Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00822

 

Л.А-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Н.Батзориг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/00566 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.А-гийн хариуцагч Б- мортгэйж групп ХХК, Б- констракшн энд автомэшн ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 36/А байр, 88 тоот хаягт байршилтай, 70,183 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мөнхсайхан, хариуцагч Б- мортгэйж групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Л.А- нь 2008 онд өөрийн 3 өрөө орон сууцыг зарж, Б- констракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Хүрэлшагай гэх хүнтэй уулзан, орон сууцны захиалга өгсөн. Ийнхүү нэг талаас эхнэрийн төрсөн эгч болох Ж.Жаргалмаа, нөгөө талаас Б- констракшн автомэшн ХХК 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр орон сууц худалдан авагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Ж.Жаргалмаа нь орон сууцны урьдчилгаа төлбөр 80 хувийг төлөн үлдэгдэл 20 хувийг орон сууц ашиглалтад орсны дараа төлж барагдуулах нөхцөлтэйгөөр Баянзүрх дүүрэгт баригдаж буй 168 айлын орон сууцны 4 давхрын 83.41 м.кв бүхий 4 өрөө байрыг захиалсан. Гэрээний дагуу тус орон сууцыг 2010 оны 03 дугаар улиралд улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл барилгын ажил удааширч эхний байр нь 2012 оны 3 дугаар улиралд ашиглалтад орсон. Б- мортгейж групп ХХК нь 8 эсвэл 10 давхрын 70.1 м.кв талбай бүхий 2 өрөө байрны аль нэгийг сонго гэсэн тул тус байрны 10 давхрын 88 тоот 2 өрөө байрыг сонгож шинээр 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Б- мортгейж групп ХХК-тай захиалгын орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Л.А- нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн ч өнөөдрийг хүртэл орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж чадахгүй, эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй, эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөөр байна. Иймд гэрээний 4.1-т заасны дагуу Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Түмэн наст хотхон 36А дугаар байрны 88 тоот 70.183 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.А-г тогтоож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б- мортгэйж групп ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Б- мортгейж групп ХХК нь Л.А-тэй гэрээ байгуулаагүй. 2011 оны 185 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгаа. Энэ захиалгын гэрээ нь манай компаниас гардаг гэрээний төсөл байна. Тухайн гэрээн дээр нэхэмжлэгч нь мэдээллээ бөглөөд хавтаст хэрэгт өгсөн. 185 дугаартай гэрээ байгуулсан гэж байгаа боловч тухайн гэрээ нь батлагдаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ. Б- мортгейж групп ХХК-нь Л.А-тэй гэрээ байгуулж үүрэг хүлээгээгүй, манай компанитай төлбөр тооцоо нийлсэн зүйл байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Хариуцагч Б- констракшн энд автомэшн ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нь ямар гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхой бус байна. Б- констракшн автомэшн ХХК-тай 2008 онд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол Л.А- гэдэг хүнтэй манай компани гэрээ байгуулаагүй, харин 2008 оны 07 дугаар сард Ж.Жаргалмаа гэдэг хүнтэй гэрээ байгуулсан байгаа. Энэ гэрээний дагуу компанид урьдчилгаа төлбөр төлсөн баримт байдаггүй. н.Хүрэлшагай 35,000,000 төгрөг төлсөн гэх баримт яригддаг боловч тухайн үед н.Хүрэлшагай өөрөө авсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.А-гийн хариуцагч Б- мортгэйж ХХК, Б- констракшн энд автомэйшн ХХК нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нэхэмжлэгч Л.А-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 403,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдөр орон сууц худалдан авагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг нэг талаас нэхэмжлэгч Л.А-г төлөөлж Ж.Жаргалмаа, нөгөө талаас Б- констракшн энд автомэшн ХХК байгуулан, 168 айлын орон сууцны 4 давхарт 4 өрөө байрны 83,41 м.кв талбай бүхий орон сууцыг 2010 оны 3 дугаар улиралд барьж дуусган хүлээлгэн өгөхөөр, захиалагч нь гэрээний үнэд нийт 38,250 ам.доллар төлөхөөр тохирсон ба гэрээ байгуулагдсан өдөр урьдчилгаа 30,600 ам.доллар, тухайн үеийн ханшаар тооцон 35,000,000 төгрөг төлсөн нь хавтаст хэргийн 14-17 дүгээр талд авагдсан Б- констракшн энд автомэшн ХХК-ийн кассын орлогын ордер. Ж.Жаргалмаагийн Б- мортгэйж ХХК-ийн захирал Б.Мөнхтөрд гаргасан хүсэлт зэргээр тогтоогддог. Б- констракшн энд автомэшн ХХК орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулж чадахгүй 2 жил гаруй хугацааг хэтрүүлэн 2012 онд байрыг ашиглалтанд оруулсан. Энэ хугацаанд захиалагч нь хөлсний байраар амьдарч байсан бөгөөд Б- констракшн энд автомэшн ХХК-аас гуйж байрандаа орох гэхэд танай захиалсан байранд өөр хүн орсон, одоо цөөн байр улдсэн 70,183 м.кв бүхий 2 өрөө байранд орвол ор, үгүй гэвэл бидэнд өөр байр байхгүй гэж хэлсэн. Ингээд талбайн хэмжээ багассан, мөн ашиглалтад орохгүй удсан зэрэг нөхцөл байдлаа тооцон 2008 онд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээний үүргээ захиалга хүлээн авагч тал биелүүлсэнд тооцож, захиалагч тал төлбөрийн үлдэгдэлгүйгээр тухайн асуудлыг дуусгахаар тохирсон байдаг. Нэхэмжлэгч Л.А- уг орон сууцанд 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс одоог хүртэл амьдарч байгаа ба энэ хугацаанд хариуцагч үлдэгдэл төлбөрийн талаар огт шаардаж байгаагүй. Хариуцагч нар нь хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой байдлаа ашиглан нэхэмжлэгч Л.А-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа. Нэхэмжлэгч Л.А-г төлөөлж түүний эгч Ж.Жаргалмаа гарын үсэг зурж Б- констракшн энд автомэшн ХХК-тай байгуулсан 2008 оны орон сууц захиалгын гэрээний үүргийг захиалга хүлээн авагч тал өөр орон сууцаар сольж, орон сууцны м.кв-ын зөрүүг үлдэгдэл төлбөрт тооцон захиалагчийн өрийг хүчингүй болгосон нь Иргэний хуулиар зөвшөөрөгдсөн хэлцэл байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

5.а.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх, үүрэг үүссэн бөгөөд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Хэрэв 2012 онд байгуулагдсан гэрээг шүүх худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж байгаа бол уг гэрээнд дүгнэлт хийлгүйгээр шууд нэхэмжлэгчид төлбөр төлөх үүрэг үүсгэн, уг үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэх нь хууль хэрэглээний алдаатай, ойлгомжгүй, логик зөрчилтэй болж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Б- мортгейж групп ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Л.А-тэй гэрээ хэлцэл байгуулж байгаагүй. 2008 онд байгуулсан гэрээний дагуу шаардана гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Л.А- нь н.Жаргалмааг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх асуудал яригдана. Манай байгууллага нь 2012 онд Түмэн наст хотхоны ашиглалтад орсны дараагаар тодорхой орон сууцуудыг борлуулах эрхтэй байсан бөгөөд Л.А-тэй ямар нэгэн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаагүй. Давж заалдах гомдолд дутуу м.кв-тай орон сууц шилжүүлсэн тул өргүй гэж талууд хоорондоо тохиролцсон гэж дурдсан. Талуудын хооронд ямар нэгэн тохиролцоо байхгүй бөгөөд уг асуудлаар хэрэгт авагдсан баримт байхгүй. Нэхэмжлэгч тал нь Б- констракшн энд автомэйшн ХХК-ийн захирал н.Хүрэлшагайг таньдаг байсан тул 35,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн байсан. Уг үйл баримтыг нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр асуусан гэрч н.Жаргалсайхан нь нотолсон байдаг. Манай байгууллагаас Л.А-тэй гэрээний үүргийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгчид орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэггүй. Мөн тухайн орон сууц нь манай байгууллагын өмчлөлд байдаг бөгөөд гуравдагч этгээдийн өмчлөлтэй орон сууц юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч Л.А- нь хариуцагч Б- мортгэйж групп ХХК, Б- констракшн энд автомэшн ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 36/А байр, 88 тоот хаягт байршилтай, 70,183 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл дээрх орон сууцны өмчлөгчөөр Б- групп ХХК 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /хх-ийн 89-р тал/. Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн эсэхэд шүүх дүгнэлт хийх шаардлагатай.

3.а.Учир нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг эрх зүйн этгээд бөгөөд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр хэргийн оролцогч бус этгээд бүртгэгдсэн байгаа нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

3.б.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно гэж заасан ба хуульд заасан дээрх нөхцөл бүрдсэн эсэх талаар талууд мэтгэлцээгүй, анхан шатны шүүх энэ талаар тодруулах ажиллагааг бүрэн хийсэн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

3.в.Энэхүү нөхцөл байдлыг тодруулах нь нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөхөд ач холбогдолтой, уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/00566 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.А-гээс төлсөн 403,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Г.ДАВААДОРЖ