| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2019/0007/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/07 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/07
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Х.Ганзориг,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Э.М-д холбогдох эрүүгийн 1817002260113 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Бовогт Э.М /РД:......../ Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1993 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Сансарын ........... тоотод оршин суух, Номин трейдинг ХХК-ний Номин Фейшин салбарт худалдааны зөвлөх ажилтай, бүрэн дунд боловсролтой, эксковаторын засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Б.А 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Гранд бааранд нүүрэн тус газар нь гараараа цохиж, 2018 оны 08 дугаар сард мөн Сүмбэр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Гранд баарны гадаа нүүрэн тус газар гараараа цохин толгойгоороо мөргөж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Да хүрээ захын орчим багалзуурдан түлхэж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүмбэр сумын 3-р баг Баянхошууны 4-412 тоотод түлхэн унагаах зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүмбэр сумын 3-р баг Баянхошууны 4-412 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Б.А түлхэж унагаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Э.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Б.А 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Гранд бааранд нүүрэн тус газар нь гараараа цохиж, 2018 оны 08 дугаар сард мөн Сүмбэр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах Гранд баарны гадаа нүүрэн тус газар гараараа цохин толгойгоороо мөргөж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Да хүрээ захын орчим багалзуурдан түлхэж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүмбэр сумын 3-р баг Баянхошууны 4-412 тоотод түлхэн унагаах зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
Мөн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сүмбэр сумын 3-р баг Баянхошууны 4-412 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Б.А түлхэж унагаан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Надруу дайрч давшлаад байснаас болж хүч хэргэлсэн үйлдэл хийсэн миний буруу. Хувийн таарамжгүй харьцааны улмаас хардаж ийм асуудал болсон хохирогчийн буруутай ажиллагаа ч байгаа. Намайг элдвээр хэлж маажих зэргээр хүч хэргэлхээс өөр аргагүй байдалд оруулдаг и бол зодоогүй түхэх зэргээр өөрөөсөө холдуулах үйлдэл хийдэг байсан.” гэв.
Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “ Би 2015 оноос хойш Э.Молор-Эрдэнэтэй хамтран амьдарч байгаа юм. М бид хоёрын дундаас 1 хүүхэд гарсан. М овоглож явдаг. Бид 2 Улаанбаатар хотод хамт амьдарч байсан юм. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би М муудалцаад Говьсүмбэр аймагт ээж дээрээ ирсэн. Манай хүүхэд ээж дээр байдаг юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны орой цэцэрлэгээс хүүхдээ авах гээд гэрээс гарах гэж байтал М- орж ирсэн. М орж ирээд надад хандаад чи ажилдаа яваагүй юмуу, гар утас өг гэхээр нь би гар утсаа өгөөгүй, тэгтэл М миний зүүн гараас барьж аваад махыг нь нидрээд мушигсан. Би М гараас өөрийнхөө гарыг угзраад татаад авсан. Тэгтэл намайг түлхсэн би унахдаа куртикных нь энгэр хэсгээс бариад авсан чинь М- куртик жоохон урагдсан байсан. Би тэр чигтээ арагшаа саваад газар унахдаа гэрийн зүүн урд хэсэгт байдаг гал тогооны стенкийг толгойныхоо ар талын дагз хэсгээр мөргөөд унасан. М би хүүхдээ авлаа гээд цэцэрлэгрүү явсан. Би араас нь гараад цэцэрлэг дээр очиход хүүхдээ авах гээд зогсож байсан. Би хүүхдийнхээ багшруу утсаар яриад хүүхэд битгий өгөөрэй гэж хэлсэн байсан юм. Би ээж Б-д болсон асуудлын талаар хэлсэн. Ээж цагдаад дуудлага өгсөн байсан. Тухайн асуудал болоход бид 2 хоёулхнаа байсан. Өөр хүн байгаагүй. 2018 оны 07 дугаар сар өдрийг нь сайн санахгүй байна. М найз О бид гурав хамт 23 цагийн үед О-г бааранд оруулах гээд явж байтал Молор-Эрдэнэ миний утасруу ороод фасебүүкрүү ороод юм уншиж байгаад надтай муудсан. Тэгээд миний доод талын уруулын баруун талруу гараараа нэг удаа цохиод сэтэлсэн байсан. Би Говьсүмбэр аймгийн эмнэлэг дээр очоод урууландаа 2 оёдол тавиулж байсан. Тухайн үед М найз О байсан. Мөн 2018 оны 08 дугаар сард санагдаж байна өдрийг нь санахгүй байна. Би урд өгсөн мэдүүлэгтээ 09 сар гэж буруу хэлсэн байсан. Одоо бодоод байхад бид 2 тусдаа амьдарч байсан юм. Найз охин Н-нхаа хамт Гранд бааранд байж байтал Молор-Эрдэнэ орж ирээд миний хүзүүнээс бариад баарнаас татаж гаргаад баарны үүдэнд гаргаад миний нүүр орчимд нэг удаа гараараа цохисон. Мөн толгойгоороо нэг удаа мөргөсөн. Миний дээд уруул дотор талдаа язарсан цус гараад байсан. Мөн уруул хавдсан байсан. Манай найз Н салгаад намайг гэрт хүргэж өгсөн. Эхний удаа Мо намайг цохиход манай эгч А-а уруулаа яасан юм бэ гэхээр нь М цохисон гэж хэлсэн. Өөөр хүнд хэлээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр намайг багалзуурлуу түлхээд хазах гээд байсан. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр түлхэж унагаахад толгойныхоо ар дагз хэсгээр стенк мөргөж унасан, тэгэхэд тархи доргисон. Рентген зураг дээр өвчүүний зүүн талаар зөөлөн эдийн гэмтэл байна гэж байсан. Энэ гэмтэл хэзээ үүссэн талаар мэдэхгүй байна. Зүүн ташаа дэлбээ орчмоор, зүүн тохойд зулгаралт гэмтлийг сая түлхэж унагаахад үүссэн. Миний зүгээс гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14-15 хуудас/
Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай охин А гэртээ ганцаараа үлсэн байсан юм. Би хөдөө явж байсан чинь манай дунд охин А надруу утсаар яриад А-г нөхөр М зодчихоод яваад өглөө гэсэн. Тэгээд би удаагүй гэртээ ирсэн чинь манай охин Азтай хүүгээ цэцэрлэгээс нь авсан байсан. Би А-аас юу болсон талаар асуухад М орж ирээд утас авна гээд гарахдаа намайг түлхэж унагаад стенк ар дагзаар мөргүүлсэн гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Азтайгийн зүүн тохой хэсэгт хөхөрсөн байсан. Мөн толгой өвдөөд байна гэж байсан. 2017 оны намар А М нар хоорондоо маргалдаж байгаад М А-г арагш түлхээд хөлнөөс чирэхээр нь би хажуунаас нь загнаад болиулж байсан. Сая энэ асуудал болсны дараа Азтай надад 2018 оны 07 дугаар сард уруулыг нь яз цохиж байсан гэж хэлсэн. Энэ талаар А урд нь нуугаад надад хэлдэггүй байсан юм байна. Өөр зодож байсан талаар надад мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/
Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Манай ээж Б-нх манай зүүн талын зэрэгцээ хашаанд байдаг юм. Тухайн өдөр би гадуур явж байгаад гэртээ ирсэн. Тэгээд ээжийн гэрт орсон чинь манай дүү А-г нөхөр М зодчихоод яваад өгсөн байсан. А-г арагш түлхэж унагаад толгойных нь ар дагз хэсгээр стенк мөргүүлсэн гэсэн. Мөн зүүн гарын тохой хэсэгт хөхөрсөн байсан. А хүүхдээ авна гээд цэцэрлэгрүү явсан. Ээж ирээд цагдаад хандсан. 2018 оны 07 дугаар сард санагдаж байна. Өдрийг нь санахгүй байна. Би ажил дээрээ байж байтал манай дүү А ирсэн. Тэгээд уруул дээрээ оёдол тавиулсан байхаар нь яасан бэ гэсэн чинь М цохисон гэж хэлсэн. Тэгээд цагдаад хэлсэн юмуу гэсэн чинь хэлээгүй яах юм бэ гэж байсан. Өөрөөр цохиж зодож байсан талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/
Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 08 сарын дундуур санагдаж байна А бид 2 Гранд бааранд ороод ганц нэг пиво уугаад сууж байтал гаднаас нөхөр нь орж ирээд А-г хүзүүнээс нь татаад аваад гарсан. Би араас нь гараад ирсэн чинь А-г заамдаад зогсож байсан ба би наанаас нь яваад очсон чинь нөхөр нь гараараа нэг удуу уруул хавьд нь цохиод авсан. Би А-г салгаж авсан. Нөхөр нь цаашаагаа яваад өгсөн. А-йн амнаас нь цус гарч байсан. Уруулынх нь дотор тал язарсан байсан. Тэгээд Азтайг гэрт нь хүргэж өгөөд би харьсан ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/
Гэрч Л.Омөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 07 дугаар сард санагдаж байна, сар өдрийг нь сайн санахгүй байна. М машин авсан Чойр явья гэхээр нь би Говьсүмбэр аймагт ирсэн. Тухайн үед М намайг бааранд оруулна гээд эхнэр А-ийн хамт нэг модоор барьсан бааранд оруулсан. Бааранд байж байтал М эхнэртэйгээ нэг мессежнээс болоод маргалдаж байгаад эхнэрээ нэг удаа гараараа цохиод авсан. Тухайн үед эхнэрийнх нь уруул язраад эмнэлэг орж 2 оёдол тавиулсан. Уруулынх нь баруун хэсэгт язарсан байсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/
Шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 308 дугаар дүгнэлтэнд: “Б.А-н биед тархи доргилт, өвчүүний зүүн талаар зөөлөн эдийн няцрал, зүүн ташаан дэлбээ орчмоор, зүүн тохойнд зулгаралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр 2018 оны 11 дүгээр сарны 05-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.”
Дүгнэлт гаргасан ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 25 хуудас/
Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 4 дүгээр дүгнэлтэд: “ Б.А-ийн биед доод уруулны өнгөц шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.”
Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 28 хуудас/
Аюулын зэргийн үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /х.х-ийн 10-11, 61-65 хуудас/
Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 9 хуудас/
Говьсүмбэр аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тодорхойлолт /х.х-ийн 42 хуудас/
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 хуудас/
Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 54 хуудас/
Номин Трейдинг ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 58 хуудас/
Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар /хх-ийн 68-69 хуудас/
М овогтой Х-ын төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 56 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Э.М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгээс түүний үйлчлүүлэгч Э.М-н ЭХТА-н 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна. Учир нь хэрэгт авагдсан хохирогч Б.А, гэрч О, Б.Н, Д.Б нарын өгсөн мэдүүлэг зэргээр хувийн таарамжгүй харьцаа, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.М нь гэр бүлийн хардалтын улмаас хохирогч Б.А-ийн биед цохих, мөргөх, түлхэж унагаах зэргээр хүч хэргэлсэн үйлдэл удаа дараа хийсэн, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох Шүүх эмнэлгийн 308 дугаартай дүгнэлт, аюулын зэргийн болон гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон гэм буруутай байна.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Э.М үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Э.М анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэгээс гаргасан гэмт хэрэг тус бүрд ял шийтгэлийг оногдуулж тусад нь эдлүүлнэ үү гэсэн саналыг хүлээн авахаас татгалзаж хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлүүлж, хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэх нь зүйтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас тухайн гэмт хэрэг үйлдэгдсэнийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Э.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нийт 30 хоног хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М оногдуулсан 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ