дахиж нэг шил архи авч ирээд би Бк, МЭэ, Аб, Бн тавуулаа хувааж уусан. Ар огт архи уугаагүй. Сүүлд ирсэн архинаас МЭэ бид хоёр нэлээн уусан. МЭэ бид хоёр хоорондоо зодолдсон. Юунаас болж зодолдсоноо сайн санахгүй байна. Нэг мэдэхэд миний хамарнаас цус гарсан. МЭий дээд уруулаас цус гарч байсан. МЭийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч П.МЭэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Годоогийнд очиж мод хөрөөдөх гэж яваад замдаа Буд дэлгүүрээс би нэг шил архи аваад Годоогийн гэрт нь очоод мод хөрөөдөж дууссан. Б, Бк, Годог, Бн бид тав миний авчирсан нэг шил архиа хувааж уугаад би Бнтай юм яриад сууж байхад Б миний нүүр лүү нэг удаа өвдөглөөд би газар унахад миний толгойг 2-3 удаа өшиглөөд юу ч яриагүй гэр лүү гээ яваад өгсөн. Би босоод apaac нь гарч очоод чи яагаад байгаа юм бэ гэхэд Б яадаг юм бэ гээд дахин над руу дайраад байхаар нь би газар байсан үртсээр шахсан хавтанг авч Бийн толгой руу нэг удаа цохисон. Бид хоёр хоорондоо 2-3 удаа бие биенээ гараараа цохисон гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн №186 дугаартай дүгнэлт: ...

1. П.МЭий биед дээд уруулын зүүн талд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн гарын шуунд зулгаралт, урууланд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үед үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 22 дугаар хуудас/

Г.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Ногоон байранд Абынд очиж мод хөрөөдсөн. Бк, МЭэ, Ар 3 дахиж нэг шил архи авч ирээд би Бк, МЭэ, Аб, Бн тавуулаа уусан. Ар огт архи уугаагүй. Сүүлд ирсэн архинаас МЭэ бид 2 нэлээн уусан. МЭэ бид хоёр хоорондоо зодолдсон. Юунаас болж зодолдсоноо сайн санахгүй байна. Нэг мэдэхэд миний хамарнаас цус гарсан. МЭий дээд уруулаас цус гарч байсан. МЭийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/

 

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 34 дүгээр хуудас/, Шүүгдэгч Г.Бийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /40 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Депогийн №09 тоотын хашааны гадна 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчим иргэн П.МЭийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч П.МЭий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн №186 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 22 дугаар хуудас/, Г.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Г.Бийг хохирогч П.МЭий биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Г.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Депогийн №09 тоотын хашааны гадна 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчим иргэн П.МЭийг зодож, П.МЭий биед дээд уруулын зүүн талд шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн гарын шуунд зулгаралт, урууланд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурьдаад.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт Гэрэлмаа овогтой Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Г.Бийн торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.