Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/06

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Х.Г,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б-ын Г-д холбогдох эрүүгийн 1817002110110 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, С овогт Б-ын Г /РД:НД88020777/, Төв аймгийн Архуст суманд 1988 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон 1 дүгээр гудамж 386-б тоотод оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялд, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар оногдуулсан 1 сарын баривчлах ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр:

 

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Балданзасаг” худалдааны төвийн 2 давхарт байрлах Б.А-ийн 20 дугаартай лангуунд хууль бусаар нэвтэрч “ faberlic” нэрийн үнэртэй ус 13 ширхэг, нүүрний тос 2 ширхэгийг тус тус хулгайлж 710 000 төгрөгний хохирол, мөн 2018 оны 10 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Балданзасаг” худалдааны төвийн 2 давхарт байрлах С.А-ийн 19 дугаартай лангуунд хууль бусаар нэвтэрч “aser” маркийн зөөврийн комьпютер 1 ширхэгийг хулгайлж 180 000 төгрөгийн хохирол, нийтдээ 890 400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Балданзасаг” худалдааны төвийн манаачтай хамт архидан согтуурч байгаад  бие засах шалтгаанаар тус худалдааны төвийн үйл ажиллагаа явуулдаг хэсгийн хаалгыг нь түлхүүрээр нээн орж 2 давхарт байрлах Б.А-ийн 20 дугаартай лангууны цоожтой байсан хулсан хаалтыг эвдлэн нэвтэрч “faberlic” нэрийн үнэртэй ус 13 ширхэг, нүүрний тос 2 ширхэгийг тус тус хулгайлж 710 000 төгрөгний хохирол, мөн С.А-ийн 19 дугаартай лангууны цоожтой байсан хулсан хаалтыг эвдлэн нэвтэрч “Аser” маркийн зөөврийн комьпютер 1 ширхэгийг хулгайлж 180 000 төгрөгийн хохирол, нийт 890 400 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг болдог өдөр хүний бичиг баримт авч ирж өгөх гэж хөдөөнөөс ирсэн. Тэгээд Ц-тай утсаар ярьж уулзаад архи ууж эхэлсэн. Ц-тай ууж байгаад Балданзасаг зах руу орсон. Тэгсэн тэнд бас архи ууж байсан. Нийт 3 шил архи уусан. Архи уугаад ийм зүйл болсон байна. Харуултай нь цуг архи ууж байгаад бие засах гээд харуултай хамт 2 давхарт гарсан. Тэр үед эхлээд хаалтыг нь налаад унахад хаалт нь хонхойсон. Тэгээд орсон чинь компьютер байсан тэрийг нь авсан. Нөгөөдхийг нь сайн санахгүй байна. би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед би лангуугаа цоожлоод явсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 11 цаг өнгөрч байтал намайг хажуу лангууны А эгч над руу залгаад танай лангуунд хулгай орсон байна гэж хэлсэн. Намайг анх ирэхэд лангууны цоожийг эвдлээгүй лангууны өмнөх хулсан хаалтны цоожны доод хэсгийг нь сөхөөд орсон юм шиг байсан. Хаалтны босоо төмрийг мурийлгаад эвдэлсэн байсан. Нийт 13 ширхэг үнэртэй ус, 2 ширхэг нүүрний тос хулгайд алдагдаж, 710 400 төгрөгийн хохирол учирсан байсан. Үнэртэй ус, нүүрний тосны үнийг анх худалдаж авч байсан үнээр нь хэлсэн. Цагдаагийн байгууллагаас хулгай хийсэн хүнийг олж тогтоогоод миний хүсэлтээр 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр надад эргүүлэн хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-34 хуудас/

 

1.3. Хохирогч С.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 21-ний орой би лангуугаа 19 цагийн үед хаагаад хоёр цоожоор нь дунд, доод хэсэгт нь цоожлоод явсан. 2018 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 10 цагийн үед ажилдаа ирэхэд лангууны өмнөх хулсан хаалтын хажуугийн босоо ирмэг төмөрнөөс нь ханзлаад орхисон байсан. Цоожнууд эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байсан. Бараагаа бүртгэж үзэхэд зарж байсан бараанд хүрээгүй байсан. Харин лангуун дээр байсан хар өнгийн Acer маркийн 1 ширхэг зөөврийн компьютерийг хулгайлсан байсан. Нөүтбүүкийг манай найз Д надад бэлэглэхдээ хувь хүнээс хуучин хэрэглэж байсныг нь 180 000 төгрөгөөр авч байсан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35-37 хуудас/

 

1.4. Иргэний нэхэмжлэгч Ц.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай худалдааны төвд 2018 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө манай түрээслэдэг 19, 20 дугаар лангуунуудад хулгай орж үнэртэй ус, нүүрний тос, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хулгайлсан байсан. Лангуу руу нэвтрэн орохдоо хулсан хаалтны ирмэг нийтдээ 4 төмрийг хөшиж мурийлгасан байсан. Эдгээр төмрийг одоо солих шаардлагатай болсон. 1 ширхэг төмөр нь 25 000 төгрөгийн үнэтэй нийтдээ 100 000 төгрөг болж байгаа. Хулсан хаалтны 4 ширхэг бариулыг бас эвдсэн байсан шинээр солих шаардлагатай. 1 бариул нь 4 000 төгрөгийн үнэтэй. Нийтдээ 16 000 төгрөг болж байна. Хулсан хаалтны замаар гүйдэг хавчдаг хавчаар мулт татаж эвдэлсэн байсан. 1 ширхэг нь 3 000 төгрөг  нийт 30 000 төгрөг болж байгаа. Мөн хулгай хийсэн хүнийг хайхад би шатахуунд зарцуулсан 50 000 төгрөгөө нэмж нэхэмжилнэ. Нийтдээ миний зүгээс 196 000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38-40 хуудас/

 

1.5. Гэрч Ж.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Өчигдөр орой 19 цагийн үед би Г-тай 6 байшингийн худаг дээр таарахад Г надад хувцасаа угааж хонох газар хэрэгтэй байна гэхээр нь ажил дээр очоод манай нөгөө харуул С ахын гэрийнх нь түлхүүрийг авах гээд Г бид 2 очтол С ах ганц шил архи авч өгөхөөр нь бид гурав хувааж уугаад Г бид 2 хонхор ороод найз А-нд нэг шил 0,75 литрийн ерөөл архи дахин уугаад ажил руу ирээд би Г-ыг ажил дээр үлдээгээд найз хүүхэнтэйгээ уулзаад өглөө 04 цагийн үед ажил дээрээ ирэхэд С ганцаараа байсан. Г байхгүй гараад явсан байсан. Манай нөгөө найз хаашаа явсан бэ гэхэд С танай найз намайг зодоод явсан гэж хэлсэн. Г хулгай хийх талаар надад юм яриагүй. Маргааш өглөө нь ээлжээ 10 цагийн үед хүлээж аваад зах дотор хулгай орсоныг мэдсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23, 44 хуудас/

 

1.6. Гэрч Б.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Өчигдөр орой Г манайхаар 23 цаг өнгөрч байхад орж ирээд баахан үнэртэй ус гаргаж ирээд зарна гээд үзүүлээд байсан. Би хаанаас авсан талаар нь асуухад надад хаанаас авсанаа хэлэхгүй байсан. Дөрвөлжин цагаан, саарал хайрцагтай үнэртэй уснууд авч явсан. Багцаагаар 20-иод тооны үнэртэй ус байсан. Тэгээд бас жижигхэн хар өнгийн нөүтбүүк авч явсан. Тэрийгээ бол зарахгүй гэж байсан. Г-аас архи үнэртэж байсан гэхдээ тийм их согтуу биш байсан. Бид хоёр хамт төмөр зам явж 0,5 литрийн Ерөөл архи нэгийг авч ирж манай гэрт хувааж уусан. Архийг Г ногоон өнгийн 2 сим ордог гар утас барьцаанд тавьж авсан. Би түүнээс чи хулгай хийсэн юм биш биз дээ гэхэд тэр над руу уурлаад бид хоёр жаахан маргалдаад би чамайг цагдаа дуудаж өглөө шүү гэхэд тэр гараад зугтаасан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24,42 хуудас/

 

1.7. Гэрч Г.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Өчигдөр би ээлжтэй байхад манай нөгөө харуул Ц ирэхээр нь би Ц-аас ганц юм уух уу гэж асуутал жаахан байж байгаад больё гээд гарч яваад ирэхдээ үл таних залуу дагуулж орж ирсэн. Тэгээд бид гурав 0,75 литрийн Стандарт нэртэй архи задлаад хувааж уусан. Нтэр залуутай хамт явсан эсэхийг би мэдэхгүй байна. Яагаад гэвэл би нилээн муудсан байсан. Ц-тай цуг ирсэн залуу ногоон өнгийн дээлтэй байсан. Би өөр юм санахгүй байна. Би тэр өдөр цайндаа явахдаа гэртээ байсан хугас шил архийг ганцаараа уусан байсан. Орой нь 3 уулаа нэг шил 0,75 литрийн архи уусан. Тэгээд би согтоод унтаад өгсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25, 43 хуудас/

 

1.8. Гэрч Л.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би өөрийн найз А-д “ACER” маркийн зөөврийн компьютерийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр бэлэглэсэн. Би 2018 оны 04 сард хувь хүнээс хуучин зөөврийн компьютерийг 180 000 төгрөгөөр худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41 хуудас/

 

1.9. Гэрч Л.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 22-ны өглөө 10 цагийн үед манай гэрт Г нилээн согтуу архи үнэртүүлсэн, айсан царайтай юм дугарч өгөхгүй байсан. 13 цаг өнгөрч байтал над руу Г залгаад Г байна уу Балданзасаг захад хулгай орсон түүнийг сэжиглэж байна  цагдаагаас хайгаад байна гэж хэлсэн. Тухайн үед Г нөгөө өрөөнд унтаж байсан. Тэгэхээр нь би сэрээгээд чамайг хулгай хийсэн гээд хайгаад байгаа юм байна гэхэд би согтуудаа Балданзасаг захын 2 давхараас зөөврийн компьютер, үнэртэй ус хулгайлсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эртхэн цагдаа дээр очиж мэдэгд, авсан юмаа эзэнд нь эргүүлж өг гэхэд айгаад юм дугарч чадахгүй байсан. Тэр шөнө гэртээ унтаж байтал 00 цагийн үед цагдаагаас хүмүүс ирээд Г-ыг аваад явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 48 хуудас/

 

1.10. Хэргийн газрын  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 5-9 хуудас/

 

1.11. Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /х.х-ийн 11-20 хуудас/

 

1.12. Үнэ тогтоох комиссын эд зүйлийн үнэлгээг тогтоосон дүгнэлт /х.х-ийн 17, 52, 54 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Б.Г-ыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Г-ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж дурдсан байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Г-ыг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ. “Балданзасаг” худалдааны төв нь хэдийгээр харуул хамгаалалттай үйлчилгээний байгууллага боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “тусгайлан хамгаалсан байранд” хамаарахгүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүгдэгч Б.Г нь үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлаагүй. Тухайн худалдааны төвийн харуултай архидан согтуурах явцдаа бие засахаар худалдааны төвийн 2 дугаар давхарт байрладаг 00-ын өрөө рүү явахад нь харуулын үүрэг гүйцэтгэж байсан хүн нь өөрөө хаалгыг нээн дотогш нь нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл хууль ёсоор нэвтэрсэн болно. Харин нэвтэрсний дараагаар 19, 20 тоот лангуунаас эд зүйлс хулгайлсан тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь: шүүгдэгч Б.Г нь тухайн худалдааны төвийг хаасан буюу үйл ажиллагаа зогссон үед харуултай нь архидан согтуурч улмаар бие засах нэрийдлээр хаалгыг нь нээлгэн худалдааны төв рүү орж 2 давхарт байрлах 19, 20 дугаар лангуунуудын бусдыг нэвтрүүлэхээс хамгаалах зорилгоор хийсэн хохирогч нарын цоожлоод явсан хулсан хаалтыг эвдлэн нэвтрэн орж эд зүйлийг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

ХОЁР: Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Б.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Алдсан бараагаа ямар нэг гарз хохиролгүйгээр бүрэн бүтнээр нь хүлээн авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-34 хуудас/

 

2.2. Хохирогч С.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр компьютерийг ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтнээр нь хүлээн авсан. Одоо хэвийн ажиллагаатай байгаа. Өөр санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-34 хуудас/

 

2.3. Гэрч Ж.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Г-тай танилцаад 1 жил орчмын хугацаа өнгөрч байна. Зан аашийн хувьд бусадтай эвтэй найрсаг харилцаатай, даруухан, хар ажилд сайн, надтай бол их л сайхан харьцаатай байдаг хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 49 хуудас/

 

2.4. Гэрч Д.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Г нь байнга манайхаар орж гардаг бид нар дотно харилцаатай холбоотой байдаг хүмүүс. Зан байдлын хувьд Г үг дуу цөөтэй, цагаахан цайлган сэтгэлтэй, хар ажилд сайн, Хүний үгнээс гардаггүй дуулгавартай, хөдөлмөрч ажилсаг хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 49-50 хуудас/

 

2.5. Иргэний нэхэмжлэгчид хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /х.х-ийн 83 хуудас/

 

2.6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 68-74 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Г-ын бусдад учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгч Б.Ганзамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа Б.Г-д хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын хэмжээ, нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хорих ялыг хуульд зааснаас хөнгөн оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ шүүгдэгч Б.Г-ыг 2017 онд шүүхээс 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзасныг харгалзан үзлээ.

Харин шүүгдэгч Б.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-ыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч С овогт Б-ын Г-ыг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БАТТУЛГА