Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1191

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03393 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 204 399 317 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагч ХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ нь манай байгууллагаас 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ХХХХХХХХ, ХХ дүгээр хороо, ХХ дугаар хороолол, ХХ дүгээр байр, ХХ тоотын 150 м.кв №ХХХХХХХХ гэрчилгээний дугаартай (ХХХХХХХХХХ) ХХ, түүний хүү ХХХХХХ нарын өмчлөлийн 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, өөрийн “ХХХХХ” ХХК-ийн эргэлтийн хөрөнгөд зарцуулах зориулалтаар зээл авах хүсэлт гаргасан. Манай байгууллагаас тус байрыг барьцаалан 10 удаа зээл авч байсан ба өөрийн компанийн эргэлтийн хөрөнгөд зориулаад удаа дараа зээл авч байсан болохоор өндөр дүнгээр ганцхан зээлдэгч ХХд хувьцаа эзэмшигч ХХХийн зөвшөөрлөөр маш их дүнгээр итгэл хүлээлгэн үйл ажиллагааны журмын дагуу хүсэлтийг хүлээн авч ЗГ085/15, ҮБГ085/15 тоот гэрээг тус тус байгуулсан. Зээлийн гэрээний дагуу сарын 3.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 70 000 ам.долларын зээлийг 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр олгосон. Зээлийн гэрээний үүргээ зээл олгосон өдрөөс хойш 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл биелүүлж байсан бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй. Зээлийн хүүг төлөхийг шаардахад зээлээ төлнө гэж өргөдөл өгсөн байдаг. Мөн зарагдах нь амар гэж байраа 2, 2 өрөөгөөр нь хуваасан байдаг. Гэсэн ч байр нь зарагдаагүй, зээлээ төлөөгүй.

Иймээс хариуцагч ХХгаас гэрээний үүргийн дагуу 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх төлөх ёстой хариуцагчийн “Х” ХХК-д төлөх үндсэн зээл 70 000 ам.доллар, зээлийн хүү 26 956 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 4 858 ам.доллар, нийт 101 814 ам.доллар гаргуулах, 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Монгол банкны албан ханш 2006.79 төгрөгөөр тооцож 204 319 317 төгрөг, зээл төлөхтэй холбогдон гарсан зардал буюу тэмдэгтийн хураамжид төлсөн 1 210 000 төгрөг, нотариатын төлбөр 40 000 төгрөг, нийт 205 569 317 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 19 жил үйл ажиллагаа явуулж байгаа. 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нөхөр маань зуурдаар нас барж би өөрөө компани удирдах шаардлага гарсан юм. Х ББСБ-нийт 10 удаа зээл авч 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл зээлийг төлж байсан юм. Манай компани уул уурхайн компани, тендер авч ажилладаг байсан. Байраа зарж, өрөө төлөхөөр 2015 оны 6 сараас зар тавьж эхэлсэн. Компанийн үйл ажиллагаа доголдож, өнөөдрийг хүртэл компанийхаа ажилчдын цалинг өгч чадахгүйд хүрсэн байгаа. Өнөөдрийн байдлаар зээлийнхээ үндсэн төлөлтийг нь төлж чадаагүй. Зээл авсан нь үнэн. Зээлийг төлөхдөө бэлэн мөнгөөр төлж барагдуулах боломжгүй байна. 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх зээлийн хүүг төлөх гэсэн боловч төлөх боломжгүй болсон учраас 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс зээлийн хүүг зогсоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж, нөхцөл байдлыг хэлж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө. Зээлийг төлөх боломжгүй байгаа учраас хуваасан байрныхаа том юм уу жижгийг нь өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан ХХгаас 176 953 424 төгрөгийг гаргуулж “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн 27 445 893 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

ХХ 176 953 424 төгрөгийг төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгийг баримтлан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ХХ, ХХХХХХ нарын өмчлөлд бүртгэлтэй ХХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХ дугаар хороолол, ХХ дүгээр байр, ХХ тоот, 150 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1 042 717 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 210 000 төгрөгийн 1 179 946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 30 054 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийн зарим хэсгийг хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.

1. Нэхэмжлэгч Х ББСБ-ын зээлдэгч ХХтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 26-нд дуусах байв. Гэтэл Х ББСБ нь уг хугацаа дуусахаас өмнө шүүхэд ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь тодорхой бус байгаа болно. Учир нь хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгох, гэрээнээс татгалзах асуудлыг Иргэний хуулиар зохицуулсан байдаг билээ.

2. Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Иймд энэ өдрөөр тасалбар болгон шүүх төлбөрийг эцэслэх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тасалбар болгосноор 11 092 644 төгрөгийг илүү төлүүлэхээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн 101/ШШ2016/03393 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулна уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлээгүйгээс хэргийн үйл баримтанд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, талуудын хоорондох маргаантай харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК хариуцагч ХХд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 101 814 ам.доллар буюу 204 359 317 төгрөгийг, нотариатын зардал 40 000 төгрөг болон барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацааны зээл, зээлийн хүүд тооцон, зээлийн барьцааны 4 өрөө орон сууцны хуваасан 2 өрөөний нэгийг өгөх боломжтой, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргажээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээгээр хариуцагч нь 70 000 ам.долларыг сарын 3.8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай нэхэмжлэгчээс зээлж, үүргийн гүйцэтгэлд ХХХХХХХХ дүүрэг, ХХ дүгээр хороо, ХХ дугаар хороолол, ХХ дүгээр байр, ХХ тоот, 150 м.кв талбай бүхий 4 өрөө сууцыг барьцаалсан байна. /хэргийн 3-8 дугаар тал/

 

            Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь сар бүр зээлийн хүү, гэрээний сүүлийн өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр үндсэн зээл 70 000 ам.долларыг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасанд нийцжээ. 

 

            Хариуцагч нь зээлийн эхний 2 сарын хүү 5 497.34 ам.долларыг нэхэмжлэгчид төлж, өөр төлбөр төлөөгүй талаар талууд маргаагүй байна.

 

            Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон зээлийн үндсэн төлбөр төлөх хугацаа болоогүй байхад 2016 оны 01 дүгээр арын 20-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцлан, гэрээний зүйлийг буцаан шаардсан гэж үзнэ.

 

Иймд хариуцагчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойших хугацааны зээлийн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсэхгүй юм. Харин зээлийн гэрээг цуцлах хүртэлх хугацааны хүү 10 141.97 ам.доллар буюу  20 351 586 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх өдөр хүртэлх хугацаагаар хүү тооцон хариуцагчаас 176 953 424 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

            Түүнчлэн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн төлөх үүрэг төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

            Хариуцагчийн хувьд гэрээгээр тохиролцсон үндсэн зээлийг буцаан төлөх хугацааг хэтрүүлээгүй байх тул нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм.

 

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед бичиг баримтыг нотариатаар баталгаажуулахад төлсөн төлбөр 40 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш, талуудын хоорондох зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацааны зээл, хүү зэрэг нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн хүү төлөх хугацаа хэтрүүлснээс үүссэн хохирол гэж үзэхгүй бөгөөд үүнийг нотолсон баримт байхгүй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээл 70 000 ам.доллар, 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны хүү 10 141.97 ам.доллар, нийт 79 841.97 ам.долларыг, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкнаас зарласан 1 ам.долларын 2 006.67 төгрөгт хөрвөх ханшаар тооцон 160 226 066 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 44 173 251 төгрөгийг, нотариатын зардал 40 000 төгрөгийн хамт хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үүрэг зөрчснөөс үүсэх хариуцлагыг зохицуулсан дээрх хуулийг хэрэглээгүй, барьцааны зүйлийг албадан худалдахыг шийдвэр гүйцэтгэх албанд даалгах харилцааг зохицуулсан хуулийг зөв хэрэглээгүй алдаа гаргасан байна.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах барьцаалагчийн үндсэн эрхийг тодорхойлсон бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдах эрх зүйн үндэслэлийг мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан тул шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт найруулгын болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03393 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХгаас 160 226 066 төгрөгийг гаргуулж, “Х” ХХК-д олгож, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул үлдэх 44 173 251 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, нотариатын зардал 40 000 төгрөгийн хамт хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “153 дугаар зүйлийн 153.1” гэснийг “175 дугаар зүйлийн 175.1” гэж,

3 дахь заалтын “1 179 946” гэснийг “959 080” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ХХгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 432 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                                                          ШҮҮГЧИД                             Ш.ОЮУНХАНД

                       

                                                                                                       С.ЭНХТӨР