Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 00147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 О.Баярсайхан

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 С.Сувдаа

                         Шүүгдэгч                                          П.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.От холбогдох 1832002030155 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1969 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 дугаар баг, Бэрх гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, /ДМ:69072811/ Өрлөгүүд овогт Пагжингийн О.

 

П.О нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Бэрхийн хөдөө гэх газарт 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчим иргэн З.Өбыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О мэдүүлэхдээ: ... 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчим Өб эгчийнд ороод дүү Цэцэгээтэй нь ам зөрөөд маргалдсан. Тэгээд би Цэцэгээг айлгах гээд сандал авч далайгаад савлуулахад Өб эгч цохигдсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч З.Өб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … манай гэрт надтай хань болоод ажил хийж байсан дүү хар цайнд түлэгдсэн. Тэгтэл О эмч дуудаж өгч эм тариа авчирсан. О ирэхдээ согтуу ирээд надаас архи нэхсэн. Тэгэхээр нь би архи байхгүй гэсэн чинь чи энэ барьж байгаа байшингаа 2 хоногийн дотор аваад яв, тархин дээр хаус барьдаг хэн бэ би шатаана, намайг хэн ч барж идэхгүй, чи тэр цагдаадаа хэл би дахиж гарч ирээд дахиж дарамтална, тэр цагдаагаас чинь айхгүй гэж хэлж дарамталсан. Тэгээд тэдний хашаанаас татаж авсан байсан цахилгааныг тасалсан. Байшингийн үүдэнд байсан тоосгонуудыг хараад энэ тоосгонуудыг эндээс зайлуулахгүй бол хамаг цонхыг чинь хага цохино шүү гэж дарамталсан. Ер нь бол үргэлж согтуу ирж цахилгаан тасалдаг. Тэр үед манай дүү хэвтэж байсан чинь манай дүү рүү дайрч сандал бариад цохих гэсэн тэгэхээр нь би урдуур нь орж гараараа хаасан. Тэгээд та муусайн юмнуудад дээрэлхүүлэхгүй гээд дарамтлаад байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13-р хуудас/

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №12283 дугаартай дүгнэлт: 1. З.Өбын биед баруун шуу, баруун хавирга сүврэг, баруун гуянд цус хуралтууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үед үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 7-р хуудас/

П.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчим би халамцуу бага зэрэг архи уучихсан байхдаа Өб эгчийнд ороод дүү Цэцэгээтэй нь ам зөрөөд маргалдсан юм. Тэгээд би Цэцэгээг айлгах гээд сандал авч далайгаад савлуулахад Өлзий эгчийг санаандгүй цохиод тэгээд Өлзий эгч миний барьж байсан сандлыг аваад цааш нь тавьсан. Би Өлзий эгчийн баруун шууны хэсэгт л цохисон гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-р хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 25 дугаар хуудас/, Шүүгдэгч П.Оын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /29 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч П.О нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Бэрхийн хөдөө гэх газарт 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчим иргэн З.Өбыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч З.Өбын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 12-13-р хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №12283 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 7-р хуудас/, П.Оын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 24-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч П.Оыг хохирогч З.Өбын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч П.О нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар баг, Бэрхийн хөдөө гэх газарт 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 18 цагийн орчим иргэн З.Өбыг зодож, З.Өбын биед баруун шуу, баруун хавирга сүврэг, баруун гуянд цус хуралтууд бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өрлөгүүд овогт Пагжингийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оыг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан П.Оын торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. П.О нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.