| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2019/0004/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Шүүгдэгч: Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б ургийн овогтой Эын Тд холбогдох 1835004480001 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, аав, ээж дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р багт оршин суух, төрийн одон медалиар шагнагдаж байгаагүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД:ЖЮ99120116, Б ургийн овогтой Эын Т.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутагт хохирогч Н.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Увс аймгийн Улаангом сумын 6-р багийн нутагт таксигаар үйлчлүүлэхдээ хөлс төлөөгүйгээс таксины жолооч буюу хохирогч Н.Бьтай маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
-хохирогч Н.Бийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би өөрийн 2285 УВХ улсын дугаартай суудлын авто машинаар таксинд явдаг юм. 2018 оны 12 сарын 19-ний шөнө 23 цагийн үед Улаангом сумын 7-р багийг нутагт засмал замаар Нарлаг төвийн урд талаар хойшоо чиглэлтэй явж байтал зам дээр нэг хүн гараа өргөсөн тул зогсоод уулзахад тэр залуу “ энд 3 хүн байгаа аваад хойшоо морин хууртай гурван зам дээр очиж бууна” гэж хэлсэн тул би тэдгээр хүмүүсийг суулгаад Улаангом сумын морин хууртай уулзварын хажуу талын хашаанд байдаг айлд хүмүүсийг хүргэж буулгасан юм. Миний машинд сууж байсан хүмүүсээс нэг нь их согтсон байсан учраас хоёр хүн нь тэр хүнээ өргөөд тэр айл руу орсон, тэгтэл миний машины урд талын суудалд суусан залуу “ ах та 20 минут хүлээж өгтөн” гэж хэлсэн тэгээд би тэр газарт 20 орчим минут хүлээгээд машинаа асаагаад нармаалдаад байж байгаад би уг залууд хандаж “ ах нь 20 минут хүлээлээ, чи таксины мөнгө нэг мянган төгрөг өгөө, чи одоо энд бууж үлд, ах нь бас ажлаа бодъё, таксиндаа явъя” гэж хэлсэн. Тэгтэл уг залуу машинаас буухгүй байсан тул би “ чи миний машинаас буухгүй бол ах нь чамайг цагдаа дуудаж өгнө, чи архи уусан байна” гэж хэлээд би уг айлын хашаанаас машинаараа гарч яваад морин хууртай уулзвар луу замд ороод явсан, тэгтэл нөгөө залуу машинаас бууна гээд хаалга онгойлгосон тул би машинаа зогсоосон юм. Тэгтэл уг Э.Т гэдэг залуу намайг машин дотроо сууж байтал заамдаж татаж буулгаад миний хоёр хөлний ард талд хавирч, намайг газар унагаасан, босох гэтэл уг залуу миний нуруун дээр хоёр удаа дэвссэн юм. Тэгээд босоод иртэл тэр залуу намайг дахин барьж аваад намайг хавирч унагаасан, би унахдаа өөрийнхөө машины ар талын крелог толгойныхоо ар дагз хэсгээр цохьсон. Тэр залуу дахин намайг заамдаж аваад боогоод цоохор төмөр хашаанд шахаж байгаад толгойгоороо миний үүдэн шүд рүү нэг удаа мөргөсөн. Тэр үед замаар явж байсан машин зогсоод танихгүй хоёр залуу бууж ирээд холхон зогсоод “ чи яагаад хөгшин хүн зодож байгаа юм бэ” гэж хэлэхэд намайг зодохоо больсон юм. Тэгээд би шууд аймгийн цагдаагийн газарт ирж мэдэгдсэн юм. Тухайн үед намайг зодсон Э.Т гэгч залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь үнэн. Би маргааш нь эмчид үзүүлж үүдэн нэг шүдээ авахуулсан . Шүд авахуулсан төлбөр болон дахин шүд хийлгэх төлбөр 300000 төгрөг, мөн эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардлаа Тгээс гаргуулж авмаар байна ”гэх мэдүүлэг /хх-ийн 15-16х, 61х/,
- насанд хүрээгүй гэрч М.Гын мөрдөн байцаалтад өгсөн : “Би 2018 оны 12 сарын 19-ны өдөр би Улаангом сумын 4-р багт байрлах Гэрэлт зааланд очсон байтал тэнд Бгэдэг хүүхэд таараад надад 20.000 мянган төгрөг гаргаж өгөөд дэлгүүрээс 3 ширхэг том пиво аваад ир гэж явуулсан, тэгээд би дэлгүүр орж 2,5 литрийн 3 ширхэг нийслэл пиво аваад Бийн эгчийн гэрт очоод уг пивоо Т, Э, Б бид нар хувааж уусан юм. Тэгээд бид нар тэр айлаас гараад нарлаг төвийн хажуу талаас такси бариад 3-р сургуулийн урд талын Морин хууртай уулзварын доод талын айлд очсон тэднийд очиход найз Э согтсон байсныг би өргөж тэр айлд оруулсан, тэр үед оройн 23 цаг болж байсан. Э.Т бид нарын сууж очсон таксины урд талын суудалд суусан болохоор машинаасаа буухгүй сууж үлдсэн, тэгээд Э.Т уг такситайгаа яваад удалгүй 10 минутын дараа гаднаас тэдний гэрт орж ирсэн, тэгэхдээ тэр “би таксины жолооч ахыг зодчихлоо. Таксины мөнгө нэхэхээр нь мянган төгрөг байна гэж хэлэхэд чамайг цагдаад аваачиж өгнө гээд цагдаагийн газар луу чиглээд явахаар нь би жолоочийг зодчихлоо” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62х/,
-гэрч М.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 12 сарын 19-ний өдөр Гэрэлт зааланд тоглож байгаад Бийн эгчийн гэрт очиж Э.Т, Э , Б бид нар архи, пиво уусан юм. Тэгээд тэндээсээ бид нар 23 цагийн үед нарлаг төвийн урд талын зам дээрээс такси бариад Улаангом сумын 3-р сургуулийн урд талын морин хууртай уулзварын доод талын хашаанд манай найзын гэрт очсон юм. Бид нарын очсон такси Э.Тг аваад явчихсан юм, тэгтэл удалгүй Э.Т гаднаас “та нар намайг таксины мөнгөгүй байхад хаяад буучихлаа” гэж хэлээд гэрт орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 63х/,
-шүүгдэгч Э.Тгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2018 оны 12 сарын 19-ний өдөр өөрийн найз нартайгаа хамт нийлээд Улаангом сумын Нарлаг төвийн доод талын гудамжинд нэг айлд орж, Алтан түрүү гэх 0,75 граммын нэг шил архи, 3 ширхэг сэрүүн нэртэй пиво хувааж уусан юм. Тэндээс гараад бид нар нарлаг төвийн хажуу талын засмал зам дээрээс нэг таксинд сууж, Улаангом сумын 6-р багийн уулзварын хажуу талын хашаанд нэгнийх нь найзын гэрт очсон. Би уг таксины урд талын суудал дээр сууж явсан юм. Би манай найз нарын очсон айлд хүн байхгүй бол буцаж явж магадгүй гэж бодоод уг таксинаас буугаагүй байсан юм. Тэгээд тэдний гадна жаахан хүлээсэн юм, тэгтэл жолооч ах “ таксины мөнгөө өг” гэж надад хэлсэн. Миний түрийвчинд азын мянган төгрөг байсан, өөр надад мөнгө байгаагүй учраас би найз нарыгаа гэрээс гарч ирэхийг хүлээгээд уг таксинд сууж байсан. Тэгтэл уг таксины жолооч надад огт үг хэлэхгүй машинтайгаа хашаанаас гараад Улаангом сумын 6-р багийн нутагт байрлах морин хууртай уулзвар руу орсон юм, би тухайн үед архи уусан байсан болохоор цагдаа руу явж байна гэж бодоод би уг машиныг явж байтал зүүн талын урд талын хаалгийг онгойлгосон, тэгтэл жолооч ах машинаа зогсоосон. Би машинаас буугаад жолооч ахыг машинаас нь татаж буулгаад хоёр удаа хөлөөрөө хавирч уг ахыг газарт унагасан юм. Тэр үед жолооч машиныхаа хойд гүүприйг толгойгоороо нэг удаа мөргөсөн юм. Тэгээд бид хоёр барьцалдаж байтал замаар явж байсан /номерийг нь санахгүй байна/цагаан өнгийн верна маркийн авто машин зогсож, хоёр хүн машинаасаа бууж ирээд “юу болоод байгаа юм бэ, аав шигээ хөгшин хүнийг яаж байгаа юм бэ, болиочээ” гэж надад хандаж хэлэхэд жолооч ах бид хоёр салаад явсан юм. Би найзуудынхаа очсон айлд ороод удаагүй байтал цагдаа нар ирээд намайг аймгийн цагдаагийн газар дээр авч ирж ЭББ-нд саатуулсан юм. Тухайн үед Н.Бь намайг огт зодож цохьсон зүйл байхгүй. Би 2018 оны 12 сарын 19-ний орой архи уусан байсан үнэн. Би хохирогч Н.Бьтай уулзаж уучлалт гуйсан. Шинжилгээний төлбөр 17500 төгрөгийг төлсөн. Хохирогч надаас шүд авахуулахад зарцуулсан 40000 төгрөг, шинээр шүд хийлгэх 300000 төгрөг, бензинд зарцуулсан 20900 төгрөг тус тус нэхэмжилснийг би төлж чадаагүй, ээж төлж өгнө гэж байгаа. Манай ээж тогооч хийдэг, би ээжийнхээ ажилд тусалж хамт ажиллаж байгаа. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор уг таксины жолооч ах намайг цагдаад хүргэж өгнө авч явснаас болж жолооч ахыг зодсон. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 65х/,
-Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай: “Н.Бийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, үүдэн дээд нэг шүдний булгарал, дагзын зүүн хэсгийн хуйх, сээрний нугаламын түвшинд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5%-р тогтонги алдагдуулна. Н.Бийн биед урьд нь учирсан гэх гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт /хх-ийн 20/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Тгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Бийн биед тархи доргилт, үүдэн дээд нэг шүдний булгарал, дагзны зүүн хэсгийн хуйх болон сээрний нугаламын түвшинд зөөлөн эдийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул шүүгдэгч Э.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Э.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Э.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Т өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40х/-аар нотлогдсон.
Хохирогч Н.Бь нь шинжилгээний төлбөр 17500 төгрөг, шүд авахуулахад зарцуулсан 40000 төгрөг, шинээр шүд хийлгэх 300000 төгрөг, бензинд зарцуулсан 20900 төгрөг, нийт 378400 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч шинжилгээний төлбөр 17500 төгрөг төлсөн нь хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон байна. Хохирогч нэхэмжлэлээ нотлох баримтаар нотлоогүй буюу хэрэгт энэ талаар хангалттай нотлох баримт авагдаагүй байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тооцох боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч Э.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал, улсын яллагч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зохистой гэж дүгнэв.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт гэмт хэрэг гарсан байдлыг хадгалсан гэх гудамжны хяналтын камерын дүрс бичлэгийг хуулбарласан CD 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн байх бөгөөд уг бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад : уг бичлэгийн дүрс нь муу, бүүдгэр, дуугүй, гудамжны гэрэлд сүүдэрлэх төдий, машины өнгө, марк, дугаар харагдахгүй, машинаас хэдэн хүн буусан болон хүний биеийн хэлбэр, хэмжээ, царай төрх, өмссөн хувцас ямар болох, хэн ямар үйлдэл хийж байгаа зэрэг нь харагдахгүй байсан тул СD-г хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна. СD-г хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Т энэ хэрэгт цагдан хоригдоогүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Шүүгдэгч Б ургийн овогтой Эын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тд 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Н.Бь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.Т энэ хэрэгт цагдан хоригдоогүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн дүрс бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэрэгт хавсрагасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АЛТАН