| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0015/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2019-01-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 34
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч Ч.Г, хохирогч Ө.О-ын өмгөөлөгч Ц.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 00679 0429 дугаартай хэргийг 2018 оны12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ч.Г, Монгол Улсын иргэн, ..... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт ..... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ....., урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 8 дугаар сарын 09-ний оройн 21 цаг 00 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны хойд замд “Toyota Prius” загварын 41-63 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 5. Гэрэлтүүлэх хэрэгсэл: 5.2 Хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.О-ыг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх” гэснийг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Б овогт Ч.Г нь:
- 2018 оны 8 дугаар сарын 09-ний оройн 21 цаг 00 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны хойд замд “Toyota Prius-10” загварын 41-63 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 5. Гэрэлтүүлэх хэрэгсэл: 5.2 Хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.О-ыг дайрч, бие махбодод нь “зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, хуйханд шарх, баруун хацар, шанаа, эрүүнд шарх, зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, баруун ташаа, баруун гуянд шарх, цээж, хэвлий, нуруунд зулгаралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан,
- Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-т заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх” гэснийг тус тус зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Ө.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хатанбаатарын эмнэлгийн баруун талын замаар хойшоогоо явж байгаад автомашинд мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 23 дугаар хуудас);
3. Насанд хүрээгүй гэрч Г.Цэнгүүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хатанбаатар эмнэлгийн урд талын зам дээр эрэгтэй хүн хэвтэж байсан. ...тэр хэвтэж байсан хүнийг машинууд тойроод яваад байсан. Тэгсэн цагаан өнгөтэй “Prius-10” загварын 41-63 улсын дугаартай автомашин хэвтэж байсан хүний дээгүүр гарахад хоёр ширхэг гутал нь үлдээд нөгөөх хүн автомашины доогуур нь чирэгдсэн бололтой харагдахгүй байсан. Баярчулуун араас нь гүйгээд тэр мөргөсөн машин зогсохгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 63-64 дүгээр хуудас);
4. Насанд хүрээгүй гэрч Г.Баярчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...такси барих гээд зогсож байтал 26 дугаар байрны эмийн сангийн харалдаа зам дээр дээгүүрээ саарал цамцтай, доогуураа (өнгийг нь санахгүй байна) өмдтэй, нэгэн эрэгтэй хүн (насыг нь хэлж мэдэхгүй) хэвтэж байсан. Тэгэхээр нь би Цэнгүүний утсаар 102 дугаар луу дуудлага өгч байх байх үед ... цагаан өнгийн Prius-10 загварын автомашин хурдтай яваад зам дээр хэвтэж байсан хүний дээгүүр нь гарсан. Би тэр цагаан автомашины араас гүйгээд гүйцээгүй тул дугаарыг нь харж авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 65-67 дугаар хуудас);
5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9923 дугаартай: “...Ө.О-ын биед зүүн шаант, тахилзуур ясны далд хугарал, хуйханд шарх, баруун хацар, шанаа, эрүүнд шарх, зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, баруун ташаа, баруун гуянд шарх, цээж, хэвлий, нуруунд зулгаралт гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 77 дугаар хуудас);
6. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 03-11 дүгээр хуудас);
7. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ний өдрийн 725 дугаартай: “..Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно” а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 5 гэрэлтүүлэг хэрэгсэл 5.1 ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан. 2.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгсэд хүнд эмнэлгийн анхны түргэн тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтыг зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтан иртэл хүлээх;-гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ө.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 3.9 явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх; г/ өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах,-гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарахад зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 107-108 дугаар хуудас);
8. Шүүгдэгч Ч.Г-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа гэмшин ойлгож байна. Хохирогч Ө.О-ын эмчилгээнд 204,658 төгрөг зарцуулж, бэлнээр 400,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 118-119 дугаар хуудас);
9. Шүүгдэгч Ч.Г-ийн иргэний болон жолоочийн үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 133-134 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 121 дүгээр хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Ө.О-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний төв байгууллагын тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэж үзэх бөгөөд энэ хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болохын дээр энэ гэмт хэргийн үндсэн шинжид хамаарна.
Шүүгдэгч Ч.Г-ийн замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд, харин зорчих хэсэг дээр хэвтэж байсан хүнийг дайрсан атал хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ огоорон хэргийн газрын зориуд орхиж зугтаасан байх тул “автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тус тус тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ч.Г нь хэргийн үйл баримт, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Ч.Г-ийг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн “автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ө.О нь мөрдөн байцаалтын явцад баримтаар нийт 91,100 төгрөгийн нөхөн төлбөр баримтаар нэхэмжилсэн хэдий ч шүүгдэгч Ч.Г 604,658 төгрөгийн нөхөн төлбөрийг сайн дураараа төлснөөр хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.Г-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд: “...шүүгдэгч Ч.Г-д Шүүгдэгч Ч.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг таван зуун дөчин цагийн хугацаагаар тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, одоогоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болно...” гэв.
Хохирогч Ө.О-ын өмгөөлөгч шүүх хуралдаанд: “...Энэ шүүх хуралдаанд хохирогч Ө.О-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэдгийг илэрхийлье. Харин хохирогчийн хувьд ослын дараа зогсолгүй явсанд гомдолтой байдаг юм. Иймд улсын яллагчийн санал болгосон ялын саналыг дэмжиж байна...” гэв.
Шүүхээс тогтоосон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг тус бүрийн гэм бурууг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг долоон зуун хорин цагийн хугацаагаар тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ял нэмж оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацаа энэ өдрөөс эхлэн тоологдох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ялтан Ч.Г нь тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд: “эрх хасах нэмэгдэл ял”-ын хүрээнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл хүлээх хууль зүйн үр дагавартайг анхаарвал зохино.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37,1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Ч.Г-ийг “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн “автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Ч.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг долоон зуун хорин цагийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж, түүний жолоодох эрхийн 377234 дугаартай жолоочийн үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Энэ хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 01413488 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0765366 дугаартай татварын гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Г-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА