| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2019/0010/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/05 |
| Огноо | 2019-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/05
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Р,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Д.З, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д-ийн З-нд холбогдох эрүүгийн 1817002470114 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Д-ийн З /РД:МЗ65021516/, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд 1965 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Багш нарын байрны 307-04 тоотод оршин суух, “Баяннексус” ХХК-д туслах ажилтан ажилтай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, охин, зээ нарын хамт амьдардаг, урьд 1983 онд Эрүүгийн хуулийн 88 дугаар зүйлийн б-д зааснаар 3 жил хорих ялаар, 1999 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил хорих ялаар, 2003 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1-т зааснаар 60 000 төгрөгөөр торгох ялаар, 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар 1 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэх,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Д.З нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Багш нарын байрны 04 тоотод оршин суух гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн охин З.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр, дагз, баруун гарын мөр, сарвуу тус газар пивоны аягаар цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Д.З нь согтуурсан үедээ 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Багш нарын байрны 04 тоотод гэртээ төрсөн охин З.Ж-тай хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүр, дагз, баруун гарын мөр, сарвуу тус газарт пивоны шилэн аягаар цохин зодож гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр болох бие махбодын хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Д.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чойрын Богд ууланд ажил хийж байгаад цуг ажиллаж байсан залуутай хамт гэртээ ирээд нэг шил архи уусан. Тэгээд унтаж байсан чинь охин оройтож ирэхээр нь оройтлоо гээд загнасан чинь өөдөөс хэрэлдээд байхаар нь уурандаа шилэн стаканаар нүүр лүү нь нэг цохиод араас нь хоёр гурав цохисон. Хамгийн гол нь үгэнд орохгүй болохоор нь уурандаа цохьсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
1.2. Хохирогч З.Ж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 01-ны өдөр найз Н-ийн хамт Халуун тогоо гэх газарт ганц нэг пиво уугаад гэртээ ортол манай аав З гэрийн үүдэнд архи уугаад тасараад унасан хэвтэж байсан. Би дээгүүр нь давж гараад гэрлээ асаатал аав босч ирээд янхан минь чи хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ гэхээр нь би өөдөөс нь юу гээд солиороод байгаа юм бэ гэж хэлээд эргээд харсан чинь аав миний баруун нүд рүү нэг зүйлээр хүчтэй цохисон. Миний нүдэнд оч манараад доошоо суусан. Тэгтэл миний ар талаас толгойн ар дагз хэсэг рүү хэд хэд удаа хатуу юмаар цохиод байсан. Аав гартаа том пивоны шилэн аяга барьсан байсан. Хажуу айлын Х орж ирээд юу болоод байгаа юм бэ гэсэн. Тухайн үед миний толгой, баруун нүдний хөмсөгнөөс цус гараад байсан. Х намайг гэртээ дагуулж ороод цагдаа дуудсан. Би эмнэлэг дээр очоод толгойны ар хэсэгт болон баруун нүдний хөмсөгний язарсан шарханд оёдол тавиулсан. Би тусдаа амьдарч байгаад саяханаас аавтайгаа хамт амьдрах болсон. Аавд зодуулахаас өмнө миний биед ямар нэгэн шарх байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-19 хуудас/
1.3. Гэрч С.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн үед манай хажуу хөрш айл болох З-ны гэрт хүмүүс болиочээ аллаа ш дээ гээд орилоод байхаар нь би яваад орсон чинь Ж аав З-даа зодуулсан байдалтай нүүр ам нь нил цус болсон байсан. З гуай толгойныхоо ар хэсгийг бариад энэ пизда намайг цохиод гээд зогсож байсан. Гал тогооны шал нь нилээн цус болсон байсан. З гартаа шилэн том стакан барьсан зогсож байхаар тэрийг нь аваад ширээн дээр нь тавиад Ж-ыг гэртээ оруулж ирээд цагдаа, эмнэлэг дуудсан. Тэгээд удаагүй цагдаа ирээд З гуайг аваад явсан. Ж, З хоёр архи уусан байсан. Ж-ны баруун нүдний дээд хөмсөг хэсэгт язарсан байсан. Дүү Д нь ирээд эмнэлэг рүү аваад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26 хуудас/
1.4. Гэрч Ц.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр З-ны хамт Чойр уулан дээр нүх ухаж байхдаа 1 шил Ерөөл нэртэй 0,33 литрийн архийг бид хоёр хувааж уусан. Тэгээд З ахын гэрт ирээд Ерөөл нэртэй 0,5 литрийн архи хувааж уугаад би харилаа гээд З-ны гэрээс гараад шууд гэртээ харьсан. З ах гайгүй л байх шиг байсан. Ах нь унтлаа гээд гэртээ үлдсэн. 2, 3 хоногийн дараа сонсоход З ах охин Ж-ийн толгойг хагалаад зодсон байна гэж сонссон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/
1.5. Гэрч Д.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 21 цагийн үед Цагдаагийн хэсгийн жижүүрийн албанд Багш нарын байрны 04 тоотод З нь охиноо зодоод байна гэх дуудлаганд очиход охин Ж нь аав намайг шилэн аягаар цохиод толгой хагалсан наадахаа аваад яв гэж байсан. З, Ж нар хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Ж-ийн баруун талын хөмсөг дээр язарсан шархтай байсан. З-ны толгойн ар хэсэгт хуйх нь язарсан байсан. Эмч үзээд ясанд гэмтэл байхгүй байна гэж хэлээд боолт хийж өгсөн. Тэгээд З-ыг эрүүлжүүлэх байранд авч ирсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/
1.6. Гэрч З.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байтал Х над руу утсаар яриад эгчийг чинь аав чинь зодоод хөмсөг нь язарсан байна гэж хэлсэн. Тэгээд би аав З-ны байдаг Багш нарын байрны 04 тоотод очиход аавыг цагдаагийн хүмүүс аваад явсан байсан. Эгч Ж хажуу айлдаа цусаа угаагаад сууж байсан. Тэгэхээр нь би эгч Ж-ыг эмнэлэг рүү аваад явсан. Эгчийн баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх болон ард дагзны хэсгийн шарханд оёдол тавиулсан. Аав архи уухаараа эгчтэй маргалдаад хэрүүл өдөөд байдаг гэсэн. Ер нь манай аав З жаахан ааш муутай хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30 хуудас/
1.7. Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 340 дүгээр дүгнэлтэнд: З.Ж-ны биед баруун хөмсөгний дээд хэсэгт зүсэгдсэн шарх дагзанд няцарсан шарх, баруун нүдний зовхинд, баруун мөрөнд, баруун гарын сарвуунд цус хуралт гэмтлүүд учирчээ. Баруун хөмсөгний дээд хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 36 хуудас/
1.8. Аюулын зэргийн үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /х.х-ийн 3-4, 84-88 хуудас/
1.9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 5-8 хуудас/
1.10. Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл / х.х-ийн 51-52 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.З-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокуророос шүүгдэгч Б.З-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан этгээдэд шүүгдэгч, хохирогч нар нь хамаарах ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан бие махбодын хүчирхийлэл үйлдэгдсэн гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.З нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогч З.Ж-ны хамт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэнийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Б.З эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч З.Ж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би аавдаа ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/
2.2. Гэрч Ц.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “З ах хүнтэй харьцахдаа боловсон харилцаатай, хүний хий гэснийг хийгээд явдаг, хар бор ажилд сайн хүн. Хамт ажил хийж байхад элдэв янзын ааш зан гаргадаггүй, өөрийнхөө хариуцсан ажлыг сайн хийдэг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/
2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 60-73 хуудас/
2.4. Д.З-ны хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан тухай Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /х.х-ийн 81 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй, прокуророос шүүгдэгч Д.З-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөнийг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.З нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-ийн З-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-нд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-нд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.З нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА