Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2023/00044

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  02 дугаар сарын 14-ний өдрийн 216 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ТӨХК холбогдох,

    Нэхэмжлэлийн шаардлага: “264,033,414.92 төгрөг гаргуулах,

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох ******* ТӨХК-ийн Худалдаа хөгжлийн банк болон бусад арилжааны банкууд дахь дансны орлого, авлага, борлуулалтын орлогоос компанийн хохирлыг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан заах”  тухай нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 04 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

... ******* ХХК нь хариуцагч болох ******* ТӨХК-ийн хүсэлтээр 568,000,000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 33.00 R51 загварын 3 метр өндөртэй, 2.3 тоннын жинтэй уул уурхайн зориулалттай тоног төхөөрөмжийн 8 ширхэг дугуйг хариуцагчийн сонгон нийлүүлэгч болох ******* ХХК-аас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр санхүүгийн түрээсээр түрээслэх зорилгоор худалдан авч, хариуцагчтай 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр №IPSA ******* тоот Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээг байгуулан эзэмшил ашиглалтад нь бүрэн хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь түрээсийн гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр төлөх үүргийн биелэлтийг хангах зорилгоор №СТБГ******* тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг ******* ХХК-тай байгуулж, дараах зүйлийг барьцаалсан болно.

1.БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 33.00 R51 загварын 3 метр өндөртэй, 2.3 тоннын жинтэй 8 ширхэг дугуй,  2.******* ТӨХК-ийн Худалдаа, хөгжлийн банк болон бусад арилжааны банкууд дахь дансны орлогууд, 3.Авлага, 4.Борлуулалтын орлого, Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслэгч нь түрээслүүлэгчийн өмчлөлийн түрээсийн зүйлийг эзэмшиж, ашиглах түрээсийн зүйлийн нийт үнээс 284,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон нийлүүлэгчид төлж, үлдсэн 284,000,000 төгрөг болох түрээсийн төлбөрийг төлбөрийн хуваарийн дагуу 6 сарын хугацаанд түрээслүүлэгчид бүрэн төлж барагдуулах, гэрээний хугацаа дуусахад төлбөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд түрээсийн зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон.

Гэтэл хариуцагч нь санхүүгийн түрээсийн гэрээ байгуулснаас хойш 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нэг удаа 47,333,333 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш буюу 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш түрээсийн төлбөрөө төлбөрийн хуваарийн дагуу огт төлөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн түрээслэгчийн үүргээ биелүүлж, төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа албан бичгээр болон утсаар мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгож байсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн.

Хариуцагчтай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний  хугацаа нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөр дууссан бөгөөд хариуцагч нь дараах түрээсийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцогдсон алдангийг төлж барагдуулаагүй байна.

 Хариуцагч ******* ТӨХК-ийн №IPSA******* тоот хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлөх түрээсийн үндсэн төлбөр, алданги, мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 264,033.414.92 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулахаар шийдвэрлэж,

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох ******* ТӨХК-ийн Худалдаа, хөгжлийн банк болон бусад арилжааны банкууд дахь дансны орлого, авлага, борлуулалтын орлогоос манай компанийн хохирлыг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

... Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Концессын гэрээ байгуулах эрх олгох тухай 69 дүгээр тогтоолын дагуу мөн оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн яам болон ******* ХХК-ийн хооронд Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээ байгуулснаар 2014-2021 онд ******* ТӨХК-ийн хөрөнгө болон удирдлагын эрхийг Концесс эзэмшигч ******* ХХК хэрэгжүүлж байсан. Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Концессын гэрээ цуцлах тухай 124 дүгээр тогтоолоор нь Концесс эзэмшигч нь ******* ХХК нь концессын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас тус концессын гэрээг цуцалж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаар тогтоолоор ******* ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг төрд буцааж авсан.

******* ХХК нь ******* ТӨХК-тай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №ТТТГ2014/08 тоот Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №QSC20/32-01 дугаартай Тоног төхөөрөмж түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр тус тус 2014-2022 оны 4 сар буюу төрд шилжих хүртэл хугацаанд Техник тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ-г байгуулан 53 ширхэг машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлж байсан. Эдгээр гэрээг 2015 онд хэрэгжүүлсэн бөгөөд 2016 онд шинэчилснээр мөн оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн №QSC16/01 тоот Техник тоног төхөөрөмжийн гэрээ-г байгуулан үйлдвэрт машин механизм тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээслүүлж байсан. Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний хавсралтад ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, ТТА улсын дугаартай Парк №1-д угсарсан Белаз 75131 маркийн автомашин бүртгэлтэй байна. Энэ түрээсийн гэрээний дагуу Белаз 75131 маркийн 130 тн даац бүхий уул уурхайн хүнд даацын авто самосваллын нэг сарын түрээсийн төлбөрт ******* ТӨХК нь сард 109,230,000 төгрөгийн түрээсийн төлбөр төлж ирсэн.

******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дурдсан түрээсийн зүйл гэх БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 33.00 R51 загварын, 3 метрийн өндөртэй, 2.3 тн жинтэй уул уурхайн зориулалттай тоног төхөөрөмжийн 8 ширхэг дугуй нь ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, ТТА улсын дугаартай парк №1-д угсарсан Белаз 75131 маркийн 130 тн даац бүхий уул уурхайн хүнд даацын авто самосвалд 6 ширхэг дугуйг угсарсан, 2 дугуй нь ашиглагдаагүй байна.

Иргэний хуулийн 331 дүгээр зүйлийн 331.1-т Түрээслүүлэгч нь түрээслэгчид түрээслэн авсан эд хөрөнгөтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан нь түрээслүүлэгч нь эд хөрөнгийг гэрээний дагуу ашиглах боломжийг хангах үүрэгтэй.

Зарчмын хувьд Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д Эд юмсын бүрдэл хэсэгт хамаарахгүй боловч, гол эд юмст үйлчлэн аж ахуйн нийтлэг зориулалтыг хангахад чиглэгдсэн, түүнтэй орон зайн хувьд хамаарал бүхий хөдлөх эд хөрөнгө нь дагалдах зүйл байна гэж тус тус заасан байна. Гэрээний зүйл болох дугуй нь хөдлөх механизмын эд ангийг хөдөлгөгч гол эд юмст үйлчлэн, механизмын үндсэн эд зүйл тул түрээслүүлэгчийн зайлшгүй зардалд хамаарна гэж үзэж байна. Хэрвээ дугуй байхгүй бол Белаз 75131 маркийн 130 тн даац бүхий уул уурхайн хүнд даацын автосамосвал нь уул уурхайн хүнд даацын тээвэрлэлтийг гүйцэтгэх боломжгүй дагалдах эд зүйл юм.

******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дурдсан түрээсийн зүйл гэх БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 33.00 R51 загварын 3 метрийн өндөртэй 2.3 тн жинтэй уул уурхайнд зориулалттай тоног төхөөрөмжийн 8 ширхэг дугуйны 6 ширхэг дугуй нь ******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, ТТА улсын дугаартай белаз 75131 маркийн 130 тн даац бүхий уул уурхайн хүнд даацын авто самосвалд ашиглах зориулалтаар авч, ашиглагдсан байна.

Иймд дугуйтай холбоотой зардлыг түрээсийн тоног төхөөрөмжийн машины өмчлөгч болох ТТА улсын дугаартай Белаз 75131 түрээслэгч ******* ХХК нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй гарах зардлыг хариуцах ёстой гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч ******* ХХК-ийн түрээсийн зүйл буюу дугуйны үлдэгдэл төлбөр болох 237,329,333.66 төгрөг, алданги 26,678,581.26 төгрөг, нийт 264,007,914.92 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан нотариатын зардал 25,500 төгрөг, нийт 264,033,44.92 төгрөийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.4-т тус тус зааснаар хариуцагч ******* ТӨХК-аас 237,329,333.66 төгрөг, алданги 26,678,581.26 төгрөг, нийт 264,007,914.92 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, 25,500 төгрөг гаргуулах, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Худалдаа хөгжлийн банк болон бусад арилжааны банкууд дахь дансдын орлого, авлага, борлуулалтын орлогоос манай компанийн хохирлыг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан заах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,478,117 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ТӨХК-аас 1,477,990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

             Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан худалдах, худалдан авах гэрээ гэж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр үл зөвшөөрч байна.

2022 оны 02 сарын 14-ний өдөр нэг тал буюу түрээслэгч тал нь “Ти Ди Би Лизинг” ХХК-ийг Гүйцэтгэх захирал К.Фүжимото, нөгөө Талаас түрээслүүлэгч буюу “*******” ХК-ийг төлөөлж, Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр нар ...,...үндэслэн “Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ” №1РЗА******* –г  байгуулсан байна.

Гэтэл шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах, худалдан авах гэрээний заалтыг баримталж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-н “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасныг баримтлаагүй гэж үзэж байна. Уг №1Р5А******* тоот “Санхүүгийн түрээсийн гэрээ”-ний дагуу Түрээсийн зүйл гэх БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 33.00 Р51 загварын, 3 метрийн өндөртэй, 2.3 тонн жинтэй уул уурхайн зориулалттай тоног төхөөрөмжийн 8 ширхэг дугуйг "*******” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, ТТА улсын дугаартай Белаз 75131 маркийн 130 тн даац бүхий уул уурхайн хүнд даацын авто самосвалд ашиглахаар худалдан авч, 6 ширхэг дугуйг угсарсан, 2 дугуй нь нөөцөд авч үлдсэн байна.

Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д ‘Эд юмсын бүрдэл хэсэгт хамаарахгүй боловч, гол эд юмст үйлчлэн аж ахуйн нийтлэг зориулалтыг хангахад чиглэгдсэн, түүнтэй орон зайн хувьд хамаарал бүхий хөдлөх эд хөрөнгө нь дагалдах зүйл байна” гэж тус тус заасан байна. Гэрээний зүйл болох “Дугуй” нь хөдлөх механизмын эд ангийг хөдөлгөгч гол эд юмст үйлчлэн, механизмын үндсэн эд зүйл

тул түрээслүүлэгчийн зайлшгүй зардалд хамаарна гэж үзэж байна. Хэрвээ үндсэн эд анги болох дугуй байхгүй бол Белаз 75131 маркийн 130 тн даац бүхий уул уурхайн хүнд даацын авто самосвал нь уул уурхайн хүнд даацын тээвэрлэлтийг гүйцэтгэх боломжгүй дагалдах эд зүйл юм.

“Ти Ди Би Лизинг” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд дурдсан Түрээсийн зүйл гэх ...  уул уурхайн зориулалттай тоног төхөөрөмжийн 8 ширхэг дугуйны 6 ширхэг дугуй нь “*******’ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, ТТА улсын дугаартай Белаз 75131 маркийн 130 тн даац бүхий уул уурхайн хүнд даацын авто самосвалд ашиглах зориулалтаар авч, ашиглагдсан байна. Иймд “дугуй”-тай холбоотой зардлыг түрээсийн тоног төхөөрөмжийн машины өмчлөгч болох ТТА улсын дугаартай белаз 75131 түрээслүүлэгч ‘*******” ХХК нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй гарах зардлыг хариуцах ёстой.

 “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ”-ний хавсралтад “*******” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, ТТА улсын дугаартай парк№1-д угсарсан Белаз 75131 маркийн автомашин бүртгэлтэй байна. Энэ түрээсийн гэрээний дагуу Белаз 75131 маркийн 130 тн даац бүхий уул уурхайн хүнд даацын авто самосвалын нэг сарын түрээсийн төлбөрт ******* ХК нь 2014-2022 оны 6 сард хүртэл хугацаанд 109,230,000.00төгрөгийн түрээсийн төлбөр төлж ирсэн.

2021 оны жилийн эцэст ******* ХК нь 39,783,704.00 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд Ти Ди Би Лизинг ХХК-иас зээлээр дугуй худалдаж авах шаардлагагүй, санхүүгийн чадавхтай байсан.

Гэрээ нь талуудын ашиг сонирхолд нийцсэн, ашиг олох, талуудын хүсэл зориг, гэрээний чөлөөт байдлыг хангах ёстой. Гэтэл энэ гэрээ нь эрхийн доголдолтой, ******* ХК-гай гэрээ байгуулсан боловч ******* ХХК нь өөрсдийн ашиг олж, бусдад түрээсэлдэг автомашины дугуйны төлбөрийг үйлдвэрээр төлүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            5.  Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа:

5.1.“Ти Ди Би Лизинг” ХХК болон “Дарханы төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК нарын хооронд 2022 оны 2-р сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаж, Монгол Улсын Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэг болон 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад зааснаар талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн.

Гэрээ байгуулсан талууд гэрээний эрх, үүргийг шилжүүлэхэд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 болон 124.1 дэх хэсэгт заасан зарчмыг баримтлах буюу бичгээр эрх үүрэг шилжүүлэх гэрээ байгуулагдсаны үндсэн дээр эрх, үүрэг шилждэг. Мөн гэрээний 14.11-т “Түрээслүүлэгчээс бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд Гэрээний дагуу хүлээсэн эрх, үүрэг ямарваа нэгэн хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй.” гэж заасан. Гэтэл Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-иас бидэнд гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэх талаар аливаа хүсэлт ирүүлээгүйн зэрэгцээ, үүнтэй холбоотой ямар нэгэн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй болно.

Иймд Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК нь Ти Ди Би Лизинг ХХК-ийн өмнө хүлээсэн гэрээний үүргээ бусад этгээдэд шилжүүлсэн гэж үзэх хуулийн үндэслэл байхгүй бөгөөд гэрээгээр биелүүлэх үүрэг нь хүчин төгөлдөр хэвээр байна.

5.2. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК нь эдгээр 8 ширхэг дугуйг гэрээний 9.2.4 дэх заалтад зааснаар өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа ашиглахаар харилцан тохиролцсон бөгөөд хууль ёсны эзэмшигчийн хувьд Иргэний хуулийн 93.2 дахь хэсэгт зааснаар түүний үр шимийг хүртэх эрхтэй. Тодруулбал Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК нь тухайн дугуйг бизнесийн үйл ажиллагаанд зориулж авсан болохоос биш ******* ХХК-ийн нэр дээрх тээврийн хэрэгсэлд суурилуулах зорилгоор худалдан авна гэж гэрээгээр харилцан тохиролцоогүй тул аливаа ямар ч этгээдийн тээврийн хэрэгсэлд суурилуулан ашиглах эрхтэй.

Дугуй нь тээврийн хэрэгслийн зориулалтыг алдагдуулахгүйгээр буюу гол эд хөрөнгийг гэмтээхгүйгээр салгаж болох, мөн хүнд даацын тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанаас богино хугацаанд элэгддэг бие даасан хөдлөх эд хөрөнгө юм. Хөдлөх эд хөрөнгийн шинжийг агуулж буй дугуй болон тээврийн хэрэгслийн эзэмшигч нь өөр өөр этгээд байж болно. Өөрөөр хэлбэл дугуй элэгдэж ашиглагдах боломжгүй болсон тохиолдолд өөр этгээдээс худалдан авах боломжтой салгаж болох хөрөнгө юм.

3. Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК нь ******* ХХК нарын хооронд байгуулсан гэрээний харилцаанаас үүдэн гарах асуудлыг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК нь тусдаа шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна. Өөрөөр хэлбэл Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК нь ******* ХХК нарын хоорондын асуудал нь тэдгээрийн хооронд байгуулсан гэрээний дагуу зохицуулагдах тул Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК болон Ти Ди Би Лизинг ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаанд хамааралгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2.Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3. Хариуцагч Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал гомдолдоо “... анхан шатны шүүх, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан худалдах, худалдан авах гэрээ гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

3.а/ -2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр түрээслэгч тал нь Ти Ди Би Лизинг ХХК, түрээслүүлэгч буюу Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн хооронд “Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн  түрээсийн ” №IPSA ******* тоот  гэрээ-г байгуулсан байна. Гэтэл шүүхийн шийдвэрт “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-н худалдах, худалдан авах гэрээний заалтыг баримталж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-г баримтлаагүй гэж үзэж байна.

3.б. “Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн  түрээсийн гэрээ”-ний түрээсийн зүйл гэх 8 ширхэг дугуйг ******* ХХК-н нэр дээр бүртгэлтэй, ТТА улсын дугаартай белаз75131 маркийн 130 тн даац бүхий уул уурхайн хүнд даацын автосамосвалд ашиглахаар худалдан авч, 6 ширхэг дугуйг угсарсан, 2 ширхэг дугуй нь нөөцөд авч үлдсэн байна. Иймд “дугуй”-тай холбоотой зардлыг түрээсийн тоног төхөөрөмжийн машины өмчлөгч болох ТТА улсын дугаартай Белаз75131 түрээслэгч/гомдолд бичсэнээр тусгав, зүй нь түрээслүүлэгч гэх байх/  ******* ХХК нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгөтэй холбоотой зайлшгүй гарах зардлыг хариуцах ёстой.

Тодруулбал, ******* ХХК нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-тай 2014 оны 10 дугаар  сарын 01-ний өдөр №ТТТГ2014/08 тоот “Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ”, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр №QSV20/32-01 дугаартай “ТТ түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-р 2014-2021 оны 04 сар буюу төрд шилжих хүртэл хугацаанд дээрх гэрээг байгуулан, 53 ширхэг машин механизм, тоног төхөөрөмж түрээслүүлж байсан.  ...гэрээний хавсралтад ******* ХХК-н нэр дээр ТТА улсын дугаартай Белаз 75131 маркийн автомашин бүртгэлтэй байна.

3.в.2021 оны жилийн эцэст Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК нь 39,786,704.00 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд Ти Ди Би Лизинг ХХК-иас зээлээр дугуй худалдаж авах шаардлагагүй, санхүүгийн чадавхитай байсан.

3.г.Гэрээ нь талуудын ашиг сонирхолд нийцсэн, ашиг олох,талуудын хүсэл зориг, гэрээний чөлөөт байдлыг хангах ёстой. Гэтэл энэ гэрээ нь эрхийн доголдолтой, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-тай гэрээ байгуулсан боловч ******* ХХК- нь өөрсдийн ашиг олж, бусдад түрээсэлдэг автомашины дугуйны төлбөрийг үйлдвэрээр төлүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хэргийн материалаас судлан үзвэл:

4.Монгол Улсын Эдийн Засгийн Яам, ******* ХХК-н хооронд 2014 оны 04 дүгээр сарын 04-нд “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх 30 жилийн хугацаатай, Концессын гэрээ байгуулагдсан байна./хх-1-р боть 109-140/

Энэхүү гэрээгээр концесс эзэмшигч нь ******* ХХК  байх ба Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн удирдлагын эрх, үүргийг хэрэгжүүлэх  гэжээ.

7.Дээрх концессын гэрээ хэрэгжиж байх хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК/түрээслүүлэгч/ , Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК/түрээслэгч/-дын хооронд “тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ” байгуулагдсан байх ба уг гэрээний хавсралт№3-д түрээсийн зүйлийг хүлээлцсэн актын 33-рт Белаз 75131 гэх нэр бүхий техникүүд тусгагджээ./хх-1-р боть 57-69/

8.Мөн хугацаанд буюу  2022 оны 02 дугаар  сарын 14-ний өдөр ******* ХХК, *******“ ХХК-дын хооронд ...568,000,000 төгрөгийн үнэ бүхий Белаз 75131-н 8 ширхэг дугуй Худалдах, худалдах авах гэрээ/хх-1-р боть 24-27/, Ти Ди Би Лизинг ХХК, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-дын хооронд ...Белаз 75131-н 8 ширхэг дугуйны төлбөрийн үлдэгдэл 284,000,000 төгрөгийн  “Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ”/хх-1-р боть 28-36/  тус тус байгуулагдсан.

 9.Монгол Улсын Засгийн Газар 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Концессын гэрээ цуцлах тухай”  148 дугаар тогтоол гаргаж, концесс эзэмшигч ******* ХХК  -тай байгуулсан концессын гэрээг цуцалсан /хх-1-р боть 176/   байх ба 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК нь ТӨХК  болж өмчлөлийн хэлбэр өөрчлөгдөж,  хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн  /хх-1-р боть 162/ зэрэг хэргийн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

10.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн №IPSA******* тоот “Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ”-ний дагуу төлөх түрээсийн үндсэн төлбөр, алданги,  шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардалд нийт 264,033,414.92 төгрөгийг гаргуулах,

мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-н Худалдаа, хөгжлийн банк болон бусад арилжааны банкууд дахь дансны орлого, авлага, борлуулалтын орлогоос хохирлыг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгөх гэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. 

11.Хариуцагч тал шүүхэд  болон шүүх хуралдаанд  ... нэхэмжлэлд дурдсан түрээсийн зүйл гэх ...8 ширхэг дугуйны 6 ширхэг дугуй нь ******* ХХК-н нэр дээр бүртгэлтэй, ТТА улсын дугаартай Белаз 75131 маркийн 130 тн даац бүхий уул уурхайн хүнд автосамосвалд ашиглагдаж байгаа. Дугуйтай холбоотой зардлыг түрээсийн тоног төхөөрөмжийн машины өмчлөгч болох ТТА улсын дугаартай Белаз 75131 түрээслэгч/тайлбарт бичсэнээр тусгав/  ******* ХХК хариуцах ёстой.

... Монгол Улсын Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 69-р концессын гэрээгээр 2014 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Эдийн Засгийн Хөгжлийн Яам болон ******* ХХК-н хооронд “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах “төсөл хэрэгжиж, Концессын гэрээ 2014-2021 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-н хөрөнгө болон удирдлагын эрхийг концесс эзэмшигч ******* ХХК хэрэгжүүлж байсан.

******* ХХК нь өөрийнхөө хамаарал бүхий компанитай гэрээ байгуулж, өөрийн эзэмшилд байгаа тоног төхөөрөмжийг төрийн компанийн хөрөнгөөр эд хөрөнгө худалдаж авсан.Төлбөр хийгдсэн, гэрээ байгуулсан үйл явц нь төрд шилжихээс өмнө буюу концессын гэрээг цуцлахаас өмнө хийгдсэн ажиллагаа байдаг. Хамгийн сүүлд хийгдсэн 47,333,333 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 08-н өдөр буюу төрд шилжихээс өмнө төлөлтийг хийсэн.Төрд шилжсэнээс хойш төлбөр төлөөгүй. ******* ХХК нь өөрийн эзэмших эд хөрөнгийн капитал эд хөрөнгийг өөрсдөө хариуцах ёстой. Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК нь хариуцагч биш гэж үзэж байна. Иймд субъектийн хүсэл зоригоос үл шалтгаалсан, гэрээний чөлөөт байдлыг хангаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж маргасан байна.  

12. Нэхэмжлэгч ******* ХХК нь   568,000,000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 33,00 R51 загварын, 3 метр өндөртэй, 2.3 тн жинтэй, уул уурхайн зориулалттай тоног төхөөрөмжийн 8 ширхэг дугуй-г Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-нд санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслэх зорилгоор  нийлүүлэгч болох  “******* “ ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр худалдан авч,  худалдах, худалдан авах гэрээ байгуулсан/1-р хх- 24-27/ гэх,

Энэхүү худалдах, худалдан авах гэрээний 1.3-д  гэрээний зүйл ...8 ширхэг дугуй, гэрээний үнэ 568,000,000 төгрөг, 2.1.1-д  гэрээний зүйлийн үнийн 50 хувь болох 568,000,000 төгрөгийг худалдан авагч нь түрээслэгч талаас хүлээн авсны дараа худалдагчид шилжүүлнэ, 2.1.2.-д худалдан авагч нь үнийн 50 хувь болох 284,000,000 төгрөгийг гэрээний 1.7-д заасан хүлээлцэх актыг  хүргүүлсний үндсэнд, Худалдагчаас ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн  шилжүүлнэ, 2.3-д гэрээний 2.1.2-т заасны дагуу төлбөр тооцоо хийгдсэнээр гэрээний зүйлийн өмчлөх эрх Худалдагчаас Худалдан авагчид бүрэн шилжихээр талууд харилцан тохиролцсон болно., 3.3.1-д худалдан авагчийн үүрэг нь гэрээний 2.1.2-т заасны дагуу гэрээний зүйлийн үнийг худалдагч талд төлөх,  гэж тохиролцжээ. Гэрээнд худалдагчийг төлөөлж   ******* “ ХХК-н захирал Б.Ганхуяг, худалдан авагчийг төлөөлж ******* ХХК-н гүйцэтгэх захирал К.Фүжимото, санхүүгийн түрээсийн ажилтан Б.Чинбат нар гарын үсэг зурсан байна.

Хэргийн ( 1-р хх ) 22 дугаар талд Худалдах, худалдан авах гэрээний нэмэлт  №SPA *******-1 тоот гэрээ авагдсан байх ба  гэрээний 2.1.1-д  а. гэрээний зүйлийн үнийн 50 хувь болох 284,000,000 төгрөгийг Түрээслэгчээс Худалдагчид шууд төлөх,  б.энэхүү нэмэлт гэрээ байгуулагдсанаар Худалдан авагч нь үндсэн гэрээний 2.1.1-д заасан түрээслэгчийн урьдчилгаа төлбөр буюу гэрээний зүйлийн үнийн дүнгийн 50 хувь болох 284,000,000 төгрөгийн үүргээс чөлөөлөгдөнө гэжээ.

13.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан  худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу нийлүүлэх,  худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

14.Нэхэмжлэгч ******* ХХК,  Эйч Эн Кэй Эм Эн ХХК- дын хооронд  2022 оны 02 дугаар  сарын 14-ний худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх  ба энэхүү гэрээний  Худалдагч буюу нийлүүлэгч нь  Эйч Эн Кэй Эм Эн ХХК, Худалдан авагч нь  Ти Ди Би Лизинг ХХК байна.

15.Гэрээний зүйлийн үнэ 568,000,000 төгрөг гэсэн  байх ба үүний урьдчилгаа 50 хувь болох 284,000,000 төгрөгийг гэрээний 1.7, 2.1.1, 2.2-т зааснаар Худалдан авагч буюу ******* ХХК  төлөх үүрэг хүлээсэн байх боловч энэхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш 4 сарын дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэмэлт гэрээгээр урьдчилгаа 50 хувь болох 284,000,000 төгрөгийг Түрээслэгчээс Худалдагчид төлөхөөр өөрчлөлт оруулсан байдаг.       

16.Нэхэмжлэгч тал нь ******* ХХК нь  үйлдвэрлэгч биш учир гэрээний зүйл болох 8 ш дугуйг нийлүүлэгч компаниас худалдан авч түрээслэх зорилгоор эхлэж худалдах, худалдан авах гэрээ-г Эйч Эн Кэй Эм Эн ХХК –тай байгуулсан, дараа нь Санхүүгийн түрээсийн гэрээ-г Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-тай байгуулсан гэж тайлбарласан.

Энэ нь Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т “Түрээслүүлэгч, түрээслэгчийн хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний салшгүй хэсэг нь түрээслүүлэгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан түрээсийн зүйлийг худалдах-худалдан авах гэрээ байна” гэж заасанд нийцүүлж гаргасан   тайлбар гэж үзэхээр байна.       

17.Худалдах, худалдан авах гэрээний зүйлийн үнэ  568,000,000 төгрөгийн урьдчилгаа 50 хувь болох 284,000,000 төгрөгийг  худалдагч буюу нийлүүлэгч  Эйч Эн Кэй Эм Эн ХХК –д төлөгдсөн эсэх талаар тодруулахад зохигч талуудын хэн  аль нь мэдэхгүй гэх тайлбар гаргадаг.         

Иймд зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний харилцаа үүссэн гэх  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.        

18.Учир нь Санхүүгийн түрээс/лизинг/-ийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 “ Санхүүгийн түрээс” гэж түрээслүүлэгч нь түрээслэгчийн захиалгын дагуу энэ хуулийн 6.1-д заасан эд хөрөнгийг өөрөө үйлдвэрлэх буюу гуравдагч этгээдээр үйлдвэрлүүлэх, эсхүл түүнээс худалдан авч гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд төлбөртэйгөөр түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөхийг ойлгох бөгөөд үүнийг “анхдагч түрээс” гэж үзнэ  гэж,

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ”.           

Хуулийн 123.8-д “хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ.          

Хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” ,           

Санхүүгийн түрээс/лизинг/-ийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаанд түрээсийн зүйлийн өмчлөгч нь түрээслүүлэгч байна” гэж тус тус заасан.

19.Нэхэмжлэгч ******* ХХК нь  худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч буюу нийлүүлэгч гэх Эйч Эн Кэй Эм Эн ХХК –ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн,  үүрэг нь дуусгавар болсон,  гэрээний зүйлийн өмчлөгч болсон  эсэх нь тодорхойгүй, 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын  гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй,                 

Мөн түрээслэгч гэх Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-иас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхийг шилжүүлсэн гэх бичгийн баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хэлцэл хийгдээгүй байх тул  нэхэмжлэгч ******* ХХК-д худалдах, худалдан авах гэрээний үнийн 50 хувь болох 284,000,000 төгрөгийг шаардах эрх үүсээгүй, үүрэг ч шилжээгүй, улмаар  284,000,000 төгрөг/50 хувь гэх/-ийг нэхэмжлэгч тал нь үл хэрэгссэн.              

20.Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК /гэрээ байгуулсан үеийн нэрээр/-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй,  харин нэхэмжлэгч хуулийн этгээд нь хариуцагч байгууллагыг  “санхүүгийн түрээсийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Гэтэл  анхан шатны шүүх талуудын хооронд Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар  хэргийг зүйлчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

21. Мөн хэргийн ( 1-р хх )28-36 дугаар талд авагдсан  2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №IPSA ******* дугаартай “Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ”   ******* ХХК,  Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-дын хооронд байгуулагдсан байна.

Энэхүү гэрээний 2.1.12. Түрээслүүлэгч гэж  ******* ХХК-г,  2.1.13. Түрээслэгч гэж Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК-г,  2.1.14. Түрээсийн зүйл гэж  ...гэрээний хавсралт №1-д заасан уул уурхайн зориулалттай тоног төхөөрөмжийн дугуй-г,  3.1.1.Түрээсийн зүйлийн үнэ 568,000,000 төгрөг, 3.1.2.Түрээсийн урьдчилгаа төлбөр 284,000,000 төгрөг, 3.1.3.Түрээсийн үндсэн төлбөр 284,000,000 төгрөг, 3.1.4.Түрээсийн хугацаа 6 сар , 3.1.5.Түрээсийн хүүгийн хувь- 0,  3.1.6.санхүүгийн шимтгэл 1,420,000 төгрөг, 3.1.8. алданги –хугацаа хэтэрсэн хоног тутамд хуваарийн дагуу төлөгдөөгүй түрээсийн төлбөрийн 0,1 хувьтай тэнцүү байна. гэж,

3.3.Түрээсийн зүйл нь түрээслүүлэгчийн өмчлөлийн зүйл байх бөгөөд Түрээслэгч төлбөрийг Түрээслүүлэгчид бүрэн төлсөн болон энэ гэрээнд заасан бусад бүхий л шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд Түрээсийн зүйлийн өмчлөх эрх Түрээслэгчид шилжинэ.,

3.7. Түрээслүүлэгч нь гэрээ хүчин төгөлдөр болж, Түрээслэгчээс түрээсийн урьдчилгаа төлбөр болон санхүүгийн шимтгэлийг бүрэн гүйцэт хүлээн авсны дараа Нийлүүлэгчтэй Түрээсийн зүйлийг худалдан авах Худалдах, худалдан авах гэрээг байгуулна гэж тус тус тусгажээ.         

22.Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” ,             

Хуулийн 313 дугаар зүйлийн 313.2-т  “Гэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заана”,  313.3-т  энэ зүйлд заасан журмыг зөрчсөн санхүүгийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан.            

23. Дээрх  гэрээ болон нэхэмжлэлийн шаардлага зэргээс үзэхэд: ******* ХХК,  Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК –ийн хооронд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр  №IPSA ******* дугаартай “Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ “ байгуулагдсан байх ба энэхүү гэрээгээр гэрээний зүйл болох 8 ш дугуй, нэгж үнэ 71,000,000 төгрөг, бүгд 568,000,000 төгрөг, урьдчилгаа 284,000,000 төгрөг төлөх, үндсэн төлбөр 284,000,000 төгрөг гэж, түрээслүүлэгч нь Ти Ди Би Лизинг ХХК, түрээслэгч нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК гэжээ. 

“Хэсэгчилсэн төлбөрт санхүүгийн түрээсийн гэрээ”-нд бүгд үнэ  568,000,000 төгрөг, үүний 50 хувь болох  284,000,000 төгрөгийг үндсэн төлбөр гэсэн байх боловч энэ нь   гэрээний үнэ  гэж үзэхээр байтал “түрээсийн гэрээний төлбөр” гэж  нэхэмжилж буй нь ойлгомжгүй,  Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт нийцээгүй. 

24.Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2, Санхүүгийн түрээс/лизинг/-ийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.13 –д зааснаас үзэхэд санхүүгийн түрээсийн гэрээнд  гэрээний үнээс гадна түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, ... зэргийн талаар зааж, тохирсон  байхыг хуульчлан зохицуулжээ.  

Тодруулбал, гэрээний үнэ, түрээсийн төлбөр нь өөр өөр ойлголт болох нь Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2 дахь хэсгээс  тодорхой  байна. 

Иймд түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам зэрэг нөхцөлийн талаар тохиролцоогүй  гэж үзэх үндэслэлтэй, өөрөөр хэлбэл,  Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.3-т заасан зохицуулалтаар   энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

25.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна “гэж зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь ямар эрх нь хэзээ, хэрхэн зөрчигдсөнөө өөрсдөө үнэн зөв тодорхойлж чадаагүй.

26.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж заасан.

27.Дээр дурдсан нөхцөл байдал, хэргийн үйл баримт, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага зэргээс дүгнэхэд ...Белаз75131-н 8 ширхэг дугуйны  нийт үнэ 568,000,000 төгрөг, үүний урьдчилгаа 50 хувь болох 284,000,000 төгрөгийг худалдан авагч буюу түрээслүүлэгч ******* ХХК болон түрээслэгч Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ХК/гэрээнд бичсэн нэрээр/ нь худалдагч Эйч Эн Кей Эм Эн ХХК-д төлсөн эсэх нь тодорхойгүй байтал үлдэх 50 хувь 284,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК нь “санхүүгийн түрээсийн гэрээ”-ний төлбөр гэж  Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-иас  нэхэмжилж буй  нь ойлгомжгүй,

мөн 284,000,000 төгрөг  нь гэрээний зүйл болох ...8 ширхэг дугуйны  нийт үнэ эсэх нь тодорхойгүй,

“санхүүгийн түрээсийн гэрээ” нь хуульд заасан шаардлагыг хангаагүй,  нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл тодорхойгүй,

нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдийн хуульд заасан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн  гэж үзэх үндэслэл зэрэг нь тогтоогдохгүй  байна.

Иймд анхан шатны шүүх маргааныг зүйлчилсэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Харин хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,477,990.00 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 216 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож,  нэхэмжлэгч ******* ХХК-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талын дав заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,477,990.00 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

      

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МЯГМАРСҮРЭН       

                                ШҮҮГЧИД                                Я.ТУУЛ                                                                                         

                                                                                     Х.БАЙГАЛМАА