Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 00132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Улсын яллагч                                 Э.Гантулга

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                 А.Хандмаа

             Нарийн бичгийн дарга                   Б.Ганзаяа

             Шүүгдэгч                                         С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын  зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Эд холбогдох 1832000860145 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1958 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 60 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, *тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Санжмятавын Э /РД: */

С.Э нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нархан” хүүхдийн цэцэрлэгээс зээ хүү Л.Мзийн олсон “Самсунг Галакси Жи-3” загварын гар утасыг бусдын эзэмшил өмчлөлд байгаа гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж, бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э мэдүүлэхдээ:...Миний буруу тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн үед “Нархан” цэцэрлэгээс би хүүгээ авах гээд цэцэрлэг рүү ороход цагаан өнгийн сандал дээр нэг жоохон охин сууж байсан би хажууд нь очоод улавчаа өмсөж тонгойгоод гар утсаа сандалны хажуу талын тавиур дээр мартаад тавьчихсан. Тэгээд цаашаа яваад хүүгээ авах гээд явсан чинь хүү маань урдаас хувцасаа бариад гараад ирсэн. Тэгээд би хүүгээ хувцаслаад 2-3 минут болоод буцаж эргээд утсаа мартсанаа мэдээд ирсэн чинь миний утас тавиур дээр байхгүй алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг/ХХ-ийн 20-р хуудас/

Гэрч С.Оч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Яг тухайн үед эмээ надад утас өгөхдөө хаанаас авсан гэдгийг хэлээгүй сүүлд цагдаа утсаар ярихаар нь би эмээгээс хаанаас авсан ямар утас юм бэ гэж лавлаж асуусан чинь манай дүү Л.Мз “Нархан” цэцэрлэгрүү хүүхэд зөөж өгөхдөө тэр утсыг олсон талаар надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ- ийн 31-32-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Л.Мз мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 сарын 23-ны өдрийн 17 цагийн үед би дүү Гэгээлэнг “Нархан” цэцэрлэгээс авахаар орсон, цэцэрлэгийн хувцас сольдог өрөөний сандал дээр Улаан өнгийн гэртэй “Самсунг галакси Жи-3” загварын гap утас олсон. Тэгээд эмээ Эд “Эмээ би Нархан цэцэрлэгээс энэ гар утсыг олсон” гээд үзүүлсэн. Тэгсэн эмээ харчихаад азтай л байна ш дээ гэж хэлсэн... эмээд нөгөө олсон гар утсаа үлдээгээд Улаанбаатар хотруу хүүхдийн барилдааны тэмцээн болох гээд яваад өгсөн. 2018 оны 08 сард Зүүнхараад ирсэн дахиж тэр утасны талаар яриагүй. Тэгээд саяхан эмээ нөгөө олсон гар утасны талаар цагдаагаас асуугаад байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35-р хуудас/

Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 39-р хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудалын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 49 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 53 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

С.Э нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нархан” хүүхдийн цэцэрлэгээс зээ хүү Л.Мзийн олсон “Самсунг Галакси Жи-3” загварын гар утасыг бусдын эзэмшил өмчлөлд байгаа гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж, бусдад зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Этгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/, гэрч С.Очы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 31-32-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Л.Мзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 35-р хуудас/, Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 39-р хуудас/, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Э нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нархан” хүүхдийн цэцэрлэгээс зээ хүү Л.Мзийн олсон “Самсунг Галакси Жи-3” загварын гар утасыг бусдын эзэмшил өмчлөлд байгаа гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж, бусдад зарж борлуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эд “Эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай” шинжээчийн дүгнэлт /ХХ-н 39-р хуудас/-ээр 479000 төгрөгний хохирол учирсан байх ба шүүгдэгч нь уг хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Эгийн мэдүүлэг /ХХ-н 20-р хуудас/, тодорхойлолт /ХХ-н 21-р хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Санжмятавын Эг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар ялтан С.Эг торгох ялыг 3 /гурав/-н сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. С.Э нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.