| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00148/Э |
| Дугаар | 00159 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 00159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Э.Гантулга
Шүүгдэгч З.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн З.Од холбогдох 1832000000148 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, */ Боржигон овогт Зоригтын О.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
3.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутаг Билүүтийн ам гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Toyota Prius маркийн “41-76” УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.3, 3.1-ийн а, 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуугийн шороон эрэг хэсэг рүү онхолдож зорчигч Т.Мбын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч 3.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Т.Мб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Осол хэрэг үйлдэгдсэн газарт явж байтал жолоочийн эсрэг талын дугуй буудаж “тас” хийх чимээ гарч, замын зүүн гар тал руу онхолдсон. Онхолдсоны дараа 30-40 минутын дараа миний зүүн эгэм янгинаж өвдөөд эхэлсэн ба эмнэлгийн машин ирээд Гц бид хоёрыг авч яваад Мандал сумын нэгдсэн эмнэлэг дээр авч ирсэн. Тэгтэл миний зүүн эгэм хугарсан байна гэж оношилж хадах шаардлагагүй гэж эмч нар хэлээд боолт тавьж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р хуудас/
Гэрч Д.Аб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Тухайн өдөр 13 цагийн үед Оын машинд Мб ах, Гц бид 3 суугаад Мандал сумаас Түнхэл 5-р баг руу гарсан. Хэрх өнгөрч яваад би хөдөө хээр газарт бие засъя гэх хэлж Оыг зогсоогоод бие засчихаад эргээд машинд нь суусан чинь Оын машины аккумлятор нь суучихсан байсан. Замаар явж байсан машиныг гуйж холбож асаагаад цааш явсан. Ингээд билүүтийн ам гэх газарт сайжруулсан шороон зам дээр явж байтал авто машины зүүн урд талын дугуй нь гэнэт буудаж хагараад “Пат” гэж дуу гарч жолооны хүрд нь зүүн гар тийшээгээ татагдсан бололтой замын зүүн гар тал руу орж онхолдож, нэг билүү хоёр хөрвөөж дөрвөн дугуйн дээрээ тогтож зогссон. Ингээд бүгд машинаас гарч манай эхнэр Гц болон Мб ахын бие нь өвдөж байсан. Миний биед гэмтэл учраагүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-р хуудас/
Гэрч Г.Гц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Тухайн өдрийн 13 цаг болох гэж байхад манай нөхөр Аб, Мб ах бид гурав Оын машинд дайгдаж Мандал сумаас Түнхэл тосгоны чиглэлд гарсан. … Замаар явсан машиныг гуйж Оын машиныг холбож асаагаад цааш явсан. Тэгтэл Билүүтийн ам гэх газарт сайжруулсан шороон зам дээр явж байтал гэнэт машины дугуй нь хагарсан бололтой “Пүд” хийх чимээ гарч машин замын зүүн гар тал руу орж онхолдсон. Нэг хэсэг манарч шоконд ороод сэргэсэн чинь эмнэлгийн машин ирж Мб ах бид хоёрыг авч явсан. Эмнэлэг дээр ирээд эмч нар үзээд Мб ахын зүүн эгэм хугарсан байна гэж хэлсэн. Манай нөхөр Аб бид хоёр тэр оройдоо Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэг дээр очоод би толгойн компьютерт томографикийн зураг авахуулсан чинь хэвийн байна гэж оношилсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-р хуудас/
Гэрч Б.Эт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 11 сарын 09-ны өдөр Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж байсан. Осол хэргийн талаар мэдэхгүй байна. Манай эхнэр 3.Оын найз Одноо гэдэг хүүхэн 2018 оны 11 сарын 09-ны өдөр ойролцоогоор 15 цагийн үед миний гар утас руу залгаж танай эхнэр О осолд орчихсон гэнээ, чи гар утас руу нь залга гэж хэлэхээр нь би эхнэр лүүгээ утсаар залгаж болсон асуудлын талаар асуухад “Би машин барьж яваад онхолдчихлоо” гэх хэлээд сандраад байсан. … Би Улаанбаатар хот руу томилолтоор явахдаа машиныхаа түлхүүрийг гэртээ үлдээсэн. Манай эхнэр О 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр гэрээс машины түлхүүр авч гарахдаа надаас ерөөсөө асуугаагүй. Хэрвээ машин унаж явах талаар надаас асуусан бол би зөвшөөрөхгүй байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-р хуудас/
2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Шинжээчийн №34 дугаартай дүгнэлт:
1. Toyota Prius маркийн “41-76” УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч З.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг, Жолоочийн үүрэг: Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна. 3.1 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна. Арван хоёр дугаар бүлэг: Тээврийн хэрэгслийн хурд-12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус зөрчсөн байна гэх дүгнэлт /ХХ-ийн 30-р хуудас/
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн №34 дугаартай дүгнэлт: ...1 Тоёота Приус загвартай 41-76 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан З.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Жолооч З.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт: Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангаагүй буюу доор дурьдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно: 4 дүгээр хавсралтын 3.3. “дугуйн гадаргуу язарсан буюу цоорсон, хээ нь салж хуурсан, утаснууд нь тасарсан” гэснийг зөрчсөн байна гэх дүгнэлт /ХХ-ийн 35 дугаар хуудас/
2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №220 дугаартай дүгнэлт: ...
1. Т.Мбын биед зүүн эгэм ясны далд хугарал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 39-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 59 дүгээр хуудас/, З.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 64 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч 3.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутаг Билүүтийн ам гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Toyota Prius маркийн “41-76” УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.3, 3.1-ийн а, 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуугийн шороон эрэг хэсэг рүү онхолдож зорчигч Т.Мбын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Т.Мбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р хуудас/, Гэрч Д.Абын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 26-р хуудас/, Гэрч Г.Гцийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 27-р хуудас/, Гэрч Б.Этгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 28-р хуудас/, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Шинжээчийн №34 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 30-р хуудас/, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн №34 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 35 дугаар хуудас/, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №220 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 39-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч 3.Оыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч 3.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р багийн нутаг Билүүтийн ам гэх газарт 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр Toyota Prius маркийн “41-76” УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.3, 3.1-ийн а, 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас замын хажуугийн шороон эрэг хэсэг рүү онхолдож зорчигч Т.Мбын биед зүүн эгэм ясны далд хугарал, духанд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож байх ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч 3.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /ХХ-н 20, 28 дугаар хуудас/ гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Зоригтын Оыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Г.Мбын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч З.Оыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус анхааруулсугай.
5. З.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар З.Од оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7. Эрх хасах тухай шийтгэх тогтоолыг тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.