| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2019/0026/э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2019-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 24
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Э.Идэрбат
Шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч Х.Б, Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Х.Б, Иөншөөбү овогт Д.Д нарт холбогдох 1821007040409 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын .... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатагин овогт Х.Б.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Иөншөөбү овогт Д.Д.
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 10-22 тоотын гадна Д.Д-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
шүүгдэгч Д.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын 10-22 тоотын гадна Х.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэргийн талаар маргах зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Д.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа ойлгож байгаа. Прокуророос санал болгож буй ялыг зөвшөөрч байна” гэв.
Х.Б хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 18 цагийн орчимд Нуурын 10-22 тоотод оршин суудаг найз Д.Д-ы гэрт очиход түүний төрсөн өдөр гээд нэг шил архи задалж уусан, түүний дараа дахин архи нэмж ууцгаасан. Тэгээд байж байтал Д.Д хадам ээжийнх рүүгээ хоол хүргэж өгнө гээд явсан хойгуур намайг Бөхбат гадаа гараад ир гээд бид хоёр юм ярьж байтал надтай Бөхбат маргалдаад намайг цохих гэхээр нь би гарыг нь барьж аваад газарт хавсарч зөөлнөөр унаган дээрээс нь дарж сууж байсан чинь Д.Д ирээд намайг зодсон. Ингэж зодуулсны улмаас миний биед зүүн нүдний дээд зовхи хавагнасан, хамар овойсон, баруун зүүн хацар, зүүн чамархайд хөхөрсөн, зүүн хөмсөгний гадна хэсэгт зулгарч, баруун шууны хэсэгт хавагнаж хөндүүр болсон зэрэг гэмтэл учирсан. Би Д.Д-тай харилцан зодолдсон нь үнэн. Бид хоорондоо эвлэрсэн, ямар нэг гомдол тэмцэлгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэжээ. /хх-ийн 14-15 тал/
Д.Д хохирогчоор мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм. Тэр өдөр 20 цагийн орчимд гэртээ төрсөн өдрийн хоол унд бэлдээд байж байхад гаднаас Х.Б, Батбаяр, Даваа гурав орж ирсэн. Тэгээд төрсөн өдөр байсан учраас ширээний нэг шил 0.75 литрийн “Түмний хишиг” нэртэй архи гаргаж тавьсан. Түүнийгээ тэр гуравтай хувааж уусан. Тэгээд би хадам аав, ээжийндээ жаахан салат, идэх уух юм аваачиж өгөхөөр яваад удаагүй 20 цаг 10 минутын орчим эргэж ирэхэд манай хадам дүү болох Бөхбатыг Х.Б нь доороо хийгээд газар унагаачихсан дараад байж байхаар нь би боль гэсэн. Тэгтэл намайг цохиод авангуут би өөдөөс нь адилхан цохисон. Түүн дээрээс болж бид хоёр харилцан зодолдсон. Би Х.Б-тэй харилцан эвлэрсэн. Бид хоорондоо ямар нэг гомдол тэмцэлгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэжээ. /хх-ийн 19-20 тал/
Гэрч Г.Бөхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Даваа ахыг хүргэж өгчихөөд буцаж хүргэн ахын гэрт ирээд Х.Б ахыг Даваатай муудчихлаа гэж бодоод Х.Б ахыг гэрээс дуудаж гаргаад тамхи татангаа түүнд хандаж та хоёр яагаад муудаа вэ гэхэд Х.Б чи надад томорлоо гээд намайг заамдаж аваад газарт унагасан. Тэгэхээр нь би та болио гээд доор нь хэвтэж байхад хүргэн ах Д.Д ирээд Бат-Эрдэнийн нүүр рүү өшиглөсөн. Тэгээд би босч тэр хоёрыг зодолдохоор нь салгасан” гэжээ. /хх-ийн 21 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 836 тоот актын дүгнэлтэд
1. Д.Д-ы биед зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, духанд зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 34 тал/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 833 тоот актын дүгнэлтэд
1. Х.Б-н биед зүүн нүд, хамар, баруун шууны зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацар, зүүн чамархайн цус хуралт, зүүн хөмсөгний зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 34 тал/
- Х.Б, Д.Д нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53, 56 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Хатагин овогт Х.Б, Иөншөөбү овогт Д.Д нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нуурын ... тоотын гадна 2018 оны 11 дүгээр сарын 18-ны орой 20 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ харилцан зодолдсоны улмаас Д.Д-ы биед зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, духанд зурагдсан зулгаралт гэмтэл, Х.Б биед зүүн нүд, хамар, баруун шууны зөөлөн эдийн няцрал, баруун зүүн хацар, зүүн чамархайн цус хуралт, зүүн хөмсөгний зулгарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогч, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Г.Бөхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 833 тоот, 11 дүгээр сарын 28-ны өдрийн 836 тоот актуудын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Б, Д.Д нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Хатагин овогт Х.Б, Иөншөөбү овогт Д.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Х.Б, Д.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч тус бүрт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Х.Б, Д.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Б, Д.Д нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч Д.Д нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.
Шүүгдэгч Х.Б, Д.Д нар харилцан зодолдож тус тусын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хоорондоо сайн дураар эвлэрч, бие биендээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Б-н ... регистрийн дугаартай, Д.Д-ы ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатагин овогт Х.Б, Иөншөөбү овогт Д.Д нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Д.Д нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Д.Д нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х.Б ... регистрийн дугаартай, Д.Д-ы ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Б, Д.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ