Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/ма2023/00852

 

 

 

 

 

 

 

 

2023 04 21 210/МА2023/00852

 

 

Н.Д ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2023/00820 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Д ийн хариуцагч Р.Н ид холбогдуулан гаргасан * зуслан хаягт байрлах газар эзэмших эрхийн 000122914 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 180200222 дугаар бүхий * м.кв газарт барьсан байшинг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э, хариуцагч Р.Н , хариуцагчийн өмгөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрхийн №000122914 дугаар гэрчилгээгээр * м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг. Гэтэл хариуцагч Р.Н нь зөрчиж, нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр хууль бусаар байшин барьж, нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн зүйлээ эзэмших, ашиглах эрхэд саад болж байна. Эрх бүхий этгээдээр хэмжилт хийлгэхэд хариуцагчийн байшин нь сууриараа * м.кв хэмжээтэйгээр нэхэмжлэгчийн газар дээр баригдсан болох нь тогтоогдсон. Анх манайхыг тухайн газартаа хашаа татаагүй байхад нэхэмжлэгч байшин барьж эхэлсэн бөгөөд энэ зөрчлийг хариуцагч мэдэж байсан. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газар болон Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргаж байсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд хариуцагчийн хууль бусаар барьсан байшинг албадан нүүлгэж газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Н.Д ийн өмчлөлийн маргаан бүхий газар нь анх 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү Н.Э эзэмшилд байсан ба Н.Д бусдын эзэмшлийн газар дээр давхардуулан гэрчилгээ гаргуулан авч өмчилсөн нь хууль бус шинжтэй байна. Г.О тэй өмнө нь гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөө сайн дурын үндсэн дээр шийдвэрлэсэн боловч энэхүү маргаан бүхий газрын асуудлыг шийдвэрлээгүй үлдсэн. Эрчим хүчний газар ажиллаж байхдаа энэ газрыг станцад ажилладаг хүний нэр барьж Н.Д ийн нэр дээр гаргуулж авсан. Хүүхдүүддээ газар авч өгсөн боловч нэг хүүхдийг газрын албанаас хасч, хүү Н.Д тойгоо газраа хувааж, дахин кадастрт оруулахаар болсон. Миний барьсан байшингийн багахан хэсэг тухайн газарт давхцаж орсон нь үнэн, энэ талаар маргахгүй. Гэхдээ газар бол Н.Д ийн газар биш, өмнө нь эзэмшиж байсан Н.Э ын газар тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан * м.кв газарт хууль бусаар баригдсан хариуцагч Р.Н ийн эзэмшлийн байшинг давхацсан хэсгээр албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.Н оос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Д т олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч Н.Д болон Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу маргаан бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа бөгөөд түүнд газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн Э-2201020353 дугаарт бүртгэж, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрчилгээ олгожээ гэж дүгнэсэн. Мөн хариуцагч маргаж буй газрыг Н.Д ийн газар биш манай хүү Н.Э ын газар гэж маргасныг үндэслэлгүй байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хариуцагч газар эзэмших ямар нэгэн зөвшөөрөлгүй бусдын эзэмшлийн газар дээр баригдсан байшинг Н.Д ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж түүний эзэмшлийн * м.кв газарт хууль бусаар баригдсан хариуцагч Р.Н ийн эзэмшлийн байшинг давхацсан хэсгээр албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь шүүх Р.Н ийг тухайн газар дээр эзэмшилгүй, зөвшөөрөлгүй гэж үзсэн атлаа нэхэмжлэгч Н.Д ийн эзэмшил доторхи баригдсан байшингийн тухайлбал тал хэсгийг албадан чөлөөлсөн нь уг чанартаа байшингийн дотор хэсгээ аваад гадна талд нь барь гэсэнтэй утга нэг болсон бөгөөд хуульд үл нийцэж байна. Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар Р.Н ийн эзэмшлийн байшинг бүхэлд нь албадан чөлөөлүүлэхээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Хариуцагч нь гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулахдаа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэрлэлгүйгээр үлдээсэн. Тухайн маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн хуваарьт эд хөрөнгө биш бөгөөд гэр бүлийн дундын эд хөрөнгө байх магадлалтай гэж үзэж байна. Өмнө нь шүүхийн байгууллагад хандахдаа тухайн маргаан бүхий газрыг огт шийдвэрлүүлээгүй. Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд эсхүл гэрлэлт цуцалсны дараагаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Нэхэмжлэгч Н.Д ийн өмчлөлийн маргаан бүхий газар нь 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Н.Э ын эзэмшилд байна. Н.Д нь бусдын эзэмшил газартай давхцуулан гэрчилгээ гаргуулан өмчилсөн. Уг асуудлаар хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тайлбар гаргаж байсан. Ямар үндэслэлээр нэхэмжлэгчид шилжсэнээс хамаарч, хэргийн болон шүүхийн харьяалал өөрчлөгдөх боломжтой. Гэр бүлийн тухай хуульд зааснаар насанд хүрсэн хүүхдүүд нь эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагчийг ахуйн нөхцөлөөр хангах үүргийг биелүүлэхгүй байна. Тухайн үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан учраас байшинг барьсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Н.Д нь хамт амьдарч байхдаа гэрээсээ удаа дараа хулгай хийж эх Г.О нь цагдаагийн байгууллагад хандаж байсан бөгөөд Г.О ийн гэр бүлийн хүчирхийлэл дарамтаас болж охины минь хүмүүжил амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй ба намайг гэрээсээ хөөж эд зүйлээ аваад явах хугацаа тогтоож, цагдаа, шүүхийн байгууллагаар сүрдүүлж, охин Н.Н ийн биед халдаж, улмаар дарамт шахалт үзүүлж итгэмжлэлийг нь авч шүүхэд хандсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Д ийн өмчлөлийн маргаан бүхий газар нь анх 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Н.Э ын эзэмшилд байсан ба Н.Д нь бусдын эзэмшлийн газар дээр давхардуулан гэрчилгээ гаргуулан авч өмчилсөн нь хууль бус шинжтэй үйлдэл болно. Охин Н.Н нь эцгээ тэжээн тэтгэх, асрах, халамжлах үүрэгтэй. Иймд охиндоо хашаа байшингаа шилжүүлж өгөх болсон. Эхнэр болон охин хэрэв миний байшинг чөлөөлүүлэх хэргийг шийдвэрлүүлэх байсан бол тухайн үед буюу гэрлэлт цуцлуулах үед шийдвэрлүүлэх байсан. Энэ асуудал гэрлэлт цуцлуулах тухай хэрэгт хамт шийдвэрлэгдсэн. Дундын эд хөрөнгө хашаанд барьж бий болгосон байшин зэрэг маргааныг өмнө нь шийдвэрлэсэн атал өнөөдөр дахин дундын эд хөрөнгөд байсан байшингийн асуудлыг ярьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд нэгэнт өмнө нь гарсан шүүхийн шийдвэрээр байшинг буулгаж авч яв хашааг чөлөөлөх тухай яриагүй, шийдвэрлээгүй учир дахин шийдвэрлэх шаардлагагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Миний бие Р.Н той 20 жил хамт амьдраад түүний буруутай үйл ажиллагаанаас болж гэр бүл цуцалсан. Гэр бүлийн дундын өмчлөлийг ярихад ипотекийн зээлээр авсан 2 өрөө орон сууц миний нэр дээр байдаг. Н.Д ийн газрын гэрчилгээг Р.Н салахдаа хулгайлж авч явсан. Газрын албанаас шүүхэд ирсэн материалаар 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 253 тоот захирамжаар Н.Д т эзэмшүүлсэн газар юм. Р.Н нь гэрчилгээг хулгайлан авч явсан бөгөөд өмчлөлдөө шилжүүлэн авах боломжгүй учраас алга болгосон гэх тайлбарыг хэлсэн. Тухайн гэрчилгээг зарлуулж, 2020 онд уг гэрчилгээг шинээр авсан. Уг газар нь 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 253 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар авсан. Хариуцагч нь миний гэр бүлийн дундын өмчлөлийг удаа дараа шалгуулж, анхан шатны шүүхэд эвлэрэх асуудал яригдахад надад 31,000,000 төгрөгийн зээлтэй орон сууц, охинд яригдаж буй газрыг өгөхөөр болсон. Н.Д т 2 төрлийн газар байдаг бөгөөд Сонгинохайрхан дүүрэг, Зүүн салааны 3 дугаар хорооны эзэмшлийн газар байсан. Мөн хариуцагч нь тухайн маргаж буй газрыг бид нарт мэдэгдээгүй зарж, мөнгийг авч байсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний өмчлөлийн * м.кв талбай бүхий газар дээр хариуцагч Р.Н хууль бусаар нэвтэрч * м.кв газарт давхацуулан барьсан түүний хувийн сууцыг чөлөөлүүлнэ гэж тодорхойлжээ.

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ * м.кв газарт хууль бусаар баригдсан хариуцагч Р.Н ийн эзэмшлийн хувийн сууцыг давхацсан хэсгээр албадан чөлөөлж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт ...Шийдвэр гүйцэтгэх арга, журмыг заана гэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахад шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх учиртай. Гэтэл шийдвэрийг биелүүлэх арга зам, журам тодорхой бус байгаа нөхцөлд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй гэж үзнэ.

 

4. Түүнчлэн, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгчийн өмчлөлийн газарт хариуцагчийн барьсан хувийн сууц сууриараа * м.кв талбайгаар давхцаж байгаа нөхцөлд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулахаас гадна, хөрш залгаа газарт баригдсан эд хөрөнгийн талаар талуудыг мэтгэлцүүлэх, эрх үүрэг тайлбарлах замаар эвлэрүүлэх ажиллагаа явуулах шаардлагатай байжээ. Уг ажиллагааг хийсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн удирдан чиглүүлж байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл болон хөрш залгаа газарт баригдсан эд хөрөнгөтэй холбоотой асуудлуудыг тодруулах нь зохигч талууд маргааны зүйлийн талаар зөв мэтгэлцэх, улмаар хэргийн үйл баримтыг зөв тогтооход ач холбогдолтой байдаг.

5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2023/00820 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Д.ЦОГТСАЙХАН