Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1211

 

“ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03819 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт болон ярианы төлбөрт 975 744 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х,

Хариуцагч ХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ нь 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн ХХХХХХХХ дугаар дээр “ХХХ” ХХК-тай “Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ” болон “Үүрэн холбооны дараа төлбөрт Iphone үйлчилгээний гэрээ” “Iphone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” болох 22330033 тоот гэрээ байгуулан 16 гига-байт багтаамжтай 5 загварын ай-фон /Iphone 5-16GB/ маркийн гар утсыг худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтад олгогдох үүрэн холбооны ай-фон /Iphone 5-16GB/ 54.000 багц үйлчилгээ авсан. Гэвч өнөөдрийг хүртэл гар утасны төлбөрөө төлж барагдуулаагүй тул “Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ” болон “Үүрэн холбооны дараа төлбөрт  үйлчилгээний гэрээ”, “Iphone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” болох 22330033 тоот гэрээ байгуулан 16 гига-байт багтаамжтай 5 загварын ай-фон /Iphone 5-16GB/ маркийн гар утсыг худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтад олгогдох үүрэн холбооны ай-фон /Iphone 5-16GB/ 54.000 багц үйлчилгээ авсан. Гэвч өнөөдрийг хүртэл гар утасны төлбөрөө төлж барагдуулаагүй тул “Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ” болон “Үүрэн холбооны дараа төлбөрт Iphone үйлчилгээний гэрээ”, “Iphone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-ний 2.3 дугаар зүйл, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу гар утасны гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 715 993 төгрөг, ярианы үлдэгдэл төлбөрийн үлдэгдэл 259 751 төгрөг нийт 975 744 төгрөгийг хариуцагч ХХээс гаргуулж өгнө үү. Хариуцагч ХХ нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцалж, гар утасны үндсэн үнэ болох 1 500 000 төгрөгөөс тооцож гар утасны төлбөрт төлсөн урьдчилгаа 430 000 төгрөг болон төлсөн төлбөрүүдийг хасаж 715 993 төгрөг болсон байна. Харин ярианы төлбөр нь 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тооцогдсон байгаа гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “ХХХ” ХХК-ийн нэхэмжилсэн 975 744 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 18 сарын турш сар бүр гар утасны лизингийн төлбөрт 324 000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 6 сарын лизингийн төлбөр 18 000 х 6 = 108 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байна. Гэтэл надаас үндэслэлгүйгээр гар утасны үлдэгдэл төлбөрт 715 993 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус бөгөөд би төлөх үүрэггүй. Мөн ярианы төлбөрийн үлдэгдэл гэх 259 751 төгрөгийн төлбөр нь хэзээний хэдэн минутын яриа, мессэж болох талаар ямар ч баримтгүй байна. Иймд “ХХХ” ХХК-ийн төлөөлөгч ХХХХын гаргасан 975 744 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хариуцагч ХХээс Iphone 5 маркийн гар утасны үлдэгдэл төлбөр 288 000 төгрөг, ХХХХХХХХ дугаарын 2015 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарын ярианы төлбөрт 259 751 төгрөг, нийт 547 751 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 427 993 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХХХХХХХХ” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 27 968 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХээс 17 082 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ХХ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч миний бие 18 сарын хугацаанд 324 000 төгрөг төлсөн бөгөөд 108 000 төгрөгийн үлдэгдэлтэй болно. Гэтэл шүүхээс нотлох баримтыг буруу үнэлж, надаас үндэслэлгүйгээр 180 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд намайг хохироож байна.

Зөвхөн нэхэмжлэгч талын өөрийнх нь гаргаж өгсөн нотлох баримт гэх нэхэмжлэх, ярианы хураангуй баримтуудыг үндэслэж 259 751 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй”, 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус заасныг ноцтойгоор зөрчсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлаж, хэрэглээгүй байна.

 

            Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч ХХт холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 975 744 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас, хариуцагч гар утасны үнээс төлөгдөөгүй байгаа 6 сарын үлдэгдэл төлбөр 108 000 төгрөгөөс бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 22330033 тоот “Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ”, “Үүрэн холбооны дараа төлбөрт IPhone үйлчилгээний гэрээ”, “Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-нүүд байгуулагдаж, хариуцагч ХХ нь сар бүрийн ярианы үндсэн төлбөрт 54 000 төгрөг төлөх, 1 500 000 төгрөгийн үндсэн үнэ бүхий Iphone 5 16GB загварын гар утсыг хөнгөлөлттэй үнэ болох 862 000 төгрөгөөр тооцон авч, урьдчилгаа төлбөрт 430 000 төгрөгийг төлж, 24 сарын хугацаанд сар бүр 18 000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч 2015 оны 5 сараас хойш ярианы болон гар утасны төлбөрийг төлөөгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгээгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан “Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ”-нүүд нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан “Худалдах-худалдан авах” гэрээ болох талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин “Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу хийгдсэн гэрээ байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ энэ хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь буруу болжээ.

 

Хариуцагч нь хугацаанаас өмнө гэрээ цуцлагдсан тохиолдолд утасны үндсэн үнийн дүнг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч “IPhone үйлчилгээний гэрээ” байгуулах өргөдлийг гаргаж дээрх гэрээнүүдийг байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь “Гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ”-ний 2.10 дугаар зүйлд “Хөнгөлөлттэй нөхцлөөр гар утас авсан хэрэглэгч хугацаанаас өмнө гэрээ цуцлах, 2 дахь гар утас авах тохиолдолд гар утасны үндсэн үнийг төлж барагдуулна” гэж заасны дагуу хариуцагчаас гар утасны үндсэн үнэ 1 500 000 төгрөгөөс түүний төлсөн нийт төлбөрийг хасч, 715 993 төгрөг нэхэмжилснийг шүүх гэрээг цуцлах хуульд заасан нөхцлийг хангаагүй гэж үзэж, гар утасны хөнгөлөлттэй үнээс хариуцагчийн төлсөн төлбөрийг хасч 288 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж, маргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хариуцагч 2015 оны 5 сараас хойш ярианы болон гар утасны төлбөрийг нэхэмжлэгчид төлөөгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгээгүй бөгөөд 2015 оны 9 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд дараа төлбөрт ХХХХХХХХ дугаарыг ашиглаж яриа хийгээгүй, энэ хугацааны төлбөр 259 751 төгрөгийг төлөхгүй гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл болон нэхэмжлэгчийн гаргасан гүйлгээний баримтыг үгүйсгэж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн байхад шүүх шийдвэртээ “ХХХХХХХХ” ХХК гэж буруу бичсэн болон Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “хэрэглэгч харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй” гэсэн хэрэглэгчийн үүргийг тодорхойлсон нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй зохицуулалтыг шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэсэн нь тус тус буруу болжээ.

 

Харин нэхэмжлэгч нь яриа, гар утасны дутуу төлбөрийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй тул шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/03819 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2” гэснийг “262 дугаар зүйлийн 262.1” гэж,

2 дахь заалтын “ХХХХХХХХ” гэснийг “ХХХ” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч ХХийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 500 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                       ШҮҮГЧИД                           Ш.ОЮУНХАНД  

               

                                                                                                 С.ЭНХТӨР