Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2020/0200/З |
Дугаар | 001/ХТ2021/0077 |
Огноо | 2021-03-15 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2021/0077
Н.Б, Ж.Ж, Б.Е-е, Б.Жнарын
нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Газар
зохион байгуулалтын алба, Сонгинохайрхан дүүргийн
Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч М.Батсуурь
Танхимын тэргүүн, шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн М.И-д холбогдох хэсэг, Сонгинохайрхан дүүргийн газрын албаны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00524862 дугаар газар эзэмшүүлэх гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Н.Б, Ж.Ж, Б.Е-е, Б.Жнарт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойтын 94 дүгээр гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газрыг эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тухайн газрыг Н.Б, Ж.Ж, Б.Е-е, Б.Жнарт олгохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0534 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 642 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Гуравдагч этгээд М.И, түүний өмгөөлөгч Т.А нар.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0534 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн Мэндээ овогтой Идэрчулуунд холбогдох хэсгийг, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 000524863 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг баримтлан Н.Б, Ж.Ж, Б.Е-е, Б.Жнарт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 94 дүгээр гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газрыг эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тухайн газрыг нэхэмжлэгч нарт олгохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 642 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 534 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 33 дугаар зүйлийн 33.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б, Ж.Ж, Б.Е-е, Б.Жнарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн Мэндээ овогтой Идэрчулуунд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн Н.Б, Ж.Ж, Б.Е-е, Б.Жнарт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 94 дүгээр гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газрыг эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тухайн газрыг нэхэмжлэгч нарт олгохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Болат нарын нэхэмжлэлийн шаардлагаас Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 000524863 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 534 дүгээр шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 642 дугаар магадлал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-т шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн; гэж заасан үндэслэлээр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул тус тус хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү гомдпыг гаргаж байна.
4. Учир нь: Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг тус тус баримталж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон нь үндэслэлгүй юм.
5. Давж заалдах шатны шүүхийн магадлалдаа ..."Эрчим хүчний тухай хуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно , 33.2-т Аймаг, нийслэл, сум , дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна, 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна гэж тусгайлан заажээ.
6. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар тогтоолоор баталсан Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3-д заасан эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтоож, хориглосон зайнд буюу тал бүр тийш 10 метрт 110/35/10 кв станцаас тэжээгдэж буй АТП-1408 дэд станцын байрлаж буй газар нь хамаарч байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т газар эзэмшихээр хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан болон 31.3-д заасан бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцалгүй байх шаардлагуудыг хангахгүй байна гэжээ.
7. Үүнд тайлбар гаргахад: Хавтаст хэргийн хүрээнд маргаан бүхий газрыг хамгаалалтын зурвас хэмээн дээрх хуульд заасны дагуу Засаг дарга баталгаажуулсан талаар нотлох баримт авагдаагүй, энэ талаарх нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг шүүх явуулаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, энэ хэргийг шийдвэрлэсэн.
8. Өөрөөр хэлбэл маргаан бүхий газрыг хамгаалалтын зурвас гэж үзэх ямар ч бичгийн нотлох баримт байхгүй бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар тогтоолоор баталснаар М.Иы эзэмшлийн 700 метр газрын 40 метр нь хамгаалалтын зурваст хамаарахаар байна гэж үзвэл үлдэх хэсэг газрыг эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Энэ нөхцөл байдлыг шүүх тодруулах зайлшгүй шаардлагатай байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасанд нийцэхгүй, хийсвэрээр шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
9. М.И нь шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд анхнаасаа шугам сүлжээ өмчлөгчөөс нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл авсан тул хууль зөрчөөгүй.
10. М.Иы барьсан гэр хашаа нь Монгол улсын Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 263 дугаар тогтоолоор баталснаар тал бүр тийш 10 метрт 110/35/10 кв станцаас тэжээгдэж буй АТП-1408 дэд станцын байрлаж буй газар нь Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3-д зааснаар хамгаалалтын зурваст хориглосон талбайнд хамаарч буй эсэхийг тогтоогоогүй, ерөнхийлөн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.
11. Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна гэж тусгайлан заасан.
12. Энэ зохицуулалт нь эрчим хүч дамжуулах шугам, дэд станц төрийн өмч байна гэж зааснаас биш дэд станц байрлах газар төрийн өмчлөлд байна гэсэн утга агуулгатай заалт биш юм. М.И нь төрийн өмчийг өөрийн зардлаар нүүлгэн шилжүүлэхээр зохих этгээдээс хуульд заасны дагуу зөвшөөрөл авсан үйл явдлыг Монгол Улсын иргэн хуулийн дагуу газар эзэмших эрхэнд хязгаарлалт тогтоох байдлаар хуулийг хэрэглэх ёсгүй гэж үзэж байна.
13. М.И-ыг газар эзэмших хүсэлт гаргах үед маргаан бүхий газрыг эзэмшихийг хориглосон хуульд заасан нөхцөл байдал буюу бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцал байгаагүй, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байсан тул хүсэлтээ гаргаж, хуульд заасан журмын дагуу дээрх газрыг эзэмшиж байсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байхад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-д шаардлагуудыг хангахгүй байна гэж Давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
14. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон; гэж заасанчлан гуравдагч этгээд М.Иыг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн дээрх заалтыг баримталж хийсвэрээр дүгнэлт хийсэн, шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтыг дурдаагүй байдаг.
15. Н.Болат нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэл гэх ойлголтод нийцээгүйн зэрэгцээ уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл гэж үзэж байна.
16. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 534 дүгээр шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 642 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
17. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэв.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх түүний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх нь зөрчигдсөн бол уг захиргааны шийдвэрийг хүчингүй болгох замаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргэх журамтай.
19. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... тухайн газрыг эзэмших, өмчлөх өргөдлөө Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа гаргаж байсан, ... Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн 2014 оны 3/1205 дугаарын албан бичгийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/321 дүгээр захирамжаар иргэн М.Ид тухайн газрыг эзэмшүүлсэн нь хууль бус, ... бидэнд тэргүүн ээлжинд газрын зөвшөөрөл олгох үндэслэлтэй байхад уг газарт огт амьдардаггүй, бүртгэлгүй иргэнд хууль бусаар Засаг даргын захирамжгүй байтал газрын гэрчилгээ авсан М.Ид газрыг эзэмшүүлэх болсон нь бидний уг газрыг эзэмших, өмчлөх эрхийг зөрчиж байна ... гэж маргажээ.
20. Гэтэл, анхан шатны шүүх ... Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А/321 дүгээр захирамжаар М.И-д холбогдох хэсэг нь хууль бус бөгөөд уг актын улмаас иргэн М.И болон нэхэмжлэгч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж болзошгүй... хэмээн Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг тус тус зөрчсөн гэж хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх ... хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг зөрчиж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу, давж заалдах шатны шүүх энэхүү алдааг залруулаагүй байна.
21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарахаар заасан бол, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т зааснаар захиргааны акт хууль бус, захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх захиргааны актыг хүчингүй болгох, захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
22. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжаар иргэн М.Ид Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 94 дүгээр гудамж, 1а тоотод 455 м.кв газрыг эзэмшүүлсэн, уг газарт 110/35/10 кв станцаас тэжээгдэх, зоорь фидерийн тулгуур №85 тэжээгдэж байгаа АТП-1408 дэд станц байрлаж байгаа, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 3/1205 дугаар албан бичгээр ... шилжүүлэн зөөх боломжтой... гэх хариу өгсөн зэрэг үйл баримтууд тогтоогдсон.
23. Нэхэмжлэгч нарын Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тухайн газрыг эзэмших талаар өргөдөл гаргаж байсан, уг газарт олон жил амьдарсан учраас тэргүүн ээлжинд газрын зөвшөөрөл олгох үндэслэлтэй гэх боловч хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд М.Иаас өмнө газар эзэмших хүсэлт гаргаж байсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй талаар анхан шатны шүүх дүгнэлт хийж, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх боломжгүйг тогтоосон. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын хууль бус татгалзал болон эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.
24. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь, дээрх хуулийн заалтад хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар буюу нийтийн эрх ашгийг зөрчигдсөн гэх эрх бүхий байгууллагаас тогтоогдсон үйл баримт байхгүй, энэ тохиолдолд дээрх хуулийн заалт хэрэглэгдэхгүй.
25. Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн М.Ид холбогдох хэсгийг анхан шатны шүүхийн хийсэн үндэслэл, дүгнэлтээр хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын зөрчигдсөн гэж тодорхойлсон эрх сэргэх үр дагавар үүсэхгүй байхад шүүхүүд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг хангасан нь буруу байна.
26. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан; гуравдагч этгээдийн хувьд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай харилцан тохиролцож тухайн газарт байрлаж байгаа АТП-1408 дэд станцыг өөрийн хөрөнгөөр шилжүүлэх нөхцөлтэйгээр Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших хүсэлтээ гаргаж холбогдох хууль журамд нийцүүлэн тухайн газрыг эзэмших эрх үүссэн. Уг газарт байрлаж байгаа АТП-1408 дэд станцыг шилжүүлснээр гуравдагч этгээд нь тухайн газраа эзэмших эрх хэрэгжих боломжтой.
27. Мөн, газар эзэмших эрхийг баталгаажуулсан гэрчилгээ нь дангаар бие даасан эрх зүйн актын шинжийг агуулаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн газрын албаны 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00524862 дугаар газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж шийдвэрлэв.
28. Иймд, дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0534 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 642 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.А-ийн гомдлыг хангаж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дугаар зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/321 дүгээр захирамжийн М.Ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Н.Б, Ж.Ж, Б.Е-е, Б.Жнарт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойтын 94 дүгээр гудамж, 1а тоотод байрлах 455 м.кв газрыг эзэмших эрх олгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тухайн газрыг Н.Б, Ж.Ж, Б.Е-е, Б.Жнарт олгохыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан М.Ид олгосон 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00524862 дугаартай газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТСУУРЬ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ