| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2018/00103/Э |
| Дугаар | 00113 |
| Огноо | 2018-09-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаатар |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 00113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн танхимд
Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн,
Улсын яллагч Б.Эрхэмбаатар,
Хохирогч А.Эч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох 1832001200093 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Зүүнхараа политехникийн коллежийн БЗҮ 2а ангид суралцдаг, ам бүл 3, * тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Ганбаатарын Г РД:/*/
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүгдэгч Г. Г нь 2018 оны 07 дугаар сарын 07-09-ний хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Төвийн хэсэгт байрлах дутуу баригдсан 3 давхар барилгаас Итали улсад үйлдвэрлэгдсэн 160 метр орчим урттай цахилгааны утас хулгайлж, 352 метр утас дахин ашиглагдах боломжгүй болгож гэмтээн иргэн А.Эчд 742.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гийн өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Эч ахын барилга дээр ажил асуухаар очтол хүн байхгүй болохоор нь барилгын дээвэр рүү гарчихаад доош бууж байтал бетонон хоолойнд байсан утас гараад ирчихсэн байсан. Тэгэхээр нь үүнийг тасдаж авъя гэтэл тасрахгүй болохоор нь гаднаас нь шар иштэй хутга олж ирээд тасдсан. Тэгээд шуудайнд 10 гаран метр утас нууж байгаад орой нь очиж аваад дэлгүүрт аваачаад 16500 төгрөгөөр зарж тэр мөнгийг нь хэрэглэсэн. Хэлэх зүйл байхгүй, учруулсан хохиролоо ажил хийгээд төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч А.Эчы өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 07-ны орой 17 цагийн үед барилгын дороос ахаа ажил байна уу гэсэн тэгэхээр нь би өө ямар сайн хүүхэд вэ за хүрээд ир хүрээд ир гээд оруулж ирээд цэвэрхэн хувцастай явж байхаар нь хувцасаа солиод ир гээд явуулахад 18 цагийн орчим буцаад ирсэн 1 цаг л цахилгааны монтажны хар хоолойг дээрээс нь бетон зуурмагаар малгайлж дарж байсан ажлыг хийлгээд ах нь их мөнгө өгч чадахгүй шүү гээд 10000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд надад маргааш нь Улаанбаатарруу явах ажил гарсан байсан 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр намайг барилга дээр байхгүй байх хугацаанд хүн байхгүйг мэдээд нөгөө утсыг далдалж байсанг харж байсан учраас утсыг авсан байсан. Бүх давхараас нь утас авсан байсанг нь шинжээчид тогтоож метрлэсэн. Тэгээд багцлаад шийдэнд орох байсан утсыг бүгдийг нь тасалж гэмтээсэн. Тэр авсан утас нь үнэтэй утас байсан мөрдөн байцаагчид миний авсан утасны баримтыг харсан. Утаснуудыг бүгдийг нь шатаагаад бөөрөнхийлөөд бөмбөг шиг болгосон байсан. Ажил хийе гэж ирэхдээ маргааш нь найзуудтайгаа ирээд шавар хийе гэхэд нь тэг тэг гэж хэлэхэд маргааш нь ирээгүй. Хулгай хийхдээ өөр гутал өмссөн байсан. Бетонон хар хоолойнд бүгдийг нь хийгээд монтаж хийсэн турк, итали, оросын утасууд байсан. Надад цэвэр 2 сая гаран төгрөгний хохирол учирсан. Гэхдээ энэ хүүхдээс заавал өндөр үнэ аваад яахав гээд үнэлгээгээр тогтоосон 742400 төгрөгний хохирол нэхэмжлэх болно. Миний хохиролыг барагдуулчихвал энэ хүүхдийг заавал хорих ял шийтгэл оногдуулах гээд яахав...” гэх мэдүүлэг,
Сурган хүмүүжүүлэгч багш Д.Оч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сард 2 дугаар семистрээс энэ ангийг авсан. Г.Гийн зан байдал бол хүний өөдөөс дандаа сөргөөж ярьсан харилцааны соёл дутуу хүүхэд тэрийг засах талаас анхаарч ажиллаж байгаа. Ар гэрийн байдлаас энэ хүүхдэд анхаарал тавьдаггүй эмээ нь гэж хүн байдаг хааяа утсаар яриахад явж ирж чаддаггүй тухай шалтгаанаар ирдэггүй. Ээж нь Алтантуяа гэж хүн байдаг багад нь хаяад явсан гэсэн Г.Гийн эгч Дэлгэрцэцэг нь манай ангийг төгссөн учраас ээжтэй нь өнгөрсөн жил Г.Гийг уулзуулж гэрт нь аваачиж өгсөн. Гэрт нь аваачиж өгөхөд олон жил хамт байгаагүй учраас хоорондоо таарч тохирохгүй Г гарч явсан. Ээж нь бол 6 дугаар баг Баянхангайн 147 тоотод байдаг юм байна лээ. Г 253-р тоочигт эмээ дээрээ өссөн. Г.Г сурлагын хувьд тааруухан сурлагатай нэг ажил бариад хийвэл гайгүй хийдэг ажил барьж хийхээсээ өмнө тогтвор суурьшил муутай. Ярианы соёл байхгүй гадны хүнд хэгжүүн зантай юм шиг санагддаг өөдөөс нь үг хэлэхэд зөрүүлээд нэг үг хэлдэг ийм хүүхэд. Одоо бол Улаанбаатар хотод цалинтай дадлага хийж байгаа дадлагын хугацаа нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусна энэ хугацаанд 345000 төгрөг авна үүгээр нь хохиролынх нь мөнгөнөөс төлүүлэх болно...” гэв.
Хохирогч Эч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн МАндал сумын 7 дугаар баг Төвийн хэсэгт 16x22 метр урттай 3 давхар үйлчилгээний зориултын барилга барьж байгаа юм. Тухайн өдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Г гэгч хүүхэд манай барилга дээр ирж надтай уулзаж хийх ажил байна уу гэхээр нь би цахилгааны утасыг гэмтэхээс хамгаалахаар шаврын зуурмаг зөөх ажил хийж байгаад орой болж тэр хүүхэд надаас 1 цаг ажиллаад 10.000 төгрөг авсан. Тэгээд би маргааш найзыгаа дагуулж ирээд шавар хийж өгнө гэж хэлээд ирээгүй. Тэгээд би 2018 оны 07 дугара саын 07-ны өглөө 10 цагийн үед Улаанбаатар хот руу ажиллахаар явах үедээ манай хүү Түшиг барилгаа хараад үлдсэн. 2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1 хоног эзэнгүй охиод Улаанбаатар хот руу ажиллаар яваад 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед ирэхэд л манай барилга руу хулгай орж цахилгааны хамаг утас хулгай хийгээд аваад явчихсан байсан. Манай барилга манаачтай байж байгаад 2018 оны 05 дугаар сарын 20-ны үед манай манаач Баттөр гэгч залуу гэр бүлээрээ байж байгаад явсан. Тэрнээс хойш би өөрөө байнга байдаг болсон. Нийт 512 метр утас тасалсанаас 160 метр утсыг нь хулгайлаад аваад явсан үлдэгдэл 352 метр утсыг нь дахин ашиглах боломжгүй болгон тасалчихсан байсан. Зэс утас байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23-р тал/,
Яллагдагч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед ЖИ-ЭН баарны урд талын дутуу баригдаж байгаа барилгаас орж ажил acyyxaap opox үед ямар нэгэн хүн байхгүй эзэнгүй байсан. Тэгээд би өнөөх барилгийн дээвэр дээр гарч хүн байна уу гээд гарсан. Тэгтэл ямар нэгэн хүн тэр барилга дотор байгаагүй. Тэгээд би 3 давхараас доошоо 2 давхар руу бууж байх үед хар хоолоогоор оруулсан зэс утас байхаар нь тэрийг нь тэр хар хоолооноос салгаж авахаар тэр чигээр нь шавартай нь татаж шалнаас салгаж шууд гараараа татаад авсан. Тэгээд би тэр барилга дотор сууж байгаад өнөх утсаа барилгийн гаднаас нэг шар иштэй хутга олж аваад өнөөх зэстэй хар тусаа таслаж авсан. Тэгээд тэр барилга дотор байсан цементийн шуудайнд өнөөх хар зэстэй утсаа хийж нуугаад тэ өдрийнхөө орой 22-23 цагийн хооронд ганцаараа очиж аваад шууд Заантай цогцолбор руу очиж найз Хдийг авах үед Хд юм юм гэж асуух үед нь би найзынхан цуглуулж байсан зэс утас юм. Танайд очоод шатаагаад зэсийг нь авъя гэсэн чинь манайд Эмээ байгаа гэсэн. Тэгээд Хдийн гэрийнхэн амбаарт тавььсан. Тэгээд тэр өдрөө би Хдийн гэрт хоносон тэгээд маргааш нь буюу 2018 оы 07 дугаар сарын 09-ний өдөр Хд бид 2 өнөөх зэстэй утсаа аваад Хдийн гэрийнхэн арын цагаан эзэнгүй балгасан байшинд орж шатааж зэсийг нь авч Хд бид хоёр Дөрвөн бэрх дэлгүүрт өнөөх зэсээ тушаахад 2 хэл 600 грамм болж, 16.500 төгрөг тэр дэлгүүрийн худалдагч эгч өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-р тал/,
Гэрч Б.Эбын мөрдөн шалгах ажиллагаад өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед л санагдаж байна тухайн өдөр би нөхөр Алтангэрэлийн оронд дөрвөн бэрх дэлгүүрийн худапдагч хийж байх үед гаднаас 2 хүүхэд орж ирээд зэс өгье гэхээр нь би хэлэн дээр тавьж үзэхэд 2.46 грамм болж байсан. Тэгээд би тэр 2 хүүхдэд 16.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр 2 хүүхэд манай дэлгүүрээс гараад явсан би тэр 2 хүүхдийг хаашаа явсанг анзаараагүй, Энэ зурган дээр байгаа 2 хүүхэд мөн байна. Энэ 2 хүүхэд 2-лаа л манай дэлгүүрт орж ирсэн хүүхдүүд мөн байна. Би энэ 2 хүүхдийг танихгүй, харин энэ жижиг шар банди нь манай дапгүүрээр хааяа нэг орж ирж байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р тал/
Насанд хүрээгүй гэрч У.Хдийн мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 09- ний өдрийн 14 цагийн орчим найз Г.Гтой хамт “Дөрвөн бэрх” дэлгүүрт 2.5 кг жинтэй тушааж 16.700 төгрөг аваад Г бид 2 уг мөнгөөрөө манай гэрт төмс, лууван авч мөн Г үсээ засуулсан. Би хоёр Од цахим тоглоомын газар тоглоом тоглосон. 2018 оны 07 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчим манай найз Г. Г шуудайнд цахилгааны утас хийгээд ирсэн. Тэгээд би ямар учиртай утас юм бэ гэж асуухад би цуглуулж байсан зэсийг нь авч тушаагаад үсээ засуулж, манай гэрт хүнсний зүйл авъя гэж яриад бид 2 уг цахилгааны утсыг Гандангын гудамжинд байдаг эзэнгүй цагаан байшинд очиж шатааж байгаад зэсийг нь гаргаж авсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-р тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-9-р тал/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шүүхийн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-20-р тал/,
Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-р хуудас/
Г.Г нь урд нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49-р тал/,
Г.Гийн төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46-р тал/, Зүүнхараа политехникийн коллежийн тодорхойлолт зэрэг болно.
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 07 дугаар сарын 07-09-ний хооронд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Төвийн хэсэгт байрлах дутуу баригдсан 3 давхар барилгаас Итали улсад үйлдвэрлэгдсэн 160 метр орчим урттай цахилгааны утас хулгайлж, 352 метр утас дахин ашиглагдах боломжгүй болгож гэмтээн иргэн А.Эчд 742,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Гийг нууц, далд аргаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж байх бөгөөд тэдгээрийг байцаахдаа хуулийн дагуу эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Г.Г нь бусдын хөрөнгийг хулгайлахдаа нууц, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Гт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн өсвөр насны шүүгдэгч Г.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөөгүй байх тул түүнээс 742,400 төгрөгийг гаргуулж хохирогч А.Эчд олгох үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 40 размерын цагаан ултай, хар өнгийн ягаан үдээстэй пүүз 1 хосыг шүүгдэгчид буцаан олгох, бөөрөнхийлсөн зэс зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Гийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Гт ял оногдуулахыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ хэргэлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар хянан хүмүүжүүлэх 1 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах, , 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хараа хяналтандаа байлгах хүмүүжүүлэх үүргийг Сэлэнгэ аймаг Мандал сумын хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд, өсвөр насны шүүгдэгчийн хувьд сурган хүмүүжүүлэгч багш Оч нарт тус тус даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Г.Гт сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Г.Гт оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 40 размерын цагаан ултай, хар өнгийн ягаан үдээстэй пүүз 1 хос, бөөрөнхийлсөн зэс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Гоос 742,400 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, 47-р байрны 1-4 тоотод оршин суух, хохирогч Боржигон овогт Айлхүүгийн Эч /РД:*, утас:*/-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Гт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ