Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00817

 

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00817

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/00506 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Б” ХХК, Д.Н-, А.Э-, Ц.А-, Б.Б- нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 575,585,991 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, П.Бямбацэрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг, А.Бүдханд, хариуцагч Ц.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч “Б” ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Д.Н-, хариуцагч А.Э-, Б.Б- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Манай банк зээлдэгч “Б” ХХК-ыг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Н-, хувьцаа эзэмшигч А.Э- нартай 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 20/40 тоот зээлийн гэрээг байгуулж, 420,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн - тоот дансанд шилжүүлсэн.

1.2. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 20/40 тоот барьцааны гэрээг байгуулж, хариуцагч Б.Б-ий өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамж - байрны - хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн түүний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, - гудамж, -, - хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Ц.А-ын өмчлөлийн, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамж, - байрны - хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

1.3. Зээлдэгч нь 20/40 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн тул банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөх тухай зээлдэгчид мэдэгдэж, утсаар холбогдож зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж мэдэгдэл хүргүүлсэн.

Хариуцагч тал зээлийн хүү зогсоолгох, гэрээ цуцлах болон Ковидтой холбоотой ямар нэгэн хүсэлт огт гаргаагүй.

Зээлдэгч нь 20/40 тоот зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл огт төлөөгүй, зээлийн хүүний төлбөрөөс 20,451,090 төгрөг төлсөн. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 420,000,000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 151,875,484 төгрөг, нэмэгдуүлсэн хүү 3,710,506 төгрөг, нийт 575,585,991 төгрөг болсон байна.

Иймд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн тул манай банк шүүхэд хандсанаар зээлийг цуцалж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 575,585,991 төгрөг гаргуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220302318, -, - дугаартай барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

2. Хариуцагч “Б ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Ц.А-ын төлөөлөгч, хариуцагч Д.Н-гийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Б” ХХК нь “А” ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 20/40 тоот зээлийн гэрээ байгуулж, 420,000,000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, 19.2 хувийн хүүтэйгээр бизнесийн зээлийг рестораны үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулалтын зорилгоор авсан.

2.2. Зээлийн барьцаа болгон Б.Б-, Ц.А- нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Бид Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, - апартментийн Б1 давхарт ресторан, бар түрээслэж, засвар тохижуулалт хийж 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2.3. Гэтэл Коронавируст цар тахлын халдвар гарсантай холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хөл хорио тогтоосноор хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж, сард 11,0 сая төгрөг төлөх ямар ч боломжгүй байсан.

Тухайн үед ковид гарсан байсан гэдэг нь нийтэд илэрхий нөхцөл байдал ба ямар нэгэн байдлаар нотлох шаардлагагүй гэж үзэж байна. Хэдийгээр талууд энэ талаар гэрээгээр тохиролцоогүй боловч гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл үүссэн. Өөрөөр хэлбэл, тухайн зээл авсан компанийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр төлж чадахгүй байдалд хүрсэн. Авсан зээлийн талаар маргаан байхгүй, үндсэн зээлээс огт төлөлт хийгээгүй. Төлсөн хүүгийн талаар маргахгүй, гагцхүү бидний хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг харгалзан үзэж зээлийн хүүг багасгаж өгөөч гэж хүсэж байна.

2.4. Иргэн Д.Н- нь энэ зээлийн гэрээтэй ямар нэгэн хамааралгүй, тухайн зээлийг “Б” ХХК, иргэн А.Э- нар авсан тул нэхэмжлэлээс Д.Н-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч А.Э-, Б.Б- нарын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас гэрээ цуцлах мэдэгдэл гаргаагүй, шууд шүүхэд хандсанаар гэрээ цуцлагдсан гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй байна. Тухайн цаг үед ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хариуцагч нар санхүүгийн хүнд байдалд орсон нь үнэн. Харин нэхэмжлэгч тал хариуцагч нарт ковидын нөхцөл байдалтай холбоотой ямар нэгэн боломж олгоогүй, энэ нөхцөл байдлыг харгалзалгүй зээлийн хүүг бүхэлд нь нэхэмжилж байгааг, мөн эцэстээ хүний эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нөхцөл байдлыг зориудаар бий болгож байна гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК, А.Э- нараас 554,692,857 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,893,134 төгрөгийн шаардлагыг, хариуцагч Д.Н-д холбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Б” ХХК, А.Э- нар нь шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч “А” ХХК нь барьцааны зүйл болох хариуцагч Б.Б-ий өмчлөлийн, улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамж, - байрны -од байрлах, 142 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Б.Б-ий өмчлөлийн, улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, - гудамж, -ны -од байрлах, 55,34 м.кв, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, хариуцагч Ц.А-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамж, - байрны -од байрлах, 64 м.кв, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 3,106,080 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК, А.Э- нараас 3,035,880 төгрөгийг хувь тэнцүүлэн, хариуцагч Б.Б-, Ц.А- нараас 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-, Г.Ганчимэг нар нь дээрх шүүхийн шийдвэрийг бухэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан хэд хэдэн зөрчлийг гаргаж үндэслэлгүй, алдаатай шийдвэр гаргасан. Түүнчлэн тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэгийн өмгөөлөгч авах хүсэлтийг хүлээн аваагүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхийг шүүх хязгаарлаж, хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчиж шийдвэр гаргасан.

5.2. Дэлхий нийтийг хамарсан цар тахал короновирусын нөлөөллөөр үйл ажиллагаа явуулахад шууд нөлөөлөхүйц саад учирсан. Бизнесийн үйл ажиллагаа доголдож байгаа бодит байдалд төр засаг болон Монголбанкны зүгээс гаргасан шийдвэр, тушаалуудыг үндэслэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа журам, дүрмийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх ажиллагааг тодорхой хугацаагаар царцаах, боломжит хугацаагаар хойшлуулах хүсэлтийг “А” ХХК-д хандаж гаргасан боловч шийдвэрлээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.

5.3. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт хэд хэдэн хамааралгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн байдаг. Жишээ нь: Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, Хөдлөх эд хөрөнгийн тухай хуулийн холбогдох зохицуулалт.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүнг тодорхой нягталж үзээгүй, энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс зээлийн тооцоололтой холбоотой асуудлыг тодруулж, зээлийн тооцооллыг нарийвчлан үндэслэлтэй гарсан эсэхийг тодруулаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гомдолд гаргасан тайлбарын агуулга: Зээлдэгч нь Ковид-19 цар тахлын улмаас зээлийг төлөхөд доголдол үүссэн талаар хүсэлтээ нэхэмжлэгч талд гаргаж байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Тухайн үед Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлын гэрчилгээ олгогдож эхэлсэн. Хариуцагч талаас зээлийн эргэн төлөлт, хүүг зогсоох асуудалд анхаарал хандуулж байсан бол уг гэрчилгээг авч, “А” ХХК-д хүсэлтээ бичгээр гаргах боломжтой байсан. Гэтэл зээлийн эргэн төлөлтийн талаар бичгээр хүсэлт гаргаж байгаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК, Д.Н-, А.Э-, Ц.А-, Б.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 575,585,991 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч талаас зээлийн үндсэн үүрэгт маргаагүй, харин коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзээгүй хэт өндөр хүү нэхэмжилж буйг эс зөвшөөрч маргасан байна.

 

3. “А” ХХК болон “Б” ХХК, А.Э- нарын хооронд 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “А” ХХК нь 420,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, сарын 1,60 хувь, жилийн 19,20 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай “Б” ХХК, А.Э- нарт зээлдүүлэх, “Б” ХХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

4. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д 420,000,000 төгрөгийн зээл олгосон, зээлдэгч “Б” ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 20,451,090 төгрөг төлсөн, зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл төлөх үүргийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчсөнийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5.1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 183 тоот тогтоолын 8-д “банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Монголбанк (Б.Лхагвасүрэн), Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д тус тус зөвлөсүгэй” гэж заасан байх бөгөөд тогтоолын уг заалтыг хэрэгжүүлэхийн тулд зээлдэгч талаас зээлдүүлэгчид хүсэлт гаргах учиртай.

 

5.2. Дээрхи журмын дагуу хариуцагч “Б” ХХК, А.Э- нар нь нэхэмжлэгч “А” ХХК-д зохих ёсоор хүсэлтийг гаргаагүй байна.

Хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хариуцагч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Н-гийн нэхэмжлэгч “А” ХХК-д гаргасан хүсэлтэд “...зээлийн хугацаа хэтэрсэн, зээлийн төлбөр нийт 178,909,426 төгрөг болсныг 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулах болно” гэж зээлийн төлбөрийг төлөх хүсэл зоригийг илэрхийлсэн агуулгатай байх ба коронавирусын нөхцөл байдлын талаар тусгаагүй байна.

Үүнээс гадна хариуцагч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Н- нь 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, мөн оны 04 дүгээр сарын 13-ны өдрүүдэд нэхэмжлэгч “А” ХХК-д бичгээр хүсэлт гаргасан хэдий ч тухайн цаг хугацаанд коронавирусын нөхцөл байдал арилсан, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явагдах боломж бүрдсэн байсан тул нэхэмжлэгч “А” ХХК-д хандаж гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй гэх хариуцагч талын гомдол үндэслэлгүй.

 

6. Зээлдэгч “Б” ХХК, А.Э- нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл төлөх үүргийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зөрчсөн, зээлдүүлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, мөн оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус тус зөрчлийг арилгах талаар сануулсан, зээлдэгч зөрчлийг арилгаагүй байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй.

 

7. Анхан шатны шүүх хариуцагч “Б” ХХК, А.Э- нараас зээлийн гэрээний үндсэн үүрэг 420,000,000 төгрөг, зээлийн хүү 131,991,650 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,701,207 төгрөг, нийт 554,692,857 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

8. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “А” ХХК нь Д.Н-, Б.Б-, Ц.А- нартай 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 20/40 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, Б.Б-ий өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамж, - байр, - хаягт байршилтай 142 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Б.Б-ий өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, - гудамж, -, - хаягт байршилтай 55.34 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Ц.А-ын өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамж, - байрын - хаягт байршилтай 64 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж -од байрлах, 137,635,300 төгрөгийн үнэ бүхий рестораны тоног төхөөрөмж, тавилга эд хогшлыг тус тус барьцаалсан. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

9. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг худалдахыг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

10. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Б-ийг хариуцагчаар оролцуулсан. Шүүх түүний 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл, 27-ны өдрийн хуралдааныг хариуцагч Д.Н-гийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг харгалзан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл, 10-ны өдрийн хуралдааныг хариуцагч Б.Б-, А.Э- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах хүсэлтээр 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл тус тус хойшлуулсан байх бөгөөд өмгөөлөгч оролцуулах тохиолдолд хэргийн материалтай шүүх хуралдаанаас өмнө урьдчилж танилцуулах талаар тухайлан тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон.

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэгийн өмгөөлөгч авах эрхийг шүүх хязгаарлаж, хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2023/00506 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Б-ий төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч “Б” ХХК-ийн төлсөн 2,931,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ЗОЛЗАЯА

                                               

                                      ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

                                                                                                 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА