Шүүх | Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 158/2016/0015/З |
Дугаар | 0016 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 0016
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон сумын иргэн Ү.Чулуунбаатарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох
“Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр буруу бодсон буруутай үйл ажиллагааг тогтоож, тэтгэврийг зөвтгөн өргөдөл гаргасан үеэс зөрүүг нөхөн олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2016/0016/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Чойенмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ү.Чулуунбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 12 дугаар сард 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон юм. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтооно” гэсэн өөрчлөлт 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар орсоны дагуу миний бие өмнө нь тэтгэврээ тогтоолгохдоо 5 жилийн цалингийн түүвэр гаргаж өгөөгүй байсан тул Булган аймгийн архивын тасгаас 1986-1990 оны цалингийн түүврийн лавлагаа гаргуулан авч Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврээ өөрчлөн тогтоолгохоор уг баримтаа 2016 оны 3 дугаар сард өгсөн юм. Гэтэл Булган аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь “1986-1991 он хүртэлх хугацааны 60 сарын дундаж цалин нь 346941 төгрөг, үүнээс үндсэн 45 хувьд ногдох тэтгэвэр 156123 төгрөг, 20-оос илүү жил ажилласны нэмэгдэлд 57245 төгрөг буюу нийт шимтгэл төлж ажилласан хугацаа болон ажилласан жилд ногдох тэтгэвэр 213368 төгрөг болж одоо авч байгаа тэтгэвэрээс буурч тогтоогдохоор байх тул тэтгэврийг өөрчлөөгүй болно” гэсэн хариуг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 1/169 тоотоор хүргүүлснийг 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч шүүхэд хандаж байна. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасны дагуу нийт цалинг 60 сард хуваахад 1 сарын дундаж цалин 410958 төгрөг гарч байна. Үүн дээр 45 хувь болон 20-оос дээш 11 жил ажилласны нэмэгдэл нэмэгдээд нийт 252739 төгрөгийн тэтгэвэр тогтоогдож, үүн дээр Монгол улсын Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолд зааснаар 22000 төгрөг нэмэгдэж нийт 274739 төгрөгийн тэтгэвэр тогтоогдохоор байтал нийгмийн даатгалын хэлтэс буруу тогтоож хохироож байна. Иймд Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэрийг буруу бодсон буруутай үйл ажиллагааг тогтоож, тэтгэврийн зөвтгөн бодож өргөдөл гаргасан үеэс нь зөрүүг нөхөж олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “сар бүр шимтгэл төлөх боломжгүй иргэдийн таван жилийн туршид авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хуваана” гэж заасан байгаа. Үүний дагуу иргэн Ү.Чулуунбаатарын 5 жилийн хөдөлмөрийн хөлсийг 60-д хувааж сарын дундаж цалинг гаргаж ирсэн байдаг. Гэтэл нийгмийн даатгалын хэлтэс нь Засгийн газрын тогтоол барьж хязгаарлалт тавиад байгаа нь буруу юм. Учир нь тухайн үед ажиллаж байх хугацаанд нь оны сүүлийн сард цалингаа бөөн авдаг байсныг үгүйсгэх аргагүй. Гэтэл тэр цалин дээр нь хязгаарлалт тавьж байгаа нь малчин хүнийг хохироож байна гэж үзэхээр байгаа. Засгийн газрын тогтоол хуулиас давсан тогтоол байхад заавал тогтоол барих шаардлагагүй гэж үзэж байна. Иргэн Чулуунбаатар нь сар бүр шимтгэл төлөх боломжгүй хүн юм. Тийм учраас нийт цалинг 60 сард хувааж 1 сарын дундаж цалинг гаргах нь зөв. Иймд Нийгмийн даатгалын хэлтсийн буруу бодсон үйл ажиллагааг тогтоож, тэтгэврийг зөвтгөн бодож, өргөдөл гаргасан үеэс нөхөн олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй” гэв.
Хариуцагч байгууллагаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үртэнбямба овогтой Чулуунбаатар нь 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өргөдөлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосонтой уялдуулан хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдож тэтгэвэр авагч хүсэлтээ гаргасан бол зөвхөн нэг удаа өөрчлөн тогтооно” гэж заасны дагуу Аймгийн архивын тасгийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 18 тоот цалингийн лавлагааг үндэслэн тэтгэврийг өөрчлүүлэн тогтоолгох хүсэлт гаргасан байна. Уг лавлагааг үндэслэн тэтгэвэр тогтоолгох 60 сарын цалингийн дунджийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Засгийн газрын 153 дугаар тогтоолд заасны дагуу тооцоход 346941 төгрөг гарч байгаа. Үүн дээр хөдөлмөрийн хөлсний 45 хувьд ногдох тэтгэвэр 156123 төгрөг, 20 жилээс илүү ажилласан 11 жил шимтгэл төлсөн жил тутамд 1,5 хувь буюу 11 жилийнх 16,5 хувь болж байна. Үүний 57245 төгрөг нийт 213368 төгрөгийн тэтгэвэртэй байхаар тооцоо гарсан. Нэхэмжлэгч нь өргөдөл гаргах үедээ 240800 төгрөгийн тэтгэвэр авч байсан ба өмнөх тэтгэврээс 27432 төгрөгөөр буурах тооцоо гарсан тул бид хүсэлтийг хүлээн аваагүй. Нэхэмжлэгч нь өөрөө таамгаар буруу тооцоо хийж илүү тэтгэвэр олгохыг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 52 тоот тогтоолын 1-ийн “в”-д бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосны дагуу нэхэмжлэгчийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ энэ тогтоолоор тогтоогдсон байгаа. Хязгаарлалтын хувьд Засгийн газрын 153 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 1080000 байхаар тогтоосон байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн 1986 оны 12 дугаар сар, 1987 оны 8, 12 дугаар сар, 1990 оны 11, 12 дугаар саруудын цалин 1080000 төгрөгөөс давж байгаа учир бид Засгийн газрын тогтоолын дагуу хязгаарлалт хийж байгаа. Хуулинд зааснаар сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг Засгийн газар тогтооно гэж заасан. Үүнтэй уялдаж гарсан Засгийн газрын тогтоолоо барьж бид тэтгэвэр тогтооно уу гэхээс илүү гарсан хөдөлмөрийн хөлсийн өөр сар дээр тэнцүүлэн хуваах эрх бидэнд байхгүй. Тэгээд ч архивын лавлагааг үндэслэн тэтгэвэр тогтоож байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Булган аймгийн Орхон сумын иргэн Ү.Чулуунбаатар нь Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “өндөр насны тэтгэвэр буруу бодсон буруутай үйл ажиллагааг тогтоож, тэтгэврийг зөвтгөн бодож, өргөдөл гаргасан үеэс зөрүүг нөхөн олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан цалингийн итгэлцүүрийн дагуу 1986-1990 оны цалинг 715 аар үржүүлж, сарын хөдөлмөрийн хөлсийг тооцох ёстой атал Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2-ийн в-д заасан 1080000 төгрөгийн дээд хэмжээнд баригдан тооцоо хийсэн нь буруу, сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан гэж үзэж орлогын нийлбэрийг 60-д хувааж 1 сарын хөдөлмөрийн хөлсийг гаргах ёстой байсан” гэж тодорхойлжээ.
Хариуцагчаас “1 сарын хөдөлмөрийн хөлсийг 15 дугаар тогтоолоор баталсан цалингийн итгэлцүүрээр үржүүлж гаргахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын тогтоолд заасан хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг баримталж тэтгэвэр тогтоосон нь үндэслэлтэй” гэж маргажээ.
Иргэн Ү.Чулуунбаатар нь 2014 оны 12 дугаар сарын 25-нд 60 нас хүрч, улсад нийт 25 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ гаргасны дагуу Нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр “Тэтгэвэр тогтоолтын хуудас”-ыг үйлдэж, өндөр насны тэтгэвэрийг 230000 төгрөг байхаар тогтоож, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шимтгэл төлсөн нийт хугацааг 30 жилээр тооцон өмнө тогтоосон тэтгэврийн хэмжээг шинэчлэн 240800 байхаар тогтоосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлд тус тус заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сард Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасны дагуу Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дахин хүсэлт гаргаж өөрөө сонгосон 5 жилийн цалингийн түүврээр Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын хавсралтад заасан итгэлцүүрээр тэтгэврийг шинэчлэн тогтоолгохыг хүсчээ.
Монгол улсын Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолын 2-д “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг хавсралт ёсоор баталсугай” гээд хавсралтаар 1990 оноос өмнөх хугацааны цалинг 715-аар үржүүлж, 1 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг гаргахаар заасан байна.
Үүний дагуу иргэн Ү.Чулуунбаатар нь 1986-1990 оны цалингийн түүврийг Булган аймгийн Архивын тасгаас гаргуулан Нийгмийн даатгалын хэлтэст ирүүлснээр түүний 1986-1990 оны цалин, хөдөлмөрийн хөлсийг дээрх тогтоолд заасны дагуу итгэлцүүрийг ашиглан дахин бодолт хийжээ. Ингэхдээ Монгол улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 153 дугаар тогтоолын 2-ийн “в”-д “2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнөх хугацааны тэтгэвэр тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг 1080000 /нэг сая наян мянган/ төгрөгөөр тооцох” гэсний дагуу 1986 оны 12 дугаар сарын цалин 2655 *715 = 1898325 төгрөг, 1988 оны 2 дугаар сарын цалин 1757 *715=1256255, 8 дугаар сарын цалин 5072*715= 3626480, 12 дугаар сарын цалин 1887*715= 1349205, 1990 оны 11, 12 дугаар сарын цалин тус тус 1534*715=1096810 төгрөг болсныг дээрх тогтоолд заасан 1080000 төгрөгийн хөдөлмөрийн хөлстэй дүйцүүлэн хязгаарлалт хийж 5 жилийн цалингийн дундажыг гаргасан нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 /даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан бол таван жилийн туршид авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 60-д хуваана/ -д заасантай нийцсэн байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд “Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэврийн хэмжээг өөрчлөх индексийг нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол улсын Засгаас газраас хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан тэтгэвэрийн хэмжээг өөрчлөх эрхтэй байх ба дээрх хуулийн дагуу гаргасан Засгийн газрын тогтоолыг Нийгмийн даатгалын хэлтэс тэтгэвэр тогтооход баримтлаж байгааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 52 дугаар тогтоолын 1-ийн “а”-д “2014 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэн, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтаар баталсан тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрээр шинэчлэн тогтоох, шинэчлэн тогтоосон тэтгэврийн хэмжээ нь одоо авч байгаа тэтгэврийн хэмжээнээс бага байгаа тохиолдолд тэтгэврийг урьд авч байсан тэтгэврийн хэмжээгээр тогтоох” гэж заасан нь 2014 оны 2 дугаар сарын 2-ноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн авч байгаа тэтгэврийн хэмжээг түүнээс хойш тэтгэвэр тогтоолгож буй иргэдийн авч байгаа тэтгэврийн хэмжээтэй ойртуулах, ижил хэмжээний тэтгэвэртэй болгох, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх санаа зорилго агуулсан заалт байна гэж үзэхээр байна. Учир нь уг тогтоолд заасан хугацаанаас өмнө тэтгэврээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээг тогтоох үед цалин хөлс одоогийнхтой харьцуулахад бага байсан учир тухайн үед тогтоогдсон тэтгэврийн хэмжээ бага байсан ба энэхүү бага тэтгэвэрийг нэмэгдүүлэх, одоо тэтгэвэр тогтоолгож буй хүмүүсийн авч байгаа тэтгэврийн хэмжээтэй ижил түвшинд авчрах зорилгыг агуулж, тогтоолын в-д “нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230000 төгрөгөөр, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 195000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоох” гэж шинэчлэн тогтоосон байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 2 дугаар сарын 5-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаснаар тэтгэвэр авах эрх үүссэн байх ба 52 дугаар тогтоолын 1-ийн “а”-д заасан зохицуулалтад хамаарахгүй байна. Харин уг тогтоолын “в”-д бүрэн хэмжээний тэтгэврийн доод хэмжээг 230000 төгрөг байхаар шинэчилсний дагуу нэхэмжлэгчийн тэтгэврийн хэмжээг 230000 төгрөг байхаар тогтоож, шимтгэл төлсөн жилийн нэмэгдэлийг нэмж жинхэнэ олгох тэтгэврийг 240800 байхаар тогтоосон байна. Нэхэмжлэгч анх тэтгэвэр тогтоолгохдоо цалин сонгохгүй тэтгэврээ тогтоолгосон байх ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар 5 жилийн цалингийн түүврээ үндэслэн өөрчлүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэвэр тогтоолтыг бодоход одоо авч байгаа тэтгэврийн хэмжээнээс бага байгаа учраас Монгол улсын Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолд заасны дагуу цалингийн итгэлцүүрийг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж хуучин хэмжээгээр нь тэтгэврийн хэмжээг тогтоосон үйлдэл нь үндэслэлтэй байх тул нийгмийн даатгалын хэлтэсийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Ү.Чулуунбаатарын Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “тэтгэврийг буруу бодсон буруутай үйл ажиллагааг тогтоож, тэтгэврийн зөвтгөн бодож өргөдөл гаргасан үеэс нөхөн олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9, 71, 72 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ