Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 00140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Энбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Э.Гантулга

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                  А.Хандмаа

                         Шүүгдэгч                                         Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Нд холбогдох 1832001670136 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1956 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух хаягтай, 1. 1994 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, 2. 1998 онд Төв аймгийн Сум дундын шүүхийн 15 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.4 дэх хэсэгт зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ялаар, 3. 2007 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн Шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 05 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Цэрэндоржийн Н.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Ц.Н нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг Арцатын №6 тоот хашаанаас иргэн Х.Цмгийн хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Н мэдүүлэхдээ: ... Мөрдөн байцаалтанд хийсэн хэрийнхээ талаар тодорхой мэдүүлсэн учир нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Х.Цм мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2017 оны 12 дугаар сарын сүүлээр санагдаж байна манай нөхөр Батболор байгууллагын шинэ жил гээд Улаанбаатар явсан байсан бөгөөд 4-5 хоносон. Уг хугацаанд би гэртээ ганцаараа байсан юм. Намайг ганцаараа байхад нэг өглөө босоход гэрийн ард байдаг өвөлжөөний өвсний хашаанд байсан улаан хээр зүсмийн адуу алдагдсан байсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын сүүлээр Тарни 8 дугаар багийн 253 дугаар тоочигт оршин суудаг Шумуул хочит Энэ ах манай нөхөр Болортой уулзаад танай морийг Н авсан гэж хэлсэн байсан. Тэгээд манай нөхөр Болор, Н гэх хүнтэй очиж уулзахад Н нь манай морийг авсан талаараа хэлж хохирол барагдуулна гээд манайд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны орчим улаан халзан зүсмийн охин үхэр, өгөөд уг үхрийг нь 650000 төгрөгөөр махны ченжид өгсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 7,9-р хуудас/

           Гэрч Ж.Эн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2017 оны 12 дугаар сард санагдаж байна манай ард байдаг Н гээд айлд 16 цагийн орчим очиход гэр дотор нь хээр зүстэй зассан дэлтэй адууны арьс, гэдэс, махыг нь гаргаад тавьсан байсан. Тэгээд Н ах намайг адууны мах янзлаад өгөх үү гэж хэлэхээр нь би адууны мах янзалдаггүй гэж хэлсэн. Тухайн үед Болор надад морь алдсан тухай ярьж байсан юм. Сүүлд нь санахад Болорын хээр морийг Н авсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 11- 12-р хуудас/

           Гэрч Н.Бм мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би хэдний өдөр гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 2017 оны 12 дугаар сарын сүүлээр нэгэн өдрийн орой 17 цаг 30 минут өнгөрч байх үед манай аав Н хээр зүсмийн эр адууг хашаан дотроо алсан юм. Би тухайн адууг нядлахад нь хажууд нь байж адууны арьсыг нь хуулах, махыг нь мөчилж эвдэхэд адууны хөлнөөс нь татаж тусалсан. Тухайн адуу манай адуу биш. Би тухайн адууг хүнээс авсан юм байх л гэж бодож байсан. Харин сүүлд буюу тухайн явдлаас хойш 2-3 сарын дараагаар манай аав Н айлын адуу хулгайлж нядалсан гэдгийг сонссон гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-р хуудас/

           Сэлэнгэ аймгийн Мандал сумын Үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 18-р хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 29 дүгээр хуудас/, Шүүгдэгч Ц.Нэгүйн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /35-47 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 37-39 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг Арцатын №6 тоот хашаанаас иргэн Х.Цмгийн хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Х.Цмгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...намайг ганцаараа байхад нэг өглөө босоход гэрийн ард байдаг өвөлжөөний өвсний хашаанд байсан улаан хээр зүсмийн адуу алдагдсан байсан, ...Н нь манай морийг авсан талаараа хэлж хохирол барагдуулна гээд манайд 2018 оны 09 дүгээр сарын 10-ны орчим улаан халзан зүсмийн охин үхэр, өгөөд уг үхрийг нь 650000 төгрөгөөр махны ченжид өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 7,9-р хуудас/, Гэрч Ж.Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 12 дугаар сард санагдаж байна манай ард байдаг Н гээд айлд 16 цагийн орчим очиход гэр дотор нь хээр зүстэй зассан дэлтэй адууны арьс, гэдэс, махыг нь гаргаад тавьсан байсан, ... Тухайн үед Болор надад морь алдсан тухай ярьж байсан юм. Сүүлд нь санахад Болорын хээр морийг Н авсан байсан..., гэх мэдүүлэг /ХХ-ийн 11- 12-р хуудас/, Гэрч Н.Бмийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын сүүлээр нэгэн өдрийн орой 17 цаг 30 минут өнгөрч байх үед манай аав Н хээр зүсмийн эр адууг хашаан дотроо алсан юм, ... Тухайн адуу манай адуу биш. Би тухайн адууг хүнээс авсан юм байх л гэж бодож байсан. Харин сүүлд буюу тухайн явдлаас хойш 2-3 сарын дараагаар манай аав Н айлын адуу хулгайлж нядалсан гэдгийг сонссон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Үнэлгээний комиссоос эд зүйлд үнэлгээ тогтоосон тухай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 18-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Нг хохирогч Х.Цмгийн хээр зүсмийн нэг  тооны адууг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Н нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний шилжих шөнө 00 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8 дугаар багийн нутаг Арцатын №6 тоот хашаанаас иргэн Х.Цмгийн хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч Х.Цм нь “... морины өртөг болох улаан халзан гунжийг авсан, мөн ярьж тохирсоноор ахиж нэг бод юмуу мөнгийг нь өгөхөөр зохицсон. Иймд Цэрэндоржийн Нд санал гомдол байхгүй болно ...” /ХХ-н 21-р хуудас/ гэсэн баримт үйлдэж хэрэгт хавсаргасан байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Цэрэндоржийн Нг бусдын малыг хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус анхааруулсугай.

4.  Ц.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Ц.Нд оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.