Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00838

 

Х.Ч-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/00805 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Ч-ын хариуцагч Г.А-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 54,341,700 төгрөг бусад зардалд 6,888,950 төгрөг, нийт 61,230,650 төгрөг болон бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай, хөөрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л, хариуцагч Г.А-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Х.Ч- нь хариуцагч Г.А-тэй 2018 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Улмаар хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөг зээлсэн. Дээрх хугацаанд Г.А-ийн аав, ээжийн амьдарч байгаа хашаанд амины орон сууц барихаар төлөвлөж, Х.Ч-аас санхүүгийн туслалцаа хүсэж, 14,554,300 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авсан. Г.А- нь Х.Ч-тай хамтран амьдрахаас өмнө 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд бага, багаар нийтдээ 3,340,000 төгрөгийг зээлсэн. Харин хамтран амьдрах хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 31,947,400 төгрөгийг зээлсэн. Мөн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Г.А- нь тоёота приус маркийн, мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл худалдан авч, 5,500,000 төгрөгийг Х.Ч- төлсөн. Мөн лексус эйч эс 250 маркийн 81-98 УАН дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахад 1,000,000 төгрөгийг Х.Ч- төлснөөр Г.А- нь тээврийн хэрэгсэл худалдагчийн өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдсөн. Мөн Г.А-ийн 99175491, 88480202 дугаарын хэрэглээний төлбөрт нийт 388,950 төгрөгийг тус тус төлсөн тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар шаардана. Талуудын хамтран амьдрах хугацаанд Х.Ч- нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр уран дархнаар бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөргийг захиалан хийлгүүлж, ажлын хөлсөнд 1,500,000 төгрөгийг төлсөн. Энэ хөрөнгө нь Г.А-ийн хууль бус эзэмшилд оршин байсаар байгаа бөгөөд Г.А-ээс өөрийн эзэмшлийн үнэт эдлэл болох хөөргөө шаардахад шаардлагыг хүлээн авахгүй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би Х.Ч-тай 2017 онд танилцсан, тэр үед үсчинд суудал түрээслэн ажиллуулдаг байсан. Х.Ч-тай танилцсанаар бид 2017 оны 10 сараас байр түрээслэн хамт амьдарч эхэлсэн, би охинтойгоо очиж бид гурав хамт амьдарсан. Хамт амьдраад 4 сар болсны дараа салсан боловч буцаж эвлэрч, 2022 оны 03 сар хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд 2019 оноос Дарханы замын ажлын 5-р хэсэгт туслан гүйцэтгэгч компаний захирлаар Х.Ч-, би хүний нөөцийг хариуцан гуанз ажилуулж байсан. Гуанз ажиллуулах явцад бараа материал худалдан авахаар гарсан зардлуудыг надаас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Манай аав, ээж хоёр өөрсдийн гэсэн газартай, түүн дээрээ амины орон сууц барьсан байсан. Харин шинээр барьсан гээд байгаа амины орон сууцыг миний дүү барьсан, надад огт хамааралгүй. Хамт амьдарч байх хугацаанд хос хөөрөг хийлгэсэн гээд надад 1 хөөргийг өгч байсан, гэвч намайг гэрээсээ хөөж гаргахдаа өмссөн хувцастай минь гаргасан, би тэр гэрээс юу ч аваагүй. Надад хөөрөг байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.А-ээс зээлийн гэрээний үүрэгт 54,341,700 төгрөг, өөрийн хөрөнгийг хэмнэж хөрөнгө олж авсан үүрэгт 6,888,950 төгрөг, бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Ч-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 504,595 төгрөгийн 464,103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 40,492 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ч-ад олгуулахаар шийдвэрлэжээ. 

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Зээлийн гэрээний үүрэгт 54,341,700 тогрогийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд нэхэмжлэгч Х.Ч-ын хувьд хариуцагч Г.А-т олон удаагийн давтамжтайгаар зээл олгодог байсан бөгөөд энэхүү үйл баримт нь хэргийн материалд авагдсан. Тодруулбал, нэхэмжлэгч Х.Ч-ын эзэмшлийн Хаан банк-ны 5003381521 тоот данснаас хариуцагч Г.А-ийн эзэмшлийн Хаан банк-ны 5429129669 тоот дансанд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 4,500,000 төгрөгийг зээлдүүлсэн, мөн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл олон удаагийн давтамжтайгаар нийт 35,287,400 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн байдаг. Түүнчлэн Г.А- нь амины орон сууц барихаар төлөвлөж байсан бөгөөд нэхэмжлэгч Х.Ч- нь үүнтэй холбоотойгоор 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 14,554,300 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг худалдан авч, Г.А-т зээлүүлсэн байдаг. Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Х.Ч- болон Г.А- нарын хооронд мөнгө болон төрлийн шинжээр тодорхойлогдох зээлийн харилцаа үүссэн гэж үзэхээр байна. Үүнээс үзэхэд хариуцагч Г.А- нь хуульд заасны дагуу шилжүүлэн авсан эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй болно.

4.а.Бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөнөөс үүссэн 6,888,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд нэхэмжлэгч Х.Ч- нь хариуцагч Г.А-т тоёота приус болон лексус эйч эс маркийн автомашин авахад нийт 6,500,000 төгрөгийг тус тус төлсөн. Мөн Г.А-ийн эзэмшлийн 99175491, 88480202 дугаарын төлбөрт 176,000 төгрөг, 212,950 төгрөгийг тус тус төлсөн. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид зардлыг буцаан төлөх үүрэгтэй байхад шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь буруу.

4.б.Үнэт эдлэл болох бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөргийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд Г.А- нь анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/Ш32022/13025 дугаартай шүүгчийн захирамжид гомдол гаргасан. Тус гомдолдоо шүрэн толгойтой, алтан нуухтай бага гарын шар мана хөөргийг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэх, захиран зарцуулахтай холбоотой тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг Хариуцагч Г.А-т даалгахаар шийдвэрлэсэн бөгөөд Г.А- миний бие уг хооргийг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй байх, хадгалж байх боломжтой болно. гэсэн байна. Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч тухайн хөөргийг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй байх үүргийг хүлээж, хадгалж хамгаалах боломжтойгоо илэрхийлсэн нь шүрэн толгойтой, алтан нуухтай бага гарын шар мана хөөрөг хариуцагчийн эзэмшил ашиглалтад байгааг илэрхийлж байна. Гэтэл шүүх энэ талаар огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй байгаагаас үзэхэд шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй нь харагдаж байна. Иймд гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Би Х.Ч-аас мөнгө аваагүй. 2017 оноос хойш хамт амьдарсан. Энэ хугацаандаа цайны газар ажиллуулж байсан. Барилгын компани болон туслан гүйцэтгэгч компаниас нь хоолны мөнгө болон барилгын материалын мөнгө миний данс руу ордог байсан. Х.Ч- нь барилгын компанийн захирлаар ажилладаг. Би өөрийн эрх ашгийн төлөө энэ хүнээс мөнгө авч байгаагүй. Хөөрөгний тухайд, Х.Ч- надтай хос хөөрөг хийлгүүлье гэж хийлгүүлж байсан. Би хөөрөг сонирхдоггүй, мэддэггүй. Гэрээсээ намайг хөөхдөө өмсөж байсан хувцастай минь явуулсан. Би тэр гэрээс өөр юу ч аваагүй. Хөөргийг цагаан сараар хэрэглэдэг байсан учраас дээлтэй хамт далд хийсэн байх гэж бодоод байвал би буцааж өгөх талаар хэлсэн. Цагаан сар дөхөөд өөрийн дээл хувцасанд үзэхэд байхгүй байсан. Хөөрөг Х.Ч-ын гэрт үлдсэн. Тиймээс хөөрөг байхгүй учраас өгөх боломжгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Х.Ч- нь хариуцагч Г.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 54,341,700 төгрөг бусад зардалд 6,888,950 төгрөг, нийт 61,230,650 төгрөг болон бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай, хөөрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Зохигчид 2018 онд танилцаж, тодорхой хугацаанд хамтран амьдарсан байх бөгөөд нэхэмжлэгч Х.Ч- нь дээрх хугацаанд хариуцагч Г.А-т 54,341,700 төгрөг зээлдүүлсэн гэх үндэслэлээр мөнгөн хөрөнгийг шаардсан бол хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Х.Ч-тай хамт амьдарч байх хугацаанд бид Улаанбаатар Дархан чиглэлийн автозам дээр ажиллаж, ажилчдын хоол хүнсний зардал, цалин хөлсийг миний дансаар төлдөг байсан, зээлийн харилцаа үүсээгүй гэж тайлбарлажээ.

4.а.Нэхэмжлэгч Х.Ч-ын хувьд Улаанбаатар Дархан чиглэлийн автозамын ажил дээр хариуцагч Г.А-тэй хамтран ажиллаж байсан үйл баримтыг зөвшөөрч тайлбар гаргасан ба тэрээр өөрийн Хаан банк-ны данснаас хариуцагч Г.А-ийн данс руу zarlaga, hadaas, tatvar, material, taaz, chuka, toli, hool, orlogo, deel, tsalin, zeel гэх зэрэг гүйлгээний утгатайгаар мөнгөн хөрөнгийг шилжүүлж байсан байна. /1хх-ийн 7-172-р тал/

4.б.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ нь тодорхой хугацаа бүхий үүргийн эрх зүйн гэрээ болохын хувьд зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгө эсхүл бусад эд хөрөнгийг шилжүүлэх болон тохиролцсон хугацаанд захиран зарцуулах эрхийг олгох, зээлдэгч нь мөнгө эсхүл анх шилжүүлж авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн эд хөрөнгийг хугацаанд нь буцааж өгөхийг ойлгодог.

4.в.Нэхэмжлэгч Х.Ч-аас хариуцагч Г.А-т шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг дээрх хуульд зааснаар зээлийн гэрээний дагуу буцаан өгөх нөхцөлтэйгээр шилжүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. Учир нь мөнгөн хөрөнгө шилжсэн гүйлгээний утга нь хариуцагчийн татгалзалд дурдсан ажилчдын цалин, хоол хүнс болон бусад зардалд зарцуулагдсан гэж тайлбарласантай нийцсэн гэж үзэхээр байна.

4.г.Харин дээрх гүйлгээний утга бүхий шилжүүлэг дотор zeel гэх гүйлгээний утгаар 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 200,000 төгрөг, 65,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 820,000 төгрөг, нийт 1,085,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул зохигчийг энэ хэмжээнд зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

4.д.Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.А-ээс 1,085,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Ч-ад олгож, уг шаардлагаас 53,256,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

5.6,888,950 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлээ Г.А-ийг тоёота приус маркийн автомашин худалдан авахад 5,500,000 төгрөг, мөн лексус эйч эс 250 маркийн 81-98 УАН улсын дугаартай автомашин худалдан авахад 1,000,000 төгрөг, Г.А-ийн 99175491 дугаарын хэрэглээний төлбөрт 176,000 төгрөг, 88480202 дугаарын төлбөрт 212,950 төгрөгийг тус тус Г.А-ийн өмнөөс төлсөн гэж тодорхойлжээ.

5.а.Гэвч нэхэмжлэгч Х.Ч- нь дээрх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүй баримтаар нотлоогүй байна. Иймд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

6.Бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай хөөрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч нь тус хөөргийг уран дархнаар хийлгэж, ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг төлсөн, хөөрөг хариуцагч Г.А-ийн эзэмшилд байгаа гэж тайлбарласан байна.

 

6.а.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор хариуцагч талаас дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргажээ. /1хх-ийн 176, 180-182, 197-198-р тал/

 

6.б.Тус гомдолд ... шүүгчийн захирамжаар шүрэн толгойтой, алтан нуухтай, бага гарын шар мана хөөргийг аливаа хэлбэрээр бусдад шилжүүлэх, захиран зарцуулахтай холбоотой тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагч Г.А-т даалгахаар шийдвэрлэсэн бөгөөд Г.А- миний бие уг хөөргийг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, хадгалж байх боломжтой болно гэсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.А- нь нэхэмжлэлээр шаардсан бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай, хөөргийг өөрийн эзэмшилд байгаа болохыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаардаг.

 

6.д.Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хангаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай, хөөргийг хариуцагч Г.А-ээс гаргуулж нэхэмжлэгч Х.Ч-ад олгох нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/00805 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.А-ээс 1,085,000 төгрөг болон бага гарын шар мана, шүрэн толгойтой, алтан нуухтай, хөөргийг гаргуулж нэхэмжлэгч Х.Ч-ад олгож, нэхэмжлэлээс 60,145,650 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын ... 464,103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ... гэсний дараа хариуцагч Г.Алдархишигээс 100,790 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Ч-ад олгож, гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Ч-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 505,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Г.ДАВААДОРЖ