Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 32

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Ц.Ариунтуяа, шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос З овогт Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04786 1294 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З овогт Д.Д, Монгол Улсын иргэн, ..... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Эмээлт дахь махны үйлдвэрт савлагч ажилтай, ам бүл тав, эх, ах нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн ..... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ......, урьд ял шийтгүүлж байгаагүй.  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хөтөлийн гудамжинд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч М.Л-ийн “Samsug galaxy S-5” загварын 130,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг, мөн насанд хүрээгүй хохирогч Н.О-ын “Samsung galaxy Note-3” загварын 130,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч бусдад нийт 260,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч З овогт Д-ийн Д нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хөтөлийн гудамжинд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр насанд хүрээгүй хохирогч М.Л-ийн “Samsug galaxy S-5” загварын 130,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг, мөн насанд хүрээгүй хохирогч Н.О-ын “Samsung galaxy Note-3” загварын 130,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг “утсаар ярьчхаад өгье” гэж илээр, хүч хэрэглэхгүйгээр аваад, улмаар өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч явж өөрийн дураар захиран зарцуулж, бусдад нийт 260,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 1. Шүүгдэгч Д.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Насанд хүрээгүй хохирогч М.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Д ах...биднээс “Юнителтэй хүн байна уу, утастай хүн байна уу” гэж асуусан... Тэгээд миний утсаар яриадахъя гэсэн... Би Д-оос гар утсаа буцааж авах гэтэл тэрээр “байж байгаарай, нөгөө хүн буцаагаад залгана, тэр болтол хамт тоглож байя” гэсэн. Тэгээд би араас нь дуудахад Д ах эргэж харахгүй байсан. Би түүний явсан гудамж руу гүйгээд очтол алга болчихсон байсан ..” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 дүгээр хуудас),

3. Насанд хүрээгүй хохирогч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д намайг нэгжтэй юу утсаа өгч бай гээд авч ярьсан юм...би тоглож дуусаад харсан чинь Д байхгүй болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 114-115 дугаар хуудас);

4. Гэрч Б.И-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр би ажил дээрээ байхдаа өөрийн хүү Л рүү залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэрнээс өмнө өдөр залгахад холбогдож байсан. Тэгээд би хамт явж магадгүй гээд ангийнх нь хүүхэд рүү залгаж хүүтэйгээ холбогдоход “нэг ахад гар утсаа алдсан” гэж хэлсэн. Тэр хүүхэд миний хүүгээс гар утсаар чинь ярьчхаад өгье гээд авчихсан гэсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Д.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр надад мөнгөний хэрэг гарсан юм. Тэгээд би өөрийн найзуудтай уулзаж мөнгө асуухад олдоогүй юм. Тэгээд Баянхошуунд ирж өөрийн найз Хосбаяртай уулзсан. Тэгээд бид хоёр сагсан бөмбөгийн талбай дээр тоглосон. Тухайн үед надад нэгж байгаагүй тул тэр газар тоглож байсан хүүхдүүдийн гар утсыг гуйж авсан. Тэгээд “Samsug galaxy Note-3” загварын гар утас нь нэгжгүй байхаар нь өөр нэг хүүхдээс нэгж байна уу гэж асуугаад “Samsug galaxy S-5” загварын гар утсыг нь авсан. Нөгөө “Samsug galaxy Note-3” загварын гар утсыг нь өгөх гэсэн боловч сагсан бөмбөгийн талбай дээр тоглоод байхаар нь гар утсыг нь буцааж өгч чадаагүй. Гэтэл манай зүс таних залуу залгаад өрөө нэхээд байхаар нь тэдгээр гар утсыг авч яваад Montel дээр очиж, хоёр гар утсаа 160,000 төгрөгөөр зарсан. Тэгээд найздаа 150,000 төгрөгийн өрөө өгсөн. Үлдсэн 10,000 төгрөгийг унаа автобусанд өгөөд дууссан. Тэгээд 7 хоног хөдөө явж ирээд цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 53-54 дүгээр хуудас);

6. Шүүгдэгч Д.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгүүлсэн талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 35, 39 дүгээр хуудас);

7. “Мастер үнэлгээ” ХХК-ийн гаргасан “Samsug galaxy Note-3” “Samsug galaxy S-5” загварын гар утсыг тус бүр 130,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын хэмжээг 260,000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 24-25 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Насанд хүрээгүй хохирогч М.Л, насанд хүрээгүй хохирогч Н.Отгонбаяр нарт 260,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний байгууллагын тайлангаар эргэлзээгүй нотлогдсон байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 260,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэ гэмт хэргийн хохирлын шинжид хамаарч буйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Д нь “гар утсаа түр өгч бай утсаар чинь яриадахъя, нөгөө хүн эргэж залгана тэр болтол хамт тоглож байя” гэж хэлээд насанд хүрээгүй хохирогч М.Л, Н.Отгонбаяр нарын гар утсыг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан шинжийг, насанд хүрээгүй хохирогч нар түүнд гар утсаа түр ашиглахыг зөвшөөрсөн боловч авч явах зөвшөөрөл өгөөгүй байхад шүүгдэгч Д.Д дур мэдэн авч явсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан шинжийг тус тус хангах бөгөөд насанд хүрээгүй хохирогч М.Л нь “...би араас нь дуудахад эргэж харахгүй байсан. Би түүний явсан гудамж руу гүйгээд очтол алга болчихсон байсан...”, насанд хүрээгүй хохирогч Н.Отгонбаяр нь “...би тоглож дуусаад харсан чинь Д байхгүй болчихсон байсан...” талаар тус бүр мэдүүлсэн (хх-ийн 8-9, 13-14) байгаагаас үзвэл шүүгдэгч Д.Д нь бусдын эд хөрөнгийг илээр авч явсан гэж үзнэ.

Түүнчлэн, хохирогч нар нь өөрийн өмч хөрөнгө болох гар утсаа захиран зарцуулах эрхтэйгээр шүүгдэгч Д.Д-д шилжүүлээгүй байх бөгөөд тэд эд зүйлээ өөрийн хяналт дор бусдад түр ашиглуулж буйг эд хөрөнгө, түүний эрхийг бусдад шилжүүлэн өгсөн гэж үзэхгүй. Тодруулбал, хохирогч нар шүүгдэгч Д.Д-д тухайн эд зүйлийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх олгоогүй байх тул шүүгдэгч Д.Д-ийн үйлдэл нь “залилах” гэмт хэргийн шинжгүй, мөн хохирогч нар нь өөрийн хүсэл зоригоор гар утсаа тодорхой хугацаагаар ашиглах, эсхүл хадгалуулах зэргээр бусдад итгэмжлэн хариуцуулж өгч явуулаагүй байх тул “Хөрөнгө завших” гэмт хэрэгт хамаарахгүй болно.

Шүүгдэгч Д.Д-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явж, өөрийн дураар захиран зарцуулсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Д.Д-ийг “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч М.Л “Samsug galaxy S-5” загварын гар утас, насанд хүрээгүй хохирогч Н.Отгонбаярын “Samsug galaxy Note-3” гар утсаа хүлээж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Д-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт: “...шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Тэрээр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй байна...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Д.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан түүнд мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, түүнд албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх, засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар “зургаан сарын хугацаанд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх нь зохистой байна.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.З овогт Д.Д-ийг “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Д-д мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “зургаан сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

4.Шүүгдэгч Д.Д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Д-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

     

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА