Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 19

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Ж.Э-д холбогдох 1921000000001 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хорооллын ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бүргэд овогт Ж.Э.  

 

Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Ивээлийн 7-8 тоотод Х.Э-тай маргалдан улмаар цаас зүсэгчээр зүсэж, биед нь баруун, зүүн завьж, уруулын зүсэгдсэн шарх, зүүн дал орчмын цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэв.

 

Хохирогч Х.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн 7-8 тоотод Ж.Эы гэрт очсон. Би орохдоо 0.5 литрийн “Их монгол” гэх архитай очсон ба тэр архийг Ж.Этой хувааж уусан. Тэгээд архи ууж байгаад Ж.Э  эхнэртэйгээ маргалдахаар нь би яах гээд байгаа юм гээд Ж.Э тэр хоёрын дундуур орж эхнэрийг нь өмөөрсөн чинь нэг мэдэхэд цаас зүсэгчээр уруул зүсчихсэн. Ж.Э бид хоёр хоорондоо эвлэрсэн. Эмчилгээний төлбөр 100.000 төгрөг өгсөн. Надад гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэжээ. /хх-ийн 16-17 тал/

 

Гэрч Л.Батчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нэг харахад Х.Эын сахал, нүүр хэсэг цус болсон байхаар нь юу болсон талаар асуухад Ж.Э намайг цаасны хутгаар зүсчихлээ гэхээр нь би Ж.Эоос юу болсон талаар асуухад энэ өөрөө амнаасаа болж байгаа юм, чамайг хэл амаар доромжлоод байсан гэж хэлсэн. Тэгээд Х.Э нүүрээ угаагаад Ж.Э, Х.Э бид гурав баар орно гээд гараад СМУ-ийн хороололд явж байхад Х.Э манай эхнэр явж байна гээд өөр тийшээ ганцаараа явсан, тэгээд эргэж ирээгүй...” гэжээ. /хх-ийн 20-21 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 тоот актын дүгнэлтэд

            1. Х.Э-ын биед баруун, зүүн завьж, уруулын зүсэгдсэн шарх, зүүн дал орчмын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйл болон мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр  тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

     3. Дээрх гэмтлийн баруун, зүүн завьж, уруулын зүсэгдсэн шарх нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дал орчмын цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.   

     4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэжээ. /хх-ийн 31 тал/

 

- Ж.Э-ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн бариултай цаас зүсэгч  1 ширхэгийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Бүргэд овогт Ж.Э нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээлийн .... тоотод хохирогч Х.Э-тай маргалдан улмаар цаас зүсэгчээр зүсэж, биед нь баруун, зүүн завьж, уруулын зүсэгдсэн шарх, зүүн дал орчмын цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...архи ууж байгаад Х.Э бид хоёр маргалдсан. Мөн Батчимэг бид хоёр маргалдсан чинь Х.Э боль боль гээд Батчимэгийг өмөөрсөн, тэгэхээр нь ... би цаасны хутга аваад Х.Эын амыг зүсчихсэн...“ гэх мэдүүлэг, хохирогч Х.Э, гэрч Л.Батчимэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 тоот актын дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Ж.Э-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч Ж.Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

Шүүгдэгч Ж.Э нь хохирогч Х.Э-ын эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулж, эмчилгээний зардалд 100.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь “Ж.Э бид хоёр хоорондоо эвлэрсэн. Надад гаргах гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ж.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай цаас зүсэгч 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Э-ы ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бүргэд овогт Ж.Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн бариултай цаас зүсэгч 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ж.Э-ы ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.                                 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.БАТЖАРГАЛ