Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00786

 

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/00786

 

 

 

 

Улаанбаатар хот

         

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/00639 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Б-д холбогдох,

 

Тээвэрлэлтийн гэрээнээс татгалзаж, хохиролд 118,416,724 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Золбоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, хариуцагч Д.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай байгууллага БНХАУ-ын В- компанитай хамтран ажиллах гэрээтэй бөгөөд Монгол Улсад тахианы мах импортлодог. 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тахианы холимог мах 15 тонн, тахианы жижиглэсэн мах 8 тонн, тахианы гуяны мах 2 тонн, нийт 25 тонн тахианы мах худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлснээр мөн сарын 30-ны өдөр 25,0 тонн хөлдөөсөн сайн чанарын тахианы мах БНХАУ-ын Эрээн хотод ачигдаж ирсэн.

1.2. Манай байгууллагын ачаа тээвэрлэлтийг зуучилж өгдөг Өвөрмонголын Эрдэнэбилэг гэх хүнээр төлөөлүүлэн Д.Б-тай холбогдон Улаанбаатар хот хүртэл 25 тонн махыг 19,923,765 төгрөгөөр тээвэрлүүлэхээр харилцан тохиролцож - дугаартай тээврийн хэрэгсэл, - хөргүүртэй чиргүүлд 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ачуулж, 31-ний өдөр БНХАУ-ын хилээр гарч Монгол Улсын хилийн шалгалтын бүсэд орж ирсэн. Маргааш нь буюу 09 дүгээр сарын 01-ний өдөр лабораторийн шинжилгээний дээж авсан бөгөөд ийнхүү чингэл рүү ороход шалаар нь махны шүүс гоожсон, хөргүүр нь ажиллахгүй байдалтай байсан тул Замын-Үүд дэх манай байгууллагын төлөөлөгч А.Х-, улсын байцаагч нар тухайн чиргүүлийн хөргүүр ажиллахгүй байгаа талаар жолоочид болон Д.Б-д мэдэгдэж, ажиллуулахыг шаардсан.

1.3. Лабораторийн шинжилгээгээр тээвэрлэлт гүйцэтгэж буй машины хөргүүр ажиллагаагүйгээс Эшерих коли /Escherichia coli/ тоолох боломжгүй болж, их ургалттай гэх хангалтгүй хариу гарсан. Манай байгууллагын зүгээс хилийн мэргэжлийн хяналтын байгууллагад нарийвчилсан шинжилгээнд хамруулах хүсэлтийг гаргахад мал эмнэлгийн улсын байцаагч нь “хөргүүр нь хөргөх биш харин ч гаднаас халуун агаарыг үлээж хөлдсөн байсан махыг гэсгээгээд байна” гэж, тээвэрлэлт хийж байгаа автомашины хөргүүрийг ажиллуул гэдэг шаардлага тавиад махыг хөлдөөж хонуулаад 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр махнаас дахин шинжилгээ авахаар тохирсон. Дахин шинжилгээ авахаар чингэлгийг онгойлгоход махны шүүс өмнөх өдрөөсөө илүү их гоожсон байдалтай, өмхий үнэртэж байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 24 дугаар Барааг хураах, устгах тухай актаар 25 тонн тахианы махыг устгаж, 09 дүгээр сарын 04-ний өдрийн 5078 дугаар шийтгэлийн хуудсаар “А” ХХК-ийг 1,000,000 төгрөгөөр торгосон.

1.4. Хариуцагч Д.Б- нь хөргүүртэй автомашинаар бараа тээвэрлэхдээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, хариуцлага алдсаны улмаас манай байгууллагад их хэмжээний хохирол учруулсан тул тээвэрлэлтийн гэрээнээс учирсан хохиролд тахианы махны үнэ 221,160 юань буюу 97,467,423 төгрөг, шийтгэлийн хуудсаар торгуулсан 1,000,000 төгрөг, ариутгалын төлбөр 26,100 төгрөг, тээврийн хөлсөнд урьдчилан төлсөн 19,923,200 төгрөг, нийт 118,416,724 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Д.Б-гийн автомашин ямар ч эвдрэл гэмтэлгүй байсан бөгөөд хэрэв хөргүүр эвдрэлтэй байсан бол тухай үед хятад тал их хэмжээний ачааг ачихдаа хөргүүрийн эвдрэл гэмтэл байгаа эсэхийг мэдэх боломжтой байсан. 25 тонн тахианы махыг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ачуулж, 31-ний өдөр БНХАУ-ын хилээр гарч Монгол Улсын хилийн шалгалтын бүсэд орж ирсэн. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөлдүү махнаас дээж аваад 02-ны өдөр их хэмжээний бактеритай, ургалттай гэсэн хариу гарсан. Өөрөөр хэлбэл, мах махан бүтээгдэхүүн нь онцгой горимын тээвэрлэлт шаарддаг хүнсний бүтээгдэхүүн тул заавал зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр тээвэрлэх стандарттай бөгөөд хэрэв БНХАУ-ын хилийн хяналтын алба нэвтрүүлсэн бол зохих журмын дагуу тээвэрлэгдсэн барааг л нэвтрүүлсэн гэж үзнэ.

2.2. Хэрэв халуунаар үлээгдсэн эсхүл хөргүүр огт ажиллахгүй байгаа тохиолдолд хятадын талаас барааны дагалдах шинжилгээ болон бусад баримтад тусгагдсан нөхцөл байдалтай харьцуулах шинжилгээг нэн яаралтай хийх, шинжлэгдэх хугацаа урт байвал хятад тал руу нэн яаралтай буцаах дүрэм журам байдаг гэж бодож байна. Гэтэл Монголын тал хилийн шалгалтын бүсэд 25 тонн тахианы мах ачсан автомашиныг нэвтрүүлээд 1 хоногийн дараа хөлдүү махнаас дээж авахад 25 тонн мах 1 хоногийн дотор тоолох боломжгүй, их ургалттай болох хэмжээнд хүрсэн гэх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн агуулга үндэслэлгүй юм.

Иймд “А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг баримтлан “А” ХХК-ийн нэхэмжлэлээс 68,656,911 төгрөгийг хангаж, хариуцагч Д.Б-гаас гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 49,759,811 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,986 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 501,235 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан талаар үндэслэл бүхий дүгнэлт өгсөн боловч гэрээний үүрэг харилцан тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

4.1. Хариуцагч нь тээврийн хэрэгслийн тусгай тоноглолыг зориулалтынхаа дагуу ажиллах, бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйгээс тахианы мах гэссэн. Учир нь Хилийн мэргэжлийн хяналтын байцаагчийг үзлэг дээж авахаар чиргүүлд нэвтрэх үед махны доод хэсэг хөлдүү боловч урд, дээд хэсгүүд хайлсан байдалтай байсан. Энэхүү хөргүүртэй тусгай тоноглолын хөргөх, агаар сэлгэх төхөөрөмж нь урд хэсэгтээ байрладаг ба тэр хэсгийн ойр байх мах илүү ихээр гэссэн байсан нь Монгол Улсад хилийн бүсэд ачаа тухайн тээврийн хэрэгсэлд ачигдсанаас нэг хоногийн дараа дээж авах үед тодорхой болсон.

4.2. Хариуцагчийн - дугаартай тээврийн хэрэгслийн - чиргүүл нь хилийн мал эмнэлгийн хяналтын байцаагчийн хяналт шалгалт хийсэн 2021 оны 09 дүгээр сарын 01 өдрийн байдлаар температур жолооч Г-ын пирон /фреон/ дуусаад гадна агаарыг хөргүүр рүү үлээсэн байна гэх гэрчийн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн үндэслэл нотлогдож байхад анхан шатны шүүх ач холбогдолтой талаас нь үнэлээгүй байна.

Мөн хариуцагч талын гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэрч н.Г- нь тээврийн хэрэгслийн хөргөх үйл явц нь доголдол үүссэн, түүнийг хэвийн үйл ажиллагаатай болгох оролдлого хийсэн тухайгаа мэдүүлдэг.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн тухайд талууд маргаагүй бөгөөд харин хөлдүү мах байсан эсэх, тээвэрлэлт эхэлсэн хойно буюу хариуцагч Д.Б-гийн тээврийн хэрэгсэл нь зориулалтын дагуу хөргүүр нь ажиллахгүй байснаас шалтгаалан хөлдүү тээвэрлэгдэх ёстой тахианы мах тээвэрлэлт, хадгалалтын горим алдагдсанаас шалтгаалж энэ маргаан үүссэн тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн эд хөрөнгө автомашинд ачигдсан үеэс гэссэн гэх гомдлыг нэхэмжлэгч тал гаргасан тохиолдолд хариуцагч талаас энэ байдлыг зөвшөөрдөг. Анхан шатны шүүх хариуцагч Д.Б- нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцах үндэслэлгүй, нэхэмжлэгч талын буруутай үйлдэл байгаа талаар дүгнээгүй. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэх гомдол гэж ойлгож байна.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

6.1. Нэхэмжлэгч нь тээвэрлэлтээс учирсан хохиролд 221,160 юанийг Монгол банкны 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хаалтын ханш 440.71 төгрөгөөр тооцож 97,467,423 төгрөг шаардсан. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Валют арилжаа хийсэн баталгаанд 1 юань 440.3 төгрөг, 221,160 юань монголоор 97,376,748 төгрөг шилжүүлсэн баримт байна.

6.2. Гэрч Ц.Г- нь шүүхэд “...- дугаартай, - дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан. 03-ны өдөр намайг дуудсан ... Тээврийн хэрэгсэлд саатал гараагүй. Хөргүүрийн температур -18-аас -20 заах ёстой байсан. Намайг харахад -18 градус байсан” гэж мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай нийцсэн, үнэн зөв бөгөөд энэхүү мэдүүлгийг нэхэмжлэгч тал үгүйсгэдэггүй.

6.3. Мөн тээвэрлэгдсэн махны шүүс гоожсон нь автомашины хөргүүр ажиллагаагүй эсхүл хөргүүр халуунаар үлээснээс болсон гэх үйл баримтыг нотлох баримт хэрэгт байхгүй. Түүнчлэн шинжилгээний дээжийг зөвхөн хөлдүү махнаас авдаг бөгөөд шинжилгээгээр маш их хэмжээний ургалттай бактеритай гэсэн хариу гарсан нь анхнаасаа чанарын шаардлага хангаагүй, муудсан мах ачсан гэж үзэх үндэслэлтэй байна.

6.4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсгийг баримтлан ачаа тээврийн гэрээ байгуулагдсан, үүнтэй холбоотойгоор хариуцлага хүлээнэ гэж дүгнэсэн. Гэтэл Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсэгт “Тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь буюу түүний эд хөрөнгөд гэм хор учирсан, авч яваа зүйл нь алдагдсан, гэмтсэн бол тээвэрлэгч хууль болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч “А” ХХК-аас дагалдах бичиг, уг эд хөрөнгөтэй холбоотой ямар ч бичиг баримтыг хариуцагчид эсхүл жолоочид өгөөгүй. Бидэнд машиныхаа хэмжээгээр хөлдүү тахианы мах хүлээн авах боломжгүй нөхцөл байдалд авчирч өгсөн тахианы махтай холбоотой хариуцлагыг үүрүүлэхдээ хариуцагч Д.Б- нь ачааг тогтоосон газар хүргэх, ачааны гадаад байдал, сав баглаа боодол, бүрэн бүтэн байдлыг шалгаж авах үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй тул ачаа гэмтсэн хохирлыг хэсэгчлэн хариуцах нь зүйтэй гэж дүгнэсэн нь илт өрөөсгөл болсон.

6.5. Манай автомашиныг ачаа тээвэрлэхдээ таатай нөхцөлийг хангасан, халуун, хүйтний хэмийг тохируулах боломжтой байхаар тоноглосон байх шаардлагыг хангаагүй гэдэг үйл баримт болон нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн манай өмгөөлөгч удаа дараа тэс хөлдүү 25 тонн махан бүтээгдэхүүн ямар хугацаанд гэсэхтэй холбоотой дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хүлээж аваагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдоогүй. Учир нь шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй тул гомдлын энэ хэсэг үндэслэлгүй.

7.2. Тухайн мах устгалд орох хүртэл 4 хоногийн хугацаанд хариуцагчийн тээврийн хэрэгсэлд байсан. Энэ талаар нотлох баримтын шаардлага хангасан баримтууд хэрэгт авагдсан. Эрх бүхий байгууллага тухайн махыг үзээд 1 хоногийн дараа устгах шийдвэр гаргасан. Хариуцагч талаас устгал хийгдсэнтэй холбоотой нэхэмжлэгчид сонголт байсан гэж тайлбарладаг ба Монгол Улсын хилээр бараа бүтээгдэхүүн тээвэрлэж орсон тул манай байгууллагад сонголт хийх боломжгүй. Тээвэрлэлтийн гэрээний харилцааны хувьд Д.Б- хилийн тусгай бүс рүү хөргүүртэй тээврийн хэрэгслээ оруулаад хөлдүү махаа тээвэрлэхээр ирснийг нэхэмжлэгч нь татгалзах үндэслэлгүй.

7.3. Хариуцагч нь өөрийн автомашиныг ажиллаж байсан гэдэг боловч тээврийн хэрэгслийн махан бүтээгдэхүүнийг тодорхой хасах температурт хөлдөөх, хөргөх хөргүүрийн тоног төхөөрөмжийн хэвийн бус ажиллагаа тухайн бүтээгдэхүүнийг улам дордсон нөхцөл байдалд оруулсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно. Гаалийн байцаагч нь боломжтой нөхцөлөөр дахин шинжилгээ авахаар цаг хугацааг хойшлуулсан талаар баримт хэрэгт авагдсан.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцэж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Д.Б-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээнээс татгалзаж, хохиролд 118,416,724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч “А ХХК нь БНХАУ-ын “В компанитай 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан тахианы мах худалдах, худалдан авах гэрээний дагуу тахианы холимог мах 15 тн, тахианы жижиглэсэн мах 8 тн, тахианы гуяны цул мах 2 тн, нийт 25 тн тахианы махыг Монгол Улсад импортлохдоо БНХАУ-ын Эрээн хотоос тээвэрлүүлэхээр гэрээг иргэн Д.Б-тай 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан талаар талууд маргаагүй.  

 

3. Гэрээгээр А ХХК нь 25 тн тахианы махыг Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл Д.Б-гаар тээвэрлүүлэхээр, тээврийн хөлсөд 19,923,765 төгрөгийг Д.Б-д төлөхөөр харилцан тохиролцсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1 дэх хэсэгт зааснаар ачаа тээвэрлэлтийн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.1. Тээвэрлүүлэгч тээврийн хөлс 19,923,765 төгрөгийг төлсөн, тээвэрлэгч нь барааг БНХАУ-ын Эрээн хотод 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр - хөргүүртэй чиргүүл, - дугаартай тээврийн хэрэгсэлд ачуулж БНХАУ-ын хилээр нэвтэрч Монгол Улсын хилийн шалгалтын бүсэд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 23 минутад оруулж ирсэн талаар талууд маргаагүй.

 

3.2. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Замын-Ууд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ц.Болдоо бараа бүтээгдэхүүнээс дээж авсан үеийн орчны хэмийг 13°, дээжийн температурыг -18° гэж “Бараа, бүтээгдэхүүний дээжийг лабораторид өгсөн тэмдэглэл”-д тэмдэглэсэн, түүнийг гэрчээр асуухад “ ... [машины] хаалгыг нээж үзэхэд доод талын мах хөлдүү, урдуураа доогуураа гэссэн байдалтай байсан. Тэгээд дээж аваад шинжилгээнд өгсөн. Маргааш нь давтан шинжилгээнд оруулах гэхэд шүүс нь гоожоод улам муудсан байсан тул давтан шинжилгээнд оруулах шаардлагагүй болсон. ... Хөргүүрийг нь хардаг. ... Намайг анх буюу 2021.09.01-ний өдөр хөргүүрийг үзэхэд -18 гэсэн хэмийн хэлбэлзэлтэй заалттай байсан. ... Анх хөргүүр нь байх ёстой температуртаа хэлбэлзэлтэй байгаад байсан. ... Давтан шинжилгээ авах гээд жолооч нь машиныхаа фреонийг харахад нэг бол 25, нэг бол -4 гэж заагаад анивчаад хэлбэлзэлтэй муу байгаад байсан. ... Тэр үед жолооч нь фреонгүй ажиллуулаад байсан байна гэж хэлж байсан.” гэж,

Шүүхээс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “А.Х-ын үүрэн холбооны хэрэгсэлд хадгалагдсан, гар утаснаас хийсэн бичлэг”-т хийсэн үзлэгийн тэмдэглэлд: “М.Х-ын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цаг 42 минутын 03 минут 49 секундын бичлэгт: “40-14 дугаартай ... volvo маркийн автомашины урд гурван хүн ярилцаж байна. М.Х- нь “Пирон (фреон) бас байхгүй, сэнс нь байгаа байх юм”. Моторын хянах самбар дээрхийг үзэж байна. М.Х-: “Үнэр орчихсон байна гэснээсээ болоод, пирон (фреон) олж тавиад ч нэмэргүй л дээ, нэгэнт гэсчихсэн. Эрээнээс ирэхдээ, гаднаас нь харахаар хүйтнээр үлээлгэж харагдаад байдаг, гэтэл хүйтнээр үлээхгүй байснаас замдаа гэсчихсэн. 30-ны өдөр ачсан гэж байгаа юм. 31-ний өдөр орж ирээд 01-ний өдөр шинжилгээ өгөөд, өчигдөр хариу гарч байгаа. Шинжилгээний хариу 24 цагаар гарсан, 72 цагаар гарах ёстой, муу гарсан. Үүнийг ажиллуулаад ч хэрэггүй. Урдаас хөлдүү байснаараа л ирж байгаа. Энэ машиныг ...”. Масктай нүдний шилтэй хүн: “Жолооч нь тэртэй тэргүй байхгүй, бүгд хойно Шаргын овоод байгаа. Энэ чинь өөрийнхөө эзэмшлийн зүйлийг яаж байгаад аргалаад аваад явчихна. Хэцүү болсон байна”. Эмэгтэй хүн: “Та нар маш хариуцлагагүй хандсан байна. 24 цаг ажиллуулаад хоночих оо, дахиад шинжилгээ авъя” гэсэн гэв. М.Х-: “Хэдэн цагт ажиллуулсан бэ” гэхэд масктай нүдний шилтэй хүн: “Өглөө 7 цагт ажиллуулсан” гэв. М.Х-: “Машиных нь хөргүүр ажиллаагүй учраас ...” гэж,

“М.Х-ын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цаг 27 минутад бичсэн 1 минут 59 секундийн бичлэгт: “ 40-14 дугаартай ... volvo маркийн автомашины урд Мэргэжлийн хяналтын байцаагчтай М.Х- ярилцаж байна. Мэргэжлийн хяналтын байцаагч: “хасах градустай хэр нь нэмэх заагаад байна. Хөргүүр нь ажиллаж байгаа хэр нь дотроо хүйтэн зүйл байхгүй, бүлээн байна”. М.Х-: “Гоожсон шүүс нь зайрмагтсан зүйл байхгүй шингэн.” - чиргүүлийн дугаартай чиргүүлд арын хэсгийн нээсэн байдалтай, хайрцагтай мах байна. Мах нь гэсэж шүүс гоожсон байдалтай байна. М.Х-: “Мах гэссэн байна, хөлдүү ямар ч зүйл байхгүй.” Тус чиргүүлд 12 кг-ийн хайрцагтай тахианы махнууд байх ба махнууд бүгд уутан дотроо гэссэн, шүүс гоожсон байна. М.Х-: “Сэнс үлээж байгаа хэр нь хүйтнээр үлээхгүй, бүлээнээр үлээж байна, хөргүүр ажиллаж дугараад байгаа хэр нь байхгүй, шүүс нь гоожчихсон, хайрцагнууд нь салбайчихсан” гэж нөхцөл байдлыг илрүүлсэн,

БНХАУ-ын хилийн хорио цээрийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр олгосон мал эмнэлгийн /эрүүл ахуйн/ гэрчилгээ,

Хятад улсаас Монгол Улс руу чингэлгээр ачаа тээвэрлэх Авто замаар ачаа дамжуулах хуудас,

Хилийн боомтын хяналтын бүс хоорондын Ачааны манифест,

Боловсруулсан хүнсэнд хийх хими-хор судлалын шинжилгээний ажлын хуудас, Хүнсний бүтээгдэхүүнд хийх нян судлалын шинжилгээний ажлын хуудас, Бараа бүтээгдэхүүний дээжийг лабораторид өгсөн тэмдэглэл,

Замын-үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны итгэмжлэгдсэн лабораторийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шинжилгээний дүгнэлт

Замын-үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Барааг хураах, устгах тухай 000024 тоот акт”-д хяналт шалгалт үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдалд шинжилгээнд ирүүлсэн тахианы мах нь нянгийн бохирдлын улмаас олон улсын стандартын зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн, хадгалалт тээвэрлэлтийн нөхцөл шаардлага хангаагүйн улмаас устгахаар шийдвэрлэжээ.

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл тээвэрлэлтийн гэрээний зүйл болсон 25 тн тахианы мах тээвэрлэлтийн буруу буюу тээвэрлэсэн автомашины хөргүүр ажиллаагүйн улмаас муудаж, ашиглагдах боломжгүй болжээ.

 

3.3. Тээвэрлэлтийн гэрээний тээвэрлэгч тал болох Д.Б- нь Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасан ачаа хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд ачаа гэмтсэн хариуцлагыг бүхэлд нь хариуцах үүрэгтэй байна.

 

3.4. Хариуцагч Д.Б- нь ачаа гэмтэж муудсан нь өөрийнх нь буруугаас болоогүй гэдгийг баримтаар нотлохгүй байх тул түүнийг Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.2 дахь хэсэгт зааснаар хариуцлагаас чөлөөлөх боломжгүй юм.

 

3.5. 25 тн тахианы махыг бүрэн устгасан тул тахианы махыг худалдаж авсан үнэ болох 221,160 юань буюу 1 юанийг 440.71 төгрөгийн ханшаар тооцвол 97,467,423 төгрөг, тахианы мах чанар байдлаа алдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч байгууллагыг 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудсаар 1,000,000 төгрөгөөр торгосон болон ариутгалын төлбөрт төлсөн 26,100 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид хариуцагчийн буруутай үйлдлээс учирсан хохиролд тооцож гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Түүнчлэн хариуцагч нь ачаа тээвэрлэлтийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан нь хуульд нийцсэн тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн хөлсөд төлсөн 19,923,200 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна. 

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг БНХАУ-аас тахианы мах импортоор оруулж ирэхдээ хөлдүү байсныг нотлоогүй гэж буруутгасан нь баримтад үндэслэгдээгүй байна.  Мөн ачаа илгээгч дагалдах бичгийг хавсаргаагүй, тээвэрлэгчийн мэдээллээр бүрэн хангаагүй, ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь ачаа тээвэрлэгчийн автомашины хөргүүр ажиллаагүйгээс ачаа муудаж гэмтсэнтэй шалтгаант холбоогүй байна. Өөрөөр хэлбэл, ачаа тээвэрлэлтийн дагалдах бичиг байхгүй, мэдээлэл өгөөгүй гэх үндэслэлээр хоёр улсын эрх бүхий байгууллагаас ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох зэргээр саад учруулсан нөхцөл байдал үүсээгүй болно.

Түүнээс гадна дагалдах бичиг, холбогдох баримт бичгийг өгөөгүй тохиолдолд тээвэрлэгч тээвэрлэлт хийхээс татгалзаагүй, тээвэрлэлт бодитойгоор хийгджээ. Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.4 дэх хэсэгт зааснаар дагалдах бичиггүй байснаас үл хамааран хуулийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарахаар заажээ. Түүнээс гадна тээвэрлэлт бодитойгоор хэрэгжсэн тохиолдолд тээвэрлэгч нь тээвэрлүүлэгчийн баримт бичигтэй холбогдох үүргийн зөрчилтэй холбоотойгоор түүнийг буруутгах нь зүйд нийцэхгүй байна. 

 

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, 25 тн мах, махан бүтээгдэхүүн ямар хугацаанд гэсэх, гэсэхтэй холбоотой дүгнэлт гаргуулах нь үүргийн зөрчлийг зөвтгөх үндэслэлд хамаарахгүй болно. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчаас 118,415,724 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2023/00639 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “баримтлан” гэсний дараа “хариуцагч Д.Б-гаас 118,416,724 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай” гэж,

2 дахь заалтын “501,235” гэснийг “750,034” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 406,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн төлсөн 501,235 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БЯМБАСҮРЭН

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА