Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00859

 

 

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00859

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03125 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-д холбогдох,

42,236,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхбуйр, хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б- нь А-оос 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 40,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай хүүгүй зээлж авсан боловч төлөөгүй. Мөн 2017 он 02 дугаар сарын 17-ны өдөр зээлсэн 2,236,320 төгрөгийг ч одоо болтол төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 42,236,320 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б- нь А-той 2000-2021 оны хооронд хувийн харилцаатай байсан ба энэхүү хугацаанд түүний 2 хүүхдийг тээж төрүүлсэн. Б- нь тухайн үед байрны түрээсийн төлбөр тооцооны талаар А-од хэлж, үр хүүхдүүдээ бодоод туслаач гэж гуйж, хүсэлт тавьсан ба тэрээр эцэг хүний хувьд дэмжиж тусална гэдгээ хэлж байсан. А- нь өөрийн хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэхэд туслах зорилгоор 40,000,000 төгрөгийг өгөхөөр болсон ба баталгаажуулах үүднээс зээлийн гэрээ байгуулсан. Тэрээр 2020 оны 01 дүгээр сард 25,000,000 төгрөгийг өгч, үлдэх мөнгийг 5 хоногийн дараа өгнө гэсэн боловч өгөөгүй.

Үүнээс шалтгаалан 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл С ХХК-ийн түрээсийн орон сууцны төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрч, найзаасаа 6,500,000 төгрөгийг зээлж түрээсийн төлбөрт өгсөн. Мөн үлдсэн түрээсийн төлбөрийг төлж чадалгүй тус компаниас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу 3,000,000 төгрөгийг төлөхөөр шийдвэр гарсан.

Тус шүүхэд Б- нь А-од холбогдуулан эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг татан авхуулахаар хүч хэрэглэн, айлган сүрдүүлж байсан. Энэ тухай цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулж байсан.

А- нь гэр бүлийн маргаан гаргахгүй, бидний ажил амьдралд оролцохгүй гэж баталгаа болгох зорилгоор надаас буцааж авахгүйгээр тохирч 25,000,000 төгрөгийг өгсөн. Энэ талаар А- өөрөө тайлбарлан ярьж баталгаажуулах учиртай бөгөөд А-ыг оролцуулахгүй бол энэ хэрэг үнэн зөвөөр шийдвэрлэгдэх боломжгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б-аас зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,236,320 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-од олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Б- нь А-той 40,000,000 төгрөг зээлэх гэрээ хийхдээ үлдэгдэл 15,000,000 төгрөгийг дараа өгнө, 25,000,000 төгрөгийг орон байр болон 2 хүүхдийн аж амьдрал, сургалтад зарцуулна, буцааж авахгүй гэж тохиролцсон боловч дахиж эргэж уулзахгүй алга болсон. А- нь дээрх 40,000,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул удаа дараа түүнийг дээрх байдлыг нотлуулахаар шүүх хуралд оруулах хүсэлт тавихад хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй бөгөөд А- өөрийн биеэр хуралд оролцоогүй тул дээрх бодит үнэн байдлыг тогтоох боломжгүй болсон. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 25,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42,236,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

А-оос Б-д 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2,236,320 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөх нөхцөлтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон /хх 4/,

мөн зохигч нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 40,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэхээр харилцан тохиролцсон, уг гэрээний дагуу Б- нь 25,000,000 төгрөгийг хүлээн авсан /хх 5-6/.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

3.1. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг 2,236,320 төгрөг гаргуулахаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон үндэслэлээр уг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгожээ.

Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

 

4. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 25,000,000 төгрөг хүлээн авсан болохоо зөвшөөрсөн, хэрэгт энэ талаарх бичгийн баримт авагдсан зэргийг харьцуулан дүгнэж, анхан шатны шүүх Б-аас 25,000,000 төгрөг гаргуулж Ч.Болдод олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцжээ.

 

4.1. Хариуцагч нь гэр бүлийн харилцааны явцад нэхэмжлэгчээс 25,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж маргасан боловч зохигчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, хамтын гэрээ зэрэгт тухайн мөнгөн хөрөнгийг хариуцагч нь буцаан төлөх үүрэгтэй болохыг тодорхой заасан байна. /хх 5-6/.

 

4.2. Хариуцагчийн өмгөөлөгч А- нь 25,000,000 төгрөгийг 2 хүүхдийнхээ аж амьдрал, орон байр, сургалтад зориулж өгсөн, нэхэмжлэгч өөрөө шүүх хуралдаанд оролцоогүйгээс шалтгаалан энэ бодит нөхцөл байдал тогтоогдсонгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул түүнийг шүүх хуралдаанд заавал биечлэн оролцох шаардлагатай байсан гэж үзэхгүй. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд тэмдэгтийн хураамж хойшлуулах талаар заасан нь давж заалдах гомдолд хамаарахгүй болохыг дурдвал зохино.

 

4.3. Харин талуудын байгуулсан зээлийн гэрээнд хүүгийн талаар тохиролцоогүй байхад шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийн хүүгийн талаарх зохицуулалтыг баримталсан нь оновчгүй болсныг залруулж хасах нь зүйтэй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 282 дугаар зүйлийн 282.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2023/05118 дугаар захирамжаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ