| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2018/0151/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Хохирогч Ж.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.У,
Шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Ц-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн М.Ц
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч М.Ц нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Ж.Э-ийн маллуулахаар өгч итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 14 төлөг, 23 ямаа, 16 эр хонь, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 3 хонь, 2 ямаа зэргийг завшин, худалдан борлуулсны улмаас хохирогч Ж.Э-д 5 760 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ж.Э ахаас малыг нь маллая гээд сарын 100000 төгрөгийн цалинтай, хавар төлийн 50 хувь гэж тохирч малласан. Би фэйсбүүкээр хүнээс мөнгө зээлэх гээд нөгөө хүндээ хулхидуулаад энэ хүний хохирлыг нь төлж чадахгүй ийм байдалд орчихлоо...” гэв.
Шүүгдэгч М.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хамгийн сүүлд манай нутгийн Ж.Э ах манайд 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 123 тооны хонь, 139 тооны ямаа, 37 тооны хурга, 45 тооны ишиг нийт 344 тооны малыг ирэх оны хавар хүртэл маллуулахаар хүлээлгэж өгсөн юм. Бид нар ажлын хөлс, төлбөр тооцоогоо 1 сар тутам 100 мянган төгрөг авах, мөн сүүлд нийт төлийн 50 хувийг авахаар амаараа тохиролцсон байсан юм. Тэгээд малыг маллаж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гэнэт мөнгөний хэрэг гарахаар нь манай нутгаар айлуудаас мал худалдаж авдаг “Шивээ-Овоо” сумын ченж Б/Б/ гэх зүс таньдаг ахыг утсаар нь дуудаад 23 ямаа, 16 эр хонь, 14 төлгийг манай мал байгаа юм аа гэж худлаа хэлээд нийтэд нь 3.700.000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөгөөр зарсан юм. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөн л ченж Б/Б/ ахыг утсаар дуудаад өөрийнхөө малаас 3 хонь, 5 ямаа, харин дүү П.Оын малаас 13 ямаа, 5 хонь буюу бид 2-ын мал нийлээд 25 болсон ба Ж.Э ахын малаас 3 эм хонь, 2 борлон авч үлдээд нийтдээ 30 бог малыг 1.600.000 төгрөгөөр зарсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/
Хохирогч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...72 малаа алдсан. Надад 71 мал өгсөн. Тэр нь голдуу хурга, ишиг байсан. Одооноос тэжээхээр байгаа, би хохирлоо барагдуулмаар байна. Манай эр ямаа, эр хонийг зарсан байсан...нас хүйсний зөрөө гарч байгаа учраас одоо 3 сая орчим төгрөг нэхэмжлэнэ” гэв.
Хохирогч Ж.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 сарын сүүлээр манайх Хэрээгийн улаан өндөр гэх газраас Далангийн баруун хажууд М.Ц гэртэй ойролцоо нүүж ирсэн. Тэгээд М.Ц нөхөртэйгөө манайд ирээд манайх цөөхөн малтай айлын мал маллана гэж ирж уулзсан. Тэгээд мал маллах үнэ хөлсөө тохиролцоод 2018 оны 08 сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн 158 хонь 179 ямааг маллуулахаар тохиролцож хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш олон удаа утсаар ярьж холбогдох гэсэн боловч утсаа авдаггүй болохоор нь 2018 оны 10 сарын 08-ны өдөр очиж малаа тоолж үзэхэд манай малаас 70 тооны мал дутсан байсан. Тэгээд би малчин Т.Т-ээс мал яасан талаар асуухад танай тасарчих шиг боллоо гэсэн. Тэгээд би Далангийн зүүн хойд талаар хайгаад айлуудаар ороод сурагласан боловч хайгаад олоогүй. Дараа нь 2018 оны 10 сарын 10-ны өдөр очтол Т.Т-ийн ээж нь гэртээ байсан, Т.Т, М.Ц хоёр өчигдөр ченж дуудаж мал өгсөн, одоо тэр хоёр гэртээ байхгүй байгаа Улаанбаатар хот руу явсан гэж хэлсэн. Тэгээд би малаа дахиж тоолсон чинь манай малаас 2 ямаа, 4 хонь дутсан байхаар нь би үлдсэн малаа Т.Т-ийн дүү Ооос өөрийн малаа тоолж аваад явсан. Манай малаас үлдсэн 110 хонь, 153 ямааг аваад явсан. Анх хүлээлгэж өгсөн 337 малаас 74 тооны мал дутсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/
Гэрч Т.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би эхнэртэйгээ хамт Ж.Э-ийн малыг 2018 оны 08 дугаар сараас эхлэн малладаг болсон юм. Би тоо мэдэхгүй болохоор яг хичнээн тооны малыг нь маллаж байсан талаар хэлж чадахгүй байна. Тэгтэл манай эхнэр хүнээс “Мөнгө зээлж авна, их хэмжээний мөнгө хэрэгтэй байна” гээд яваад байсан. Тэгээд тэр зээлдээ хамаг мөнгө төгрөгөө шилжүүлж өгч дуусгаад өөрийн малаас болон Ж.Э-ийн малаас зарж эхэлсэн. Ж.Э болон өөрийн малыг зарж мөнгөтэй болох тухайгаа надад анх хэлэхэд нь би маш дургүйцэж “зарж яах гээд байгаа юм бэ, болохгүй шүү дээ” гэж хэлтэл чимээгүй байж байгаад надад хэлэлгүйгээр манай нутгаар мал худалдаж аваад байдаг ченж Б/Б/ гэдэг хүнийг дуудчихсан байсан. Тэгээд л тэр хүнд Ж.Эийн малаас болон өөрийнхөө малаас зарчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/
Гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би яг зарж байхад нь бол мэдээгүй. Сүүлд ийм асуудал болоод дууссаны дараа л мэдсэн..., ... ...М.Ц рүү залгаад “Чамайг хүн амьтан сураглаад яваад байна, юу болсон юм бэ гэж асуутал “Би зээл авах гээд хөөцөлдөж байгаа юм аа, тэгсэн мөнгөний хэрэг гараад өөрийнхөө болон Ж.Э-ийн малаас аваад зарчихсан юм аа” гэж хэлэхээр нь би “Наад нэг зээл мээл чинь худлаа гэж байна лээ, наад нэг юм аа одоо боль наашаа хүрч ирээд энэ хүн амьтантайгаа уулзаж, учраа ол” гэтэл за гэж хэлээд утсаа таслаад тэр өдрийнхөө орой Улаанбаатар хотоос Даланжаргалан сум руу ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Т.Т гэх залуугийн гэрт нь очиж төлөг 10 ширхэг 500000, ямаа 14 ширхэг 1000000, эр хонь 11 ширхэг 1000000, төлөг 4 ширхэг 200000, эр хонь 5 ширхэг 550000, хязаалан ямаа 9 ширхэг 450000 нийт 53 тооны малыг 3700000 төгрөгөөр худалдаж авсан. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хонь 10 ширхэг 600000, ямаа 20 ширхэг 1000000 нийт 30 тооны малыг 1600000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ6/18-016 дугаартай: “...19 толгой эр хонь 2280000 төгрөг, 25 толгой эр ямаа 2500000 төгрөг, 14 толгой төлөг 70000 төгрөг, нийт 5760000 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээ /хх-ийн 23-24-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Ц нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Ж.Э-ийн маллуулахаар өгч итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 14 төлөг, 23 ямаа, 16 эр хонь, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 3 хонь, 2 ямаа зэргийг завшин, худалдан борлуулсны улмаас хохирогч Ж.Э-д 5760000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Ц-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл онондуулахдаа учруулсан хохирлыг төлсөн байдал, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Хохирогч Ж.Э-с шүүх хуралдаанд гаргасан малын үнэлгээ хийлгэсэн төлбөр 50 000 төгрөг, шатахуунд зарцуулсан 166800 төгрөг, бүгд 216800 төгрөгийн нотлох баримт нь хуулийн шаардлага хангасан байх тул шүүгдэгч М.Ц-ээс гаргуулж хохирогч Ж.Э-д олгох нь зүйтэй.
Шүүгдэгч М.Ц нь хохиролд 72 тооны мал өгсөн гэж мэдүүлсэн ба энэ талаар хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүй боловч нас хүйсний зөрүү гарч, чанарын хувьд дордуулсан үндэслэлээр хохирогч Ж.Э маргаж 3 000 000 төгрөг нэхэмжилсэн болно.
Хохирогч Ж.Э нь малын нас хүйсний зөрүү 3 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М.Ц-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-т оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4.Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч М.Ц-д оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлсүгэй.
6.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц-ээс 216800 төгрөг гаргуулж хохирогч Ж.Э-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3 000 000 төгрөгийн нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА