| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2022/01415/И |
| Дугаар | 210/МА2023/00831 |
| Огноо | 2023-04-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2023/00831
| 2023 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 210/МА2023/00831 |
А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б ХХК-д холбогдох,
Цалингийн зөрүү, алданги 6,961,588.91 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шаарийбуу, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Би 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн Б ХХК-тай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр барилга хянагчийн албан тушаалд ажиллаж байна. Анх гэрээгээр сар бүр 4,000,000 төгрөгийн үндсэн цалин тохиролцсон ба 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 5,233,322.55 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байна.
Б ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар батлагдсан уртын ээлжээр ажиллах буюу 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хуваарьт шилжсэн хэмээн гэрээгээр тохиролцсон сарын үндсэн цалинг олгоогүй. Сарын үндсэн цалин гэдэг нь тухайн сард ажиллах нийт энгийн цагийг бүрэн ажилласан тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр олгохоор тохиролцсон цалин билээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Б ХХК-ийн нийт ажилчид уртын ээлжээр буюу сард 14 хоног буюу 112 цаг ажиллахаар хуульчилсан.
Ажил олгогчийн гаргасан цалингийн тооцоогоор ажилтан нь 2022 оны 01 дүгээр сард 85 цаг ажиллаж 2,566,395.12 төгрөг, 02 дугаар сард 118 цаг ажиллаж 3,562,760.29 төгрөгийн тус тус үндсэн цалин авсан. Гэтэл ажилтан нь 2022 оны 01 дүгээр сард энгийнээр 112 цаг ажилсан боловч ажил олгогч 85 цаг ажилласан хэмээн алдаатай тооцжээ.Улмаар 2022 оны 1 дүгээр сард 2,666,937.43 төгрөг, 2022 оны 2 дугаар сард 1,670,572.26 төгрөг, нийт 4,337,509.69 төгрөгийн үндсэн цалингийн зөрүүг авч чадаагүй хохирч байна.
1.2. Түүнчлэн үндсэн цалингаас 13%-ийн хээрийн нэмэгдэл, мөн 13%-ийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл бодож тус тус авдаг. Ажил олгогч нь нэмэгдлүүдийг 5,233,322.55 төгрөгийн үндсэн цалингаас бодоогүй, өөрийн тооцоолсон цалингаас бодсон байх бөгөөд 1 дүгээр сард 666,722.74 төгрөг, 2 дугаар сард 926,317.68 төгрөгийн нэмэгдэл олгосон нь алдаатай болжээ.
Үндсэн цалин 5,233,322.55 төгрөгөөс дээрх нэмэгдлүүдийг бодож үзвэл 1 болон 2 дугаар сард нийт 2,721,327.73 төгрөгийн нэмэгдэл авах ёстойгоос 1,593,040.42 төгрөгийн зөрүү нэмэгдэл хөлс авч чадаагүй байна.
1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 124.1 дэх хэсэгт зааснаар дутуу бодогдсон цалинд 1,031,038.8 төгрөгийн алданги бодогдож байна.
Иймд 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон цалин, хөлсний зөрүү 5,930,550.11 төгрөг, алданги 1,031,038.8 төгрөг, нийт 6,961,588.91 төгрөгийг Б ХХК-аас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдахаас өмнө 28 хоног Оюутолгой төслийн талбайд ажиллаад 14 хоног амардаг байсан. Харин 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн хуульд заасан уртын ээлжийн зохицуулалтын дагуу компанийн төслийн талбайн бүх ажилтнууд 14 хоног ажиллаад 14 хоног амрах хуваарьт шилжсэн тул сард авах цалин хөлс буурсан.
Хууль өөрчлөгдсөний улмаас ээлжийн хуваариар ажиллах хугацаа нь 14 хоног болж багассан нь нэхэмжлэгчийн үндсэн цалин буурах гол шалтгаан болсон. Мөн тус компани нь нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 4.5%-аар нэмэгдүүлсэн, 2022 оны 04 дүгээр сард 2021 оны нэмэлт урамшууллыг тооцон олгосон.
Нэхэмжлэгчийн зүгээс 14 хоног буюу 112 цаг ажилласан атлаа 28 хоног буюу 224 цагийн цалингаа хэвээр авах ёстой гэж шаардах нь үндэслэлгүй бөгөөд хуульд нийцэхгүй юм. Хөдөлмөрийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт ажил олгогч нь үндсэн цалинг ажлын байрны шинжилгээ, үнэлгээ, эсхүл ажилтны ур чадварт үндэслэн цагаар, хийснээр эсхүл бусад хэлбэрээр тооцох эрхтэй гэж заасан.
Иймд Хөдөлмөрийн гэрээнд тусгасан сарын үндсэн цалинг нэхэмжлэгчийн бодитоор ажилласан цагт үндэслэн тооцож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа юм.
2.2. Нэхэмжлэгчийн маргаж буй хугацааны үндсэн цалинг компаниас дараах байдлаар бүрэн олгосон.
Цалин тооцох хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд цагийн бүртгэлээр нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд нийт 85 энгийн цаг ажилласан бөгөөд нэхэмжлэгчийн 1 цагийн үндсэн цалин хөлснөөс тооцож 2,566,395.12 төгрөгийн үндсэн цалинг олгосон.
2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд цагийн бүртгэлээр нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 01 дүгээр сарын 23-ны өдөр, 02 дугаар сарын 08-ны өдрөөс 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 118 энгийн цаг ажилласан бөгөөд нэхэмжлэгчийн 1 цагийн үндсэн цалин хөлснөөс тооцож 3,562,760.29 төгрөгийн үндсэн цалинг олгосон.
Компанийн ажилтнуудын үндсэн цалин, нэг цагийн үндсэн цалин зэргийг нь компанийн дотоод журмаар тогтоосон фонд цаг болох жилийн 2,080 ажлын цагтай уялдуулан тогтоосон байдаг.
2.3.Хэвийн бус нөхцөлийн болон төслийн талбайн нэмэгдлийг ажилласан хугацааных нь үндсэн цалингийн 13%-аар тооцон хамтын гэрээний дагуу бүрэн олгосон. Мөн тус компани нь нэхэмжлэгчийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хугацаанд нь бүрэн олгосон тул аливаа алданги төлөх үүрэг хүлээхгүй.
Иймд А-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б ХХК-аас 1,761,823 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Жавхлөнтөгсөд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5,199,764.8 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А-өөс 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,335.43 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б ХХК-аас 43,139 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч А-ийн сарын үндсэн цалин нь 5,233,332.55 төгрөг, нэхэмжлэгч нь 2021 оны 01-02 дугаар сард тус бүр 112 цаг бүрэн ажилласан болохыг анхан шатны шүүхээс зөв дүгнэсэн.
Гэвч сарын цалинг 2080 гэх цагт хувааж нэг цагийн цалин хөлсийг тооцож гаргасан ойлгомжгүй бөгөөд алдаатай болжээ. Ажил олгогч нь 2080 гэх цагийг зөвхөн үндсэн цалингаас тооцогдох нэмэгдлийг бодоход ашигладаг бөгөөд сарын цалин хөлсийг ийнхүү боддоггүй. Зүй нь ажилтны нэг сарын цалин болох 5,233,332.55 төгрөгийг сард ажиллах ёстой 12 цагт хувааж 1 цагийн цалин 46,726.18 төгрөг болно. Үүнээс холбогдох 2022 оны 1 сард 2,666,937.43 төгрөг, 2022 оны 2 дугаар сард 1,670,572.26 төгрөг, нийт 4,337,509.69 төгрөгийн үндсэн цалингийн зөрүүг авч чадаагүй.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт ажил олгогч цалин хөлс олгоогүй бол олгох ёстой хөлснөөс алданги тооцож, ажилтанд нөхөн олгохоор тодорхой зохицуулжээ. Гэтэл анхан шатны шүүхээс ажил олгогчоос тодорхой хэмжээний цалин олгосон тул зөвхөн цалин хөлсийг бүхэлд нь олгоогүй үед ажилтан алданги нэхэмжлэх боломжтой гэж дүгнэсэн нь алдаатай байна.
Анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн 1 дүгээр сард олгоогүй цалин, хөлс 1,327,477.12 төгрөгөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргах 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 62 хоногийн алданги 246,910.74 төгрөг. 02 дугаар сард олгоогүй нэмэгдэл цалин 434,346.12 төгрөгөөс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 31 хоногийн алданги 40,394.2 төгрөг, нийт 287,304.94 төгрөгийн алданги тооцогдохоор байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу уртын ээлжинд 14 хоног ажиллах болсон тул нэхэмжлэгчид олгох цалин хөлс буурсан. Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд ажилтны бүтээмж, үр дүнд тохирсон цалин хөлс олгохоор харилцан тохиролцсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн 14 хоног ажилласан хугацаанд тохирох цалин олгосон. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь ажилтанд гүйцэтгэсэн ажил үүрэгт тохирсон цалин олгох үүрэгтэй, ажилтан нь гүйцэтгэсэн ажил үүрэгт тохирсон цалин авах эрхтэй хэмээн тодорхой заасан. Иймд нэхэмжлэгчид 5,233,332.55 төгрөгийн цалинг бүтэн олгох үндэслэлгүй.
5.2.Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны үндсэн цалинг цагаар, хийснээр болон бусад байдлаар тооцож болно гэж заасны дагуу 2080 цагаар тооцож, цалин хөлс олгосон. Ажил олгогчийн зүгээс дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу сүүлийн 3 сарын олгосон цалинг ажилласан хугацааг үндэслэн тооцсон нь нэхэмжлэгч А-ийн эрх, ашгийг дордуулсан зүйлгүй. Мөн алданги тооцох үндэслэлгүй гэх анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж бүх талаас нь бүрэн судлаагүй, хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй.
14 хоног ажиллаад, 14 хоног амрах хуваарийн дагуу ажилладаг ажилтны уртын ээлжийн хуваарь сарын аль ч хэсэгт таарч болох тул ердийн хуанлийн мөчлөгөөр буюу сарын дунд болон эцэст ажилласан цагийг нь тооцож цалин олгох нь ажилтнуудад хүндрэл үүсгэдэг. Тиймээс компани нь бодит ажилласан цагийн бүртгэлд суурилсан цалингийн мөчлөгийг ашигладаг нь сар бүрийн цалингийн мөчлөг эхлэх, дуусах огноог харуулсан хүснэгт, Монгол ажилтнуудын цалин бодолтын талаарх мэдээллийг нийт ажилтнуудад 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр явуулсан цахим шууданд хийсэн үзлэгээр нотлогддог.
Компанийн баталсан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн МОН СҮАЖ 621 "Ажлын цаг" журмын 12 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд 85 цаг, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 118 цаг ажилласан болохоо өөрөө бүртгэсэн байдаг.
Анхан шатны шүүхээс дээр дурдсан баримтуудаас зөвхөн уртын ээлжээр ажиллах хүснэгтийг үндэслэн цалин хөлсний асуудалд дүгнэлт хийж байгаа нь бодит байдалтай огт нийцээгүй.
6.2. Компани нь нэхэмжлэгчид төслийн талбайн болон хэвийн бус нөхцөлийн нэмэгдлийг ажилласан хугацааных нь үндсэн цалингаас тооцон хамтын гэрээний дагуу бүрэн олгосон болох нь цалингийн хуудсаар нотлогддог.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
7. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч А- 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 24-ний өдрийг хүртэл 14 хоног ажилласан, 2022 оны 02 дугаар сард мөн 14 хоног ажилласан нь баримтаар нотлогддог. Холбогдох цалин бодох аргачлалаар ажилтан 2022 оны 01 дүгээр сар бүтэн ажиллаж, ажлын цагаа бүтэн цагаар бодуулах атал 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөр хязгаарлагддаг. 2022 оны 02 дугаар сард мөн бүтэн ажилласан атал 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр хязгаарлагддаг. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажилтны цалинг сараар тооцон олгосон. Иймд ажилтан тухайн сард ажилласан хугацааны цалин хөлсөө хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу бүрэн авах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Ажилласан цагийг тооцохгүйгээр цалин бодогдсон асуудал байхгүй ч сар сардаа цалингаа авах боломжийг ажил олгогч алдагдуулсан. Мөн Дутуу олгосон цалингаас нэмэгдэл тооцох нь буруу юм.
Иймд 5,233,000 төгрөгөөс холбогдох нэмэгдлүүдийг тооцож олгох тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан цалингийн зөрүү 4,337,509.69 төгрөг, нэмэгдлийн зөрүү 1,593,040.42 төгрөг, алданги 1,031,038.8 төгрөг, нийт 6,961,588.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх уг маргааныг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. А- нь Б ХХК-тай 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж Г ХХК-ийн уурхайн төслийн талбайд барилга хянагчийн албан тушаалд томилогдсон бөгөөд 1 сарын үндсэн цалин нь 5,233,322.55 төгрөг /хх 6-21, 36/,
3.2. Мөн нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 14 хоног ажиллаж, 14 хоног амрах уртын ээлжээр ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 24, 02 дугаар сарын 08-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэлх хугацаанд уурхайн төслийн талбайд ажилласан /хх 37-40/,
3.3. Б ХХК нь нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалинг 2022 оны 01 дүгээр сарын 10, 25-ны өдрүүдэд,
2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалинг 2022 оны 02 дугаар сарын 10, 25-ны өдрүүдэд,
2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 03 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажилласан хугацааны цалинг 2022 оны 03 дугаар сарын 10, 25-ны өдрүүдэд тус тус олгосон /хх 67-70, 112-115/.
4. Нэхэмжлэгч нь ажил олгогч буюу хариуцагчийг хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалинг бүрэн олгоогүй, ажилласан хугацааны цалинг дутуу бодсон, цалин олгохдоо 1 цагийн цалин хөлсийг буруу тооцоолсон гэх үндэслэлээр цалингийн зөрүү 4,337,509.69 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
4.1. Ажил олгогч нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилтныг Г ХХК-ийн уурхайн төслийн талбайд 14 хоног ажиллаж, 14 хоног амрах уртын ээлжээр ажиллуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.4 дэх хэсэгт нийцжээ.
Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 24, 02 дугаар сарын 08-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэлх хугацаанд уурхайн төслийн талбайд уртын ээлжинд ажилласан байх ба уг хугацааны цалинг 2022 оны 01, 02 дугаар сард хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар сард хоёр удаа хувааж бүрэн олгожээ.
Нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-23, 02 дугаар сарын 18-21-ний өдрийн ажилласан хугацааны цалинг, цалин олгох мөчлөгийн дагуу дараагийн сард нь тооцож олгосныг анхан шатны шүүх анхааралгүй хариуцагчийг 634,076 төгрөгийн цалинг дутуу олгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.2. Нэхэмжлэгч нь уртын ээлжээр 14 хоног ажиллаж, 14 хоног амрахдаа хөдөлмөрийн гэрээнд заасан 5,233,322.55 төгрөгийн үндсэн цалинг авах ёстой байтал ажил олгогч нь зөвхөн ажилласан хугацаагаар бодож цалинг олгож буйгаас шалтгаалан үндсэн цалингаа бүрэн авч чадахгүй хохирч байна гэж маргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт Ажил олгогч хуульд өөрөөр заагаагүй бол үндсэн цалинг ажлын байрны шинжилгээ, үнэлгээ, эсхүл ажилтны ур чадварт үндэслэн цагаар, хийснээр, бусад хэлбэрээр тооцно,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.4.1-д Үндсэн цалин гэж ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох хөлсийг хэлнэ. Үндсэн цалинд хийснээр болон цагаар тооцсон цалин, албан тушаалын цалин, хөдөлмөрийн гэрээгээр тусгайлан тохирсон цалин, тэдгээртэй адилтгах хэлбэрээр тогтоосон бусад хөлс тус тус заажээ.
Зохигчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээ, хэрэгт авагдсан баримтаар үндсэн цалинг бусад хэлбэрээр тооцох талаар харилцан тохиролцоогүй.
Иймд хариуцагч нь 5,233,322.55 төгрөгөөс ажилтны ажил үүргээ гүйцэтгэсэн хугацаанд үндсэн цалинг тооцон олгож буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт нийцсэн байна.
4.3. Ажил олгогч нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр баталсан МОН-СҮАЖ-621 Ажлын цагийн журам-ын нэр томьёо хэсгийн хүснэгтийн 2-т зааснаар 1 цагийн цалинг 30,193 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй, сарын үндсэн цалинг ажиллах ёстой 112 цагт хувааж 1 цагийн 46,726.18 төгрөгөөр тооцох ёстой гэж нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.1.3-т Нэг цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт цагийн тоонд хувааж тооцно гэж заасан.
Иймд нэхэмжлэгчийн сарын үндсэн цалин 5,233,322.55 төгрөгийг ажиллах ёстой 112 цагт хувааж 1 цагийн цалинг тооцох ёстой гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хийсэн ажил, ажилласан цагтаа ногдох үндсэн цалинг авах эрхтэй.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт нийцүүлэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б ХХК болон Б ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтын гэрээ байгуулж, хамтын гэрээний 3.4.b дэх хэсэгт хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, 3.3.а дэх хэсэгт төслийн талбайн нэмэгдлийг ажилтанд үндсэн цалингийн 13%-тай тэнцэх хэмжээгээр тус тус олгохоор заажээ.
Хөдөлмөр, Нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан Цалин хөлс тооцох аргачлал-ын 6.2.2-т нэмэгдлийг тухайн ажилтны үндсэн цалингаас тооцож олгохоор зохицуулсан. Энэхүү аргачлалд заасан ажилтны үндсэн цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар тухайн ажилтны ажилтны ажил үүргээ гүйцэтгэсэн хугацаанд олгосон үндсэн цалин гэж ойлгоно.
Хариуцагч нь 2022 оны 01-02 дугаар сарын хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн болон төслийн талбайн нэмэгдлийг тухайн хугацааны үндсэн цалинд үндэслэн олгосон байх тул нэмэгдлийн зөрүү 1,593,040.42 төгрөг гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй /хх 67-70/.
5.1. Хариуцагч нь нэхэмжлэгчид 2022 оны 01 дүгээр сарын 10, 25, 02 дугаар сарын 10, 25-ны өдрүүдэд цалин олгосон ба цалингийн тооцоололд дутуу олгосон гэх үндэслэл тогтоогдоогүй /хх 67-70/.
Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан энэ хуулийн 104.1-д заасан өдөр ажил олгогч цалин хөлсийг олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд олгох ёстой цалин хөлсний тэг аравны гурван хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөн олгоно гэх зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь алданги шаардах эрх үүсээгүй байна.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2023/00583 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 107 дугаар зүйлийн 107.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б ХХК-д холбогдох 6,961,588.91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,139 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Т.БАДРАХ