| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00136/Э |
| Дугаар | 00145 |
| Огноо | 2018-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 00145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч О.Баярсайхан
Хохирогч Д.Дц
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Дт холбогдох 1832001620127 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1959 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, * гэх газарт оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Харчин овогт Гончиг овогтой Д.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Г.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын гудамжинд иргэн Д.Дцийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: ... 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ач охиныгоо сургуульд нь хүргэж өгөх гээд явж байсан. Тэгсэн Хорихын 36-р байрны тэнд явж байхад үл таних хүүхэдтэй хүн гараа өргөхөөр нь би суулгаж авчихаад сэвсүүлийн гудамжинд буулгасан санаад байдаг гэтэл Баянсуудлын гудамжинд буулгасан юм байна лээ. Би андуурсан байж. Буугаад энэ хүн шууд хүүхдээ хөтлөөд гэр лүүгээ орсон. Орчихоор нь би ачтайгаа 3-4 минут хүлээсэн. Энэ ч бүтэхгүй шинжтэй байна явъя гэж бодоод эргэсэн чинь Дц 10000 төгрөг барьчихаад гарч ирээд хашааныхаа үүдэнд зогсоод байхаар нь очиж мөнгийг нь аваад ахад нь хариулах мөнгө алга гээд гар утасныхаа дугаарыг хэлж өгсөн. Тэгээд би ачтайгаа явсан. Өдөр 14-15 цагийн орчим байх багийн цагдаатай хамт, такси барьчихсан, нүүр ам нь халцарсан танигдахааргүй хүн наддээр ирсэн. Тэгээд би цагдаад нь мэдүүлэг өгсөн. Би машиндаа бүтэн хүн суулгаж аваад бүтэн хүн буулгаж өгсөн. Тэрнээс хойш хаагуурч явсан юм бол мэдэхгүй. Энэ хүн машинд байхдаа амь тэмцэх гэж байна, үхэх гэж байна, яанаа дотор давчдаад байна гэж ярьж байсан. Би ямар ч хүн суулгачихавдаа мэдэхгүй гэж бодсон. Тэгээд би гэрийнх нь гадаа буулгаж өгчихөөд явсан тэрнээс хойш юу болсоныг нь мэдээгүй. Тэгээд цагдаад энэ талаар хэлэхээр таны энэ хэргийг чинь шүүх шийддэг юм гэсэн. Тэгэхээр нь би тэртэй тэргүй шүүх шийддэг юм чинь ямартаа ч үнэн зөвөөр нь шийдээдэх байлгүй гээд өмгөөлөгч аваагүй. Надад өмгөөлөгч авах шаардлага ч байхгүй гэж бодож байгаа. Төрийн тангараг өргөсөн та нар энэ хэргийг үнэн зөвөөр нь шүүгээд өгөх байлгүй дээ эрх биш. Би хүслийх нь дагуу хүргэж өгсөн. Энэ хүнд би мөнгө хариулж өгч чадаагүй. Энэ хүний тухайд намайг гүтгэх 3 шалтгаан байсан байгаа болов уу гэж би бодож байгаа шүү. Нэгт гэвэл архи уугаад айл амьтнаар архи ууж согтуурхаж явсан. Хоёрт гэвэл 10000 төгрөгөө таксинд өгөөд алдчихлаа гэснээс айсан. Гуравт гэр бүлийн хоорондын маргаан болно гэдгээс өөрийгөө хамгаалаад шууд намайг буруутгаж байгаа болохоос энэ хүнд өөр юм байхгүй. Энэ хүнийг зодож түлхсэн үйдэл надад байхгүй. Ийм учраас би өөрийгөө өмгөөлөх эрхтэй байх гэж бодож байна. Надад тийм муухай араншин байхгүй. Мандал сумын ард түмэнд би 14 жил таксинд явахдаа ийм үг сонсож үзээгүй. Би холыг нь ойртуулж, хоол цайг нь дөхүүлж буян болж явсанаас бузар болж үзээгүй. Тиймээс би гомдолтой байна. Би ачтайгаа явсан байхад чи ганцаараа явсан гэдэг. Хавтаст хэрэгтээ энэ хүн зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна лээ. Нэг бол Хаан банкны орчмоос, бас нэг мэдүүлэг дээрээ мал нядалгааны орчмоос машинд суусан гэж байгаа. Яг машинд суусан нь үнэн бол хорихын 36 дугаар байрны голоос суулгаад гэрт нь аваачиж өгсөн нь үнэн шүү дээ. Энэ хүн иймэрхүү байдлаар гүтгэсэн. Би хүний ёс зүйд нийцэхгүй юм хийхгүй. Та бүгдийг төр түшиж байгаа учраас энэ хэргийг үнэн зөвөөр нь шүүгээд өгөөрэй гээд хичээнгүйлэн гуйж байгаа юм гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Дц мэдүүлэхдээ: ... 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би охинтойгоо найзындаа оччихоод явж байгаад мал нядалгааны урдаас буюу 4 дүгээр сургуулийн урдаас энэ танихгүй хүний таксинд суусан. Тэгээд охин Бнийн хамт суугаад гэрийнхээ гадаа 3-р баг Баянсуудлын 2-7 тоотод хүргүүлсэн юм. Энэ хүний машин дотор нь тухайн үед ямар ч хүн, хүүхэд байгаагүй. Надад мөнгө байгаагүй учраас гэр лүүгээ ороод 10000 төгрөг гаргаж ирээд энэ хүнд өгсөн. Тэгээд машины цонхных нь тэндээс барьж байсан чинь гэнэт ухасхийхэд нь би доошоо унасан. Газарт хоёр өвдөг гарын алгаараа дараад унасан. Тэгээд би хариулт мөнгөө авъя гэсэн чинь хариулт мөнгийг чинь өгөхгүй гээд намайг өмсөж байсан цамцнаас угз татаад нүүрийг минь шалбалсан, тэгээд өшиглөсөн юм. Би тэр хооронд нь юу болоод байгааг мэдэхгүй байсан. Тухайн үед айж балмагдсан байсан. Би ухаан алдаад уначихсан байсан. Миний охин нэг мэдсэн чинь хажууд уйлаад сууж байсан. Ээжээ таныг сая тэр хүн зодчихлоо шүү дээ гэсэн. Тэгээд энэ хүн явчихсан байсан. ... Би энэ хүнийг танихгүй. Машин дотор нь ямар ч хүн байгаагүй. Би зодуулсаныхаа дараа нөхөр лүүгээ утсаар яриад нөхөр шууд цагдаад хэлж бид хоёр цагдаагийн газар луу очсон. Ом гэдэг хүн намайг энэ хүний машинд суугаад явж байхыг замын хажууд зөрөхдөө харсан юм байна лээ. Тэгээд тэр хүнээс дээлтэй Д гэдэг хүн байсан гэхээр нь мэдсэн юм. Би Дарханаас ирээд удаагүй болохоор энд хүн сайн танихгүй. Би архи хэтрүүлэн хэрэглэдэг хүн биш. ... Гэхдээ энэ хүн энэ хэрэг болоод 2 сар болж байхад хүнээс уучлалт гуйж чаддаг л байх хэрэгтэй шүү дээ. Хэрэв та надаас уучлалт гуйсан бол би таныг ингэж цагдаад өгөхгүй л байх байсан. Та миний аав шиг л хүн байна. Гэхдээ та хийсэн хэргээ хүлээдэггүй л юм байна лээ. Хэзээ ч гэмшдэггүй юм байна. Та гэмшихгүй байгаа биз дээ. Тэр битий хэл та намайг шүүхийн үүдэн дээр намайг загнаад л байсан биз дээ. Та шүүхийг хүндлэхгүй байна. Хуулиас гадуур ийм юм хийж болдог юм байна гэсэн ойлголттой байна. Би таниас мөнгө авах гээд шуналтайдаа тэгээгүй. Дахиж ийм хэрэг хийж болдоггүй юм шүү гэдгийг л мэдэж аваасай л гэж бодож байна. Энэ хүнд хуулийн хариуцлага хүлээлгэж өгөөсэй гэж бодож байна. Миний эцэг эх худлаа ярихыг сургаж өсгөөгүй гэв.
Хохирогч Д.Дц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 4 настай охин Бнийн хамт Гандангийн гудамжнаас найз Жбын гэрээс гараад мал нядалгааны төвийн хажуугаар гараад төв зам дээрээс таксинд гар өргөж нэг цагаан өнгийн машинд суусан. Тэгээд Баянсуудлын 2-07 тоот гэрээ хэлээд гэрийнхээ гадаа хүргүүлсэн. Тэгээд би төлбөрийн мөнгө өгөх гээд бүхэл 10000 төгрөг жолоочид өгсөн. Тэгээд би машинаас буугаад машины жолоочийн цонхноос нь барьчихсан хариулт мөнгөө авъя гээд зогсож байсан чинь тэр жолооч миний хариулт мөнгийг өгөлгүй гэнэт урагш ухасхийгээд хөдөлсөн тэр үед нь би газар унасан. Гэтэл тэр жолооч машинаасаа бууж ирээд намайг газар сууж байхад миний цамцнаас татаад нүүрээр газар чирч нуруу руу хоёр удаа өшиглөөд явсан тэгэнгүүт л би ухаан алдаад уначихсан нэг сэрсэн чинь миний охин уйлаад таныг зодчихоод зугтаачихлаа гээд байж байсан. Би тэгээд л гэртээ ороод нөхөртөө хэлсэн. Миний өмсөж явсан хар өнгийн цамц, өмдийг газар чирснээс болж урагдаж цоорсон тул өмд цамцаа төлүүлнэ. Цамцыг 30000 төгрөг, өмдийг 30000 төгрөг, эмийн сангаас Синтомицетин 4000 төгрөгөөр авсан, Амокцаллин 10 ширхэг 1500 төгрөг, Ибупрофен 10 ширхэг 2500, Г.Дт таксины хөлс гэж өгсөн 10000 төгрөг, зодуулснаас болоод таксигаар 20000 төгрөгөөр цагдаа, эмнэлэг орсон. Нийт 98000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-13-р хуудас/
Гэрч О.Тя мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр би Дцийн гэрт өглөө ногоо авах гээд очсон юм. Бид хоёр хоол хийж идээд 0.5 литрийн дарс хувааж уусан. Тэгээд дараа нь манай гэр лүү Дц түүний 4 настай охины хамт бид гурав манайд ирсэн. Дарс уугаал нэг их согтоогүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/
Гэрч Х.Жб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад манай эхнэр миний гар утас руу өөрийнхөө утсаар 13 цагийн орчим залгаад намайг таксины жолооч зодчихлоо гэж хэлээд уйлаад байсан. Тэгээд би цуг ажилладаг а/ч Б.Батсайханы машиныг гуйж аваад шууд гэр лүүгээ очсон. Тэгсэн манай эхнэр Дцийн нүүрний баруун шанаа нь том хэмжээгээр халцарч цус гарсан, өмд цамц нь урагдчихсан өвдөг тохой нь шалбарсан байсан. Хүнд зодуулсан нь илт байсан. Тэгээд эхнэрээсээ ямар хүн зодсон юм бэ гэж асуусан чинь дээл өмссөн таксины жолооч зодсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-р хуудас/
Гэрч Г.Ом мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн үед Үтрэмийн 1 дүгээр гудамжны хойд үзүүр дээр 4 дүгээр сургуульд хүүхдээ хүргэж өгөх гээд явж байтал миний танил Дц охины хамт Д гэдэг таксины жолоочийн машины арын суудалд суугаад гэрийнхээ чиглэлтэй явж байсан. Охин нь намайг таньдаг болохоор над руу гар даллаад өнгөрсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 26 дугаар хуудас/
2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №159 дугаартай дүгнэлт:
1. Д.Дцийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун гарын бугалганд цус хуралт, баруун шанаа, хацар, баруун гарын шуу, баруун зүүн гарын алга, баруун зүүн хөлийн өвдгөнд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаа, хацар, зүүн хөлийн өвдөгний үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 19 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 34 дүгээр хуудас/, Шүүгдэгч Г.Дын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /36 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын гудамжинд иргэн Д.Дцийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Дцийн шүүх хуралдаанд өгсөн: “...тэгээд машины цонхных нь тэндээс барьж байсан чинь гэнэт ухасхийхэд нь би доошоо унасан. Газарт хоёр өвдөг гарын алгаараа дараад унасан. Тэгээд би хариулт мөнгөө авъя гэсэн чинь хариулт мөнгийг чинь өгөхгүй гээд намайг өмсөж байсан цамцнаас угз татаад нүүрийг минь шалбалсан, тэгээд өшиглөсөн юм, ... Би энэ хүнийг танихгүй. Машин дотор нь ямар ч хүн байгаагүй, би зодуулсаныхаа дараа нөхөр лүүгээ утсаар ярихад нөхөр шууд цагдаад хэлж бид хоёр цагдаагийн газар очсон, надаас уучилалт гуйгаагүй, хийсэн хэргээ хүлээдэггүй, гэмшдэггүй хүн байна лээ...” гэх мэдүүлэг, Хохирогч Д.Дцийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд би машинаас буугаад машины жолоочийн цонхноос нь барьчихсан хариулт мөнгөө авъя гээд зогсож байсан чинь тэр жолооч миний хариулт мөнгийг өгөлгүй гэнэт урагш ухас хийгээд хөдөлсөн тэр үед нь би газар унасан. Гэтэл тэр жолооч машинаасаа бууж ирээд намайг газар сууж байхад миний цамцнаас татаад нүүрээр газар чирч нуруу руу хоёр удаа өшиглөөд явсан тэгэнгүүт л би ухаан алдаад уначихсан нэг сэрсэн чинь миний охин уйлаад таныг зодчихоод зугтаачихлаа гээд байж байсан. Би тэгээд л гэртээ ороод нөхөртөө хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-13-р хуудас/, Гэрч О.Тягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр би Дцийн гэрт өглөө ногоо авах гээд очсон юм. Бид хоёр хоол хийж идээд 0.5 литрийн дарс хувааж уусан. Тэгээд дараа нь манай гэр лүү Дц түүний 4 настай охины хамт бид гурав манайд ирсэн. Дарс уугаал нэг их согтоогүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/, Гэрч Х.Жадамбын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад манай эхнэр миний гар утас руу өөрийнхөө утсаар 13 цагийн орчим залгаад намайг таксины жолооч зодчихлоо гэж хэлээд уйлаад байсан. Тэгээд би цуг ажилладаг а/ч Б.Батсайханы машиныг гуйж аваад шууд гэр лүүгээ очсон. Тэгсэн манай эхнэр Дцийн нүүрний баруун шанаа нь том хэмжээгээр халцарч цус гарсан, өмд цамц нь урагдчихсан өвдөг тохой нь шалбарсан байсан. Хүнд зодуулсан нь илт байсан. Тэгээд эхнэрээсээ ямар хүн зодсон юм бэ гэж асуусан чинь дээл өмссөн таксины жолооч зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-р хуудас/, Гэрч Г.Омгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 13 цагийн үед Үтрэмийн 1 дүгээр гудамжны хойд үзүүр дээр 4 дүгээр сургуульд хүүхдээ хүргэж өгөх гээд явж байтал миний танил Дц охины хамт Д гэдэг таксины жолоочийн машины арын суудалд суугаад гэрийнхээ чиглэлтэй явж байсан. Охин нь намайг таньдаг болохоор над руу гар даллаад өнгөрсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-р хуудас/, Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 26 дугаар хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №159 дугаартай: “… Д.Дцийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун гарын бугалганд цус хуралт, баруун шанаа, хацар, баруун гарын шуу, баруун зүүн гарын алга, баруун зүүн хөлийн өвдгөнд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаа, хацар, зүүн хөлийн өвдөгний үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт /ХХ-ийн 19 дүгээр хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Дыг хохирогч Д.Дцийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Д: “...надад өмгөөлөгч авах шаардлага ч байхгүй. Төрийн тангараг өргөсөн та нар энэ хэргийг үнэн зөвөөр нь шүүгээд өгөх байлгүй дээ. Би энэ хүнийг хүслийх нь дагуу гэрт нь хүргэж өгсөн. Энэ хүнд би таксины мөнгө хариулж өгч чадаагүй. Энэ хүний тухайд намайг гүтгэх гурван шалтгаан байсан байгаа болов уу гэж би бодож байгаа шүү. Нэгт гэвэл архи уугаад айл амьтнаар архи ууж согтуурхаж явсан. Хоёрт гэвэл 10000 төгрөгөө таксинд өгөөд алдчихлаа гэснээс айсан. Гуравт гэр бүлийн хоорондын маргаан болно гэдгээс өөрийгөө хамгаалаад шууд намайг буруутгаж байгаа болохоос энэ хүнд өөр юм байхгүй. Энэ хүнийг зодож түлхсэн үйдэл надад байхгүй. Надад тийм муухай араншин байхгүй. би гомдолтой байна, манай 9 настай ач охин гэрчилнэ...” гэж мэдүүлэг өгдөг ба өөрийн ач охин 8 настай Н.ОтгонТягийн: “... Би өвөөгийнхөө хамт гэрээсээ гараад сургуульдаа хүргүүлэх гээд явж байсан чинь нэг хүүхэд дагуулсан эгч гар өргөөд өвөөгөөр гэртээ хүргүүлсэн. Тэр эгч гэрийнхээ үүдэнд буугаад гэртээ ороод буцаж гарч ирээд өвөөд 10000 төгрөг өгсөн. Манай өвөө хариулж өгөх мөнгөгүй байсан болохоор өвөө тэр эгчид утасны дугаараа өгөөд бид хоёр явсан. Тийм л зүйл болсон...” гэх мэдүүлгээр нотлогдоно гэж тайлбарлан мэдүүлж байгаа нь шүүгдэгчийн хувьд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхээ эдлэж байна гэж дүгнэлээ.
Харин хэрэгт нотлох баримтаар авагдсан хохирогч, гэрч нарт хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг сануулж авсан мэдүүлэг болох хохирогч Д.Дцийн өгсөн: “... Тэгээд би машинаас буугаад машины жолоочийн цонхноос нь барьчихсан хариулт мөнгөө авъя гээд зогсож байсан чинь тэр жолооч миний хариулт мөнгийг өгөлгүй гэнэт урагш ухасхийгээд хөдөлсөн тэр үед нь би газар унасан. Гэтэл тэр жолооч машинаасаа бууж ирээд намайг газар сууж байхад миний цамцнаас татаад нүүрээр газар чирж нуруу руу хоёр удаа өшиглөөд явсан тэгэнгүүт л би ухаан алдаад уначихсан нэг сэрсэн чинь миний охин уйлаад таныг зодчихоод зугтаачихлаа гээд байж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-13-р хуудас/, Гэрч О.Тягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бид хоёр хоол хийж идээд 0.5 литрийн дарс хувааж уусан. Тэгээд дараа нь манай гэр лүү Дц түүний 4 настай охины хамт явж бид гурав манайд ирсэн. Дарс уугаал нэг их согтоогүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/, Гэрч Х.Жадамбын мөрдөн байцаалтанд өгсөн: “... эхнэр миний гар утас руу өөрийнхөө утсаар 13 цагийн орчим залгаад намайг таксины жолооч зодчихлоо гэж хэлээд уйлаад байсан, ...манай эхнэр Дцийн нүүрний баруун шанаа нь том хэмжээгээр халцарч цус гарсан, өмд цамц нь урагдчихсан өвдөг тохой нь шалбарсан байсан. Хүнд зодуулсан нь илт байсан. ... дээл өмссөн таксины жолооч зодсон гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 41-р хуудас/, Гэрч Г.Омгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...миний танил Дц охины хамт Д гэдэг таксины жолоочийн машины арын суудалд суугаад гэрийнхээ чиглэлтэй явж байсан. Охин нь намайг таньдаг болохоор над руу гар даллаад өнгөрсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-р хуудас/, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №159 дугаартай: “… Д.Дцийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун гарын бугалганд цус хуралт, баруун шанаа, хацар, баруун гарын шуу, баруун зүүн гарын алга, баруун зүүн хөлийн өвдгөнд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаа, хацар, зүүн хөлийн өвдөгний үенд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо, дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Дын мэдүүлэг, 2010 оны 10-р сарын 26-нд төрсөн насанд хүрээгүй гэрч Н.ОтгонТягийн мэдүүлэг тус тус няцаагдаж, үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудлын гудамжинд иргэн Д.Дцийг зодож, Д.Дцийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун гарын бугалганд цус хуралт, баруун шанаа, хацар, баруун гарын шуу, баруун зүүн гарын алга, баруун зүүн хөлийн өвдгөнд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун шанаа, хацар, зүүн хөлийн өвдөгний үенд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт авагдсан 8000 төгрөгний эм тариа авсан тухай баримт /ХХ-ийн 14 дүгээр хуудас/, урагдаж цоорсон өмд, цамцны үнэ 60000 төгрөг, /үнэлгээ тогтоосон тухай акт ХХ-ийн 26 дугаар хуудас/ зэрэг хохирлын баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Г.Доос бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 68000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Дцт олгох нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэлээс үлдэх 30000 төгрөгний нэхэмжлэлийг нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Under urmour” гэсэн бичигтэй малгайтай бэлтгэлийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн ноосон өмд 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овогт Гончиг овогтой Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Дын торгох ялыг 08 /найм/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Доос 68000 /жаран найман мянга/ төгрөг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг Баянсуудал 2-7 тоотод оршин суух Боржигон овогт Дулмаагийн Дцт олгож нэхэмжлэлээс үлдэх 30000 /гучин мянга/ төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн “Under urmour” гэсэн бичигтэй малгайтай бэлтгэлийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн бэлтгэлийн ноосон өмд 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж зохих баримт үйлдэж хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
7. Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.