Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00900

 

 

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00900

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2022/03368 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б банк ХХК-д холбогдох,

592,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2021/00499 дугаартай шийдвэрээр А-т холбогдуулан 18,231,815 төгрөг гаргуулах тухай Б банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Б банк ХХК-ийн Орхон аймаг дахь салбараас шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө зээл төлөхийг удаа дараа шаардаж байсан тул А- нь 592,500 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн. Шүүх банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Б банк ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд хариуцагчаас 592,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2019 онд үндсэн зээлдэгч Г- амьд байсан. Нэхэмжлэгч нь Г-ыг амьд байх хугацаанд 592,500 төгрөгийн зээлийн төлөлт хийгдсэн учир уг төлөлтийг А-ийн төлөлт үү, Г-ын төлөлт үү гэдгийг ялгах боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б банк ХХК-аас 592,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч А- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Б банкны Орхон аймаг дахь салбараас шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө зээл төлөхийг удаа дараа шаардаж байсан тул миний бие аргагүй эрхэнд тэтгэврийн нэмэлт зээлээсээ 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 305,663 төгрөг болон 286,415 төгрөг, нийт 592,000 төгрөгийг зээлийн эргэн төлөлтөд төлсөн.

Хариуцагч Б банк ХХК шүүхэд тайлбараа гаргаж өгөөгүй. Харин шүүх хуралдаан дээр 2019 онд үндсэн зээлдэгч Г- амьд байсан. Түүнийг амьд байх хугацаанд 592,500 төгрөгийн зээлийн төлөлт хийгдсэн учир уг төлөлтийг А-ийн төлөлт гэдгийг ялгах боломжгүй гэсэн тайлбар гаргасныг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ болгожээ.

Хариуцагч тайлбараас өөр нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй нь түүнд нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримт байхгүйг харуулж байна.

Иймд 592,000 төгрөгийг Б банк ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: А- нь тухайн мөнгийг зээлийн гэрээг хүчин төгөлдөр байхад төлсөн учраас нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б банк ХХК-д холбогдуулан 592,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Г-, А- нар нь Б банк ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр барьцаат цалингийн зээлийн гэрээ байгуулж, 24,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлж авсан,

3.2. Дээрх зээлийн гэрээний дагуу А- нь 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 592,500 төгрөгийг төлсөн,

3.3. Зээлдэгч Г- нь 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан,

3.4. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2021/00499 дүгээр шийдвэрээр Б банк ХХК-ийн А-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 18,231,815 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

 

4. Нэхэмжлэгч А-ийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлийн эргэн төлөлтөд төлсөн 592,500 төгрөгийг хариуцагч Б банк ХХК хүлээн авсныг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэх зохицуулалтад нийцжээ.

 

4.1. Учир нь А- нь Б банк ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан барьцаат цалингийн зээлийн гэрээний хамтран зээлдэгч тул түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, А-ийн хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувиар шилжүүлсэн 592,500 төгрөгийг хариуцагч нь зээлийн гэрээний дагуу хүлээн авсан тул нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхгүй.

 

4.2. Хэдийгээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2021/00499 дүгээр шийдвэрээр Б банк ХХК-ийн А-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 18,231,815 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх боловч гэрээ хэрэгжиж байх хугацаанд хийгдсэн төлөлтийн маргааныг шийдвэрлэхэд уг шийдвэр саад болохгүй.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2022/03368 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШЗ2023/02128 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Т.БАДРАХ