Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 168

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,

Хохирогч М.В,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Ж,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Д.О

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн ... тоот хохирогч М.В-н гэрийн тооноор орж эд зүйл хулгайлан 1030000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 10-р сарын 02-ны өдөр гэрт нь ороод нөүтбүүк, нарны шил, ээмэг, мөнгөн гинж зэргийг аваад гэрийн тооноор гарсан. Энэ удаа боломж олгооч дахин ийм хэрэг хийхгүй...” гэв.

 

     Шүүгдэгч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өглөө 09 цагийн орчимд гэртээ ганцаараа байсан... Би зүүн талын хашааны айл М ахынд хүн байхгүй гэдгийг мэдэж байсан. Би өөрийнхөө хашаагаар даваад М ахын хашаанд орсон. Хашаанд ороход 4 ханатай гэр байсан. Гэрийн хаалганы урд очиход цоожтой байсан. Тэгээд би гэрийн баруун талаас нь авирсан, гэрийн бүслүүр дээр гишгэж байгаад гэр дээр гарсан. Тэгээд гэрийн тооноор орсон ороход гэрт айлд байдаг бүх л юм байсан. Би зурагтны доод талын 2 шургуулгатай стикны баруун талын шургуулгыг нь ухсан, шургуулганд ягаан өнгийн жижиг нөүтбүүк байсан би маркийг нь мэдэхгүй байна. Тэгээд шургуулганаас нь өөр юм аваагүй тэгээд шургуулгыг хаагаад гэрийн зүүн талд байрлах компьютерийн ширээний шүүгээг татаж нэг монетон гинж /нарийхан гинж/ аваад нэг монетон хос ээмэг /зүгээр энгийн зураастай дугуй хэлбэртэй ээмэг байсан/ тэгээд нэг мөнгөн гинж /эрэгтэй гинж байсан кулон нь хавтгай мөнгөн металл байсан/ 2 мөнгөн бөгж нэг нь ягаан өнгийн шигтгээтэй нөгөө бөгж нь цулгуй бөөрөнхий энгийн бөгж/ тэгээд хар өнгийн нүдний шил байсан /нарны шил/ тэгээд би зуухан дээр сандал тавьж тооноор нь буцаад гарсан гэрээс гараад Шинэ зуун ахуй үйлчилгээний төвд орж шатаар доошоо буугаад хамгийн ойр байсан алт мөнгөний дархан дээр очиж 1 мөнгөн гинж, 2 мөнгөн бөгжийг нь зарсан 80.000 төгрөгөөр ...Би тэгээд тухайн өдөр Юнителийн төв салбарын хажууд талд байдаг ломбарданд өөрийнхөө бичиг баримтаар ягаан өнгийн нөүтбүүк 50.000 төгрөгөөр тавьсан... Би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр аавын гар Э.О-той төв сааданд 13 цаг гэж уулзъя гэж ярьсан. Э.О-той уулзаад гуйж байгаад намын хорооны ломбарданд монетон гинж, монетон ээмэг хоёрыг 185.000 төгрөгөөр тавиулсан... Би Э.О-д янз бүрийн юм хэлээгүй... Би мөнгө амар хялбар аргаар олох гээд эзэнгүй байсан болохоор нь орсон юм... Миний хийсэн үйлдэл буруу би хохирол төлбөрөө барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-69-р хуудас/

 

    Шүүгдэгч Д.О, гэрч Э.О нарыг нүүрэлдүүлж авсан: "...Д.О-н: ...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өглөө 09 цагийн орчимд хажууд айл болох М гэдэг ахынх руу тооноор нь ороод хойморт байсан зурагтны тавиурын шургуулгыг татаж үзтэл ягаан өнгийн Sony vaio нэртэй мини нөүтбүүк, гэрийнх нь зүүн хойд буланд байсан компьютерийн ширээний шургуулганаас 2 мөнгөн бөгж, нэг мөнгөн зүүлт, нэг монетон ээмэг, нэг ширхэг монетон гинж тэгээд нэг ширхэг нарны шил авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/

 

     Хохирогч М.В шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нөхөр Солонгосоос ирээд ийш тийш их явсан. Гэртээ ирээд өрх сөхсөн байсныг анзаараагүй, пийшин дээр сандал тавьсан байхаар нь гараад харахад гэрийн өрхийг ард нь уясан байсан. Тэгээд цагдаа дуудсан. Ээмэг, гинж алга болсон байсан. Мөнгөн эдлэлийг сүүлд нь санаад цагдаад хэлсэн. Хохирлын талаар үнэлгээ гаргасан учраас хэлэх зүйл байхгүй. Шүүгдэгчийг сайн танихгүй, эцэг, эхийг нь танина. Өнөөдрийг хүртэл энэ хүнийг шоронд хийх талаар бодоогүй. Мөнгөн эдлэлүүдийг буцааж өгөөч ээ манай амьдралд чухал зүйл байсан гэж хэлсэн. Гинжийг тасалсан байсан учраас буцааж янзлуулахад мөнгө орно...” гэсэн мэдүүлэг

 

     Хохирогч М.В-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны 17 цагийн орчимд ...гэртээ Дэлгэрэх сумаас хадам аав Б, нөхөр М хамт ирээд гэртээ ороход манай зуухан дээр сандал тавьчихсан гэрийн өрх татагдсан байдалтай байсан... Монетон гинж, монетон ээмэг, диорын нарны нүдний шил, Sony vaio брендийн нөүтбүүк зэрэг эд зүйл алдагдсан... Миний ээмэг зүүлт хийдэг саванд мөнгөн эдлэл байсан. Би тэр саванд хийгээгүй тусад нь уутанд 2 бөгж байсан. Мөнгөн гинж эрэгтэй гинж байсан колоныг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-26-р хуудас/

 

    Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа ББ нэртэй ломбард буюу барьцаалан зээлдүүлэх төв ажиллуулдаг юм. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сайншанд сумын 2 дугаар баг Монгол Даатгал компанийн байранд байрлах ББ ХХК ломбарданд ажил дээрээ байж байтал 14 цаг 30 минутын орчимд 2 залуу ягаан өнгийн Sony vaio брендийн нөүтбүүк барьж орж ирээд барьцаанд авах уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би асаагаад шалгаж үзтэл тухайн нөүтбүүкний хэл нь Солонгос хэл дээр байсан. Тэгэхээр нь би ийм Солонгос хэлтэй нөүтбүүк авахгүй гэж хэлээд хэлийг нь сольчихоод ирээ гэж хэлсэн. Тэгээд тэр 2 залуу ах руугаа явж янзлуулна гээд явсан. Тэгээд 17 цаг 30 минутын орчимд буцаад нөгөө нөүтбүүкээ бариад хэлийг нь сольчихсон ирсэн. Тэгээд би барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний бичиг баримтыг бүрдүүлээд ягаан өнгийн нөүтбүүкийг хар өнгийн цэнэглэгчийн хамт тухайн үйлчлүүлэгч болох О.Э өөрөөр нь цэнхэр өнгийн гялгар уутанд хийлгэж скочдуулаад барьцаанд 50.000 төгрөгөөр авсан..., ...2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр цагдаагийн газраас нэг мөрдөгч ирж барьцаанд тавьсан нөүтбүүкийг акт үйлдэж хурааж авч явсан. Надад учирсан хохирол гэвэл 50.000 төгрөг, би энэ мөнгөө нэхэмжилж авна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-39-р хуудас/

 

      Иргэний нэхэмжлэгч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сайншанд сумын 2 дугаар багт Намын хорооны 102 тоотод байрлах ЭЭ барьцаалан зээлдүүлэх ажил дээрээ байж байтал нэг хүн орж ирээд юм авч байна уу гэж асуусан. Авч байна гэж хариу хэлэхэд энэ хэдэн төгрөг болох вэ гэж монетон гинж, ээмэг надад өгсөн. Тэгээд дэнсэлж үзэхэд 3.8 грамм болсон. Тэгээд 185.000 төгрөг болох юм байна гэж хэлсэн чинь тавьчихъя гээд бичиг баримтаа надад өгөөд би барьцаалан зээлдүүлэх баримтаа үйлдээд тэр залууд 185.000 төгрөгийг бэлнээр гарын үсэг зуруулж өгсөн... 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ЭЭ ломбарданд манай нөхөр М байхад цагдаагийн албан хаагч ирж акт бичиж хурааж авсан. Миний нэхэмжлэх зүйл гэвэл 185.000 төгрөг л байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуудас/

 

     Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр үдээс өмнө намайг Шинэ зуунд байрлах ажил дээрээ байж байхад намхан бор царайтай залуу орж ирээд “Ах мөнгөн эдлэл авах уу” гэж асуусан тэгээд тасарсан хүзүүний зүүлт, үйлдвэрийн нэг бөгж байсан. Тэгээд тэр залуу эргэж хараад нэг хүнтэй хамт явж байгаа бололтой хаалгаар цаашаагаа шагайгаад хөөе бөгжөө авъя гээд нэг бөгж авсан. Тэр бөгж нь арслантай бөгж байсан тэгээд нийтэд нь жинлүүр дээр тавиад надад 35.000 төгрөгөөр зарчихаад явсан... Би 2012 онд авто аваарт ороод хүзүүндээ гэмтэл аваад тэрнээсээ болоод тал мэдрэлгүй болоод ер нь их мартамхай болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/

 

    Гэрч Э.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ...Д.О ирээд өмднийхөө завсраас ягаан өнгийн жижиг нөүтбүүкийг цэнэглэгчтэй нь хамт гаргаж ирсэн. Хоёулаа энийг ломбарданд тавьчихъя “Өчигдөр дүү нь машины араас ороод машин мөргөчихсөн нөгөө хүн нь намайг 80.000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд бид хоёр Юнителийн 2 давхарт байрладаг ломбарданд ороод ломбардны ахад үзүүлсэн чинь нөгөө ах нь наадах чинь солонгос хэлтэй юм байна англи хэлтэй болгоод ир гэж хэлсэн... Тэгээд тэр ломбарднаас гараад Шинэ зуун үйлчилгээний төвийн подволд байрлах алт мөнгөний дархан орсон. Тэгээд Д.О гадуур хар куртканыхаа карманаас ууттай мөнгөн эдлэл гаргаж ирсэн. Тэгээд дотор нь мөнгөн ээмэг, зүүлт, кулон байсан. Тэгээд Д.О хэлэхдээ надаас энэ алт мөнгөний дархан юм авдаггүй юм аа та ороод тавьчих гэж хэлсэн. Тэгээд би алт мөнгөний дархан руу ороод “Та мөнгөн эдлэл авах уу” гэж асуухад ямар ч байсан үзэж харъя гэж хэлсэн. Тэгээд жинлүүр дээр тавиад 80.000 төгрөг болж байна гэж хэлсэн. Тэгээд гараад Д.О-д би 80.000 төгрөг бүгдийг нь өгсөн... Тэгээд тэндээсээ шууд Од-Аз электрон барааны дэлгүүр ороод Д.О нөгөө авч явж байсан ягаан өнгийн нөүтбүүкээ англи хэлтэй болгоно гээд бид 2 хамт орсон. Тэгээд тэр ахад нөүтбүүкээ англи хэлтэй болгоно гээд үлдээсэн... Од-Аз орж нөүтбүүкээ форматлуулсан 15.000 төгрөгөө өгчихөөд нөүтбүүкээ аваад шууд Юнителийн 2 давхарт байрладаг өдрийн очиж байсан ломбард руугаа очсон. Тэгээд тэр ломбарданд ягаан өнгийн нөүтбүүкээ цэнэглэгчийн хамт Д.О цэнхэр өнгийн уутанд скочдож 50.000 төгрөгөөр барьцаалсан... 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр намайг гэртээ байхад Д.О залгаад таны үнэмлэх чинь байна уу ломбарданд юм тавих гэсэн юмаа гэж хэлсэн. Тэгээд би хариуд нь наадах чинь хэнийх юм бэ гэж асуухад Д.О манай найз охины зүүлт, ээмэг гэж хэлсэн. Яг найз охиных чинь мөн юм уу гэж асуухад ягаа яг манай найз охиных гэж хэлсэн... Тэгээд би гэрээсээ гараад О.Э-г гэрийнх нь тэр хавиас такситай очиж аваад бид 2 хамт Намын хороо явсан. Тэгээд намын хороо ороод миний …. регистрийн дугаартай иргэний үнэмлэхээр монетон ээмэг, гинжийг нийлүүлээд 185.000 төгрөгөөр барьцаалсан... Ягаан өнгийн нөүтбүүкийг манай эгчийнх, монетон ээмэг, гинжийг манай найз охиных...гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/

 

     Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ6/18- 015 дугаартай: “...Монетон ээмэг 255.000 төгрөг, монетон гинж 425.000 төгрөг, нарны шил 40.000 төгрөг, Sony vaio мини нөүтбүүк 250.000 төгрөг, нийт 970.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-53-р хуудас/

    Ашид билгүүн ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ТХҮ6/18- 028 дугаартай: “...Мөнгөн гинж 40.000 төгрөг, мөнгөн бөгж 20.000 төгрөг, нийт 60.000 төгрөг...” гэсэн дүгнэлт /хх-ийн 57-59-р хуудас/

    Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7-р хуудас/

    Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-15-р хуудас/

    Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багт хохирогч М.В-н гэрийн тооноор орж монетон гинж, монетон ээмэг, диорын нарны нүдний шил, Sony vaio брендийн нөүтбүүк, хүзүүний мөнгөн зүүлт, бөгж зэрэг эд зүйл хулгайлж 1030000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Д.О-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1030000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

     

 Хохирогч М.В гэмт хэргийн улмаас учирсан хохирол монетон гинж, монетон ээмэг, Sony vaio брендийн нөүтбүүкийг эргүүлэн авсан болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн ба бусад зүйлийн үнэ болох 140000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол 50000 төгрөг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч Д.О төлж барагдуулаагүй байх тул Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.О-с 140000 төгрөгийг гаргуулж хохирогч М.В-д, 50000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-т тус тус олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.О-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

           3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

 

 4.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.О-с 140000 төгрөгийг гаргуулж хохирогч М.В-д, 50000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Б-т тус тус олгосугай.

 

5.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                

                                ДАРГАЛАГЧ                    Н.АДЪЯА