Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/ма2023/00850

 

 

 

 

 

 

 

 

2023 04 21 210/МА2023/00850

 

 

Ч-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/00813 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч-ын хариуцагч С.С-д д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 11,026,780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр С.С нь өвс шатааж байгаад гал алдсан ба уг үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг прокурор хянаад 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 871 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Ч* ам гэх газар 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр С.С нь өөрийн эзэмшлийн зуслангийн газрын хашаан дотор шар өвс шатааж байгаад гал алдаж, улмаар * га газар бэлчээр, хадлангийн талбай шатаж экологид 11,026,780 төгрөгийн хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд иргэн С.С-д йн болгоомжгүй үйлдлээс нийтийн ашиг сонирхол зөрчигдөж экологи эдийн засагт 11,026,780 төгрөгийн хохирол учирсан тул дээрх хохирлыг гаргуулж улсын орлого болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тухайн үед хохирол учраад буцаж нөхөн төлжиж ургасан нь хохирол учруулаагүй гэсэн үг биш. Иймд нийтэд хохирол учруулсан гэж үзэж байна. Тус хэрэгт 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд сүүлд хийгдсэн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 223 дугаартай Г ХХК -ийн дүгнэлтээр байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээг 3,226,401 төгрөгөөр тогтоосон тул тухайн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн 3,226,401 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаас 7,800,379 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хариуцагч С.С оос 3,226,401 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шинжээчийн дүгнэлтэд экологийн хохирлыг бэлчээр хадлангийн талбайн үнэлгээгээр үнэлж гаргасан байдаг. Гэтэл Ч* ам гэх газар нь иргэдийн зуслангийн эзэмшлийн газар, хашаа байдаг тул дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Шар өвс шатсан ч гэсэн өвс нь байгалийнхаа жамаар нөхөн төлжөөд буцаад ургасан байгаа. Тухайн гал гарснаас хойш одоо 2-3 жил болсон. Хавар нь ногоо, тариалан, шар өвс нь ургадгаараа ургаад намар нь иргэд хадлангаа хаддагаараа хадаж байгаа учраас ургамлын бүрхэвчид хохирол учирсан зүйл байхгүй. Г ХХК К-ийн шинжээчийн дүгнэлтээр тус талбайн ургамлын нөмрөгт хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт гарсан байдаг. Г ХХК -ийн шинжээчийн дүгнэлтээр ургамлын бүрхэвчинд учруулсан хохирол нь 3,226,401 төгрөг гээд галд өртсөн * га талбайгаар гарсан. Ингэхдээ хүмүүнсэг ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ, ургамлын бүрхэвчид учирсан хохирлыг тооцохдоо нэгж хонин толгойн ашигт шилжүүлэн тооцож гаргасан байна. 2018 оноос хойш тухайн бүс нутаг малгүй хороо болсон гэдэг нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байгаа. Гэтэл мал бэлчээрлэхгүй газар хонин толгойн ашгаар тооцож хохирлыг гаргасан байгаа нь үндэслэлгүй. Мөн тухайн шатсан өвс шар өвс байсан. Шинжээчийн дүгнэлт нь шар өвсний хувьд биш, ургамлын нөмрөг бүрхэвчинд дүгнэлт гаргаж байгаа нь хор хохирол тооцох аргачлал биш байна. Иймд хохирлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Иргэн С.С өнжмөл шар өвс шатааж байгаад гал алдаж * га газарт түймэр тавьсан бөгөөд өөрийн буруутайг хэлж байсан. Тухайн газарт байсан ургамлыг шатаасан тул хохирлын мөнгийг төлөх нь зөв гэж үзэж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С оос гэм хорын хохиролд 2,871,855 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 354,546 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 7,800,379 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч С.С оос 60,900 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2,250,000 төгрөг, хариуцагч С.С оос 2,250,000 төгрөгийг тус тус шинжээчийн хөлсөнд төлсөн төлбөрт гаргуулж Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Тухайн үед гарсан ой, хээрийн түймрээс учирсан хохирлын актад гэр хэлбэрийн модон байшин шатаж 4,370,863 төгрөгийн хохирол учирсанг төлж барагдуулсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон гэж буруу тайлбарлаж хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Шар өвс шатсан боловч байгалийн жамаараа нөхөн төлжиж ургасан тул хохирол учирсан гэж үзэж үндэслэлгүй, мөн шинжээчийн дүгнэлтээр ургамлын бүрхэвчид хохирол учирсан гэж тогтоосон нь шар өвс шатсаны улмаас учирсан хохирол гэж үзэж боломжгүй, малгүй, бэлчээрийн бус талбайн хохирлын үнэлгээг хонин толгойн аргачлалаар тооцсон нь үндэслэлгүй. Гал түймрээс учирсан хохирлын актад экологийн хохирлыг тооцсон үнэлгээг бэлчээр хадлангийн 18.2 гар талбайд 11,026,780 төгрөгийн экологийн хохирол учирсан гэж тогтоосон дүгнэлт, Грийн асесмент ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр гал түймэрт өртсөн талбайн ургамалан нөмрөгт хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэх дүгнэлт, Г ХХК -ийн шинжээчийн дүгнэлтээр гал түймэрт өртсөн 18,2 га талбайн ургамалын бүрхэвчинд 3,226,401 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлтүүд утгын хувьд эс зөрүүтэй байна. Шүүх хуулийг буруу тайлбарласан. Учир нь тухайн үед гал алдсаны улмаас учирсан гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан шалтгаант холбоо гэм бурууг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн нь иргэний хэрэгт нотлох баримтын хүрээнд авагдсан. Гэтэл шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С оос гэм хорын хохиролд 2,871,855 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч нь хариуцагч С.С-д д холбогдуулан гэм хорын хохиролд 11,026,780 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын 7,800,379 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагчаас 3,226,401 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. С.С нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр * ам гэх газарт байрлах өөрийн гэр бүлийн эзэмшлийн хашааны шар /хагд/ өвсийг шатаасны улмаас гал түймэр гарч улмаар ойр орчмын * га талбай бүхий иргэдийн эзэмшлийн болон нийтийн эдэлбэр газар галд өртөж шатсан үйл баримт нь зохигчийн тайлбар, 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Л.Х, С.С , П.Ө, Х.Ө, Д.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, эрүүгийн мөрдөгчийн илтгэх хуудас, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 27м/2а-3243 дугаар албан бичиг, 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 175/охт-1 дугаар шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн тогтоол, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, ой хээрийн түймрээс учирсан хохирлын акт, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 871 дугаар прокурорын тогтоол зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч С.С нь бусдад учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4. Г ХХК -ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 223 дугаар үнэлгээгээр ...гал түймэрт өртсөн * га талбайн ургамлын бүрхэвчид 3,226,401 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэжээ. /1хх206-241/ Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээний тайланг гэм хор учирсан нөхцөл байдал, талуудын мэтгэлцээний байр суурьтай харьцуулан дүгнэвэл шатсан ургамлын бүрхэвчинд учирсан хохирлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

4.1. Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээний тайлан, талуудын тайлбар зэргийг үндэслэн нийтийн эдэлбэрийн * га талбайн ургамлын бүрхэвчид учруулсан хохирлыг 2,871,855 төгрөг гэж тооцон хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 354,546 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

4.2. Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно., хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт Аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ гэж тус тус заажээ.

 

5. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан бодитой үнэлж, байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирол нь эд хөрөнгийн хохирол гэж дүгнэж, гал түймэрт өртсөн талбайн ургамлын бүрхэвчид учруулсан хохирлын үнийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгөд учирсан гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлнэ гэж заасантай нийцжээ.

6. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан ...шар өвс шатсан боловч байгалийн жамаараа нөхөн төлжиж ургасан, малгүй, бэлчээрийн бус талбайн хохирлын үнэлгээг хонин толгойн аргачлалаар тооцсон нь үндэслэлгүй гэх агуулгаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь хариуцагчийн хууль бус үйлдлээс шалтгаалан хохирол учирсан болох нь хэргийн баримтуудаар тогтоогдсон, түүний гэм буруугийн асуудлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс шалгах явцад бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан атлаа ойр орчмын буюу нийтийн эдэлбэрийн * га талбайд учирсан хохирлыг төлөөгүй, байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирол нь гал түймэр гарсантай холбоотойгоор учирсан байх тул С.С-д йн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзнэ. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

7. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гал түймэр гарч газрын хөрс, ургамал шатсан тул хариуцагч С.С нь нэхэмжлэгчид хохирол учруулсан гэм буруутай гэх агуулгаар дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2023/00813 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН