Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 635

 

Ю.С, Г.Н, Г.А, С.Д, Ц.Г, Э.Ц, П.Д, Б.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Ч.Өнөржаргал, Ч.Нямсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаар магадлалтай Ю.С, Г.Н, Г.А, С.Д, Ц.Г, Э.Ц, П.Д, Б.М нарт холбогдох эрүүгийн 1935001040017 дугаартай хэргийг шүүгдэгч Ю.С, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц тэдгээрийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарын хамтран гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1975 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц, төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал ажилтай, Баянзүрх дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 471 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгаи ангиин 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан Г овогт Ю С,

2. Монгол улсын иргэн, 1994 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц, төрийн өмчит хувьцаат компанийн туслах нягтлан бодогч ажилтай, ял шийтгэлгүй А овогт Г Н,

3. Монгол улсын иргэн, 1992 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц, төрийн өмчит хувьцаат компанийн засварын инженер ажилтай, ял шийтгэлгүй З овогт Г-ийн А,

4. Монгол улсын иргэн, 1988 онд төрсөн, 32 настай эрэгтэй, Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц, төрийн өмчит хувьцаат компанийн борлуулалтын ахлах ажилтай, ял шийтгэлгүй Б овогт С-ын Д,

5. Монгол улсын иргэн, 1980 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц, төрийн өмчит хувьцаат компанийн нярав ажилтай, ял шийтгэлгүй О овогт Ц Г,

6. Монгол улсын иргэн, 1986 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц, төрийн өмчит хувьцаат компанийн цахилгааны инженер ажилтай, ял шийтгэлгүй, Т овогт Э Ц,

7. Монгол улсын иргэн, 1962 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Х овогт П Д, 

8. Монгол улсын иргэн, 1976 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй Б овогт Б М,

Ю.С нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц, төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Х” ХХК-тай гэрээ байгуулан 36,000,000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 00-00 УНЧ улсын дугаартай Вэйбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Д дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95,000,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан,

Г.Н нь Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц, төрийн өмчит хувьцаат компанийн туслах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа захирлын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус байгууллагад нүүрс тээвэрлэх шланз худалдан авах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж техникийн шаардлага хангаагүй тендер шалгаруулж, нийтийн албан тушаалтан Ю.Сын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-тай гэрээ байгуулан 36,000,000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 00-00 УНЧ улсын дугаартай Вейбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж буй байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Дээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95,000,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн, тендер зарлагдаагүй байхад 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэн П.Д-ийн Хаан банкны _ дугаарын данс руу “бараа материалын үнэ” гэх нэрээр урьдчилан урьдчилгаа шилжүүлсэн,

Г.А нь Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц, төрийн өмчит хувьцаат компанийн засварын инженерээр ажиллахдаа захирлын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус байгууллагад нүүрс тээвэрлэх шланз худалдан авах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж техникийн шаардлага хангаагүй тендер шалгаруулж нийтийн албан тушаалтан Ю.С-ын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Х" ХХК-тай гэрээ байгуулан 36,000,000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 00-00 УНЧ улсын дугаартай Вэйбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж буй байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Дээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95,000,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн,

С.Д нь Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц, төрийн өмчит хувьцаат компанийн борлуулалтын ахлах ажилтнаар ажиллахдаа захирлын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус байгууллагад нүүрс тээвэрлэх шланз худалдан авах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж техникийн шаардлага хангаагүй тендер шалгаруулж, нийтийн албан тушаалтан Ю.С-ын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Хотгор шанага” ХХК-тай гэрээ байгуулан 36,000,000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 00-00 УНЧ улсын дугаартай Вэйбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж буй байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Д-ээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95,000,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн,

Ц.Г нь Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц, төрийн өмчит хувьцаат компанийн нярваар ажиллахдаа захирлын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус байгууллагад нүүрс тээвэрлэх шланз худалдан авах үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж техникийн шаардлага хангаагүй тендер шалгаруулж нийтийн албан тушаалтан Ю.С-ын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Х” ХХК-тай гэрээ байгуулан 36,000,000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 00-00 УНЧ улсын дугаартай Вэйбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж буй байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Д-ээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95,000,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн,

Э.Ц нь Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц, төрийн өмчит хувьцаат компанийн хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллахдаа захирлын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/38 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус байгууллагад нүүрс тээвэрлэх шланз худалдан авах үнэлгээний хорооны гишүүнээр  ажиллахдаа бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийг тус тус зөрчиж техникийн шаардлага хангаагүй тендер шалгаруулж нийтийн албан тушаалтан Ю.С-ын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Х” ХХК-тай гэрээ байгуулан 36,000,000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 00-00 УНЧ улсын дугаартай Вэйбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж буй байгууллагад 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Д-ээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95,000,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн,

П.Д нь нийтийн албан тушаалтан Ю.Сын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Х” ХХК-тай гэрээ байгуулан 36,000,000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 00-00 УНЧ улсын дугаартай Вэйбен трак маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн нэрээр Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц, төрийн өмчит хувьцаат компанид нийлүүлж гэрээний дагуу өөрийн дансанд орсон 95,000,000 төгрөгийг Ю.С болон түүний эхнэр Б.М-ийн Хаан банкны данс руу шилжүүлж Ю.С-ын албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95,000,000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн,

Б.М нь өөрийн нөхөр Ю.С-ын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Х” ХХК-тай гэрээ байгуулан 36,000,000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 00-00 УНЧ улсын дугаартай Вэйбен трак маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Дийн нэрээр өөрийн удирдаж байгаа Увс аймгийн Улаангомын дулааны хоёрдугаар станц, төрийн өмчит хувьцаат компанид нийлүүлж гэрээний дагуу П.Д-ийн дансанд орсон 95,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 65,700,000 төгрөгийг өөрийн Хаан банкны _ дугаарын дансаар авч ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ю.С-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан, Г.Н, Г.А, П.Д нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон, Б.М-ийг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Увс аймгийн прокурорын газраас С.Д, Ц.Г, Э.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгож, цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ю.С-ыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар Г.Н-ыг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 1 жилээр хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,500,000 төгрөгөөр, Г.А-ийг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 1 жилээр хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр, П.Д нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 1 жилээр хасаж, 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ю.С оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Ю.С, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэж 37 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Д, Ц.Г, Э.Ц тэдгээрийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүх хэргийг бүрэн бодитой хянаж зөв дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ шинжээчийн дүгнэлттэй холбоотой гарсан гомдлыг тайлбарлаагүй, мөн зүйлчлэлийн талаар өмгөөлөгч миний гаргасан саналыг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй. Мөн тендер зарлахдаа 30 хоног зарлаагүй 15 хоног зарласан нь хууль зөрчсөн бөгөөд сонирхогч этгээдүүдийг тэгш боломжоор хангаагүй гэжээ. Гэтэл тендер зарласнаас хойш хугацааны талаар хэн ч гомдол гаргаагүйн зэрэгцээ тендерийн комисс нь тендер шалгаруулалтыг онцгой журмаар буюу 15 хоногоор зарласан гэдгээ хэлсэн. Ю.С бол С.Д, Ц.Г, Э.Ц нарын хооронд ямар харилцаа байгаа урьдчилан амласан байж болох бусад нөхцөл байгаа эсэхийг харгалзан үзэлгүй хийсвэр дүгнэлт хийснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ хэрэгт С.Д, Ц.Г, Э.Ц нарын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь болон шагнал урамшуулал, цалин хөлс, дансны талаарх мэдээлэл огтоос авагдаагүй. Иймээс энэ баримтыг хийж байж үнэхээр дэмжлэг үзүүлсэн юм уу хариуд нь ямар нэг хөнгөлөлт, шагнал урамшуулал авсан юм уу гэдгийг тогтоож байж шийдэх нь зүйтэй. Шүүх таамаглалд үндэслэн хэргийг шийдэж ял халдааж болохгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ю.С, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нар хамтран гаргасан гомдол болон өмгөөлөгч Ч.Өнөржаргал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Энэ нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байдаг.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд өмгөөлөгчийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай гомдолд дүгнэлт хийгээгүй атлаа хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзжээ. Энэ бол анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний хувьд гаргаж байгаа бүдүүлэг алдаа гэж үзэж байна.

Хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай гомдол гаргаад гомдлыг хүлээн авахгүй байгаа талаар ямар нэгэн хууль зүйн үндэслэл заахгүйгээр хэргийг шийдвэрлэх нь шүүх хуульд заасан чиг үүргээ шударгаар биелүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй бөгөөд хүнийг хилсээр ял шийтгэж байгаагаас өөрцгүй хэлмэгдүүлэлт билээ.

Миний үйлчлүүлэгч Ю.С нь хэрэг бүртгэлтийн явцад буюу гэрчээр мэдүүлэг өгөхдөө л өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэдийгээр Ю.С нь төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн боловч түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бодит байдлыг тогтоолгох, түүндээ тохирсон ял шийтгэлийг эдлэх эрх байгаа болно.

Мөн Ю.С нарын холбогдсон хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хэрхэн тогтоосноос материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх, Эрүүгийн хуульд заасан зүйлчлэл тохирсон эсэх нь тодорхойлогдоно. Гэтэл давж заалдах шатны шүүх ямар нэг хууль зүйн үндэслэлийг дурдахгүйгээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах хууль зүйн үндэслэлгүй гэж магадлалдаа бичсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн хууль бус үйлдэл  билээ.

Өмгөөлөгчийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх эс үйлдэхүйд дүгнэлт өгөх нь нутаг дэвсгэр харгалзахгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, оролцогчийн эрхийг цаашид дахин зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэх боломж гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн гомдлын үндэслэлгүй хэргийг шийдвэрлэсэн үйлдлүүдэд зохих дүгнэлт өгөхийг хүсч байна. Анхан болон давж заалдах шатны шүүх дараах асуудлуудад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон шинжээч томилсон тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байж болохуйц ноцтой асуудалд дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд Ю.С-ын үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангасан эсэх асуудлыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжилгээ хийлгэх тогтоолыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, Увс аймгийн Улаангом сумд үйлдсэн байдаг.

Шинжээчээр “Г” ХХК-ний үнэлгээчин Д.Г-ыг томилсон байх бөгөөд шинжээч нь эрх, үүрэг танилцуулсан тогтоолд нь “Г” ХХК-ний төлөөлөгч гэх ТТГ4727-5342551 дугаартай тэмдгийг дарж, гарын үсэг зуржээ.

Хэдийгээр Ю.С нь төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн боловч түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бодит байдлыг тогтоолгох, түүндээ тохирсон ял шийтгэлийг эдлэх эрх байгаа болно.

Дээрх шинжээч томилсон тогтоолд Ю.С нь Увс аймгийн, Улаангом сумд байхдаа танилцаж, гарын үсэг зурсан байна. Харин шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод гаргасан байх бөгөөд  /хэргийн 1 дэх хавтас, 49-53 дахь тал/ “Г" ХХК-ний бланк дээр гаргаж, Монгол Улсын хөрөнгийн үнэлгээчин "Д-ын Г, 101200198” дугаартай үнэлгээчний тэмдэг дарагджээ.

Увс аймгийн Улаангом сумд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарах ердийн боломжит хугацаа биш юм. Нөгөө талаас шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт дээрх шинжээч Д.Г-ын гарын үсэг нь харилцан зөрүүтэй байх бөгөөд, шинжээч томилсон тогтоол дахь шинжээч Д.Г-ын гарын үсэг, тэмдэг нь Д.Г-ын 2 удаагийн шинжээчийн дүгнэлт дээрх гарын үсэгтэй зөрж байгаа тул шинжээч Д.Г хуулийн дагуу эрх, үүрэг тайлбарласан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.4-т “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт” хийхээр заасан бөгөөд дээрх дүгнэлтийг хийгээгүй байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэл болохоор заасан байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан эсэх асуудал илэрхий зөрчигдсөн байх нөхцөлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1-д “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно.”, 9.2-т "Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ.”, мөн зүйлийн 4-д “Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа энэ хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.” гэж заасан.

Мөн Хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой. /Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжилсэн Ю.С-ын Үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийсэн тайлан хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул түүнтэй харьцуулан үзнэ үү./

Шинжээч томилж хөрөнгийн үнэлгээг 2019 оны 03 дугаар сар /хэргийн 1 дэх хавтас 49-53 дахь тал/, 2019 оны 08 дугаар /хэргийн 4 дэх хавтас 253 дахь талд Веiben/ сард тус тус хийсэн байх бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн №19/67 дугаартай шинжээчийн дүгнэлт нь бодит байдлаар хийгдээгүй, “Гэрэгэ эстимэйт” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №19/67 дугаартай дүгнэлтэд үндэслэсэн байдаг бөгөөд энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх тодорхой үндэслэлүүд байна.

Харьцуулалтын аргаар үнэлгээ хийж байгаа тохиолдолд эхний удаа харьцуулах эд зүйлийг зөв сонгон авах нь тухайн эд зүйлийн үнэлгээг бодитой гаргах эхний алхам болно. Гэтэл Дулааны-2 станцад шланз нийлүүлэх үнийн санал гэх баримт бичигт автомашины техникийн тодорхойлолтод 14,000 км гэж /хэргийн 1 дэх хавтас, 173-183 дахь тал/ заасан автомашиныг хөрөнгийн үнэлгээг хийхдээ 100,000 км, 90,000 км явсан автомашинуудтай сонгон авч харьцуулж байгаа нь хөрөнгийн үнэлгээг бодитой хийсэн гэж үзэх боломжгүй нөхцөл байдал юм. Аливаа автомашины үйлдвэрлэсэн оноос гадна уг автомашины эдэлгээтэй дүйхүйц автомашинтай харьцуулан үнэлгээг тогтоох нь үнэлгээ бодитой гарах үндэслэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо эргэлзээ бүхий тусгай мэдлэг шаардсан хөрөнгийн үнэлгээг хөдөлбөргүй гэж тооцсон тухай хууль зүйн үндэслэл бүхий тайлбарыг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь, мөн хэргийн оролцогчийн зүгээс гаргасан дахин шинжилгээ хийлгэх болон техникийн мэдлэг бүхий инженерийн дахин бүрэлдэхүүнтэй хийлгэх тухай хүсэлтийг хүлээн аваагүй тухай хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй байна.

Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үнэлгээний тайланд хавсаргавал зохих баримтуудыг хавсаргаагүй, бөгөөд үнэлгээг хийхдээ дагуу нэмэлт ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа болно. Шинжээчийн дүгнэлтэд үнэлгээний зүйл болсон автомашины үнийг ижил төрлийн тээврийн хэрэгсэлтэй харьцуулахдаа:

Үнэлгээнд нөлөөлж болох хүчин болох тээврийн хэрэгслийн километрийн заалтыг харьцуулаагүй,

Харьцуулж байгаа ижил төрлийн автомашины талаарх мэдээлэл ойлгомжтой бус, харьцуулж байгаа автомашины талаарх мэдээлэл бодитой бус,

Хөрөнгийн үнэлгээний байгууллага болон үнэлгээний талаарх мэдээлэл нь хангалтгүй,

Үнэлгээг газар дээр нь очиж хийсэн гэж үзэх хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул шинжээчийн дүгнэлтийг үнэн, зөв, эргэлзээгүй гэж үзэх хууль зүйн боломжгүй байна. Иймээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу 80-88 УВХ, 62-95 БЧ чиргүүлүүдэд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ хийлгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх дээрх асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг өгөөгүй атлаа хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна гэж үзсэн байдаг.

Мөн өмгөөлөгчийн хувьд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилохдоо бүрэлдэхүүн нь тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болон том оврын техник, тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ үзүүлдэг үзүүлдэг хувь хүн, байгууллагыг оролцуулан хийх нь хөрөнгийн үнэлгээг үнэн зөв, бодитой тогтооход чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа тухай асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй болно. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоох асуудал:

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн үйлдэл бүхэн гэмт хэргийн шинжтэй гэж үзэж болохгүй юм.

Ю.С-ын худалдан авах ажиллагааг хууль зөрчин хэрэгжүүлэхдээ өөртөө хир хэмжээний давуу байдал бий болгосон гэдгийг тогтоох нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн тогтоовол зохих гол асуудал болно.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд ял шийтгэлийн хэмжээ ижилхэн боловч прокурорын байгууллага хохирлын хэмжээгээ тогтоож чадахгүй бол Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах ёстой байсан.

Гэтэл прокурорын байгууллага Ю.С нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлж байгаа бол Ю.С нар нь өөртөө хир хэмжээний давуу байдал бий болгосон гэдгийг тогтоох үүрэгтэй.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд Ю.Сыг “ ... 36,000,000 төгрөгөөр хувьдаа худалдаж авсан 00-00 УНЧ улсын дугаартай Вэйбен трак маркийн тээврийн хэрэгслийг албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөрийн удирдаж  байсан Увс аймгийн Дулааны хоёрдугаар станц, дулааны шугам сүлжээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэн П.Д-ээр дамжуулан нийлүүлж өөртөө давуу байдал бий болгон улсын төсөвт 95,000,000 сая төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан” гэж үзсэн бөгөөд өөртөө болон бусдад давуу байдал учруулсан гэж үзсэн.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ю.С-ыг автомашин болон чиргүүлийг нийт 48,000,000 төгрөгөөр худалдаж авсан нь тодорхой байхад зөвхөн автомашиныг 36,000,000 төгрөгөөр худалдан авсан үйлдлийг нь онцлон яллах дүгнэлтэд тусгаж байгаа нь хэргийн оролцогчийн хувийн байдлыг дордуулсан, мөн нөгөө талаар яллах дүгнэлт хуульд заасны дагуу тусгах ёстой хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл тодорхой бус, ойлгомжгүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд зөрчсөн хууль бус үйлдэл болно. Яллах дүгнэлтэд Ю.С-ын өөртөө давуу байдал бий болгосон буюу гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлын хэмжээг тодорхойлоогүй, тогтоогоогүй.

Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүгч тулган асуулт тавьж, хохирогчийн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр хохирлын хэмжээг тогтоосон гэж үзэж болно. Ю.С-ын өөртөө хир хэмжээний давуу байдал бий нөхцөл байдлыг тодорхойлох гол нотлох баримт нь хөрөнгийн үнэлгээний дүгнэлт бөгөөд түүнийг бодитой тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой юм.

Ю.С-ын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “... Би тухайн үед уг тээврийн хэрэгслийн үнэ ханшийг судалсан байсан. Тэр уед Вэйбен трак худалддаг албан ёсны борлуулагчийн үнэ ханшаар цоо шинэ Вэйбен тракийн толгой нь 112 сая төгрөг, чиргүүл нь 81 сая төгрөгийн үнэтэй байсан. Хуучин чирүүлийг судлахад халзан дугуйтай чиргүүл 40.0 сая төгрөгийн үнэтэй байсан. “Омбо" ХХК нь стандарт чиргүүлийг нүүрсний чиргүүл болгодог байсан. Уг компани нэмэгдсэн өртгийн албан татварын баримттай 14,300,000 төгрөгөөр стандарт чиргүүлийг нүүрсний чиргүүл болгон өөрчилж байсан. Харин би 12 сая төгрөгөөр худалдан авсан чиргүүлийг 11 сая төгрөгөөр тэвшийг нь өндөрлөж нүүрсний зориулалттай болгосон. Үүнээс тусдаа тэнхлэгийг 4,3 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэнхлэг нэмэхэд гагнуур нь 1,6 сая төгрөг болж байсан. Тормозны системийг солиход мөнгө зарцуулж байсан. ... Чиргүүл нь нүүрс тээвэрлэх боломжгүй, дагуу 2 биш 4 рамтай. нүүрсний чиргүүл болгох боломжтой чиргүүл байсан. Тэгээд засвар хийгээд зах зээл дээр байгаа хуучин чиргүүлүүдээс хамаагүй сайн чиргүүл болсон. Шууд нүүрс тээвэрлэх боломжгүй байсан” гэж автомашинд хэрхэн сайжруулалт хийсэн талаараа өгсөн мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэж үзэж байгаа болно.

Автомашин болон чиргүүл худалдсан иргэдээс тухайн үед автомашины болон чиргүүл нь шууд тээвэрлэлт хийх боломжтой байсан эсэх талаар нэмж тодруулж мэдүүлэг авах ажиллагаа хийх нь тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтийг тодорхой хэмжээнд тодорхойлох болон хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаанд чухал ач холбогдолтой байна.

Ю.С нь эхнээсээ уг автомашиныг байгууллагын хэрэгцээнд авах гэж байгаа талаар хэлж байсан байдаг бөгөөд энэ нь гэрч Д.А, Ж.Мөнхсайхан нарын мэдүүлэгт тодорхой байдаг. 

Иймд Д.А, Ж.М нараас тэдний Ю.С худалдсан автомашин, чиргүүл нь нүүрсний тээвэр хийхэд бэлэн байсан эсэх, техникийн хувьд шууд замын хөдөлгөөнд оролцох, нүүрсний тээвэр хийх шаардлагыг хангасан байсан эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байх тул дахин мэдүүлэг авах, мөн тэднийг оролцуулан автомашин болон чиргүүлд дахин үзлэг хийх нь хэргийн бодит байдлыг тогтоох, шударга ёсны зарчимд нийцэх тул гэрчүүдээс дахин мэдүүлэг авах ажиллагааг хийж өгнө үү.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд яллагдагчийн эрхийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 4-т “баримт сэлт, гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан. Анхан шатны шүүх хуралдаанд холбогдогч Ю.С өмгөөлөгч Б.Б-ээр дамжуулан өөрийн удирдаж байгаа байгууллагадаа худалдан авсан автомашинаар хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг тодорхойлсон баримтыг гаргаж өгсөн боловч шүүх уг баримт сэлтийг хүлээн авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Уг баримтуудыг хүлээн аваагүй тухай үндэслэлийг анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байх бөгөөд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэж үзнэ. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан нотлох баримтыг нотлох баримтаар хүлээн авахгүй” гэж үзсэн нь хэргийн оролцогчийн хуулиар тогтоосон эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хянан үзэж шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангуулах, шүүхүүдийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үүргээ хэрэгжүүлэн өмгөөлөгчийн гаргасан гомдолд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгөх үүргээ биелүүлэхийг даалгаж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Нямсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: П.Д-ийн гэм буруу нотлогдоогүй. Тэрээр жирийн нэгэн тээврийн жолооч бөгөөд тендерийн талаар мэдэхгүй, оролцоогүй, ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Харин түүний биеийн байдал муу байхад байцаалт авч гарын үсэг зуруулсан байсан. Хавтаст хэргийн материалаас харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заагдсан ажиллагаа хийгдээгүй гэж үзэхээр байна. Шинжээчийн дүгнэлтийг тухайн автомашиныг авснаас хойш 3 жилийн дараа гаргасан бөгөөд дүгнэлт гаргахдаа 8 шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Япон улсад үйлдвэрлэсэн автомашиныг Хятад улсад үйлдвэрлэсэн автомашинтай жишиж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм. Мөн шинжээчийн гарын үсэг зурагдаагүй тохиолдолд дүгнэлт хүчин төгөлдөр бус болно. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Б.М нь Ю.С-ын эхнэр бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдэх боломжгүй байсан. Мөн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Өмгөөлөгч Ч.Өнөржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Анхан шатны шүүх шүүгдэгч Ю.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр А/385 дугаар тушаалаар Үнэлгээний хорооны гишүүдээр ажилласан шүүгдэгч Г.Н, Г.А, С.Д, Ц.Г, Э.Ц нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. П.Д тендер зарлагдахаас өмнө буюу 2017 оны 08 дугаар сарын 16, 17-ны үед хүнээр дамжуулж материалыг хүргүүлсэн бөгөөд Үнэлгээний хороо гэрээ байгуулах зөвлөмж гаргасан нь хууль зөрчсөн. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Н, Г.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Д, Ц.Г, Э.Ц нар гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Мөн шүүгдэгч Б.М-ийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь Б.М-ийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар татсан байтал хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн  талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан байна.

Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, ялын тэнцвэр тохироог хангахад чухал шаардлагатай билээ.

Аливаа гэмт хэрэг нь нийгэмд аюултай ямар нэгэн гэм хор учруулдаг ба эсхүл тийм гэм хор учрах нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд тэрхүү учирсан болон учруулж болох хохирлын шинж чанар, хэр хэмжээг харгалзан тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлдог болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэг, заалтын диспозицэд гэм хор бодитой учирснаар төгссөнд тооцогддог бүх гэмт хэргийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үздэг бөгөөд уг гэм хорын хэр хэмжээ, шинж чанар нь хэргийн зүйлчлэл, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад заавал нотолбол зохино.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Ю.С, Г.Н, Г.А, П.Д нарыг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг 95 сая төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байна.

Учир нь эдгээр шүүгдэгчдийн хууль зөрчиж зохион байгуулсан, оролцсон, сонгон шалгаруулсан тээврийн хэрэгсэл худалдан авах ажиллагааны үнэ нь 95 сая төгрөг байсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээ энэ болохоос бус хууль бус сонгон шалгаруулалтаар нийлүүлэгдсэн тээврийн хэрэгслийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтэд тусгасан болон энэ хоёрын үнийн зөрүүний аль нь ч биш юм.

Харин Увс аймаг дахь зах зээлийн үнийг тооцоолон гаргасан 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 19/67 дугаар дүгнэлтэд тусгасан “Beiben track” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 69,539,300 төгрөг, (үүнд Улаанбаатар хотоос Увс аймаг руу зөөвөрлөсөн түлшний үнэ, ашгийн 7 хувийн тооцоол багтсан) уг тээврийн хэрэгслийг худалдан авах сонгон шалгаруулалтын үнэ 95 сая төгрөгийн зөрүү болох 25,460,700 төгрөгийг шүүх гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж дээрх шүүгдэгч нарын гэм буруу, оролцооны хэлбэрийг харгалзан хуваарилж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу хураахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Харин ийнхүү шийдвэрлэхдээ шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт уг мөнгийг тухайн аж ахуйн нэгжид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн мөртлөө тогтоох хэсэгт улсын орлого болгохоор тогтоосныг зөвтгөх нь зүйтэй гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ю.С, Г.Н, Г.А, П.Д нарт холбогдох хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэрэгт хамтран оролцож гүйцэтгэсэн үүрэг, гэм буруу, тэдгээрт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэрийн талаар тус тус тодорхой заасан байна.

Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой билээ.

Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзлэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.

Тэгвэл хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар С.Д, Ц.Г, Э.Ц нар нь тээврийн хэрэгсэл худалдан авах сонгон шалгаруулалтын ажиллагааг хууль зөрчиж явуулж, бусдад давуу байдал олгох нэг зорилгод хүрэх эрмэлзлэлээр хамтын хүчин чармайлтаар нэг гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үүгээр  гэмт хэрэг үйлдэж хүрэх үр дүн бүх оролцогчдын хувьд нэг байх гэсэн хамтран оролцохын үндсэн шинж үгүйсгэгдэж байхад анхан шатны шүүх тэдгээрийг үйлдэлдээ “болгоомжгүй хандсан” хэмээн үндэслэл муутай дүгнэлт хийснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Ийнхүү учир дутагдалтай дүгнэлт хийсэн хэдий ч анхан шатны шүүх  тэдгээрт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын гэмт хэрэг үйлдэх замаар бий болгосон, хууль бус эх үүсвэртэй хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг тухайн этгээд лавтайяа мэдсээр байж түүнийг нь авсан, эзэмшсэн, ашигласан явдал юм.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн замаар буй болгосон хөрөнгө, эд юмсын эх сурвалжийг мэдсэн атлаа шунахай сэдэлтээр тэдгээрийг өөрийн мэдэлд авах, захиран зарцуулах байдлаар энэхүү хэрэг үйлдэгддэг онцлогтой билээ.

Б.М нь шүүгдэгч Ю.С-ын эхнэрийн хувьд түүний бусадтай хамтран үйлдсэн албан тушаалын гэмт хэргийн улмаас олсон орлогын гарал, үүслийг мэдсээр байж өөрийн дансаар шилжүүлж авсан, эсхүл үүнийг заавал мэдэх ёстой, мэдэх  боломжтой байсан гэж буруутгах нөхцөл байдал шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байх тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбогдох өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн 3 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн шалгах болон шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүйгээс гадна хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтанд хуулийг буцаан хэрэглэхгүй  болно.

Гэтэл дээрх хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш буюу 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаанаар хэрэг нь хянан шийдвэрлэгдсэн Б.М-ийн хувьд анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэрэглэн хууль зөрчжээ.

Анхан шатны шүүх нь Ю.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад энэ тогтоолд дурдсан зарим алдаа, зөрчил гаргасныг зөвтгөн өөрчлөх нь хяналтын шатны шүүхийн бүрэн эрхэд хамаарч байна.

Харин С.Д, Ц.Г, Э.Ц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл муутай дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байх тул магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Ю.С нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан бүх арга хэмжээг авч, энэхүү хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай тодруулсан байх тул “мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгүүлэх” талаар гаргасан шүүгдэгч Ю.С, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 37 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолын Б овогт Б-ийн М холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Мөн тогтоолын тогтоох хэсгийн 9 дүгээр заалтын “... улсын орлого болгосугай” гэснийг “...Улаангомын дулааны хоёрдугаар станц, төрийн өмчит хувьцаат компанид олгосугай” гэж өөрчилсүгэй.

4. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ю.С, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                      Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН