Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 00149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ганзаяа  

             Улсын яллагч                                 Э.Гантулга

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                  А.Хандмаа

              Шүүгчдэгчийн өмгөөлөгч                С.Сувдаа

                         Шүүгдэгч                                         Б.Э, Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Э, Б.М нарт холбогдох 1832001820133 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, *оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Баатарын Э.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Батсайханы М.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Б.Э, Б.М нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Баян-Арцат гудамжны №24 тоотод оршин суух иргэн Ч.Бчы гэрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж чацаргана 1 кг, хонины гэдэс 2 кг, улаан өнгийн гадартай цахилгаан ус буцалгагч 1 ширхэг, эмэгтэй хүний саарал өнгийн куртик 1 ширхэг, нярай хүүхдийн даавуу 1 ком, эмэгтэй хүний хүрэн өнгийн арьсан гутал 1 хос зэргийг хулгайлан авч, бүгд 114500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: ... 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дашдондог гуайн гэрт байж байтал Хараа эгч орж ирээд бид хоёрыг аваад гарсан. Тэгээд бид нар Бч ахын гэрт очиж нэг шил архи хувааж уусан. Архиа уучихаад орой гэрээс нь гарч явсан. Хараа эгч намайг гэрт хүргэж өгсөн. Харин М манай найзынд хоносон байсан. Тэгээд би маргааш өглөө нь гэрээсээ гараад найзындаа очтол М байсан. Бид хоёр тэр айлаас гараад манай ах Энхболдтой таарч нэг шил архи авч хойд сааданд очиж уугаад дараа нь найз Уугийгийнд очиж байж байгаад гараад явж байтал нэг танихгүй ахтай таараад бид нар хамт нэг шил архи уусан. Тэгээд Хараа эгчийг хайж яваад М бид хоёр Бч ахын гэрт очсон чинь Бч ахын гэр нь цоожтой байсан боловч цонхных нь порчек нь онгорхой байхаар нь орох гэтэл багтахгүй байсан. Тэр үед М надад “ багтахгүй бол толгойгоороо орчихдог юм” гэж хэлсэн. Тэгээд би толгойгоороо цонхоор нь шургаж ороод гэрт нь орсон юм. Гэрт нь ороод би чацаргана, ус буцалгагч, мах зэргийг гэрийн дотроос Мд цонхоор нь авч өгөөд өөрөө гутал, куртка зэргийг аваад гэрээс нь гараад иртэл М гэрийнх нь гадаа байгаагүй. Тэгээд би явж байгаад “JN” дэлгүүрийн хажууд Мтай таарсан. М, Хараа эгчтэй хоёулаа явж байсан. Тэгээд би чацарганаа Бм эгчийн дэлгүүрт 2500 төгрөгөөр зарчихаад дараа нь Маас хамт явж байгаад хаана яаж салснаа санахгүй байна. Тэгээд нэг сэрсэн чинь Дашдондог гуайн гэрт унтаж байсан. Тэгээд М ирээд намайг авч гараад бид хоёр явж байгаад цагдаа Хосбаяртай таарч баригдсан гэв

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: ... 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байсан Э бид хоёр Ч.Бч ахынд Хараа гэдэг эгчтэй хамт архи уусан. Тэгээд маргааш нь хонох газар байхгүй орой нь Хараа гэдэг эгчтэй 4-лээ гарч 0.75 граммын архи уучихаад гадаа их цас орж байсан болохоор Дашдондог гуайн хажууд Эийн найзын гэрт би хоносон. Өглөө нь хашаанаас нь гараад явж байтал нэг ах таараад нэг 0.5 граммын архи бариад явж байхаар нь Э бид гурав “Нар” дэлгүүрийн доголд орж цуг уусан. Уухдаа бүгдийг нь биш талыг нь уусан. Тэгээд бид хоёр Хараа эгчийг хайж Бч ахынд очсон юм. Бч ахын гэрт Э бид хоёр очтол гэр нь цоожтой байсан. Тэр үед Э их согтсон байсан. Тэгээд бид хоёр гарах гэсэн чинь цонхоор нь орох гээд би тэр үед “яах юм бэ” гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ гээд цонхоор нь Э ороод, эхлээд ус буцалгагч дараа нь хүүхдийн өлгийний даавуу, куртка, чацаргана, гутал гэх мэт зүйлсийг гаргаж ирэхээр нь би аваад гутлыг нь байшингийнх нь ард  тавьсан. Тэгээд Э надад “чи бараагаа ав” гэж хэлээд  хүүхдийн давууг ус буцалгагчтай нь өгч бариулсан. Тэгээд би энэ олон юмнуудаар яах гээд байгаа юм бэ буцаагаад аваачаад тавья гэж хэлсэн чинь “зүгээр ээ зүгээр” гээд байхаар нь цааш явж  “JN” дэлгүүрийн хашаанд оруулаад куртикээ үлдээчихээд би Эээс одоо яах юм бэ гэж асуухад “Бмгийнд чацарганаа зарнаа” гээд Э өөрөө Бмгийнд орж зарсан. Тэр үед би гадаа нь байж байсан. Гараад ирхээр нь би Эээс “ ингэж болж байгаа юм уу” гэсэн чинь 2500 төгрөгөөр зарсан чамд хамаагүй гээд бид хоёр салж явцгаасан юм. Тэрнээс хойш бид хоёр ахиж таараагүй. Тэгээд бусад барьж явсан зүйлээ замаасаа олсон шуудайнд хийгээд Хандаа гэдэг эгчийнд оруулаад үлдээж орхисон. Шуудайд ус буцалгагч, нохойны хоол байсан гэв.

Хохирогч Ч.Бч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн өглөө би 09 цагийн үед гэрээсээ гараад гадуур явж байгаад 12 цагийн орчимд гэртээ ирсэн. Тэгээд эргээд гэрээсээ гараад хүнсний зах орчихоод 14 цагийн орчимд гэртээ харьтал байшингийн гал тогооны цонхны рамны хадаас сугалж аваад цонхны шилийг аваад орсон байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод үзсэн чинь гэрийн зарим эд зүйлс эмх цэгцгүй, юмаа бүртгэсэн чинь гэрт хүн орсон бололтой байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Би алдагдсан эд зүйлүүдээ бүгдийг нь буцаан авсан надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн  20-22-р хуудас/

Гэрч В.Бм мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед байх аа Б.М, Б.Э нар манай дэлгүүрийн гадаа ирээд ууттай чацаргана барьчихсан та энийг авах уу гэхээр нь би юу яриад байгаа юм бэ юу гэж наадахыг чинь авдаг юм юу юм гэсэн чинь чацаргана гэсэн. Тэгэхээр нь би хаанаас авсан юм бэ гэсэн чинь эгчээсээ авсан гэж хэлээд та авчих гээд надаас гуйгаад байхаар нь би 2500 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд Э, М нар яваад өгсөн гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25-р хуудас/

Гэрч Б.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг өнгөрч байсан санагдаж байна. Би гэртээ байж байтал М бололтой хашааны гаднаас намайг дуудаад байхаар нь би гарах гэж байтал М, Э нар орж ирсэн. Тэгсэн Э нь саарал өнгөтэй куртик барьчихсан М нь хүүхдийн шуудайтай даавуу барьчихсан явж байсан. Тэгэхээр нь би та хоёр юун баахан юм барьчихсан явж байгаа юм бэ гэсэн чинь зарах юм гэж хэлсэн. Тэгэхээр нь өө тийм үү гэсэн чинь куртик, хүүхдийн даавууг танай гэрт үлдээчих үү эргэж ирээд авъя гэхээр нь зөвшөөрсөн тэгээд л яваад өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-р хуудас/

2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 33 дугаар хуудас/

  Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд: Б.Эийн талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 47 дугаар хуудас/, Б.Мын талаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 51 дүгээр хуудас/, Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /55-56 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э, Б.М нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Баян-Арцат гудамжны №24 тоотод оршин суух иргэн Ч.Бчы гэрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж чацаргана 1 кг, хонины гэдэс 2 кг, улаан өнгийн гадартай цахилгаан ус буцалгагч 1 ширхэг, эмэгтэй хүний саарал өнгийн куртик 1 ширхэг, нярай хүүхдийн даавуу 1 ком, эмэгтэй хүний хүрэн өнгийн арьсан гутал 1 хос зэргийг хулгайлан авч, бүгд 114500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ч.Бчы мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгээд эргээд гэрээсээ гараад хүнсний зах орчихоод 14 цагийн орчимд гэртээ харьтал байшингийн гал тогооны цонхны рамны хадаас сугалж аваад цонхны шилийг аваад орсон байсан. Тэгэхээр нь би гэртээ ороод үзсэн чинь гэрийн зарим эд зүйлс эмх цэгцгүй, юмаа бүртгэсэн чинь гэрт хүн орсон бололтой байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн  20-22-р хуудас/, Гэрч В.Бмгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Б.М, Б.Э нар манай дэлгүүрийн гадаа ирээд ууттай чацаргана барьчихсан та энийг авах уу гэхээр нь би юу яриад байгаа юм бэ юу гэж наадахыг чинь авдаг юм юу юм гэсэн чинь чацаргана гэсэн. Тэгэхээр нь би хаанаас авсан юм бэ гэсэн чинь эгчээсээ авсан гэж хэлээд та авчих гээд надаас гуйгаад байхаар нь би 2500 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-р хуудас/, Гэрч Б.Эийн мөрдөн байцаалтанд өгсөн “...М, Э нар орж ирсэн. Тэгсэн Э нь саарал өнгөтэй куртик барьчихсан М нь хүүхдийн шуудайтай даавуу барьчихсан явж байсан. Тэгэхээр нь би та хоёр юун баахан юм барьчихсан явж байгаа юм бэ гэсэн чинь зарах юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-р хуудас/ 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 33 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Э, Б.М нарыг бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Баян-Арцат гудамжны №24 тоотод оршин суух иргэн Ч.Бчы гэрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 1 кг чацаргана, 2 кг хонины гэдэс, 1 ширхэг улаан өнгийн ус буцалгагч, 1 ширхэг эмэгтэй хүний саарал өнгийн куртик, 1 ком нярай хүүхдийн даавуу, 1 хос эмэгтэй хүний хүрэн өнгийн арьсан гутал зэргийг хулгайлан авч 114500 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э, Б.М нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Б.Э, Б.М нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Э, Б.М нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч Ч.Бч нь эд зүйлээ бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад  шүүх хуралдаанаас

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Баатарын Э, Боржигон овогт Батсайханы М  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Эийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Мыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э, Б.М нарт оногдуулсан 01 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Б.Э, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э, Б.М нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э, Б.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.