| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00133/Э |
| Дугаар | 00141 |
| Огноо | 2018-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 00141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ганзаяа
Улсын яллагч О.Баярсайхан
Шүүгдэгч Х.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.Өд холбогдох 1832001910140 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, УБТЗ-н Цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд гал сөнөөгч ажилтай, * тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Өмнө нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн №98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Хаянхярваагийн Ө.
Х.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Номтын №16 тоот хашааны гадна гэр бүлийн харилцаа хамаарал бүхий Ч.Тяг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ө мэдүүлэхдээ: ... 2018 оны 10 дугаар сарын 09-ны шөнө Ч.Тяг ажлаас нь дуудаад Улаанбаатар хот руу өвчтөн хүргэж өг гэсэн. Би маргааш нь 24 цагаар ажиллах ёстой байсан болохоор 2 охиныг гэртээ харж үлдээд, өөрийнхөө оронд өөр хүн Улаанбаатар хот руу явуулчих гэж хэлэхэд Ч.Тя дургүйцээд явна гээд гэрээсээ 01 цаг өнгөрөөгөөд гараад явчихсан. Тэгэхээр нь би араас нь вокзал руу очоод Улаанбаатар хот руу явахгүй үлдчихээч гэж хэлсэн боловч миний үгэнд ороогүй тэгэхээр нь би Тягийн зүүн гарын тохой, шуу орчимд нь нэг удаа цохьсон, зүүн гуяны орчим гараараа нэг удаа цохьсон тэгсэн чинь Тя машинаас буух гэхэд нь би энгэрээс нь татсан чинь өмсөж явсан хувцаснаас нь татахад урагдчих шиг болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэжээ.
Хохирогч Ч.Тя мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 10 дугаар сарын 09-ны шөнө 00 цагийн орчим ажлаас над руу залгаад өвчтөн авч Улаанбаатар хүргэх шаардлагатай боллоо гэсэн чинь Ө уурлаад чи өөрөө өвчтэй байж өвчтөн хүргэх гэлээ, ажил гэхээр зүгээр болчих юм гээд уурлаад зүүн талын бүдүүн гуя хэсэг рүү өшиглөөд гэрийн түлхүүр, гар утас аваад гаднаас түгжээд гараад явсан. Тэгээд эмнэлгээс очиж өвчтөнөө аваад вокзал дээр ирэхэд араас машинтайгаа дагаад ирсэн. Тэгэхээр нь би тэр чигээрээ явчихвал дараа нь асуудал үүсгээд байх болов уу гэж бодоод очоод уулзсан чинь машин руугаа чирч оруулаад манай гэрийн гадаа авч очоод чи явах гэлээ гээд гараараа миний зүүн талын гар луу цохисон, зүүн талын гуя руу цохисон тэгээд би өвчтэй хүнээ авч явахгүй бол болохгүй хүний амь настай холбоотой асуудал шүү дээ гэж хэлээд гуйсан тэгсэн чинь вокзалын баруун талын өндөр гүүрний ард очоод өмсөж явсан гадуур хүрэм, өмд, цамц, хөхний даруулга зэргийг ураад ингээд яваарай явахыг чинь харнаа гэсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12-р хуудас/
Гэрч Б.Гх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Воганд өвчтөнөө суулгаж өгчихөөд Ч.Тяг хүлээгээд ирэхгүй болохоор нь бид нар воганы даргатай ярьж байгаад воганыг 5 минут хүлээлгэсэн, хүлээлгэж байх хооронд Ч.Тя нилээн сандарсан байдалтай цамцных нь энгэр цээж хэсэг нь урагдчихсан, зүүж явсан нүдний шил нь байхгүй болчихсон байсан. Болсон асуудлын талаар надад тодорхой юм хэлээгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 5 дугаар хуудас/
2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №189 дугаартай дүгнэлт: 1. Ч.Тягийн биед баруун, зүүн гарын бугалга, шуу, зүүн гуя, баруун гуяанд цус хуралт, зүүн гарын шуунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 15 дугаар хуудас/
Х.Ө яллагдагчаар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: .... 2018 оны 10 дугаар сарын 09-ны шөнө Ч.Тяг ажлаас нь дуудаад Улаанбаатар хот руу өвчтөн хүргэж өг гэсэн. Би маргааш нь 24 цагаар ажиллах ёстой байсан болохоор 2 охиныг гэртээ харж үлдээд, өөрийнхөө оронд өөр хүн Улаанбаатар хот руу явуулчих гэж хэлэхэд Ч.Тя дургүйцээд явна гээд гэрээсээ 01 цаг өнгөрөөгөөд гараад явчихсан. Тэгэхээр нь би араас нь вокзал руу очоод Улаанбаатар хот руу явахгүй үлдчихээч гэж хэлсэн боловч миний үгэнд ороогүй тэгэхээр нь би Тягийн зүүн гарын тохой, шуу орчимд нь нэг удаа цохьсон, зүүн гуяны орчим гараараа нэг удаа цохьсон тэгсэн чинь Тя машинаас буух гэхэд нь би энгэрээс нь татсан чинь өмсөж явсан хувцаснаас нь татахад урагдчих шиг болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 23 дугаар хуудас/, Шүүгдэгч Х.Өын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /26 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Номтын №16 тоот хашааны гадна гэр бүлийн харилцаа хамаарал бүхий Ч.Тяг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Ч.Тягийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11-12-р хуудас/, Гэрч Б.Гхын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 5 дугаар хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №189 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 15 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Х.Өыг хохирогч Ч.Тягийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Х.Ө нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Номтын №16 тоот хашааны гадна гэр бүлийн харилцаа хамаарал бүхий Ч.Тяг зодож, биед нь баруун, зүүн гарын бугалга, шуу, зүүн гуя, баруун гуяанд цус хуралт, зүүн гарын шуунд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Хаянхярваагийн Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өыг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Өын торгох ялыг 06 /зургаа/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Х.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.