Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00820

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2023/00820

 

 

О.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00712 дугаар шийдвэртэй,

 

О.А-ын нэхэмжлэлтэй,

Нт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунжаргал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Н-ын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4/223/16921 дугаартай мэдэгдлийг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гардан авч танилцсан. Тус мэдэгдэлд О.А-ын өмчлөлийн эрхийн улсын - дугаар бүртгэлтэй Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, - байрны - хаягт байрлах орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.1, 73.5-д заасны дагуу төлбөр авагчид санал болгоход “Хас банк” ХХК нь талуудын харилцан тохиролцсон үнэ 95,000,000 төгрөгийн зөрүүг төлж, барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авах тухай санал ирүүлсэн тухай заасан. Нэхэмжлэгчийн өмчлөлийн уг орон сууцны үнэлгээг 95,000,000 төгрөгөөр буюу зах зээлийн үнээс хэд доогуур үнэлсэн байх тул уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1.2. Барьцааны эд хөрөнгийг зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд тулгуурлан үнэлгээ тогтоосон нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээг хэрэглэхдээ хэт доогуур үнэлсэн аргыг ашиглаж, үнэлгээний мэдэгдэлд тусгаж байгаа нь үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, 9.2.2, 9.2.3-т заасныг үндэслэж дүгнэлт гаргаагүйд гомдолтой байна.

1.3. Мөн Н-ын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4/223/16921 дугаартай мэдэгдэлд үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааны талаарх мэдээлэл, барьцаа хөрөнгийн талаарх мэдээллийг нэхэмжлэгчид мэдэгдэж байгаагүй бөгөөд энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1, 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Дээрх албан бичгийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд 7 хоногийн дотор шүүхэд хандаж болно гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс 9 дүгээр сарын 27-ны өдрийн захирамжаар шүүхийн харъяалал зөрчсөн гэж үзээд хүлээн авахаас татгалзсан болно.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03416 дугаар захирамжаар О.А-аас 63,082,077 төгрөг гаргуулж “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 16251073 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3/38862 дугаар албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч О.А-ын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, - байрны -од байрлах, эрхийн улсын - дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 142/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 142/2 тоот тогтоолоор хураасан.

2.2. Төлбөр төлөгч О.А- нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 95,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч “Хас банк” ХХК-д танилцуулахад төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн тул талуудын харилцан тохиролцсон үнэ 95,000,000 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

3.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/03416 дугаартай шүүхийн шийдвэрээр О.А-аас зээлийн гэрээний үүрэгт 62,598,137 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 470,940 төгрөг, нийт 63,069,077 төгрөгийг гаргуулан “Хас банк” ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэрт заагдсан зээлийн барьцаа хөрөнгө болох О.А-ын өмчлөлийн, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, - байрны - дахь 2 өрөө орон сууцны хувьд Н-аас битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авч зах зээлийн үнийг 95,000,000 төгрөгөөр тогтоон, 2017 онд анхан болон 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан боловч борлогдоогүй.

3.2.Шүүхийн шийдвэр гарснаас хойш төлбөр төлөгч нь төлбөр огт төлөөгүй ба шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 63,069,077 төгрөг байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон 95,000,000 төгрөгийн үнэлгээг төлбөр төлөгч өөрөө тогтоосон бөгөөд уг үнэлгээг хүчингүй болгохоор шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар харилцан тохиролцсон үнэлгээг бидэнд санал болгосон байгаа учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар үнэлгээ тогтоох шаардлагагүй.

О.А-ыг архины хамааралтай, сэтгэцийн хувьд өөрчлөлттэй гэж байгаа ч үүнийг нотолсон баримт байхгүй. Тухайн үед үнэлгээ тогтоохдоо ч тийм байсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Нт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийг 95,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай О.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

5.1. Тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч” Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5 дахь хэсэгт “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон. Учир нь үндэслэх хэсгийн 5.11-т заасан нэхэмжлэгч талаас “Э” ХХК-аар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэж, тайланд зах зээлийн үнэ ханшийг 131,830,769.23 төгрөг болохыг тогтоосон байх тул дээрх хуулийн зохицуулалтад хамаарах нөхцөл байдал үүсч байгаа тухай мэдэгдсэн байдаг. Гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлагад дахин үнэлгээ хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага гаргаагүй тул энэ талаар шийдвэрлэхгүй буюу дээрх хуулийн зохицуулалт хамаарахгүй гэж үзсэн боловч нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь үнэлгээг бүхэлд нь хүчингүйд тооцуулах тухай байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлоход хуулийн дээрх зохицуулалтад тусгагдсан нөхцөл байдал үүссэн” тухай дурдсан байдаг.

2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 95,000,000 төгрөгөөр тогтоож, Н-аас “Хас банк” ХХК-д 95,000,000 төгрөгөөр тооцож төлбөртөө авах тухай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн нь бодит байдалд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, “Хас банк” ХХК-д төлөх 62,598,137 төгрөгийн төлбөрийн оронд шууд санал болгосон нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж үзээд өнөөгийн буюу 2023 оны 01 дүгээр сарын байдлаар дээрх орон сууцны үнэлгээг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар шинээр хийлгүүлэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой тул шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах” хүсэлтийг гаргасан боловч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад хэрхэн хамаарч байгаа нь тодорхой бус, нэхэмжлэгч тал тухайн хөрөнгийг өөрөө үнэлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжтой гэж үзэн хүсэлтийг хангаагүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Э” ХХК-д хүсэлт гарган дээрх орон сууцны үнэлгээг хийлгэж, үнэлгээний тайлан дүгнэлтийг шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн.

Тус үнэлгээний тайлан нь хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон байтал шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзэх зарчмыг зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэрт дээрх үнэлгээний тайлангийн талаар дүгнэлт гаргаагүй нь шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Мөн шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын бусад төрлийн адил хүчин чадалтай бөгөөд шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримттай тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр түүнийг үнэлнэ. Шинжээчийн дүгнэлтийн талаарх шүүхийн дүгнэлт бүхий үнэлгээ шийдвэрт бүрэн тусгагдсан байх ёстой байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

5.2. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ““Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.А-т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/03416 дугаар шийдвэртэй иргэний хэргийн материалыг бүхэлд нь Шүүхийн тусгай архиваас нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргуулах” хүсэлтийг гаргасан. Учир нь дээрх хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр л хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд “Хас банк” ХХК иргэн О.А- нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээтэй холбоотой хэргийн оролцогчид, тэдгээрийн оролцоо, итгэмжлэл, шүүхэд гаргаж байсан хүсэлт, нотлох баримт, шүүхийн шийдвэрийг гардаж авсан байдал, давж заалдах гомдол яагаад гаргаагүй зэргийг зайлшгүй нягтлах шаардлагатай, мөн дээрх нотлох баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, нэхэмжлэгчид эх хувиараа байхгүй, эх хувиар нь шууд олж авах боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тус шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч О.А- нь архины хамааралтай, сэтгэцийн өөрчлөлттэй, биеийн байдал хүнд, гэрээс гарах боломжгүй талаар шүүхэд мэдэгдсэн бөгөөд ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6. дахь хэсэгт заасны дагуу шүүхийн журмаар дээрх нотлох баримтуудыг гаргуулах хүсэлтийг тавьсан. Гэвч шүүх дээрх хүсэлтийг нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, зохигч өөрөө бүрдүүлэх боломжтой баримт гэж үзэн хүсэлтийг хангаагүй бөгөөд тус хэсэгт гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн.

5.3. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/02541 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2022/01954 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШХТ2022/01436 дугаар тогтоолыг тус тус нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн. Эдгээр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С- нь иргэн Ж.Дашдэмбэрэлээс 324,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэсэн тухай баримтууд юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С- нь зээлийг авч захиран зарцуулсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч О.А- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэж тэмдэглэлд тусгуулсан байдаг. Иймд дээрх нотлох баримтаар зээлийн төлбөрийг төлөх боломжтой гэдгийг нотлох зорилгоор гарган өгсөн. Гэвч шүүх дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзсан. Тус шийдвэрт нэхэмжлэгч талаас Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШТ2023/00080 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн. Иймд хэргийн материалд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх шүүхийн тогтоолууд хавсаргагдсан. Шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судлуулсан боловч шүүх шийдвэртээ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй баримтууд гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй. Энэ нь мөн л хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон байтал шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа Н-аас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар, хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааны талаарх мэдээлэл, барьцаа хөрөнгийн талаарх мэдээллийг огт мэдэгдэж байгаагүй талаар дурдсан байдаг боловч шүүх энэ талаар нотлох баримтыг үнэлээгүй, хариуцагчаас нэхэмжлэгч яагаад мэдэгдээгүй гээд байгааг тодруулж асуугаагүй, нэхэмжлэгчийг эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнгийн талаар хариуцагчаас тодруулаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, бодит байдалд нийцсэн байх шаардлагыг хангаагүй.

Шүүхийн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх, хэрэгт цугларсан баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон үйл баримтыг тогтоогдоогүй гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж буй явдал мөн.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Нэхэмжлэлийн шаардлага нь 2016 онд 95,000,000 төгрөгийн үнийн санал өгч, “Хас банк” ХХК-аас зөвшөөрч, харилцан тохиролцон үнэлгээ гаргасан. Тухайн үнэлгээг хүчингүй болгуулах эсхүл дахин үнэлгээ хийлгэх талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Анхан шатны шүүхэд 95,000,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагуудтай уялдуулан үнэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 2023 оны 01 дүгээр сарын байдлаар орон сууцанд үнэлгээ хийлгэж, 131,000,000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан авчирч өгснийг үнэлээгүй гэж үзсэн байна. 2016 онд талууд тохиролцон тухайн үнэлгээгээр анхан болон хоёрдахь дуудлага худалдаа явагдсан тул санал болгох шатанд явагдаж байна.

6.2. Өмнө нь шийдвэрлэгдэж байсан 2016 оны хэрэг материалыг шүүхийн журмаар гаргуулах тухай хүсэлт гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэг маргаанд ач холбогдолгүй тул гаргуулах шаардлагагүй гэж үзсэн.

6.3. Тухайн хэрэг маргаанд төлбөр төлөгч нь О.А- байдаг боловч н.С- гэх ахынх нь бусдаас авах төлбөртэй шүүхийн шийдвэрүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг нотлох баримтыг анхан шатны шүүхээс төлбөр төлөгчтэй хамааралтай асуудал биш байна гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч О.А- нь хариуцагч Нт холбогдуулж үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/03416 дугаар шийдвэрээр О.А- нь 62,598,137 төгрөгийг “Хас банк” ХХК-д төлөх, шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцааны хөрөнгийг хуульд зааснаар дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн талаар анхан шатны шүүх үйл баримтыг зөв тогтоосон.

 

3.2. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Н шийдвэр гүйцэтгэлийн хэрэг үүсгэсэн, барьцааны зүйл болох нэхэмжлэгч О.А-ын өмчлөлийн эрхийн улсын - дугаар бүртгэлтэй Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, - байрны - 2 өрөө орон сууцыг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр битүүмжилж, 2016 оны 11 дүгээр сарын 17ны өдөр хураан авсан, талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.

 

3.3. Төлбөр төлөгч О.А- албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар 95,000,000 төгрөг гэсэн санал 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гаргасныг төлбөр авагч “Хас банк” ХХК хүлээн зөвшөөрсөн тэдгээрийг харилцан тохиролцсон гэж дүгнэх учир шийдвэр гүйцэтгэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг 95,000,000 төгрөгийн 70 хувиар буюу 66,500,000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 хэсэгт заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас төлбөр төлөгч О.А-т 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 3/5007 дугаар мэдэгдлээр албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

3.4. Төлбөр төлөгч О.А- нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт: “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан хугацаанд буюу 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд үнэлгээтэй холбоотой гомдол гаргах байтал гаргаагүй байна.

 

3.5. Н-аас анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгч О.А-т 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3/1159 тоот мэдэгдлийг баталгаат шууданд, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3/8250 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар тус тус хүргүүлсэн, анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тус тус зохион байгуулсан, уг ажиллагааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3, 177.4 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу явуулжээ. Төлбөр төлөгч нь уг албадан дуудлага худалдаатай холбоотой гомдлын шаардлагыг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан хугацаанд гомдол гаргаагүй байна.

 

4. Зээлийн барьцаа хөрөнгө нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, төлбөр төлөгч нь төлбөрийг төлж барагдуулаагүй, мөн сураггүй алга болж эрэн сурвалжлагдаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байсан талаарх үйл баримтыг үндэслэн Н-аас төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг талуудын харилцан тохиролцож тогтоосон 95,000,000 төгрөгөөр төлбөрт тооцон авах талаарх саналыг төлбөр авагч “Хас банк” ХХК-д гаргасныг төлбөр авагч хүлээн зөвшөөрч, энэ талаар төлбөр төлөгчид 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4-223/16926 дугаар албан бичгээр мэдэгдсэн ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/12668 дугаар захирамжаар О.А-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх ба уг захирамжийг үндэслэн 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг шинээр тоолох үндэслэл болохгүй болно.

 

6. 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зохицуулсан үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийг гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон бол талуудын хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болох зохицуулалт нь 2016-2017 оны хооронд явуулсан албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох ажиллагаа, албадан дуудлага худалдаа явуулсан ажиллагаанд хамаарахгүй.

 

7. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 37 дугаар зүйлийн 37.3, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

8. Нэхэмжлэгч О.А-ын сэтгэцийн өөрчлөлттэй гэх талаар баримтыг нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

9. Анхан шатны шүүхээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2022/02541 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 210/МА2022/01954 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШТ2022/01436 дугаар тогтоолоор О.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С-ийн нэхэмжлэлтэй Ж.Дашдэмбэрэлд холбогдох 324,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн байдал энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/00712 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3 дахь хэсэгт” гэснийг “2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 37 дугаар зүйлийн 37.3, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ

                                           

         ШҮҮГЧИД                                 Д.ЗОЛЗАЯА

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА