Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1210

 

“ХХХХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02895 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 28 400 848 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагатай 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын өргөтгөл, засварын ажил хийхээр болсон. Ажлын нийт өртөг 39 600 000 төгрөг байхаар уг гэрээгээр тохиролцсон. Хариуцагч нь энэ гэрээний дагуу 15 000 000 төгрөг урьдчилан шилжүүлсэн, үлдсэн 24 600 000 төгрөгийг өгөөгүй өдий хүрч байна. Гэрээнд тохиролцсоны дагуу гэрээний үнийн дүнгийн 3 хувиас хэтрүүлэхгүй алданги тооцож, 1 188 000 төгрөг, нийт 25 788 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Барилын өргөтгөл, засварын ажлыг хийж байхад өргөтгөлийн барилгыг өмнө нь байсан барилгатай холбуулж, резин шал хийлгэх, будуулах ажлын саналыг эднийх гаргасныг манайх зөвшөөрч, төсвийг нь гаргахад 17 685 250 төгрөг болсон ба гүйцэтгэх захирал ХХ зөвшөөрч энэ ажлыг манайх өөрийн хөрөнгөөр хийсэн. Манайх бүх ажлаа хийж дуусгаад гэрээгээ дүгнэж, гүйцэтгэх захирал ХХ хийсэн ажлыг хангалттай гэж дүгнэн акт үйлдэж, ажлаа хүлээлцэн гарын үсэг зурсан.

Ажлын хөлсөө нэхээд өгөхгүй болохоор нь эднийхээр вакум цонх хаалга хийлгэхэд үнэ нь 15 602 960 төгрөг болсон. Нэмэлт ажлын хөлс 17 685 250 төгрөгийг төлөөгүй тул алданги 530 558 төгрөг тооцож, нийт 18 215 808 төгрөг, 2 ажлын хөлс төлөөгүй төлбөр нийтдээ 44 003 808 төгрөг болсон. Үүнээс хийлгэсэн цонх, хаалганы үнэ 15 602 960 төгрөгийг хасч, 28 400 848 төгрөг гаргуулхаар шаардаж байна. Хариуцагч компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн ХХХХХ мөнгөө шаардахаар өгнө гэдэг боловч өгдөггүй, тэгсэн мөртлөө шүүх дээр ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй, эднийхээс ажлын чанар муу байна, баталгаат хугацаанд дахин хийлгэнэ гэсэн хүсэлт, бичиг ирж байгаагүй гэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2013 оны 7 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 39 600 000 төгрөгийн ажил хийхээр тохиролцсон. Энэ гэрээг тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ХХ хийсэн. Нэхэмжлэгч компанийн захирал ХХХХХХ намайг Төлөөлөн Удирдах Зөвлөлд байдаг болохоор надад хандаж энэ гэрээний асуудлыг яриад байдаг юм.

2014 оны 7 дугаар сард эднийд вакум цонх, хаалга хийж өгсөн, үүний үнэ 15 602 960 төгрөг болсон. Эднийхтэй хамтарч ажиллаад өр төлбөрөө төлчих юм байна гэж бодсон боловч барилгын ажил зогсоод боломжгүй болсон. Манай хувьд мөнгийг нь төлөхгүй гэж зугтаасан юм байхгүй.

            Хоёр талын хооронд 17 685 250 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулагдаагүй. Ажлын үр дүнг хүлээлгэн өгөөд хөлсөө авах ёстой байхад одоогийн гүйцэтгэх захирал ХХХХХХХ, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд ажлыг хүлээлгэн өгөөгүй, тухайн үед ажиллаж байсан гүйцэтгэх захирал ХХд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн. Гологдолгүй ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ХХХ” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 27 420 290 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 980 558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураажид 295 051 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299 955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “ХХХ” ХХК-ийн захиралд /ХХХХХХХ/-д нэхэмжлэлийг гардуулалгүй ХХХХХд нэхэмжлэлийг гардуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь ИХШХШТХуулийн 62, 65 дугаар зүйлийг зөрчсөн бөгөөд хуулийн этгээдийг хууль ёсоор төлөөлөх эрх бүхий этгээд нь захирал ХХХХХХХ юм. Тэрээр нэхэмжлэл гарах үед болон одоо ч захирлын ажлыг гүйцэтгэж байгаа болно.

2. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байна. Учир нь:

Шүүх талуудын хооронд хийгдсэн ажлын хэсэг /Өнгөлгөөтэй шал/ аман тохиролцоогоор хийгдсэн гэдгийг дүгнэсэн атлаа зөвхөн нэхэмжлэгчийн буюу хэт нэг талын тайлбарт үндэслэн дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Шүүх тухайн барилгад хийгдсэн ажлын хэсэг болох өнгөлгөөтэй суурь бетон шал хийх ажлын төсөвт өртөг 17 685 250 төгрөг тохиролцсон байна гэхдээ тухайн ажлын гэрээг бичгээр байгуулаагүй байна гэдгийг нэхэмжлэгч тал тайлбарласныг дүгнэсэн атлаа ажлын гүйцэтгэлийг захиалагч хүлээн авсан байна гэж дутуу хийгдсэн ажлын үр дүнд мөнгө төлөхөөр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нөгөөтэйгүүр ажлын гүйцэтгэлтэй хамаарах асуудлыг шинжээч томилуулан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд тавьсан ч шүүх шаардлага байхгүй гэж гомдол гаргах эрхгүй захирамж гарган хурлыг хийсэнд гомдолтой байна.

Тэгэхээр аливаа ажлын /обьемыг/ гүйцэтгэлийг шүүх далдаас хараад мэддэг болжээ гэж үзэхээс өөр арга алга. Иймд шинжээч томилон /ажлын гүйцэтгэлд/ хэргийг шийдэх нь үнэнд нийцнэ гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгон анхан шатанд буцааж өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу үнэлсэн боловч тухайн маргаанд хамааралтай Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

            Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 28 400 848 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, гүйцэтгэсэн ажил доголдолтой гэж маргажээ.

 

            Талууд 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр №02/2013 тоот Барилгын засвар, өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн барилгын дотор хана, дээвэрт нэмэлт дулаалга хийх, дээврийн ус гоожилтыг зогсоох ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь 39 600 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож, мөн 17 685 250 төгрөгийн хөлс бүхий өнгөлгөөтэй суурь бетон шалны ажил хийх нэмэлт гэрээг 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус тус бичгээр байгуулжээ.

 

            Нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдээр тохиролцсон ажлуудыг чанарын хувьд хангалттай хийж хариуцагчид хүлээлгэн өгсөн нь 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ¹1 актаар тогтоогджээ. Талууд гэрээ байгуулах болон ажил хүлээлцэх үед хариуцагч компанийн гүйцэтгэх захирлаар ХХ ажиллаж байсан болохыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд тэрээр ажлын үр дүнг актаар хүлээн авчээ. 

 

Хариуцагч ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг дансаар, 5 000 000 төгрөгийг бэлнээр, нийт 15 000 000 төлсөн үйл баримт, зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний харилцаа үүссэн талаар талууд маргаагүй байна.

 

Мөн талуудын хооронд 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 014/06/003 дугаартай 20 214 960 төгрөгийн үнийн дүн бүхий “Хаалга, цонх хана угсарч, суурилуулах ажлын гэрээ” байгуулагдаж, нэхэмжлэгчийн авч өгсөн 4 612 000 төгрөгийн материалаар хариуцагч 15 602 960 төгрөгийн өртөгтэй ажлыг хийж гүйцэтгэн, нэхэмжлэгчид төлөх өмнөх ажлын хөлсний тооцооноос хасч тооцохоор тохиролцсоны дагуу дээрх гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 42 285 250 төгрөгөөс хасч, үлдэх төлбөр 26 682 290 төгрөгийг нэхэмжлэгч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Захиалагч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги төлөхөөр талууд №02/2013 тоот гэрээний 8.2-т тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх боловч, гэрээний уг заалтанд алдангийг гэрээний нийт үнийн дүнгээс тооцохоор тохиролцсон нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох мөн хуулийн зохицуулалтыг зөрчсөн болон нэмэлт ажил хийх гэрээнд алданги тооцох талаар тохиролцоогүй байх тул шүүх 1 718 558 төгрөгийн андангитай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас 980 558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Харин шүүх алдангийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг хэрэглээгүй нь буруу болжээ.

 

Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ХХХХХХХыг оролцуулахаар 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан байх тул шүүх хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэж үзэхгүй.

 

Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02895 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343.1” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.6” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХХХын төлсөн 298 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                        ШҮҮГЧИД                          Ш.ОЮУНХАНД  

               

                                                                                                 С.ЭНХТӨР