Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 00108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бод холбогдох 1732000980038 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1977 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дэлгэрэх хүнс ХХК-ний захирал ажилтай, * тоотод оршин суух хаягтай, 2015 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгох ялаар шийтгүүлж, 2015 оны 12 дугаар сарын 24-нд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн Шарнууд овогт Товуудоржийн Б /РД:*/

Шүүгдэгч Т.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Гахайтын ам гэх газарт 2017 оны 09 дүгээр сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигг малтмалын олборолт, ашиглалт явуулж 0.6 га талбай бүхий байгальд 3.393.590 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ял шийтгэл оногдуулахад татгалзах зүйлгүй...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.Цэрэнтогтох мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сэлэнгэ аймгийн мандал сумын 1 дүгээр баг Аргахайтын ам гэх газарт 2017 оны 9 дүгээр сард Т.Б гэдэг хүн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаль орчинд 3393590 төгрөгийн хохирол учруулсан. Би дээрх хохирлыг нэхэмжилж байна. Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Аргахайтын ам гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан Т.Бын уурхай дээр шалгалтаар очиж байсан. Биднийг хяналт шалгалтаар очиход хариуцсан дарга гэж хүн байгаагүй. Хэн гэдэг хүний уурхай вэ гэж асуухаар Товуудоржийн Б гэдэг хүний уурхай гэж хэлдэг Б гэдэг хүн хаана байна гэж асуухаар “Улаанбаатар хотод явж байгаа, Дархан-Уул аймагт явж байгаа” гээд янз бүрээр яриад байдаг байсан. Б гэдэг хүнтэй нь уулзаж чадаагүй...” гэх мэдүүлэг/ хх-ийн 39-40-р хуудас/,

Гэрч Э.Гзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Батаахүүгийн эзэмшлийн 12-44 ӨВР улсын дугаартай Норт бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодохоор “Хар морьтод” Наранбаатарын уурхайд очиж ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил зогссон. Тэгээд буух гэж байтал урагшаа “Гахайтын ам” гэх газарт Б гэх хүний уурхайд очиж ажилласан. Нийт 4 Норт бенз маркийн ачааны машин очиж ажилласан. Бид нарыг очиход шороо‘олборлосон бэлэн байсан тэгээд бид нар 2017 оны 10 сарын 17-ны өдөр очсон бэлэн байсан шороог нь 3 өдөр зөөж дуусгасан тэрнээс хойш ажиллаагүй байж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/

            Гэрч Б.Мбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манай гэр бүлийнх Баянгол сумын Баян 2 дугаар багийн Бага мухар гэдэг “....2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн мандал сумын 1 дүгээр баг Аргахайтын ам гэх газарт Б гэдэг хүний алт олборлох гэж байгаа уурхай дээр ирсэн. Намайг анх “Гахайтын аманд” ирэхэд гурван ширхэг монгол гэр барьчихсан 1 ширхэш ковш, экскаватор 2 ширхэг, Норд бенз 4 ширхэг, ачааны автомашин, апт угааж олборлодог усан буу 1 ширхэг байсан. Намайг ирэхэд “Гахайтын ам” гэх газарт эрүүл тэгш газар байсан. Тэр газрыг Б гэдэг хүн алт олборлох зөвшөөрөлтэй гэж бидэнд хэлж ойлгуулж эксковатороор газрын хөрсийг нь хуулсан. Дараа нь алтны баяжмалтай шороог нь эксковаторын шанагаар Норд бенз маркийн ачааны автомашинд ачиж алт угааж олборлодог усан бууны хажууд буулгадаг. Би ковш жолоодож усан бууны хажууд ачиж ирж буулгасан алтны баяжмалтай шороо, чулууг хутгаж алт угаадаг усан бууруу хийж өгдөг юм. Усан буунаас гарсан гааль шороог ковшоор шанагадаж зайлуулж холдуулдаг юм. Би 2017 оны 09 дүгээр арын сүүлээр “Гахайтын ам”-нд ирсэн одоо болтол Б гуайн хэлсэн 1200000 төгрөгийн цалинг аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/

Гэрч М.Лдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн мандал сумын 1 дүгээр баг Аргахайтын ам гэх газарт Б гэдэг хүний алт олборлох гэж байгаа уурхай дээр ирсэн. Бид нарыг гахайт гэх газарт ирэхэд 3 монгол гэр барьчихсан Б гэдэг хүн нь өөрөө байсан. Б гэдэг хүн өөрөө эксковаторын жолоочид ухах газраа зааж өгч эрүүл хөндөөгүй байсан газрын хөрсийг анх ухуулсан. Тэгээд алтны баяжмалтай шороог нь эксковатороор Норд бенз ачааны машинд ачин зөөж алт угаадаг усан бууны хажууд буулгадаг байсан. Тэгээд урсаж байгаа голоос эксковатороор шуудуу татаад хиймэл нуур үүсгэж алт угаадаг усан буугаа нуурын эрэг дээр байрлуулсан. Буулгасан алтны баяжмалтай шороог ковшоор шанагадаж усан бууны бункер рүү хийдэг. Б гэдэг хүн алт угааж байгаа үед байнга усан бууны хажууд өөрөө очоод хараад сахиад зогсчихдог тэгээд өөрөө усан бууныхаа угаасан алтыг авчихдаг. Бид нар хэр хэмжээний алт гарч байгааг ерөөсөө мэддэггүй. Б гэх хүн өөрөө алтаа авчихдаг. Б гэх хүн биднийг ажиллуулаад алтаа үсан бүунд хийж угааж байх үедээ өөрөө уурхай дээрээ байдаг юм. Хяналт шалгалт ирэхээр зугтаагаад алга болчихдог юм. Утсаар мэдээлэл авчихдаг юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

 

          Гэрч Г.Дмгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн мандал сумын 1 дүгээр баг Аргахайтын ам гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа Баадуу гэж дууддаг Б гэдэг хүний уурхай дээр Норд бенз загварын 41-53 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээ жолоодож ажил хийхээр ирсэн. Би уурхайд ирэхэд хэд хоног хоцорч ирсэн, тэр үед хөрс хуулалт хийгээд алтны баяжмалтай шороондоо хүрчихсэн байсан. Би ирээд өөрийн жолооддог Норд бенз загварын ачааны авто машинаар алтны баяжмалтай шороог нь экскаватороор ачаад өгөхөөр нь алт олборлож угаадаг усан бууны хажууд буулгаж өгч ажилладаг юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

 

            Гэрч Б.Эбын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2017 оны 09 дүгээр сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гахайт гэдэг газарт Б гэдэг хүний алт олборлох үйл ажиллагаа явуулах газарт ирсэн. Бид нарыг Гахайт гэдэг газарт ирэхэд 3 Монгол гэр барьчихсан Б гэдэг хүн нь өөрөө байсан. Б гэдэг бидэнд “би энд алт олборлох зөвшөөрөлтэй газар байгаа юм. Та нарыг танай эзэн Батаахүүтэй ярьж түрээслэж авсан” гэж хэлж ойлгуулсан. Ингээд Гахайт гэдэг газарт эрүүл хөндөгдөөгүй газрыг экскаватороор хөрсийг нь хуулж алтны баяжмалтай шороог гаргасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-51-р хуудас/

 

            Гэрч Н.Бхгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын сүүлээр ... Бс гэх хүн миний гар утас руу залгаад “техник түрээслэх үү” гэж асуусан. Бс гэх хүн надтай уулзахаар ирэхдээ Б гэх хүнийг дагуулж ирсэн. Тэгээд бид нар хоорондоо ярилцаад миний техникийг түрээслэхээр болоод би өөрийн техникээ Сэлэнгэ аймгийн Мандал суманд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 64-р хуудас/

 

Гэрч Я.Бсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ар гахайт гэх газарт ашигт малтмал олборлоогүй. Би 2017 оны 09 дүгээр сард Ар гахайтад Мандал сумын иргэн Чулуунбаатартай хамт нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэж байхад Б 99-98 улсын дугаартай Ланд круйзер 80 загварын авто машинтай ирээд “Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд алт угаасан чинь шатчихпаа, энэ Ар гахайтад жоохон газарт алт угаамаар байна, та техник хэрэгсэл олоод өгөөч” гэж надаас гуйхаар нь би алтны техник хэрэгсэл түрээсэлдэг Өвөрхангай аймгийн иргэн Батаахүү гэдэг хүнтэй Быг уулзуулж өгсөн би өөрөө алт олборлоогүй. Тэгээд Б надаар дамжуулж Батаахүүтэй уулзаж техник түрээслэж өөрөө л алт олборлосон юм. Би Бтой хамтарч үйл ажиллагаа явуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/

Шинжээчийн №1/25 дугаартай дүгнэлт:  Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн ахмад Т.Батзаяагийн Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолд үндэслэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 -р багийн нутаг Ар гахайт гэх газарт Иргэн Т.Бын хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан талбайд шинжилгээ хийж дүгнэлт гаргав. Иргэн Т.Б нь зохих ёсны зөвшөөрөлгүйгээр 0,6га талбайд үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Тус үнэлгээгээр эдэлбэр газар, газрын хэвлий, хөрсөн бүрхэвч, ургамлан нөмрөг, амьтны аймаг, агаар мандалд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 сарын 27 -ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, усан орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 11 сарын 18-ны өдрийн А-388 дугаар тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 03-р сарын 30-ны өдрийн А- 138 дугаар тушаалаар батлагдсан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал”-аар тус тус тооцсон болно. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн 0,6га талбайд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 3,393,590 төгрөг, мөн тус талбайг нөхөн сэргээх ажлын зардал нь 1,172,593 төгрөг болж байна. /хх-н 111-р хуудас/,

 Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн № 18-04-329/01 дугаартай акт: “...нийт байгаль орчинд учруулсан хохирол болох 11,618,031 төгрөг, эвдэгдсэн талбайг нөхөн сэргээхэд гарах зардлын хэмжээ 1,172,593 төгрөг нөхөн төлүүлэх нь зүйтэй..” гэх улсын байцаагчийн акт /хх-ийн 116-117-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 10-12-р хуудас/

Т.Б нь өмнө нь ял шийтгүүлсэн талаар ЦЕГ-ын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдсэн гэх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 130-р хуудас/

Хохирол төлсөн баримт /Хх-н 210-211-р хуудас/

Эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол /Хх-н 175-176-р хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мэргэжлийн байгууллагын үнэлгээний дүгнэлт нь үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Т.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Гахайтын ам гэх газарт 2017 оны 09 дүгээр сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборолт, ашиглалт явуулж 0.6 га талбай бүхий байгальд 3,393,590 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 

Шүүгдэгч Т.Бын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт борлуулалт, ашиглалт явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

1. Эрүүгийн хариуцлага оногдуулах, бусад асуудлын тухай:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Т.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд хуульд заасан тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Цэрэнтогтох нь хохирол төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг шүүгдэгч Т.Б нөхөн төлсөн тул Ү-2204023055 улсын бүртгэлийн дугаартай Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14-р хороо Нарны зам гудамж 51 дүгээр байр 22 тоот 46,2 м2 1 ширхэг орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Шарнууд овогт Товуудоржийн Быг эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах,  олборлох” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.   

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шарнууд овогт Товуудоржийн Бод хорих ял оногдуулахгүйгээр, 02 жилийн  хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Т.Быг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахыг хориглох хязгаарлалтын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Т.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон  хязгаарлалтыг зөрчсөн бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримт байхгүй Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Бын өмчлөлд байгаа Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14-р хороо нарны зам, 51-22 тоот орон сууцыг битүүмжилсэн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Бод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ