Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 656

 

                                               Б.Т, Л.М нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Болдбаатар, Б.Цолмон-Эрдэнэ, Э.Түвшинбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 437 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1045 дугаар магадлалтай Б.Т, Л.М нарт холбогдох эрүүгийн 1902006990016 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, 1967 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын менежер ажилтай, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар  шийтгүүлснийг Улсын дээд шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар тогтоолоор 3 жил 5 сар хорих ял болгож өөрчилсөн Ө овогт Б-ын Т,

2. Монгол улсын иргэн, 1995 онд төрсөн, 25 настай, эмэгтэй, “С” сургуульд бага ангийн багш ажилтай, ял шийтгэлгүй Ш овогт Л-ын М

Б.Т нь нийтийн албан тушаалтнаар буюу Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын менежерээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан “Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, Хөдөлмөрийн гэрээний 3.2-д заасан “Авлига авах, хувийн эрх ашгаар ямар нэгэн зүйл шаардах” зэрэг заалтуудыг тус тус зөрчиж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн байранд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд буюу тус сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан Л.М-ийн төрсөн дүү Л.Т-ийг сургуулийнхаа 4 дүгээр ангид элсүүлэн суралцуулахын тулд шууд 300,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардаж авсан,

Л.М нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн төрсөн дүү Л.Т-ийг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр ангид шилжин суралцуулахын тулд тус сургуулийн бага ангийн сургалтын менежер Б.Т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын  сургуулийн байранд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 437 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Т нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авсан,

Л.М-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 300,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, нээлттэй хорих байгууллагад 2 жилийн хугацаагаар хорих, Л.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2,700 нэгж буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн байна.

Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэж 1045 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Т гаргасан гомдолдоо: Гэрч гэх Ц.Г нь эхний мэдүүлэгтээ Хаан банкны картнаас охин Л.М картын код мэддэг тул 300,000 төгрөг авсан байсан энэ нь миний дансны хуулганаас тод харагдах болно гэж мэдүүлсэн мөртлөө дансанд нь 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үлдэгдэл мөнгө нь хүрэлцээгүй байсныг мэдүүлснээ би бэлэн өгсөн гэж хүртэл мэдүүлсэн. Энэ Ц.Г нь надад мөнгө өгөөгүй охиндоо л өгсөн. Эх, охин хоёр мөнгөний тооцооны маргааны улмаас миний бие хохирч байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 13.2-т зааснаар эргэлзээтэй нотлох баримтыг ямар ч тохиолдолд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй гэсэн заалтыг зөрчиж ял шийтгэл оногдуулсан.

Энэ Б.Т нь урьд нь ял эдэлж байсан болохоор энэ хэргийг хийсэн байх магадлалтай гэж таамаглан буруутгаж байна.

Л.М-ийн төрсөн дүү Л.Т нь  сургуулийн дотоод журмын дагуу тухайн жил 4 дүгээр ангид элсэн суралцсан. Мөн Л.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 14-нд  сургуульд орсныг хувийн хэргийн ард тэмдэглэсэн байдаг.

Л.М нь 2017 оны 08 дугаар сарын 31-нд тус сургуулийн бага ангийн багшаар ажилд орсон захирлын Б/38 дугаар тушаал байдаг. Хэрвээ үүнээс өмнө ажилд орсон бол 8 дугаар сард цалин авах ёстой. 2017 оны 08 дугаар сарын 30-нд Л.М нь ажилд ороогүй, намайг таньдаггүй байсан.

Гэрч гэх Ц.Г-ийн 2 өөр мэдүүлгийг юугаар нотолж намайг шийтгэсэн нь тодорхойгүй. Г-ийн бэлэн өгснийг баталж нотлоогүй шийдсэн нь Эрүүгийн хуулийн 16.2-т зааснаар тэр мэдүүлгийг нотлох баримтгүйгээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй гэдэгт үл нийцэж байна гэж үзэж байна.

Зөвхөн эх, охин хоёр үгсэн хувилдсанаар ялласанд гомдолтой байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгөхийг хүсэн гомдол гаргаж байна” гэжээ.  

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Т өмгөөлөгч Ж.Болдбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний үйлчлүүлэгч Б.Т ял шийтгэл оногдуулахдаа хэт яллах талыг баримталж, хуулийг буруу хэрэглэж үндэслэлгүйгээр ял шийтгэл оногдуулсан байх тул энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь шийтгэх тогтоолын гол үндэслэл болгож буй нотлох баримт нь Л.М болон түүний төрсөн эх Ц.Г нарын мэдүүлэг гэж тодорхойлж байгаа нь өөрөө дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Тухайлбал Ц.Г хамгийн анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Би охин Л.М Хаан банкны картаа өгөхөд миний данснаас 300,000 төгрөг авчихсан байсан” гэж маш тодорхой мэдүүлжээ. Гэтэл мөрдөн байцаалтын явцад Ц.Г-ийн дансны хуулгыг авч шалгахад 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр түүний данснаас нь огт 300,000 төгрөг гараагүй бөгөөд тийм хэмжээний мөнгөний үлдэгдэл байгаагүй гэдэг нь тогтоогдсоны дараа Ц.Г нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “Би өөрийн охин М картнаасаа 300,000 төгрөг гаргаж өгсөн асуудал байхгүй. Өөрт бэлэн байсан мөнгөнөөс 300,000 төгрөгийг охин М өгч байсан юм аа” гэж эрс өөр байдлаар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл Г-ийн өгсөн дээрх зөрүүтэй 2 мэдүүлэг ямар нэгэн эх сурвалжгүй худал мэдүүлэг гэж үзэх үндэслэл бий болж байгааг тодорхой харуулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т зааснаар “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол тухайн мэдүүлэг нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй” гэж заасны дагуу дээрх Ц.Г болон Л.М нарын мэдүүлэг ямар ч эх сурвалжгүй буюу мөнгөний эх үүсвэрээ тодорхойлж чадахгүй байгаа нь энэ хэрэг нотлогдсон гэж үзэх ямар ч боломжгүй гэдгийг харуулж байна.

Хээл хахууль өгөх гэмт хэргийн хувьд хахуульд өгсөн мөнгөний эх үүсвэрийг зайлшгүй тогтоосон байхыг хууль өөрөө шаарддаг гэдгийг мартаж болохгүй юм.

Мөн хавтаст хэрэгт авагдсан  сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/38 тоот тушаалаар Л.М-ийг ажилд орсон тушаал нь гарсан байна. Тэгэхээр 300,000 төгрөгийг Б.Т 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өгсөн гэдгээс аваад үзэхээр чухам яаж ажилд орохынхоо өмнөх өдөр шинээр ажилд орж байгаа сургуулийнхаа сургалтын менежертэй уулзаж мөнгө өгч авах дээрээ тулав гэдэг өөрөө хачирхалтай буюу эргэлзээ төрүүлж эхэлнэ.

2018 оны 08 дугаар сарын 30-нд уулзсан нь үнэн болохыг Л.М-ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Л.Ц захиралтай уулзсан бөгөөд мөн тэр өдрөө Б.Т менежертэй уулзсан гэж мэдүүлсэн мэдүүлгээр тогтоож байгаа гэж бодоход энэ мэдүүлэг үнэн эсэхийг захирал Цаас 3 удаагийн мэдүүлэг авахдаа энэ талаар огт асуугаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн хэзээ, хаана үйлдэгдсэн бэ гэдгийг заавал нотлох ёстой гэж зааснаас харахад Ц захирлаас болон 2017 оны 08 дугар сарын 28-наас 29-ний өдрүүдэд хамт ширээ, сандал янзалсан слесарь ах гэх хүнээс болон тухайн үед нь хамт байсан М багш нараас дээрх өдрүүдэд сургууль дээр байсан эсэхийг болон өөрийнх нь ярьж байгаа шиг Т уулзсан эсэхийг заавал тодруулж асуух шаардлагатай байна.

Б.Т-ийн хийсэн үйлдлийн хувьд тайлбар хийх нь зүйтэй байна. Тэрээр тус сургуулийн сургалтын менежерийн хувьд сурагчдын шилжилт хөдөлгөөний асуудлыг хариуцаж ажилладаг бөгөөд Л.М-ийн дүүг сургуульд бүртгэж авсан шалтгаан нь хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2 дугаар сургуулийн шилжин ирсэн сурагчдын тухай ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлд Л.М-ийн хүсэлт тавьсны дагуу түүний төрсөн дүү Л.Т-ийг тус сургуульд суралцуулахыг хуралд оролцсон Н.Ч, Б.Г, Р.А, Б.Д, захирал Л.Ц нар 100 хувийн саналаар хэмжиж хүлээн зөвшөөрсөн байна. Энэ талаар захирал Л.Ц маш тодорхой мэдүүлсэн бөгөөд сургуулийн дотоод журмын 15.1.10-т заасны дагуу сургуулийн багш ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэж, дэмжих үүднээс тэдний хүүхдийг харьяалал харгалзахгүй суралцуулах гэж заасан байдаг бөгөөд энэ журмын хүрээнд Л.Мийн төрсөн дүүг нь шилжүүлэн авч суралцуулсан гэсэн байна.

Ер нь зөвхөн авилга өгсөн гэх хүний мэдүүлэг болон урьд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан этгээд болохоор нь тухайн гэмт хэргийг үйлдсэн байж таараа гэсэн ямарч хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж яллаж байгаа л бол ямар нэгэн эргэлзээгүй, гарцаагүй нотлох баримтын үндсэн дээр ял шийтгэл оногдуулах ёстой болов уу.

Тэгэхээр хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар болон гэрч нарын мэдүүлгээр Б.Т нь 300,000 төгрөгийн хахуулийг Л.Мээс авсан гэх үйлдэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын хүрээнд бүрэн дүүрэн тогтоогдож нотлогдсон гэж үзэхэд дээрх үндэслэл бүхий эргэлзээ төрж байна.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар шийтгэх тогтоол болон магадлалыг тус тус хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүйгээр орхигдуулсны улмаас шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй шийдвэрийг гаргасан.

Тухайн эрүүгийн хэрэгт яллагдаж буй Л.М нь өөрийн дүүгээ тус сургуульд шилжүүлэн суралцуулахын тулд Б.Т 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж мэдүүлэг боловч түүний гэрчээр, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийн эх сурвалж нь хэрэгт огт тогтоогдоогүй буюу нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь Л.М нь энэхүү мөнгө өгснийг манай ээж мэднэ гэж мэдүүлдэг боловч тухайн үед хажууд байгаагүй болох нь түүний эх Ц.Г-ийн мэдүүлгээр нотлогддог. Мөн хэрэгт авагдсан гэрч Ц.Г-ийн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байдаг ба тухайлбал:... өөрийн охин Л.М-т 300,000 төгрөгийг өгсөн, гэхдээ энэ мөнгийг бэлнээр өгөөгүй, Л.М-т өөрийн Хаан банкны картаа өгч кодыг нь хэлж өгсөн, тухайн үед миний дансанд 300,000 төгрөгөөс дээш мөнгө байсан” гэж мэдүүлдэг ба мөрдөгч түүний Хаан банкны дансны хуулгыг хэрэгт нотлох баримтаар хавсаргахад тухайн өдөр түүний данснаас 300,000 төгрөг гарсан үйлдэл байдаггүй нь нотлогдсон.

Гэтэл Ц.Г нь мөрдөн шалгах шатанд дахин гэрчээр /хавтаст хэргийн 189 дэх тал/ мэдүүлэг өгөхдөө “300,000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэж өмнөх мэдүүлгээ үгүйсгэсэн зөрүүтэй мэдүүлгийг өгсөөр байхад шүүх үүнд ач холбогдол өгөлгүй, тухайн хахуульд авсан гэх мөнгө бодитоор өгсөн авсныг нь нотлох баримтын хүрээнд тогтоогдоогүй миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон байна.

Харин хэрэгт Б.Т нь Л.М-ийн дүү Л.Т-ийг 2 дугаар сургуулийн дотоод журмын 15.1.10 дахь хэсэгт  /хавтаст хэргийн 50 дахь тал/ заасныг үндэслэн сургуулийн захирлаас олгосон эрхийн хүрээнд ажлын хэсгийн хуралд танилцуулан /хавтаст хэргийн 63 дахь тал/ сургуулийнхаа 4-р ангид шилжүүлэн, үргэлжлүүлж сургах шийдвэрийг гаргасан болох нь 2 дугаар сургуулийн захирал Л.Ц-ийн өгсөн гэрчийн мэдүүлгээр /хавтаст хэргийн 110-112, 113-114 дэх тал/ нотлогддог юм.

Дээрх бүгдийг дүгнэн хэлэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-д “...хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд хахууль өгөхийг шаардаж авсан” гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан баримтуудаар огт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл “шууд хахууль өгөхийг шаардсан”, “авсан” гэх үйлдлийг нь нотолсны дараа Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох ёстой.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг агуулаагүй байхад буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ууд нотлогдоогүй байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодит дүгнэлтийг хийлгүйгээр гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгон, Б.Т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

Шүүгдэгч Л.М-ийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  Хэлэх санал байхгүй гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Шүүгдэгч Б.Т, Л.М нарт холбогдох хэрэг нь нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Л.М 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаар гомдол гаргасан бөгөөд уг гомдолдоо “2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөгийг Б.Т” өгсөн гэж бичсэн. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 300,000 төгрөг өгсөн талаар мэдүүлсэн. Л.М 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бага ангийн багшаар томилогдсон бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ажлын хэсгийн хуралдаанаар Л.М-ийн дүү Л.Т-ийг Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд элсүүлэн суралцуулах шийдвэр гаргасан. Харин Увс аймгийн 1 дүгээр сургуулиас ирүүлсэн баримтаас харахад Л.Т 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 2 дугаар сургууль руу шилжсэн гэсэн тэмдэглэл бий. Тиймээс Б.Т нь Л.М хахууль авч түүний дүүг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр сургуульд элсүүлсэн гэж дүгнэхээр байна. Шүүх шүүгдэгч Б.Т, Л.М нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг нь эрх зүйн зөрчлийн нэг төрлийн хувьд хэрэг хариуцах чадвартай, тодорхой насанд хүрсэн этгээдийн Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйл ажиллагааны үр дүн бөгөөд гэмт хэргийн субъект нь гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинж тул түүнгүйгээр гэмт хэргийн бүрэлдэхүүн, эрүүгийн хариуцлагын асуудал үүсдэггүй болно.

Үүнтэй холбоотойгоор хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна” гэж гэмт хэргийн субъектийн үндсэн шинжүүдийг хуульчилсан байна.

Эрүүгийн хуульд тодорхой гэмт хэргийн шинжийг хэрхэн тодорхойлсноос хамаарч субъектийн шинжийг нийтлэг, нэмэгдэл гэж ангилдаг бол уг шинжээр нь гэмт хэргийг нийтлэг болон тусгай субъекттэй гэсэн хоёр төрөлд хуваадаг билээ.

Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлд субъектийн нас, 6.3 дугаар зүйлд хэрэг хариуцах чадвартай байдлыг тус тус тодорхойлсон нь субъектийн нийтлэг шинжид хамаарах бол мөн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг үйлдсэн этгээдэд байх онцлог шинжийг субъектийн тусгай шинж гэж үздэг болно.

Өөрөөр хэлбэл, нас, хэрэг хариуцах чадвар зэрэг гэмт хэргийн субъект бүрт байх нийтлэг шинжээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан субъектийн онцлогийг илэрхийлсэн нэмэгдэл шинж нь субъектийн тусгай шинж юм.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсгийн диспозицид тухайн гэмт хэргийг тусгай шинж бүхий этгээд үйлдсэн байхыг зааж өгснөөр илрэн гарна.

Гэмт хэргийн субъектийн тусгай шинжийг ихэнхдээ Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгийн диспозицид үндсэн бүрэлдэхүүн болгон хуульчилдаг бол зарим тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоодог байна.

Гэмт хэргийн тусгай субъектийн нийтлэг шинжийг харгалзан хууль тогтоогч тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид биеэ даасан бүлэг болгон хуульчилдаг бөгөөд үүний тод жишээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21, 22, 23, 28 дугаар бүлгүүд юм.

Эдгээр бүлгүүдэд тодорхойлон заасан гэмт хэргийн тусгай субъект нь төрийн байгууллагад ажилладгаас гадна улс төрийн, тусгай, захиргааны болон үйлчилгээний албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтан байх гэсэн хоёр нэмэгдэл шинжийг хангасан тохиолдолд л эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан төрийн албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” хэмээн тодорхойлж, үүнд хамаарах этгээдийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нэрлэн заажээ.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий ба ахлах нягтлан бодогч нар энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар шууд нэрлэн заасан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд тухайн байгууллагыг тэргүүлэх, төлөөлөх, ажилтнуудыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах, тэдгээрийн ажлыг удирдан зохицуулах зэрэг бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлдгээс гадна төсвийг захиран зарцуулах үйл ажиллагаанд биечлэн оролцож санхүүгийн баримтанд гарын үсэг зурдаг эрх бүхий ажилтнуудыг уг хуулийн үйлчлэлд хамааруулсан байх тул дээрхээс бусад ажиллагсдыг үүнд хамааруулан үзэх боломжгүй юм.

Нийслэлийн ерөнхий боловсролын  дунд сургуульд бага ангийн сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргээс үзэхэд уг албан тушаалд ажилладаг Б.Т “нийтийн албан тушаалтан” мөн гэж Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс тодорхойлсон нь эргэлзээ төрүүлэхүйц болсноос гадна уг хэлтэс нь ийм дүгнэлт гаргах хууль тогтоомжоор олгогдсон эрхтэй эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд дээр дурдсан удирдлага, зохион байгуулалтын бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлж захирамжилсан шийдвэр гаргадаггүй, түүнчлэн төсвийг захиран зарцуулах үйл ажиллагаанд оролцдоггүй төрийн үйлчилгээний албан хаагчийг “нийтийн албан тушаалтан” мөн эсэхийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг бүхий этгээдээр зайлшгүй тодруулан тогтоолгох шаардлагатай гэж үзнэ.

Учир нь нийтийн албан тушаалтан мөн эсэхээс хамааран тухайн этгээдэд холбогдох хэргийн зүйлчлэл өөр байхаар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд хуульчлан тогтоогдсон тул уг асуудлыг нэг мөр, эргэлзээгүй тогтоовол зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 437 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1045 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Т урьд авсан цагдан хорих, Л.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН