| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0027/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 58
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, улсын яллагч Т.Нансалмаа, шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржгон овогт Батмөнхийн Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 05268 1479 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржгон овогт Батмөнхийн Л, Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 03-ны .... өдөр төрсөн, эрэгтэй, 21 настай, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “МТ” Сехьюрити ХХК-д түгээгч ажилтай, ам бүл зургаа, эгч, хүргэн ах, дүү нарын хамт ........... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ....., урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын 9 дүгээр салбарын гадна талбайд иргэн О.Б-тай “үйлчилгээний асуудлаас” болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Шүүгдэгч Боржгон овогт Батмөнхийн Л нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын 9 дүгээр салбарын гадна талбайд үйлчлүүлэгч О.Б-тай “үйлчилгээний дарааллаас” болж маргалдан улмаар түүний бие махбодод “...зүүн ухархайн дотор ханын хугарал, зүүн зовхины цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Л-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэргийн үйл баримт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч О.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 8 цаг 30 минутын орчимд бензин авах ШТС дээр очсон. Би тус ШТС-р байнга үйлчлүүлдэг, тэр өглөө хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд 3 бага насны хүүхэдтэй явж байсан. Очоод нэлээд удаан хүлээсэн, тэгтэл шүүгдэгч миний дараа ирсэн машинд түрүүлж үйлчлэхээр нь “дарааллаар нь үйлчил” гэж хэлэхэд “сүртэй юм бэ” гээд үглээд байсан. Тэгээд хүрч ирээд “6,000 төгрөгийн шатахуун хийхийн хооронд юун сүртэй юм бэ” гээд уурласан, тэгэхээр нь “би ч бас яарч байна, нялх хүүхэдтэй явж байна” гэж хэлэхэд “юун сүртэй гичий вэ, яараад байгаа бол явахгүй юу” гээд цонхоор картыг минь хацар шалбартал шидсэн. Тэгээд би буугаад “хийчхээч” гэж хэлээд шатахуун шахуургын хошууг нь аваад өгөхөд над руу буцааж шидсэн, тэгэхээр нь би буцаагаад шидсэн. Тэгтэл миний хүрэм руу бензин цацагдсан бөгөөд нөгөөх залуу намайг “гөлөгнүүдээ дагуулсан гичий” гэж доромжилсон. Тэгээд машины цаад талаар орж ирээд намайг өшиглөхөд нь би буцаагаад өшиглөх гэтэл миний хөл хүрээгүй. Тэгээд шүүгдэгч миний нүүр лүү цохиход хөмсгөн дээр хавдсан. Тэгээд би машиндаа суугаад цагдаа дуудсан. Хагалгаанд орсны төлбөр 2,065,628 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн би сэтгэл санаагаар маш их хохирсон. Би хүргэлтээр жимс зардаг байсан энэ хэргээс болж ажлаа хийж чадахгүй байна. Энэ хугацааны орлогоо нэхэмжилнэ. Одоо миний нүд зүүн тийш харахаар давхар хараад байгаа, цаашид эмчид дахин үзүүлнэ...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч О.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…тэгтэл түгээгч нь ирээд миний дараа ирсэн машинд бензин хийхээр нь би “чи дарааллын дагуу хийчхээч ээ, би жаахан хүүхэдтэй яараад байна ш дээ” гэсэн чинь “чи юун сүртэй юм бэ 6000 төгрөгийн шатахуун хийж байхад” гэхээр нь “би яараад байна ш дээ” гэсэн чинь “сүртэй гичий вэ” гээд нүүр лүү миний Хаан банкны картыг маань шидчихээр нь би машинаасаа буугаад бензиний хошууг нь булааж “хийчхээч“ гэтэл “хийхгүй” гээд хошуугаа буцааж шидээд над руу бензин цацчихсан. Тэгээд тэр залуу намайг “гөлгөө дагуулсан гичий” энэ тэр гээд өчнөөн хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би “чи намайг элдвээр хэлээд байхдаа яадаг юм ажлаа хийж чадахгүй байж” гэж хэлсэн чинь гэдэс рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд өшиглөх гэсэн чинь хөл хүрээгүй. Тэгтэл тэр түгээгч гараа зангидаж байгаад нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Миний зүүн нүдний ухархайн дотор хана хугарч, зүүн зовхины дээд талд хөхөрч хавдсан…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 09-10 дугаар хуудас),
4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 13672 дугаартай “...О.Б-гийн биед зүүн ухархайн дотор хананы хугарал, зүүн зовхины цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 19 дүгээр хуудас);
5. Шүүгдэгч Б.Л-ын иргэний бүртгэлийн нэгдсэн лавлагаа (хх-ийн 25 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 23 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Б.Л-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би үйлчилгээний газар ажилладаг хүн. Манай байгууллагаар олон хүн үйлчлүүлдэг. Харин энэ эмэгтэй шиг машинаасаа бууж ирээд өшиглөөд, зодож хэл амаар доромжлоод, байгууллагын эд хогшил авч шидээд байдаггүй. Тэр эмэгтэй намайг маш их бухимдуулсан. Түүний авч шидсэн түгээгүүрийн хошуу хэрэв эвдрэх юм бол би төлдөг юм. Гэхдээ би О.Б-гийн нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Түүний биед хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-49 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Б-ийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Л-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч О.Б-гийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.Л-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч О.Б нь мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,065,628 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд нэхэмжлэл нь нотлох баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Л-с 2,065,628 төгрөгийг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Л нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй бөгөөд гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн дүгнэлтэд: “...Шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Б.Л-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Б.Л торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг энэ хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Л-с 2,065,628 төгрөгийг гурван сарын дотор гаргуулан хохирогч О.Б-д олгосугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Л-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА