Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 0015

 

 

     Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бүрнээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Булган аймгийн Бүрэгхангай сум, Дархан баг, 1-р хороо, шинэ хотхон 1-15 тоотод оршин суух Цэрэндоржийн Мөнхтулгын /РД:МТ79121118/ нэхэмжлэлтэй

    Хариуцагч: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох

    Гуравдагч этгээд: Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 3-р багт оршин суух Норовын Ганхуяг /ГМ:85051814/

      Нэхэмжлэлийн шаардлага: “Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байранд нэр дэвшигч Ц.Мөнхтулгыг тус ажлын байранд томилох боломжгүй тухай Хишиг-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар шийдвэр, мөн Хишиг-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтанд тэнцэж жагсаалтын гуравт эрэмбэлэгдсэн Н.Ганхуягийг тус ажлын байранд томилох тухай шийдвэр илт хууль бус байх тул хүчингүй болгуулах, Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрээр Хишиг-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшсэн Ц.Мөнхтулгыг 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тус албан тушаалд томилох шийдвэр гаргахыг Хишиг-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчидэд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Мөнхтулга, хариуцагч П.Эрдэнэчулуун, гуравдагч этгээд Н.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Мөнхтулга шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгон шалгаруулалтын үр дүнд Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрээр Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байранд нэр дэвшүүлсэнийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хуульд заасан үндэслэлгүй татгалзсан шийдвэр гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасанаар ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхэд, бүдүүлгээр халдаж санхүүгийн болон сэтгэл санааны дарамт, хохирол учруулах тул хянан үзэж хууль, журамд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү.

      Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 24 дүгээр тогтоолоор намайг Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлснийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцээд дараах үндэслэлээр томилохоос татгалзсан шийдвэр гаргажээ.

          1. Багийн   иргэдийн   Нийтийн   Хурлаар   хэлэлцэгдээгүй,   сумын   газар   зохион байгуулалтын төлевлөгөөнд тусгагдаагүй, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар оруулж батлагдаагүй 1637 га газрыг эрх мэдлээ хэтрүүлэн дуудлага худалдаа зарлаж газар тариалангийн компанид олгосон нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон.

           2. Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж иргэдийн өмчлөлийн газрыг бусдад дур мэдэн шилжүүлсэн, газар олгох нэрээр иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулсан, шан харамж авч ёс зүй, ёс суртахууны зөрчлүүд удаа дараа гаргасан нь иргэдийн санал, гомдлоор батлагдсан, ажил албан тушаалдаа хайнга ханддаг, тогтвор суурьшил муутай зэрэг болно гэж татгалзсан болно. Эдгээр үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй юм.            

           Нэг дэх үндэслэл нь 1637 га газар тариалангын зориулалтаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд тусгаж багийн Иргэдийн нийтийн хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүулэн батлуулсан хэдий ч албажуулах процесст алдаа гарсан гэж үзэж байна. Энэ нь хурлын тэмдэглэлээр нотлогдож байгаа нь Газрын даамлын ажил үүрэгт ямарч холбогдолгүй юм. Мөн газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулахдаа зөвхөн сумын Засаг даргын захирамжаар олгодог энэ нь одоогоор Монгол Улсаад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Газрын тухай хуулиар зохицуулагддаг байтал мөн л надад холбогдолгүй хариуцлага нэрлэсэн байна. Дээрх 1637 га газрын асуудлаар аудитын дүгнэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар цуцалсаныг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа.

       Албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад дур мэдэн өмчлөлийн газар шилжүүлсэн, шан харамж авсан, бусдад эд мөнгөний хохирол учруулсан гэх гүтгэн доромжилсон, нотлогдоогүй худал мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргасан байх тул хууль зүйн үндэслэлгүй байна.

     Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр дүгнэлтээр илт хууль бус болох нь дараах хууль зөрчсөн гэж үээж байна.

    Төрийн албаны тухай хуулийн 351 дугаар зүйлийн 351.6 дахь хэсэгт зааснаар томилох эрх бүхий этгээд Төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй гэснийг зөрчиж тус албан тушаалд өмнө нэр дэвшсэн Ч.Буянхишигийг, 2 дахь удаад намайг томилохоос татгалзсан билээ.

      2. Татгалзах үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар төрийн жинхэнэ албанд авч ажиллуулахыг хориглох үндэслэлд хамаарахгүй болно.

      3. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 71% нь буюу 5 тэргүүлэгч нь МАН-ын гишүүн, мөн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганхуяг нь МАН-ын гишүүн, тус намаас ИТХуралд нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдсон зэрэг нь төрийн жинхэнэ албаны сул орон тоо нөхөх үйл явцад нам, улс төрийн байгууллагын нөлөө орсон нь харагдаж байна.

        4. Өөрийн намын боловсон хүчнийг бэлтгэх, дэмжих зорилгоор Төрийн албаны зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчдийг хуульд заасан үндэслэлгүйгээр татгалзсанаас гадна Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг, 16 дугаар зүйл, 14 дэх хэсэгт зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэснийг зөрчиж, гүтгэн доромжилсон, нэр төрд халдсан шийдвэр гаргажээ.

        Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь дээд байгууллагын шийдвэр болон иргэний эрхийг үл хүндэтгэсэн үг, үсэг, агуулгын алдаатай бүхэлдээ хууль зөрчсөн шийдвэр байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг  гаргаж байна:

         1. Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байранд нэр дэвшигч Ц.Мөнхтулгыг тус ажлын байранд томилох боломжгүй Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр илт хууль бус байх тул хүчингүй болгуулах;

        2. Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн    нарийн    бичгийн   даргын   ажлын   байрны   сонгон шалгаруулалтанд тэнцэж жагсаалтын гуравт эрэмбэлэгдсэн Н.Ганхуягийг тус ажлын байранд томилох тухай шийдвэр илт хууль бус байх тул хүчингүй болгуулах;

            3. Булган аймаг дахь Төрийн  албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрээр Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшсэн Ц.Мөнхтулгыг 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тус албан тушаалд томилох шийдвэр гаргахыг Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидэд даалгаж өгнө үү” гэв.

       Хариуцагч Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс шүүхэд ирүүлсэн болон ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэрэндорж овогтой Мөнхтулгын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

     Булган аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 24 тоот тогтоолыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын   Тэргүүлэгчдийн 04 дүгээр хурлаар хэлэлцээд аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар санал болгосон Ц.Мөнхтулгыг томилох боломжгүй гэж Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн болно.

        Ц.Мөнхтулга нь тус сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа Төрийн албан хаагчийн ёс зүй, ёс суртахууны ноцтой зөрчлүүд удаа дараа гаргаж байсан нь доорхи нотлох баримтууд, иргэдийн гомдлоор нотлогдож байна

        1. Тариалангийн   газрыг  тухайн   багийнх   нь   иргэдийн Нийтийн Хурлаар   хэлэлцүүлдэг байхад хэлэлцүүлээгүй, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар   батлагдаагүй газарт төсөл сонгон  шалгаруулалт зарлуулж 1637 га  газрыг олгосон  нь Газрын тухай  хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.1-23 4.4, 25 дугаар зүйлийн 25.4, 54 дүгээр зүйлийн 54.4 дэх заалтуудыг зөрчсөн нь аймгийн аудитын газрын  дүгнэлтээр тогтоогдсон.

        2.  Ц.Мөнхтулга   нь  газрын  даамлаар ажиллаж  байх  үедээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газрыг орхигдуулан сумын төлөвлөгөөт ажлыг хойш татдаг. Төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтойгоор зөрчин архи уудаг, ажил тасалдаг, сургуулийн хүүхдийг уруу татан бэлгийн харилцаанд орсон тухай эцэг эхийн гомдол ирсэн зэргээс Төрийн албанд тэнцэхгүй гэж сумын 2011 оны VI  хуралдаанаар шийдвэрлэсэн тухай сумын Засаг даргаМ Зоригтод хүргүүлсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06 тоот албан бичиг, хурлын тэмдэглэлээс тодорхой байна.

       3.Иргэн П.Отгонтуяагийн 2008 онд дуудлага худалдаагаар авсан газрыг шийдэж өгөөгүй тухай өргөдөл, иргэн Б.Цэнддоод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргуулж өгнө гээд 60.000 төгрөг аваад гэрчилгээг нь шийдэж өгөөгүй, мөнгийг нь ч өгөөгүй тухай аман гомдол,  иргэн Д.Даваажавын эзэмшлийн газар дээр  давхар дуудлага худалдаа зарласан тухай аман гомдол, иргэн Б.Шинэбаяраас 100000 төгрөг аваад газар өгсөн нь хүний өмчлөлийн газар байсан гэх яриа, иргэн П.Одонхүүгийн гэрчилгээтэй газрыг нь хууль бусаар өөр иргэнд /Ж Сүхбаатар/ давхар олгосон гэх гомдол зэргээс харахад зөрчил дутагдлууд нь тус тус илэрхий байна.

       4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Тэргүүлэгчид өөрийн бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаагааявуулж Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг сонгосон болно.

Хурлын шийдвэр хуулийн дагуу гарсан, хуульд заасан үндэслэлээр бүрэн эрхээ хэрэгжүүлэн томилохоос татгалзсан шийдвэрээ дэмжиж байна” гэв.

      Гуравдагч этгээд Н.Ганхуяг/ шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... 2015 оны Төрийн албаны салбар  зөвлөлийн  28 дугаар  тоот тогтоолоор    удирдах  албан  тушаалтны сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн   бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус албан тушаалд томилогдсон. Нэхэмжлэгч Ц.Мөнхтулгын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

      1. Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр илт хууль бус байх тул хүчингүй болгох гэснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.  Учир нь:

     Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар. харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө. Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийм 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага албан тушаалтанд хуулиар харьяалуулсанаас бусад тухайн  нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг,  нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй”, 22 дугаар зүйлийн 22.1.6-д “Хурлын дарга Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” тухай тус тус заасан байна.

      2. Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтанд тэнцэж жагсаалтын гуравт эрэмбэлэгдсэн Н.Ганхуягийг тус ажлын байранд томилох шийдвэр илт хууль бус байх тул хүчингүй болгох гэснийг миний бие зөвшөөрөхгүй байна. Тухайлбал: Хурлын даргын нийтлэг бүрэн эрхэд зааснаар Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх гэсний дагуу Ч.Буянхишигийг санал болгоход Тэргүүлэгчид 100 хувийн саналаар татгалзсан. Ц.Мөнхтулгыг мөн 100 хувийн саналаар татгалзсан учир онооны дэс дарааллаар миний нэрийг санал болгосон, Тэргүүлэгчдийн олонхийн саналаар 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр сонгож томилсон болно. Харин Төрийн албаны салбар зөвлөлөөс  онооны   дарааллаар   нэр  дэвшүүлдэг  байхад миний нэрийг дэвшүүлэхгүй байгаа нь хууль зөрчсөн асуудал болж харагдаж байна.

       Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралт, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 9 дүгээр зүйлийн "а", "б", "в", “г”, 33 дугаар зүйлийн "а", "б-д зааснаар албан тушаал бүрт 3-5, 2-оос доошгүй иргэний нэрийг гэж заасан байдаг. Харин сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичиг гэсэн  байхгүй байгаа. Энэ журмын 38 дугаар зүйлд сонгон шалгаруулалтэнд ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй гэж заасан байна. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоол, тогтоолоор батлагдсан журам зэргээс үзэхэд хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

       Төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй гэсэн нь нэг хүнийг 2 удаа татгалзаагүй, хоёр хүнийг нэг нэг удаа хууль зүйн үндэслэлтэй татгалзан болно.

        Ц.Мөнхтулга нь тус сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа Төрийн албан хаагчийн ёс зүй, ёс суртахууны зөрчлүүд удаа дараа гаргаж, ажлын хариуцлага алдаж ард иргэдэд хүндрэл учруулж байсан нь Төрийн албаны тухай хууль /төрийн албан хаагчийн үүрэг/, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэмд заасан зүйл заалтуудыг зөрчиж төрийн албаны нэр хүндийг унагаж байсан нь нотлох баримтуудаар нотлогдож байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

        Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хууль журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

       Нэг: Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /цаашид ИТХ-ын гэх/ Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байранд нэр дэвшигч Ц.Мөнхтулгыг тус ажлын байранд томилох боломжгүй тухай Хишиг-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

      1. Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар “Удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор[1] Хишиг-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтад орж тэнцсэн Чойжамцын Буянхишиг /65.1/, Норовын Ганхуяг /61.2/, Сандагийн Мөнхтөр /60.1/, Цэрэндоржийн Мөнхтулга /60.4/ [2] нарыг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэж, тогтоолын 2 дахь заалтаар сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноог авч тэнцсэн Чойжамцын Буянхишигийг Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал болгожээ.

       Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 38 дугаар албан бичгээр[3] Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилохоос татгалзсан байх ба томилогдох ажилтныг сонгон шалгаруулалтад орж тэнцсэн Ч.Буянхишигээс Хишиг-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчидэд, Ц.Мөнхтулгаас Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд тус тус холбогдуулан маргаж тус аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

      Улмаар Ц.Мөнхтулгын захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хүлээн зөвшөөрч[4] “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж[5] гарсан ба Ч.Буянхишиг нь Ц.Мөнхтулгын нэхэмжлэлийн шаардлагыг Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хүлээн зөвшөөрсөн асуудалд маргаагүй бөгөөд мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож[6] шийдвэрлэсэн байна.

        Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй”, 17.3-д “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт” гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ”  гэж тус тус заажээ.

       Хуулийн дээрхи заалтын дагуу Булган аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаар тогтоолыг[7] гаргаж, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын нөөцөд бүртгэх, Хишиг-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтаныг нэр дэвшүүлэх тухай салбар зөвлөлийн 2015 оны 28 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, 2 дахь заалтаар Ц.Мөнхтулгын мэргэшсэн байдалд 10 оноог нэмж олгосон ба 3 дахь заалтаар сонгон шалгаруулалт орж тэнцсэн Ц.Мөнхтулга, Ч.Буянхишиг, Н.Ганхуяг, С.Мөнхтөр нарыг төрийн жинхэнэ албаны удирдах албан  тушаалтны нөөцөд бүртгэж, 4 дэх заалтаар хамгийн өндөр авсан Цэрэндоржийн Мөнхтулгыг Хишиг-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлэн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 24 тоот албан бичгээр[8] томилох эрх бүхий субъект болох Хишиг-Өндөр сумын ИТХ-ын даргад хүргүүлэхээр шийдвэрлэсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, хуралдааны тэмдэглэл[9] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

       2. Хариуцагч Хишиг-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн  хуралдаанаар[10] томилогдох албан тушаалтны сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноог авсан Ц.Мөнхтулгын нэрийг хурлаар хэлэлцүүлэн олонхийн саналаар 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 07 тоот албан бичгээр [11] томилохоос татгалзсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан захиргааны актын шинжийг агуулж байх бөгөөд эрх зүйн үр дагаврыг бий болгосноороо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.

        Ийнхүү хариуцагч татгалзах болсон үндэслэлээ “Багийн иргэдийн нийтийн Хурлаар хэлэлцэгдээгүй, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар оруулж батлагдаагүй 1637 га газрыг эрх мэдлээ хэтрүүлэн дуудлага худалдаа зарлаж газар тариалангийн компанид олгосон нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон, мөн албан тушаалаа урвуулан ашиглаж иргэдийн өмчлөлийн газрыг бусдад дур мэдэн шилжүүлсэн, газар олгох нэрээр иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулсан, шан харамж авч ёс зүй, ёс суртахууны зөрчлүүд удаа дараа гаргасан нь иргэдийн санал, гомдлоор батлагдсан, ажил албан тушаалдаа хайнга ханддаг, тогтвор суурьшил муутай” гэж тайлбарлаж байгаа бөгөөд иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах эрх нь Газрын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар Засаг дарга болон ИТХ-ын бүрэн эрхийн асуудал байхад Ц.Мөнхтулгад хамааруулсан нь үндэслэлгүй байна. Мөн төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн, ёс суртахууны зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан гэх асуудлууд нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06 тоот албан бичгийг[12] үндэслэж тухайн албан тушаалд томилохоос татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.    

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох “эрх” нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах  боловч Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 37-д “Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд Төрийн албаны зөвлөл буюу салбар зөвлөл нь тухайн сонгон шалгаруулалтыг дахин явуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Ц.Мөнхтулгыг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад томилохоос татгалзсан тохиолдолд үндэслэл бүхий хариуг 7 хоногийн дотор Салбар зөвлөлд ирүүлээгүй буруутай байна.

            Хоёр: Хишиг-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтанд тэнцэж жагсаалтын гуравт эрэмбэлэгдсэн Н.Ганхуягийг тус ажлын байранд томилох тухай шийдвэр илт хууль бус байх тул хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

            Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажлын байрны сонгон шалгаруулалтанд тэнцэж жагсаалтын гуравт эрэмбэлэгдсэн Норовын Ганхуягийг Хишиг-өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжаар[13] 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаар тогтоолоор [14] 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар тус тус томилсон байна.

            Хурлын даргын санал болгосоноор томилогдсон сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Ганхуяг нь уг албан тушаалд тухайн үед нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, мөн хурлын нарийн бичгийн даргын албан тушаал эрхэлж байхдаа захиалагчийн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан Ц.Мөнхтулгыг хурлаар хэлэлцүүлж байхад ч төлөөлөгчөөр ажиллаж байсан болох нь сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тэмдэглэл[15] болон Н.Ганхуягийн ИТХ-ын төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай өргөдөл [16], сумын ИТХ-ын хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12/07 дугаар  “Төлөөлөгчөөс чөлөөлөх тухай” тогтоол[17], Н.Ганхуягийн намын гишүүнээс татгалзах тухай өргөдөл[18], хариуцагч П.Эрдэнэчулууны шүүх хуралдаанд мэдүүлсэн “...тухайн үед Н.Ганхуяг нь ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлөгдөөгүй байсан..” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан Н.Ганхуягийн төрийн албан хаагчийн анкет[19] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

            Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11-д зааснаар сумын ИТХ-ын нарийн бичгийн албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал бөгөөд  хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх, хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ тухайгаа байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэнэ, 15 дугаар зүйлийн 15.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч нь “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, ...”-ийг хориглосон байхад төрийн жинхэнэ албан тушаал болох Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Ганхуягийг нэр дэвшүүлж, улмаар уг албан тушаалд томилсон сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 18 дугаар тогтоол нь хуулийн дээрх заалтыг зөрчсөнөөс гадна тухайн ажлын байранд хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцсэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

        “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 33-д “Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөл нь удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтаас тухайн албан тушаалын шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа нэр дэвшигчийг эхлэн дараах байдлаар нэр дэвшүүлдэг. б/ энэ журмын 9-ийн б, в, г, 10-т заасан албан тушаал бүрт 2-оос доошгүй иргэнийг дэвшүүлэх, 9-ийн г-д “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга” гэж ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд 2-оос доошгүй иргэний нэрийг аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл дэвшүүлэх байсан хэдий ч Төрийн албаны тухай хуулиар хориглосон үйл ажиллагааг хавсран эрхлэх боломжийг түүнийг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилсон хариуцагчид ч, мөн Н.Ганхуягт ч олгоогүй хууль бус ажиллагаа юм.

       Иймд Хишиг-Өндөр сумын ИТХ-ын дарга П.Эрдэнэчулуун Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д заасан бүрэн эрхээ хэтрүүлж, сумын ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Н.Ганхуягийг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргад санал болгож, улмаар түүнийг уг албан тушаалд томилсон тухай Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаар тогтоол гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 37-д заасныг тус тус зөрчсөн байх тул дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

         Гурав: Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн шийдвэрээр Хишиг-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшсэн Ц.Мөнхтулгыг 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тус албан тушаалд томилох шийдвэр гаргахыг Хишиг-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчидэд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

       Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын хүрээнд сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулж, улмаар томилогдох албан тушаалын сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноог авч тэнцсэн Ч.Буянхишигийг томилуулахаар санал болгосон хэдий ч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Ч:Буянхишигийг томилуулах тухай тогтоолоо хүчингүй болгож, 1-т жагссан Ц.Мөнхтулгыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар санал болгосныг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт зааснаар тухайн албан тушаалд томилсон тухай шийдвэр гаргаж баталгаажуулах шаардлагатай байна.

Хэдийгээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д зааснаар Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох “эрх” нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамаарах ч захиалагчийн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан Ц.Мөнхтулгыг үндэслэлгүйгээр татгалзсан байх ба түүнийг томилохоос татгалзсан тухай үндэслэл бүхий хариугаа "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 37-д зааснаар 7 хоногийн дотор Салбар зөвлөлд хүргүүлэхгүйгээр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 15 дугаар зүйлийн 15.1.8-ыг тус тус ноцтой зөрчиж Н.Ганхуягийг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар томилсон зэргээс үзэхэд, түүнийг томилсон сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан Ц.Мөнхтулгыг уг албан тушаалд томилохыг шүүхээс хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь Хурлын Тэргүүлэгчдийн эрх хэмжээнд халдахгүй гэж үзлээ.

        Харин нэхэмжлэгчийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах нь цаг хугацааны хувьд боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.  

      Иймд дээрхи нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

       Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2, 70.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 22 дугаар зүйлийн 22.1.6, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 15 дугаар зүйлийн 15.1.8, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3, 35 дугаар зүйлийн 35.1.6 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Мөнхтулгын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар албан бичиг, мөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 18 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Мөнхтулгыг хууль тогтоомжид заасан журмын дагуу Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг Хишиг-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид даалгасугай.

       2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу Ц.Мөнхтулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасантай холбогдуулан хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

     3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

    4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.БҮРНЭЭ

 


[1] Хэргийн материалын 36 дахь хуудас

[2] Хэргийн материалын 122-126, 128 дахь хуудас

[3] Хэргийн материалын 42 дахь хуудас

[4] Хэргийн материалын 95 дахь хуудас

[5] Хэргийн материалын 57-62 дахь хуудас

[6] Хэргийн материалын 63-65 дахь хуудас

[7] Хэргийн материалын 37 дахь хуудас

[8] Хэргийн материалын 140 дэх хуудас

[9] Хэргийн материалын 137-138 дахь хуудас

[10] Хэргийн материалын 16-19 дэх хуудас

[11] Хэргийн материалын 20 дахь хуудас

[12] Хэргийн материалын 24 дэх хуудас

[13] Хэргийн материалын 146 дэх хуудас

[14] Хэргийн материалын 54 дэх хуудас

[15] Хэргийн материалын 18 дахь хуудас

[16] Хэргийн материалын 48 дахь хуудас

[17] Хэргийн материалын 49 дэх хуудас

[18] Хэргийн материалын 55 дахь хуудас

[19] Хэргийн материалын 101-104 дэх хуудас