| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0011/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Н |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 45
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга, улсын яллагч Т.Нансалмаа, шүүгдэгч Ч.О, шүүгдэгч Э.О, хохирогч П.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Алаг адуут овогт Чээбаатарын О, Булгадууд овогт Эрдэнэдалайн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03545 1447 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалm:
1. Алаг адуут овогт Чээбаатарын О, Монгол Улсын иргэн, ........ өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төмөр замын дээд сургуулийн 2 дугаар дамжаанд сурдаг, ам бүл хоёр, эцгийн хамт ... оршин суудаг, ...... регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
2. Булгадууд овогт Эрдэнэдалайн О, Монгол Улсын иргэн, ... өдөр Увс аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эцэг, эх, эгч, дүү нарын хамт .... тоотод оршин суудаг, ..... регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар
Шүүгдэгч Ч.О нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхон гэх газар П.Т, Ц.Б нартай маргалдаж улмаар Ц.Бат-Эрдэнийн нүүр лүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Э.О нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 1-нд шилжиж шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхон гэх газар П.Т, Ц.Б нартай маргалдаж улмаар П.Т-ийн толгой руу гараараа цохиж, цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь бугалга, цээж, зовхинд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
- Шүүгдэгч Алаг адуут овогт Чээбаатарын О нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхон гэх газар П.Т, Ц.Б нартай маргалдаж улмаар Ц.Бат-Эрдэнийн бие махбодод “...нүүр лүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хамрын нуруунд зулгаралт, цус хуралт зовхинд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан;
- Шүүгдэгч Булгадууд овогт Эрдэнэдалайн О нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 1-нд шилжиж шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхон гэх газар П.Т, Ц.Б нартай маргалдаж улмаар П.Т-ийн толгой руу гараараа цохиж, цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж, түүний бие махбодод “...бугалга, цээж, зовхинд цус хуралт, зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.О-ын шүүх хуралдаанд өсгөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг;
2. Шүүгдэгч Э.О-ын шүүх хуралдаанд өсгөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч П.Т-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би Э.О гэх залуутай маргалдаж О-д зодуулсан. Түүнээс болж бугалга, цээж, зовхинд цус хуралт, зулгаралт зэрэг хөнгөн гэмтэл авсан. Тухайн үед ямар нэгэн хутга мэс байгаагүй бөгөөд би гартаа үүссэн шархыг хараад хутга байсан байх гэж бодоод мөрдөн шалгах ажиллагааны явцад ташаа мэдүүлсэн байна. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;
4. Хохирогч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн орой найз Т-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Шинэ цэргийн хотхон орох гээд халамцуу байдалтай байрны голоор явж байтал үл таних 3 залуу бид хоёрыг мөрлөсөн. Тэгэхээр нь би яагаад байна аа гээд хэлтэл тэр сүүлд нэрийг нь мэдсэн О гэдэг залуу хүрч ирэнгүүтээ найз Т-ийн толгойн ар тал руу гараараа цохисон. Тэгэхээр нь би найзаасаа холдуулах гээд О-ыг бариад автал хажуугаас сүүлд нэрийг нь мэдсэн О гэх залуу нүүр лүү гараараа цохисон. Би байж байгаарай гээд ухартал цаанаас Prius-30 загварын машинаас хоёр залуу бууж ирж байгаа харагдсан. Би тэндээс зугтаах үед Т цаана О-тай ноцолдож байгаа харагдсан. Миний биед учирсан гэмтлийг О гэх залуу нүүр лүү гараараа нэг удаа цохиж учруулсан...“ гэсэн мэдүүлэг (хх- ийн 23 дугаар хуудас);
5. Хохирогч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...найз Б, О бид гурав байрны голоор алхаад явж байтал үл таних 3 залуу бид хоёрыг мөрлөсөн. Тэр үед найз Б яаж байна аа гээд хэлтэл /сүүлд нэрийг нь мэдсэн/ О гэдэг залуу хүрч ирээд миний толгойн ар хэсэг рүү цохисон. Тэгтэл найз Б, О гэх залууг тэврээд надаас холдуулсан. Миний биед учирсан гэмтлийг О намайг татаж газар унагаж өшиглөж байхдаа учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх- ийн 25 дугаар хуудас);
6. Гэрч М.Мөнх-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...7-р байрны урд согтуу 2 ах таараад намхан ах нь би буриад хүн надтай үзэх хүн байна уу гээд над руу дайраад байсан. Тэр үед Залуухай гэдэг хочтой О, мөн О хоёр хүрч ирсэн. Тэр согтуу ах Залуухай руу ахын дүү намайг Хилчин хотхонд мэдэх үү гээд байсан. Залуухай ахаа энэ чинь Хилчин хотхон биш Цэргийн хотхон гэж хэлэхэд тэр согтуу ах би буриад хүн шүү түрүүндээ хутгатай, түрийвчиндээ мөнгөтэй эр шүү гээд байсан. Цуг явж байсан өндөр ах нь болиулах гээд хориод дийлэхгүй байсан. Намхан согтуу ах Залуухайг бариад авсан тэр хоёр бие биеэ заамдалцаад байж байхад би тэр өндөр ахтай цуг салгах гээд очиход Одко тэр ахын араас нь алгадсан. Би Залуухай болон намхан согтуу ах хоёрыг салгах гээд байж байхад Чука эгч гарч ирээд яагаад байгаа юм цагдаа дуудна шүү гээд биднийг тараасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-42 дугаар хуудас);
7. Гэрч Ч.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгтэл зүс таних /Залуухай буюу О/ найз О-ын хамт нохой хөтөлж явж байснаа хоёр согтуу залуутай маргалдаж эхэлсэн. Би машинаасаа буугаад хөөе юу болоод байгаа юм гээд орилсон чинь О хөтөлж байсан нохойгоо надад өгөөд буцаж очоод намхан биетэй залуу сүүлд нэрийг нь мэдсэн Т-ийн толгойд гараараа цохисон хамт явсан О нь өндөр биетэй залуу болох сүүлд нэрийг мэдсэн Б гэх залуугийн нүүрэнд гараараа цохиж хоёр талд зодоон болж бужигнаж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх 43 дугаар хуудас);
8. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4464 дугаартай “...Ц.Бат-Эрдэнийн биед нуруунд хамрын нуруунд зулгаралт, цус хуралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 49 дүгээр хуудас);
9. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4466 дугаартай “...П.Т-ийн биед бугалга, цээж, зовхинд цус хуралт, зулгаралт сарвуунд зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 50 дугаар хуудас);
10. Шүүгдэгч Ч.О, Э.О нарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 76, 81 дүгээр хуудас), тэд урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаснууд (хх-ийн 90-91 дүгээр хуудас);
11. Шүүгдэгч Ч.О-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: ”... 2018 оны 03 дугаар сарын 31-ний орой Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ цэргийн хотхоны 6 дугаар байрны орчимд найз О-ын хамтаар нохойгоо салхилуулаад явж байтал үл таних хоёр согтуу залуу нааш ир гээд О бид хоёрыг дуудсан. Бид хоёр яваад очтол /сүүлд нэрийг нь мэдсэн/ Т нь ахыгаа Хилчин хотхонд мэдэх үү гэхээр нь найз О энэ чинь Хилчин хотхон биш Цэргийн хотхон ш дээ гээд хэлтэл О-ыг цохих гээд заамдаад авах үед О тавиулах гээд нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон, тэр үед хажуугаас нь хамт явсан залуу О-ыг цохих гэхээр нь би сүүлд нэрийг нь мэдсэн Б гэх хүний нүүрэнд гараараа нэг удаа цохисон чинь байр тойроод зугтаасан. Бат-Эрдэнийн биед учирсан гэмтлийг би гараараа нүүрэнд нь нэг удаа цохиж байхдаа учруулсан гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 71-72 дугаар хуудас);
12. Шүүгдэгч Э.О-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өсгөн: ”... 2018 оны 03 дугаар сарын 31-ний орой Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ цэргийн хотхоны 6 дугаар байрны орчимд найз О-ын хамтаар нохойгоо салхилуулаад явж байтал үл таних хоёр согтуу залуу тэр хавиар хашхичаад яваад байхаар нь яваад очтол /сүүлд нэрийг нь мэдсэн/ Т ахыгаа Хилчин хотхонд мэдэх үү гэхээр нь би Хилчин хотхон биш Цэргийн хотхонд байна ш дээ гээд хэлтэл намайг заамдаад авахаар нь би гарыг нь дараад тавиач гээд нэг удаа нүүрэнд нь гараараа цохисон чинь миний хоёр гараас зуурч чирээд хамт газар унаад надаас зуураад тавихгүй байхаар нь би цээж рүү нь гараараа хоёр удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 64-65 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Б, П.Т нарын бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.О, Э.О нарын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ч.О, Э.О нар нь гэмт хэргийн зүйлчлэл, хэргийн үйл баримт, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршгийн талаар маргаагүй болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Ч.О, Э.О нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Б, П.Т нар нь мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн, мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.О, Э.О нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.О, Э.О нар нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй бөгөөд гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О, Э.О нарт 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх хийлгэх ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О, Э.О нарт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял тус бүр оногдуулж, гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ч.О, Э.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.О, Э.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Алаг адуут овогт Чээбаатарын О, Булгадууд овогт Эрдэнэдалайн О нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О, Э.О нарт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял тус бүр шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О, Э.О нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Ч.О, Э.О нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.О, Э.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.О, Э.О нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА