Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 224/МА/2023/00008

 

“М д”ХК-ийн нэхэмжлэлтэй,

Т.Б-д холбогдох иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2023/00009 дүгээр шийдвэртэй,

“М д”ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Б-д холбогдох, гэмт хэргийн улмаас нөхөн төлбөрт төлсөн 34.740.230 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 35.100.000 төгрөг, нийт 69.840.230 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золзаяа /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас нөхөн төлбөрт төлсөн 34.740.230 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 35.100.000 төгрөг, нийт 69.840.230 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “М д ХК-ийн нэр дээр бүртгэлтэй 99-96 УВХ улсын дугаартай, Lada загварын автомашиныг тус компанийн Увс аймаг дахь салбарын захирал Т.Б-гийн хэрэгцээнд зориулж, түүнд итгэмжлэн хариуцуулсан бөгөөд уг автомашины ашиглалт болон бүрэн бүтэн байдлыг Т.Б хариуцахаар тохиролцож гэрээ байгуулсан.

Гэтэл манай компанийн өмч болох 99-96 УВХ улсын дугаартай,Lada загварын автомашиныг Т.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй Б.Бд шилжүүлж, улмаар Б.Б нь Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг Замба гэх нэртэй газарт 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө Монгол даатгал ХК-ийн Увс аймаг дахь салбарын 99-96 УВХ улсын дугаартай Lada загварын автомашиныг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.6, 12.2, 12.3-д заасныг тус тус зөрчсөний улмаас иргэн Х.Л-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, иргэн Д.Ц-ны амь насыг хохироосон ба уг үйлдэлд Увс аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар магадлалаар иргэний хариуцагч Монгол даатгал ХК-иас 34.740.230 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, тогтоол хүчин төгөлдөр болжээ.

Дээрх шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд Монгол даатгал ХК-ийн өмчлөлийн 99-96 УВХ улсын дугаартай Lada загварын автомашиныг амь хохирогч Д.Цогтсайхан шүүгдэгч Б.Б-д шилжүүлснийг мэдсээр байж М д ХК-ийн Увс аймаг дахь салбарын захирал Т.Б өмч хариуцагчийн хувьд хориглож, таслан зогсоогоогүй байх тул шүүгдэгчийг эзэмшигчийн зөвшөөрлөөр тухайн автомашиныг жолоодсон гэж үзнэ гэх дүгнэлт нь эзэмшигч буюу Т.Бгийн зөвшөөрлөөр тухайн автомашиныг Б.Б жолоодсон, Увс аймаг дахь салбарын захирал Т.Б өмч хариуцагчийн хувьд хориглож, таслан зогсоогоогүй гэм буруутай болохыг тогтоосон. Т.Б нь хууль, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд тус тус заасан үүргээ зөрчсөний улмаас Монгол даатгал ХК-д эд хөрөнгийн хохирол учруулсан тул буруутай этгээд Т.Бгаас гэм хорын хохирлыг шаардах үндэслэлтэй.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар магадлалаар иргэний хариуцагч Монгол даатгал ХК-аас 34.740.230 төгрөгийг гаргуулсан бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримтад Монгол даатгал ХК нь гэм буруугүй бөгөөд 99-96 УВХ улсын дугаартай Lada загварын автомашины жолоог тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн Б.Бд шилжүүлсэн нь эд хөрөнгө эрхлэн хариуцсан Т.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас манай компанид 34.740.230 төгрөгийн хохирол учирсан.

Мөн Увс финанс аудит ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 202 дугаартай дүгнэлтээр уг автомашины үнэлгээг 35.100.000 төгрөгөөр тогтоосон бөгөөд цаашид уг автомашиныг засварлах, ашиглах боломжгүй болсон тул Монгол даатгал ХК-ийн өмчид 35.100.000 төгрөгийн хохирол учирсан. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 132 дугаар зүйлийн 132.1-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 132.2-т хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох ... гэж тус тус заасныг үндэслэн Т.Б нь Монгол даатгал ХК-д учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Иймд Т.Бгаас гэмт хэргийн улмаас учирсан нөхөн төлбөрт төлсөн 34.740.230 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 35.100.000 төгрөг, нийт 69.840.230 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

4. Хариуцагч Т.Б-гийн татгалзлын үндэслэл: “ Осол болох үед тухайн автомашиныг албан томилолтоор явсан Д.Ц, Х.Л нар хариуцан явж байсан. Би тэдэнтэй албан томилолтгүй хамт явсан. Энэ нь тухайн үеийн албан томилолт болон тээврийн хэрэгслийн албан даатгалд даатгуулсан баримт зэргээс харагддаг. Тухайн үед автомашины хойд талын суудалд Х.Лхагва-Очир бид хоёр унтаад явсан эхлээд зогссон болохыг мэдэхгүй, сүүлд харанхуйд нэг газар зогссон бөгөөд зогсоход манай машиныг автотээврийн Б.Б гэх залуу барьж явж байсан.

Д.Ц ах хэлэхдээ надад миний нойр хүрээд энэ залуугаар автомашинаа бариулж байна гэж хэлсэн. Тэр үед би Х.Л-той шахцалдаад тухгүй байхаар нь Автотээврийн төвийн фургон руу ороод хойд талын суудал дээр ганцаараа унтаад явахаар болсон. Осол болох үед автомашиныг Б.Б жолоодож явсан. Lada загварын 99-96 УВХ улсын дугаартай автомашин нь М д ХК-ийн Увс аймаг дахь салбарын хэрэгцээнд зориулж олгосон автомашин. Түүнээс биш Т.Б-д зориулсан автомашин биш бөгөөд салбарын бүх ажилчид албан хэрэгцээнд ашиглаж байсан. Иймд тухайн үед автомашиныг хариуцаж, албан томилолтоор явж байсан Д.Ц нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2023/00009 дүгээр шийдвэрээр:

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Б-д холбогдох гэмт хэргийн улмаас нөхөн төлбөрт төлсөн 34.740.230 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 35.100.000 төгрөг, нийт 69.840.230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М д ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Монгол даатгал ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507.125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тус тус шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгч “М д ХК-ийн гүйцэтгэх захирал О.Э давж заалдсан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

6.1. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ “...Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ М д ХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Д.Ц-ны амь нас хохирсон гэх үйлдэл, нэхэмжлэгч М д ХК нь хариуцагч Т.Б-гаас нэхэмжилж байгаа амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн хохирлын хооронд шалтгаант холбоогүй байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/42 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22 дугаар магадлалаар “М д”ХК-ийн өмчлөлийн 99-96 УВХ улсын дугаартай, Лада загварын автомашиныг амь хохирогч Д.Ц-н шүүгдэгч Б.Б-д шилжүүлснийг мэдсээр байж Монгол даатгал ХК-ийн Увс аймаг дахь салбарын захирал Т.Б өмч хариуцагчийн хувьд хориглож, таслан зогсоогоогүй байх тул шүүгдэгчийг эзэмшигчийн зөвшөөрлөөр тухайн автомашиныг жолоодсон гэж үзнэ” хэмээн дүгнэж, шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байдаг. Осол болох үед тээврийн хэрэгслийг Б.Б жолоодож явсан нь үнэн боловч М д ХК-ийн Увс аймаг дахь салбарын захирал Т.Б нь ажил; үүргийн дагуу хүлээн авсан тээврийн хэрэгслийн эзэмшигч болохын хувьд зориулалтын дагуу, зохих ёсоор ашиглах гэрээний үүргээ зөрчиж, өөрийн буруугаас Б.Бын согтуугаар тухайн тээврийн хэрэгслийг жолоодох боломж олгосныг тогтоосон шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байхад үүнийг шалтгаант холбоо байхгүй гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “ Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд Т.Б өмч хариуцагчийн хувьд хориглож, таслан зогсоогоогүй байх тул шүүгдэгчийг эзэмшигчийн зөвшөөрлөөр тухайн автомашиныг жолоодсон гэж үзнэ” гэх үйл баримт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон байтал үүнд дахин шалтгаант холбоо тогтоох нь үндэслэлгүй юм.

“М д”ХК нь тээврийн хэрэгслийн өмчлөгч болохын хувиар амь хохирогчид учирсан хохирол 34.740.230 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499 4-т зааснаар гэм буруугүйгээр гэм хорыг хариуцан арилгах буюу хохирогчид учирсан хохирлыг тэргүүн ээлжид барагдуулах үүргийн дагуу нөхөн төлсөн.

Гэхдээ тээврийн хэрэгслийн өмчлөгч гэм хорын хариуцлага хүлээж байгаа нь түүнийг ашиглах явцдаа бусдад хохирол учруулсан буруутай этгээдийн өмнөөс хохироод өнгөрнө гэсэн үг бус. Эхний ээлжид тээврийн хэрэгслийг ашиглах явцдаа бусдад учруулсан гэм хорыг өмчлөгч нөхөн төлж, үүний дараа тээврийн хэрэгслийг эзэмшиж явсан буруутай этгээдээс өмчлөгч өөрт учруулсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй юм.

6.2. Анхан шатны шүүх “ ...Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасныг үндэслэн Т.Бг эзэмшигч гэж үзэхгүй. Түүнчлэн тухайн үед автомашиныг Д.Ц эзэмшиж байсан, 99-96УВХ улсын дугаартай Лада загварын автомашин нь “М д”ХК-ийн өмчлөлийн автомашин тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Нямсүрэнд учирсан хохирлыг тээврийн хэрэгслийн өмчлөгч “М д”ХК хариуцах нь Иргэний хуулийн 499.1-т нийцнэ” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т нийцээгүй байна.

Хариуцагч Т.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 3 сарын туршилтын хугацаатайгаар салбарын захиралын албан тушаалд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Хариуцагч Т.Бг салбарын захирлын хувьд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “сэвгүй, шинэ дугутай, цоо шинэ” 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашиныг “Автомашин хүлээлцэх акт” үйлдэн хүлээлгэн өгсөн байдаг. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т “Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна.” гэж заасны дагуу Т.Б-д дээрх автомашиныг албан ёсоор хүлээлгэн өгснөөр тэрээр тээврийн хэрэгслийн эзэмшигч харин “М д”ХК шууд бус эзэмшигч буюу өмчлөгч гэсэн хууль зүйн ойлголтод хамаарна.

Шүүх “тухайн үед автомашиныг Д.Ц эзэмшиж байсан гэх үндэслэлээр түүнийг Иргэний хуулийн 499.1-т заасан эзэмшигч гэх ойлголтод хамаарна” гэж дүгнэхдээ түүний эзэмшлийг автомашиныг бодитой хяналтдаа байлгах боломжгүй богино хугацаанд хамаарч байгааг анхаараагүй. Яг энэ тохиолдолд автомашиныг богино хугацаанд шууд эзэмшилдээ байлгаж байсан ашиглагч Д.Цогтсайханыг эзэмшигч гэж үзэхгүй, харин бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр автомашиныг актаар хүлээн авч, урт хугацаанд шууд эзэмшлийг хэрэгжүүлж буй Т.Бг эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй юм.

Осол болох үед тээврийн хэрэгслийг ашиглагч гэх хууль зүйн ойлголтод хамаарах Д.Ц жолоодож явсан нь үнэн боловч Т.Б нь дээр дурдсанчлан эзэмшигч болохынхоо хувьд өөрийн буруугаас тухайн тээврийн хэрэгслийг Д.Ц-д ашиглах /жолоодох/ боломж олгосон нь тогтоогдсон байдаг.

Иймд дээрх 2 үндэслэлээр Монгол даатгал ХК-ийн Увс аймаг дахь салбарын захирал Т.Б нь гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхгүй байхаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т заасан “өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон эзэмшигч” мөн тул тэрээр гэм буруугүйгээр гэм хорын хохирол төлж хохирсон ажил олгогчийн хохирол 34.740.230 төгрөгийг Хөдөлмөрийн хууль болон ажил олгогчтой байгуулсан гэрээний дагуу “Монгол даатгал”ХК-д нөхөн төлөх үүрэгтэй.

6.3. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ “...Монгол даатгал ХК нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд зааснаар 99-96 УВХ улсын дугаартай Лада загварын автомашиныг хариуцагч Т.Б-д хүлээлгэн өгөөгүй” гэж нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан атал шүүхээс хэрэгт авагдсан “Т.Б-д автомашиныг хүлээлгэн өгсөн акт”-ыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, энэхүү баримтыг орхигдуулснаар буруу шийдэлд хүрч, гаргасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т заасан шаардлагыг хангасангүй.

Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 132 дугаар зүйлийн 132.1-т зааснаар хариуцагч Т.Б нь компанид учруулсан эд хөрөнгийн хохирлыг мөн хариуцах үүрэгтэй юм.

6.4. Анхан шатны шүүхийн шийдвэрт “ Түүнчлэн Увс финанс аудит ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 202 дугаартай дүгнэлтээр Лада загварын 99-96 УВХ улсын дугаартай автомашиныг өмнө байсан байдалд нь сэргээх зардлыг 13.010.708 төгрөг автомашины үнэлгээг 35.100.000 төгрөг гэж тус тус тодорхойлсон байх ба шинжээчийн дүгнэлтэд тус автомашиныг өмнө байсан байдалд нь сэргээх буюу засварлах боломжтой эсэх талаар тодорхойлоогүй байх тул ...хариуцагчаас автомашины хохиролд 35.100.000 төгрөг нэхэмжилж байна гэх нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжпэлийн энд хамаарах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 116.2, 116.3-т нийцээгүй.

Нэхэмжлэгч Монгол даатгал ХК-ийн зүгээс 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Т.Б-д цоо шинэ машин хүлээлгэж өгсөн тул хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалах үүргээ биелүүлээгүй, өөрийн буруугаас байгууллагын эд хөрөнгийн хохирол учруулсан нь тодорхой, нотлогдож байхад шүүх автомашиныг өмнө байсан байдалд нь сэргээх буюу засварлах боломжтой эсэх талаар шинжээч тодорхойлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь илт үндэслэлгүй байна.

Автомашиныг өмнө байсан байдалд нь сэргээх буюу засварлах боломжтой эсэх талаар шинжээч тодорхойлоогүй нь нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй, харин нэхэмжлэлийн шаардлагыг сэргээх зардал 13.010.708 төгрөгийн хэмжээнд зарим хэсгээр хангах, эсхүл автомашины үнэлгээ 35.100.000 төгрөгийн хэмжээнд бүрэн хэмжээгээр хангах шийдвэрийн аль нэгийг гаргах үндэслэл болох байсан.

Лада загварын машины сэлбэгийг захиалгаар ОХУ-аас Монгол улсад оруулж ирдэг тухай шинжээчийн дүгнэлтэд дурдсан байдаг ба нэхэмжлэгчийн зүгээс тээврийн хэрэгслийг сэргээн засахаар Монгол Улсад байдаг хэд хэдэн машин засварын төвд хандсан боловч Лада загварын сэлбэг маш ховор, гаднаас захиалж авчрахаас өөр аргагүй, мөн ковид-19 цар тахлын улмаас хил хаагдсантай холбогдуулан тээврийн хэрэгслийг засуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс цаашид уг автомашиныг засварлах, ашиглах боломжгүй байх тул М д ХК-ийн өмчид 35.100.000 төгрөгийн хохирол учирсныгхариуцагч Т.Б хариуцах ёстой гэж үзэж байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т “анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж зааснаар нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2023/00009 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, Монгол даатгал ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

7. Нэхэмлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М д ХК нь тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувьд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохиролд 34.740.230 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар гэм буруугүйгээр хохирогчид учирсан хохирлыг хариуцан арилгах буюу учирсан хохирлыг тэргүүн ээлжид барагдуулах үүргийнхээ дагуу нөхөн төлсөн. Монгол даатгал ХК-аас гарах ёсгүй зардал гарч хохирсон тул уг хохирлыг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах явцдаа өөрийн буруугаас болж энэхүү хохирлыг учруулсан ажилтан Т.Бгаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

Т.Б-гийн буруутай үйлдэл нь шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаар Монгол даатгал ХК-ийн өмчлөлийн 99-96 УВХ улсын дугаартай авто машиныг амь хохирогч Д.Цогтсайхан нь шүүгдэгч Б.Б-д шилжүүлснийг мэдсээр байж Монгол даатгал ХК-ийн Увс аймаг дахь салбарын захирлын ажилтай байсан Т.Б нь өмч хариуцагчийн хувьд хориглож таслан зогсоогоогүй байх тул шүүгдэгчийг эзэмшигчийн зөвшөөрлөөр тухайн авто машиныг жолоодсон гэж үзсэн нь дүгнэлтээр тогтоогдож байна. Осол гарах үед тээврийн хэрэгслийг Б.Б нь жолоодож явсан нь үнэн боловч Т.Б нь ажил үүргийн хувьд хүлээн авсан тээврийн хэрэгслийн эзэмшигч болохын хувьд зориулалтын дагуу зохих ёсоор ашиглах гэрээний үүргээ зөрчиж өөрийн буруугаас Б.Быг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох боломжийг олгосон нь тогтоогдож байна.

Иймд гэм хорын хариуцлагаас чөлөөлөгдөхгүй болохыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т заасан өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон эзэмшигч нь Т.Б тул өөрийн буруугаас ажил олгогчид учирсан хохирлыг бүрэн хариуцах талаар зохицуулсан хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн гэрээний заалтын дагуу 34.740.230 төгрөгийг Монгол даатгал ХК-д төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь Монгол даатгал ХХК эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасан 99-96 УВХ улсын дугаартай авто машиныг хариуцагч Т.Б-д хүлээлгэн өгөөгүй гэж дүгнэсэн байдаг. Монгол даатгал ХК-аас 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Т.Б-д цоо шинэ машин хүлээлгэн өгсөн тухай актыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхээс үүнийг хэрхэн үнэлсэн талаар шийдвэртээ дурдаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж байна. Т.Б-д авто машиныг хүлээлгэн өгсөн актыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, энэ баримтыг үнэлэхгүйгээр орхигдуулснаар буруу шийдэлд хүрч гаргасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзсэн. Авто машиныг сэргээх буюу засварлах боломжтой эсэх талаар тодорхойлоогүй гэдэг дүгнэлтээр 35.100.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 116 дугаар зүйлийн 116.2, 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Хэрвээ шинжээчийн дүгнэлт нь тодорхой бус байсан бол шүүхээс дахин шинжээч томилох боломжтой байсан. Гэтэл дахин шинжээч томилох боломжийг ашиглахгүйгээр шинжээчийн дүгнэлт тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргасан. Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлээ нэг бүрчлэн тайлбарласан  учраас гаргасан гомдлыг дэмжиж байна“ гэв.

8. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Амь хохирогч Ц.Цогтсайхан нь тухайн үед албан ажлаараа буюу Монгол даатгалынхаа ажлаар явж байсан нь тогтоогддог. Т.Б нь хамт явж байсан боловч түүнд ямар нэгэн албан томилолт байгаагүй. Харин нь Д.Цогтсайхан нь хажуудаа нэг хүнтэй албан томилолтоор явж байхдаа амь хохирсон.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс Т.Бг таслан зогсоогоогүй үйлдлийг зөвшөөрсөн гэж үзнэ гэх дүгнэлтэд гомдол гаргасан. Гэтэл Баярмагнайд зөвшөөрсөн үйлдэл байхгүй. Хавтаст хэргийн 41-р хуудсанд гэрч Э-ын мэдүүлэгт “Б нь, Ц ах гуйгаад байна. Би машин барьсан шүү гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл талийгаач өөрөө машинаасаа бууж машинаа бариулсан нь тогтоогддог.

Т.Б, Д.Ц нарын хувьд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн хариуцлага хүлээх гэрээ нь үг үсгийн зөрүүгүй адилхан байдаг. Зөрүүтэй нэг зүйл бол тухайн үед Т.Б нь албан томилолтгүй, Д.Ц нь албан томилолттой явж байсан. Ийм учраас Т.Б-г ажил үүргээ гүйцэтгэж явж байсан гэж үзэх боломжгүй. Т.Б нь машиныг Улаанбаатар хотоос авч ирсэн нь үнэн, баримт нь байдаг. Гол асуудал нь Улаанбаатар хотоос Увс аймаг дахь Монгол даатгалын салбар дээр ирэх хоорондын асуудал болохоос Увс аймагт ирчхээд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээн дээр байгаа шиг тусгайлан картлаад өгсөн зүйл байхгүй.

Эхний жил жолоочийн хариуцлагын гэрээнд: Т.Б, Ц хоёрыг жолоодох эрхтэйгээр гэрээ хийсэн байсан. Гэтэл 2 дахь жилдээ буюу осол гарахаас сарын өмнө жолоочийн хариуцлагын даатгалыг ямар ч хязгаарлалтгүй болгосон. Өөрөөр хэлбэл салбарын ажилтан тухайн машиныг бариад явах боломжтой болгосон. Т.Б нь М д-ын захирлын албан тушаалын цалинг авч байсан. Жолоочийн урамшуулал юм уу нэмэгдэл цалин авч байгаагүй. Тийм учраас үүнийг Т.Б нь хариуцах боломжгүй. Эвдэрсэн машинаа бүхэлд нь нэхэмжилсэн.

Гэтэл шинжээчийн дүгнэлтээр энэ машиныг засахад 13 сая төгрөг шаардагдана гэж үзсэн. Өмнөх шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ машин нь улсын бүртгэлээс хасагдсан уу гэж асуухад одоо хүртэл хасагдаагүй, Монгол даатгал ХК-ийн нэр дээр байгаа гэж хэлсэн. Үнэхээр ашиглах боломжгүй гэж үзэж байгаа бол улсын бүртгэлээс хасах ёстой. Т.Золзаяа сая гаргасан тайлбартаа шинжээч дахин томилоод дүгнэлт гаргуулах боломжтой гэж хэлсэн.

Иргэний хэрэгт нотлох баримтаа зохигчид өөрсдөө гаргадаг учраас шүүх санаачилгаараа нотлох баримт бүрдүүлэх боломжгүй. Хэрвээ шаардлагатай гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч тал хүсэлтээ гаргаж тухайн машинд шинжээч томилуулах боломж байсан. Эдгээрээс үзэхэд шүүхийн шийдвэр нь Д.Бат-Оргил нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуугаар “М д”ХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж иргэн Д.Цогтсайханы амь нас хохирсон гэх үйлдэл, нэхэмжлэгч Монгол даатгал ХК-ийн хариуцагч Т.Бгаас нэхэмжилж байгаа амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоогүй байна гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “М д”ХК-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2023/00009 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч “М д”ХК нь хариуцагч Т.Б-д холбогдуулан

- гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсны хохиролд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 34.740.230 төгрөг,

- байгууллагын эд хөрөнгө буюу автомашинд учирсан хохиролд 35.100.000 төгрөг, нийт 69.840.230 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Т.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзсан үндэслэлээ “ Осол болох үед тухайн авто машиныг албан томилолттой явж байсан амь хохирогч Д.Ц болон Х.Л хариуцан явж байсан. Би тухайн үед албан томилолтгүй, даатгалын орлого бүрдүүлэх ажилд туслах зорилгоор хамт явсан. Осол болох үед Lada загварын 99-96 УВХ автомашиныг Б.Б жолоодож явсан. Уг автомашин нь “М д”ХК-ийн Увс аймаг дахь салбарын үйл ажиллагааны хэрэгцээнд зориулж олгосон автомашин. Түүнээс биш Т.Б-д зориулсан автомашин биш бөгөөд салбарын бүх ажилтнууд албан хэрэгцээнд ашиглаж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргасан байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч “М д”ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.  

5. Хэрэгт, Б.Б нь 2020 оны 5 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр багийн нутаг Замба гэх газар “М д”ХК-ийн өмчлөлийн 99-96 УВХ улсын дугаартай, Lada загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас бусдын амь нас хохирсон, мөн уг автомашин эвдэрч гэмтэн эд хөрөнгийн хохирол учирсан үйл баримт тус тус тогтоогдсон байх ба уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцагч Т.Б хариуцах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

5.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заажээ.

Хуулийн эдгээр зохицуулалтын агуулгаас үзэхэд гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагч хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ гаргасан нь тогтоогдсон, уг үйлдлээс хохирогчид гэм хор учирсан ба гэм хор болон үйлдэл / эс үйлдэхүй/-н хооронд шалтгаант холбоотой байх, гэм хор учруулагч гэм буруутай байх нөхцлийг шаардсан байна.

Хэрэгт, хариуцагч  Т.Б-гийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учирсан гэх нотлох баримт авагдаагүй, түүний хууль бус гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдын амь нас хохирсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул зам тээврийн ослын улмаас иргэн Д.Цогтсайханы амь нас хохирсноос учирсан хохирол, хор уршгийг Т.Б хариуцах үндэслэлгүй байна.

5.2. Харин Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар тээврийн хэрэгслийн ашиглалтаас учирсан гэм хорыг тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд 99-96 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Монгол даатгал ХК байх тул ослын улмаас бусдын амь нас хохирсноос учирсан хохирлыг Монгол даатгал ХК хариуцан арилгах үндэслэлтэй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

5.3.Нэхэмжлэгч нь ослын улмаас өөрийн өмчлөлийн 99-96 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эд хөрөнгийн хохирлоо тухайн үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 132 дугаар зүйлийн 132.1-т зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үндэслэл журмын дагуу тээврийн хэрэгслийг эзэмшиж, хариуцаж байсан тус компанийн Увс аймаг дахь салбарын захирал Т.Б төлөх үндэслэлтэй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тухайн үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн тухай хууль / 1999 он/-ийн  132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болохоор заасан ба мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн 135.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулсан ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр байна.

Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ нь ажилтан, ажил олгогчийн хооронд үүсэх эд хөрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулах үндэслэл болох тул гэрээнд ажил олгогчийн үүрэг, ажилтны хүлээх үүрэг, хориглох зүйл, хариуцлага зэрэг гэрээний нөхцлийн талаар тодорхой тусгасан байхыг шаардана.

Ажил олгогч, ажилтны хооронд дээрхи нөхцлийг тусгасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, энэ талаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй талаар хуульд тусгасан байна.

Түүнчлэн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулсан ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.1-135.1.5-т заасан тохиолдол буюу ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан, дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй, эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад учруулсан хохирлыг ажилтнаар төлүүлэхээр заажээ.

Монгол даатгал ХК болон тус компанийн Увс салбарын захирал Т.Б нарын  хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр хавсралтаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх боловч уг гэрээнд талуудын хүлээх үүрэг, хариуцлагын талаар тодорхой тусгаагүй, ажилтан ямар эд хөрөнгийг хэрхэн хариуцах, түүнд ямар хариуцлага хүлээлгэх зэргээр гэрээний нөхцлийн талаар тодорхой тусгаагүйгээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.1-135.1.5-т заасан тохиолдол үүссэн гэдэг нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Т.Б-д Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй болно.  

Хариуцагч Т.Б 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Монгол даатгал ХК-ийн өмчлөлийн 99-96 УВХ улсын дугаартай Lada загварын автомашиныг хүлээн авсан тухай акт үйлдэгдсэн баримт хэрэгт авагдсан боловч зөвхөн уг баримтаар Т.Б-д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй.  

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотолж буй  баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байх ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507.152 / таван зуун долоон мянга нэг зуун тавин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152/ШШ2023/00009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М д ХК-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М д ХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507.152 / таван зуун долоон мянга нэг зуун тавин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

                       ШҮҮГЧ                                                Н.МӨНХЖАРГАЛ

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН