Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 33

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч О.Пүрэвсүрэн, шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Энхбаярын   Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 00000 1442 дугаартай хэргийг 2018 оны  12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Э.Д, Монгол Улсын иргэн, ...... өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эх,  хоёр дүүгийн хамт ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ...... тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ....., урьд:

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ээс 2018 оны 11 дүгээр сарын 12-нд шилжиж шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны 1 дүгээр орцны  урд талын зогсоол дээр байсан иргэн Д.Т-гийн эзэмшлийн 13-38 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын 2 ширхэг дугуйг тусгайлан бэлтгэсэн данхраад, дугуйн түлхүүр зэргийг хэрэглэн нууцаар, хууль бусаар авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Б овогт Э.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжиж шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны 1 дүгээр орцны урд талын зогсоол дээр байсан Д.Т-гийн өмчлөлийн “Toyota Prius-20” загварын 13-38 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 260,000 төгрөгийн үнэлгээ бүхий зүүн талын хоёр ширхэг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.Д-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа ойлгож байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Д.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2017 оны зун 1338 УНБ улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Үүнээс хойш унаж хэрэглэж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний орой 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд машинаа тавьсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 06 цагт гарч харахад зүүн талын хоёр дугуй байхгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Манай байрны гадаа хяналтын камер байдаг дүрс бичлэг байгаа гэж бодож байна. Хоёр ширхэг өвлийн дугуй, машиндаа тавиад нэг жил болж байгаа, хэдэн төгрөгөөр үнэлэхээ сайн мэдэхгүй байна. Үнэлгээний байгууллага бодитой үнэлгээ өгөх байх...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-37 дугаар хуудас);

3. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Э.Д-тэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны 10-344 тоот гэрт нь очоод ойр зуурын юм яриад шар айраг уусан. Тэгээд 00 цагийн үед дэлгүүр хаасан байхаар нь Д-гийн гэрээс гарч дахин шар айраг авахаар гараад автобусны буудлын ойролцоо байрлах Зочид буудлаас худалдаж аваад, буцаж Д-гийн гэрт орж авсан шар айргаа уугаад унтсан. Гэтэл унтаж байгаад сэрэхэд Д гэртээ байгаагүй бөгөөд маргааш өдөр нь 14 цагийн үед манай хамаатны эгч надад “Д архи уугаад урд шөнө эрүүлжүүлэхэд хоносон байна. Би эрүүлжүүлэхийн мөнгийг нь төлсөн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-19 дүгээр хуудас);

4. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 03-05 дугаар хуудас), 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 12 дугаар хуудас);

5. “Дамно” ХХК-ийн “...Автомашины хоёр ширхэг обудтай өвлийн дугуйг 260,000 төгрөгөөр үнэлж, хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 39-40 дүгээр хуудас);

6. Шүүгдэгч Э.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 60 дугаар хуудас), урьд нэг удаа ял шийтгүүлсэн талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Э.Д-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2018 оны 11 дүгээр  сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23-344 тоотод гэртээ байж байтал гаднаас 23 цаг өнгөрч байхад хамаатны дүү Баянсан найз охины хамт орж ирсэн. Тэгээд хөдөөгөөс ирлээ гэж байсан. Тэгээд Баясан том савтай хоёр шар айраг авч ирээд бид гурав хувааж уусан. Тэгээд шар айраг дуусахаар нь Баянсан бид хоёр гарч дахин дэн буудлаас нэг том савтай шар айраг авсан. Тэгэх үед 23 дугаар байрны 1 дүгээр орцны гадна байрлуулсан хөх өнгийн “Prius 20” автомашины дугуйг хараад авах боломжтой байна гэдгийг мэдсэн. Тэгээд гэртээ ороод авсан шар айргаа уугаад Баянсан найз охинтойгоо хойд өрөөнд орж унтсан. Би Баянсангийн машины түлхүүрийг хэлэхгүйгээр авч гараад машинаас нь дугуйн түлхүүр, данхраад авсан. Тэгээд 23 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд байсан нөгөө хөх өнгийн “Prius 20” загварын автомашины зүүн талын хоёр дугуйг тайлж аваад 23 дугаар байрны ар талд айлын тагтны доор үлдээгээд 24 дүгээр байрны хажууд баригдсан. Тэр өдрөө цагдаад баригдаад эрүүлжүүлэхэд хоносон. Гэтэл маргааш нь нөгөө дугуй байхгүй, алга болсон байсан. Ямар хүн авсан гэдгийг мэдэхгүй байна. Тэр шөнө нь согтуу байсан болохоор айгаад хэлээгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 48-52 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Э.Д нь бусдын эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийн дугуйг хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн болох нь шүүгдэгч Э.Д-гийн өөрийнх нь мэдүүлгээс өөр нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч Э.Д-гийн яллагдагч болон шүүгдэгчээр өгсөн “би Баянсангийн машины түлхүүрийг аваад машинаас нь дугуйн түлхүүр, данхраад авсан. Тэгээд түүгээр 23 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд байсан хөх өнгийн “Prius 20” загварын автомашины зүүн талын хоёр дугуйг тайлж авсан” гэсэн мэдүүлгийг батлах өөр баримт хэрэгт авагдаагүй үед түүнийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж хүндрүүлэн яллах үндэслэлгүй болж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх заалтад “...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах...-ыг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэж, Монгол Улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт буруутгагдаж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй.” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч “гэмт хэрэг үйлдсэн” гэж мэдүүлж байгаагаас үл хамааран бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон буюу хуулийн дагуу бусад нотлох баримтаар давхар батлагдсан байх нь түүнийг гэм буруутайд тооцох хийгээд яллах гол үндэслэл болох юм.

Улсын яллагч шүүх хуралдаанд яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дурдсан нотлох баримтуудаа шинжлэн судалсан боловч эдгээр нь шүүгдэгч дугуйн түлхүүр, данхраадыг тусгайлан бэлтгэж зэвсгийн чанартай хэрэглэсэн гэдгийг нотолж чадахгүйн дээр шүүгдэгчийн мэдүүлгийг батлахгүй, улсын яллагчийн яллаж буй гэмт хэргийн зүйл, заалтыг үндэслэл бүхий нотлохгүй байна. Тухайлбал:

- Гэрч Т.Баянсангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны 10-344 тоот гэрт нь очоод ойр зуурын юм яриад шар айраг уусан. Тэгээд 00 цагийн үед дэлгүүр хаасан байхаар нь Д-гийн гэрээс гарч дахин шар айраг авахаар гараад автобусны буудлын ойролцоо байрлах Зочид буудлаас аваад буцаж Д-гийн гэрт орж авсан шар айргаа уугаад унтсан. Гэтэл намайг унтаж байгаад сэрэхэд Д гэртээ байхгүй байсан. Маргааш 14 цагийн үед манай хамаатны эгч “Д архи уугаад эрүүлжүүлэхэд хоносон байна, эрүүлжүүлэхийн мөнгийг төлсөн” гэж хэлсэн. Надтай хамт шар айраг ууж байх үедээ надад ямар нэгэн машины эд анги хулгай хийх талаараа огт ярьж байгаагүй бөгөөд би Э.Д-г Өмнөговь аймагт ажиллаж байсан талаараа ярьж сонирхуулж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-17-18 дугаар хуудас);

- 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн “...03 цаг 45 минут 20 секундийн орчим цайвар ногоон хүрэмтэй залуу баруун талын явган хүний замаар ганцаараа гарч 13-38 УНБ улсын дугаартай “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгсэл дээр ирээд уг автомашины хоёр ширхэг дугуйг тайлаад 03 цаг 55 минутын орчимд баруун хойд зүг рүү дугуйнуудаа өнхрүүлэн авч явж байгаа бүдэг бичлэг (бичлэгээс ямар багаж, хэрэгсэл хэрэглэж буй нь тодорхойгүй байв)...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 12 дугаар хуудас) тусгагдсан байгаагаас үзвэл шүүгдэгч Э.Д бусдын эд хөрөнгийг хулгайлах үед данхраад, дугуйн түлхүүр хэрэглэсэн нь тогтоогдохгүй байна гэж шүүх үзэв.

Түүнчлэн, прокурор 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ “...Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Баянбүргэдийн илтгэх хуудас...” гэх баримтыг үнэлсэн байх боловч уг баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Зүй нь, хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хувьд мөрдөгч, прокурор нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Д-гийн энэ хэрэгт өгсөн мэдүүлгүүдийг хуульд заасан арга хэрэгслээр бүх талаас нь шалгаж, бусад баримтаар нотлох үүрэгтэй атал “хэргийн нөхцөл байдал тодорхой болчихлоо, холбогдогч өөрөө хангалттай мэдүүлчихлээ” хэмээн өнгөц хандаж, зөвхөн яллагдагчийн мэдүүлгээр өөрийг нь хүндрүүлэн яллах учиргүй.

Хүн төрөлхтний түүхэнд нэгэн үе ноёлж байсан “буруугаа хүлээсэн хүний мэдүүлэг бол нотлох баримтын хаан” гэсэн нотолгооны зарчим нь нэг талаас, эрүү шүүлтийн эрсдэл бий болгодог, нөгөө талаас, бодит үнэнийг гуйвуулдаг сул талтай болох нь хэдийн тодорхой болж, хэн нэгэн этгээд “би хүн алсан” гэж цээжээ дэлдсэн ч тэр нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан бусад нотлох баримтаар хангалттай батлагдахгүй бол түүнийг яллах үндэслэл болохгүй байх нотолгооны харьцуулсан (comparative) зарчим дэлхий дахинд нэг мөр болсон билээ. Иймд бид хууль зүйн хувьд төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд энэхүү зарчмыг удирдлага болгон бодитойгоор хэрэгжүүлэх цаг болсныг мөрдөгч, прокурорууд анхаарвал зохино. Тодруулбал, гэрч Баянсан шүүгдэгч Э.Д өөрийнх нь тээврийн хэрэгслээс данхраад, дугуйн түлхүүр авсан талаар огт мэдүүлээгүй байх бөгөөд мөрдөгч түүнээс тэр талаар огт асуугаагүй байна. Мөн камерын бичлэгт шүүгдэгч Э.Д зэвсгийн чанартай ямар зүйл хэрэглэсэн болох нь харагдах боломжгүй байхад зөвхөн яллагдагчийн мэдүүлгээр хүндрүүлэн яллаж байгааг шүүх хүлээн авах ёсгүй.

Нөгөөтээгүүр, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 65 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэрэв Шүүхийн танхим нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон ийнхүү хүлээн зөвшөөрсөн гэмт хэрэг үйлдсэнийг нотлоход зайлшгүй шаардлагатай нэн чухал бүх нөхцөл байдлаар тогтоогдсон, аливаа нэмэлт нотлох баримтаар нотлогдсоныг хянан хэлэлцээд нэг дэх хэсэгт заасан нөхцөлийг хангасан гэсэн дүгнэлтэд хүрвэл энэ гэмт хэрэг үйлдсэн яллагдагчийг шийтгэж болно.” гэсэн заалт нь манай улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил үйлчлэх бөгөөд энэ нь хэн нэгэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байлаа ч түүнийг гэмт хэрэг үйлдсэнийг нотлоход зайлшгүй шаардлагатай бүх нөхцөл байдал нь нотлох баримтаар нотлогдсоны үндсэн дээр л түүнд ял шийтгэх тухай зохицуулалт болохыг шүүх мөн адил харгалзан үзлээ.  

Энэхүү нөхцөл байдлаас авч үзвэл, энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэсэн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан зүйлчлэх үндэслэл бүхий нотолгоо алга.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний эд хөрөнгө ...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд энэ хэргийн хохирол нь хулгайд алдагдсан тээврийн хэрэгслийн хоёр ширхэг обудтай өвлийн дугуй болно. Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд хулгайд алдагдсан хоёр ширхэг обудтай өвлийн дугуйг нийт 260,000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүгдэгч Э.Д-гийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангахгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хийсэн хууль тогтоогчийн хуульчилсан (authentic) тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугар зүйлийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж тус тус хуульчилсан болно.

Харин Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” хэмээн хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Э.Д-гийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс доош буюу 260,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн хохирлын шинжийг хангаагүй учраас гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлаас нэгтгэн дүгнэвэл, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Д-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Д-г цагаатгах үндэслэлтэй байна.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчилсны дагуу энэ хэргийн хувьд улсын яллагчаас шинжлэн судалсан бүх нотлох баримтад үндэслэн хэргийн бодит байдлыг тогтоож, хууль зүйн дүгнэлт өгч, шүүх хуралдаанаас шийтгэх болон цагаатгах тогтоолын аль нэгийг гаргах эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс тогтоосон шүүгдэгч Э.Д-гийн үйлдлийг Зөрчлийн тухай хуульд заасан “хулгайлах” зөрчлийн шинжтэй гэж үзэхээр байгаа тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлт хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тэрээр 260,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн бөгөөд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 5, 6, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхбаярын Д-д холбогдох эрүүгийн 1808 00000 1442 хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2.Шүүгдэгч Э.Д-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

3.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэрээр 260,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн бөгөөд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

4.Шүүхээс хэрэгсэхгүй болгосон уг хэрэгт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлт хийлгэхээр хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг компакт дискийг хэргийн хамт хүргүүлсүгэй.

5.Шүүгдэгч Э.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 зүйлд зааснаар хохирол арилгуулах, зөрчигдсөн эрхээ нөхөн сэргээлгэх талаар гомдол гаргах эрхтэй болохыг тусгасугай.  

6.Цагаатгах тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                     Б.БАТАА