Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00821

 

Д.Ц-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00752 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ц-ын хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын - дүгээр сургуульд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч байгууллагад бичиг хэргийн ажилтнаар томилогдон ажилласан. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хугацаагүйгээр номын санчаар томилогдон ажиллахаар болсон. Гэвч намайг ажлаас халахын тулд шалтаг шалтгаан хайж үндэслэлгүйгээр гүтгэж, байнгын ажлын байрны дарамт шахалт үзүүлдэг байсан ба ажлаас халахын тулд тушаалаа нөхөн гаргаж, түүндээ нийцүүлэн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Намайг хэн нэгний оронд түр хугацаагаар номын санчаар томилоогүй. Миний бие урьдчилан шийдвэрлэх журмын дагуу холбогдох байгууллагад хандсан болно. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Д.Ц- нь нарийн бичгээр ажиллаж байхдаа Монгол хэлний найруулга зүй, үг үсгийн алдаа байнга гаргаж, ажлын байранд ур чадварын хувьд тэнцэхгүй байсан. Гэсэн хэдий ч удирдлагын зүгээс түүнд боломж олгож, 2021 оны 11 дүгээр сард номын санч Б.Ү-г ажилдаа орох хүртэлх хугацаанд түр томилсон. Б.Ү- нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ажилдаа эргэн орох өргөдөл гаргасан тул Д.Ц-ыг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 119 дүгээр зүйлийн 119.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц-ыг Нийслэлийн Ерөнхий боловсролын - дүгээр сургуулийн номын санчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 6,374,200 төгрөгийг хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын - дүгээр сургуулиас гаргуулж, нэхэмжлэгчид олгож,  эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын - дүгээр сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 116,937 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтуудыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Ажил олгогч нь Д.Ц-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/55 дугаартай тушаалаар дуусгавар болгосон бөгөөд тухайн өдрөө Д. Ц-т гардуулан өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасны дагуу 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах журамтай. Гэтэл Д.Ц- нь ажлаас чөлөөлөх тухай тушаалаа 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсан атлаа 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргаж, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасныг зөрчсөн. Гэтэл шүүх дээрх хуулийн заалтыг анхаарч үзэхгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргасан.

4.а.Д.Ц-ыг анх 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/16 дугаартай захирлын тушаалаар жирэмсний амралтаа авсан Б.Оюунчимэгийн оронд түр хугацаагаар нарийн бичгийн ажилд томилсон. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/158 дугаартай тушаалаар түүний ажил, албан тушаалыг өөрчилж, жирэмсний болон амаржсаны амралттай байсан номын санч Б.Ү-гийн оронд номын санч-ийн ажилд түр хугацаагаар ажилд томилсон. Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхлэх гэж байсан тул үүнтэй холбогдуулан ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээг хуульд нийцүүлэн боловсруулах ажил хийгдэж байсан. Мөн Д.Ц-ын зүгээс ажил олгогчийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрч сургуулийн номын санчийн ажил үүргийг гүйцэтгэн, цалин хөлс авч байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн бөгөөд ажил олгогчийн зүгээс хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Гэтэл шүүх ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрхгүй мэтээр ямар ч үндэслэлгүй дүгнэлт хийж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглээгүй гэх маргаанд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал гарах үед гурван талт хороо байгуулагдаагүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зохицуулалт нь нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Хэрэгт 4, 5 өөр тушаалыг гаргаж өгсөн бөгөөд Б.Ү-гийн ажилд авсан гэх тушаалыг гаргаж өгөх үүрэгтэй боловч гаргаж өгөөгүй. н.О-ийн ажилд хугацаагүй авсан атлаа ажлаас халах үедээ Б.Ү-гийн ажилд авсан мэт ажлаас халсан тушаалдаа тааруулан мэтгэлцсэн. Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан. 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах, сахилгын шийтгэл оногдуулахдаа ажилтанд мэдэгдэх, тайлбар гаргуулах зэрэг урьдчилсан арга хэмжээг авахаар хуульчилсан. Уг асуудлын дараа тайлбар, нөхцөл байдлыг харгалзан үзэж, тушаалыг гаргуулах агуулгатай зохицуулалт байна. Гэтэл давж заалдах гомдолд дурдсанаар 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас халах тушаалыг гардуулсан. Ажлаас халах гэж байгаа талаар урьдчилан мэдэгдээгүй бөгөөд тайлбар өгөх боломж олгоогүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын - дүгээр сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын - дүгээр сургуулийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар тус сургуулийн нарийн бичиг Б.Оюунчимэг жирэмсний амралтаа авсантай холбоотойгоор нэхэмжлэгч Д.Ц-ыг түр хугацаагаар томилсон байна. /1хх-ийн 31-р тал/

4.а.Улмаар хариуцагч байгууллагын захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/158 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Ц-ыг номын санчаар томилж, мөн өдрийн Б/158а дугаар тушаалаар дээрх Б/158 дугаар тушаалыг хүчингүй болгожээ. /1хх-ийн 85-р тал/. Б/158а дугаар тушаалд Долгорсүрэнгийн Ц-ыг хүүхэд асрах чөлөөтэй байгаа номын санч Б.Ү-гийн оронд ажиллуулахаар түр шилжүүлэн томилсон бөгөөд ... Б/158 дугаар тушаал нь агуулгын хувьд алдаатай, хоёрдмол утгатай байх тул тушаалын алдааг залруулсугай. гэсэн байна. /1хх-ийн --85-р тал/

4.б.Нэхэмжлэгч Б.Ц-ыг номын санчаар томилсон Б/158 дугаар тушаал дээрх байдлаар хүчингүй болсон байх бөгөөд ажил олгогчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/158б дугаар тушаалд хүүхэд асрах чөлөөтэй байгаа номын санчийн оронд Долгорсүрэнгийн Ц-ыг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн номын санчаар томилсугай. гэжээ. /хх-ийн 60-р тал/. Б/158б дугаар тушаалын хүчин төгөлдөр байдлын талаар талуудаас шаардлага гаргаагүй буюу уг тушаал хүчин төгөлдөр байна.

 

4.в.Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч байгууллага нь номын санчийн хоёр орон тоотой байх бөгөөд тус орон тоонд М.О-, Б.Ү- нар ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны амралтаа авчээ. /1хх-ийн 89, 93-р тал/.

Өөрөөр хэлбэл, хүүхэд асрах чөлөөтэй байгаа номын санч М.О-, Б.Ү- нарын ажлын байр хэвээр хадгалагдаж буй үйл баримт тогтоогдсон, энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор ажил олгогч нь эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч Д.Ц-ыг номын санчаар түр томилж, улмаар номын санч Б.Ү-гийн ажилдаа эргэн орох хүсэлтийг харгалзан нэхэмжлэгч Д.Ц-ыг ажлаас чөлөөлснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. /1хх-ийн 22, 32-р тал/

 

4.г.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацааны талаар зөв дүгнэсэн боловч хариуцагч байгууллагыг нэхэмжлэгч Д.Ц-той хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь нэхэмжлэгч Д.Ц-ын хувьд анх нарийн бичгээр түр томилогдон ажиллаж байгаад үргэлжлүүлэн номын санчаар ажиллаж цалин хөлс авч байсан үйл баримт тогтоогдсон ба хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

4.д.Иймд номын санч Б.Ү-гийн ажилдаа эргэн орох хүсэлтийг харгалзан, нэхэмжлэгч Д.Ц-ыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.5-д заасанд нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын - дүгээр сургуульд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Д.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ц-ыг ажлаас чөлөөлөхдөө урьдчилан мэдэгдээгүй гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад дээрх асуудлаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй байх тул анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/00752 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын - дүгээр сургуульд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч Д.Ц-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 116,937 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

Г.ДАВААДОРЖ