Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 209/МА2023/00045

 

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

         Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  03 дугаар сарын 15-ны өдрийн 135/ШШ2023/00315 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ТӨХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/965 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох тус компанийн Хуулийн хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлтэй,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие “*******” ТӨХК-д 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/965 дугаартай тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн.

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тушаалын үндэслэлд Хуулийн хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтэн ******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ үл биелүүлж, Концессын тухай хууль болон Концессын гэрээнд заагаагүй, эрх зүйн үндэслэлгүй “Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх гэрээ”-г “*******” ХХК-тай байгуулсны улмаас компани 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний хооронд Бусад үйлчилгээ, Менежментийн зөвлөх үйлчилгээ нэрээр 11 удаа нийт 129,883,079,739.50 төгрөгийг үндэслэлгүй төлж, санхүүгийн хохиролд ороход хүргэсэн тул 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсугай гэжээ.

Дээрх тушаалыг дараах байдлаар хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үүнд: 1. Миний бие тус компанид бие даан шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан байгаагүй. 2. Компани төлөөлж бие даан гэрээ байгуулах аливаа эрхийг ТУЗ болон гүйцэтгэх удирдлагаас авч байгаагүй. 3. Миний хэзээ гаргасан ямар үйлдлийг ноцтой зөрчилд тооцсон талаар тушаалд тодорхой тусгаагүй. 4. Хөдөлмөрийн тухай хуульд заасан тайлбар гаргах боломжоор хангаагүй.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдаж, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн “*******" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/965 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, тус компанийн Хуулийн хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч надад олгох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлүүдийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг тус тус даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

“*******” ТӨХК, түүнийг төлөөлж Ерөнхий захирал *******, Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал *******, Уурхай хариуцсан дэд захирал *******, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга *******, Хууль зүй, дотоод хяналтын хэлтсийн дарга *******, “*******” ХХК, түүнийг төлөөлж “*******” ХХК-ийн Гүйцэтгэх захирал , Ерөнхий нягтлан бодогч , Төслийн менежер нар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тоот” Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулжээ.

Тус гэрээг Концессын тухай хууль, Засгийн газрын 2014 оны 69 тоот тогтоол, Концессын гэрээний дагуу *******ийг түшиглэн металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх явцад болон *******ийн өдөр тутмын үйл ажиллагаанд ******* ХХК-аас Монгол Улсын болон Олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд нийт 12 чиглэлээр 50 ажил үйлчилгээг үзүүлэх, үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах агуулгаар байгуулсан байна.

“*******” ХХК болон “*******” ХК-ийн хооронд байгуулсан тус “Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний 8.1-д “үзүүлэх үйлчилгээний хөлс нь нэг улирлын 2,500,000 ам.доллар буюу жилийн 10,000,000 ам.доллар байна.” гэж үйлчилгээний хөлсийг нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр төлөхөөр тохиролцсон байна. Тус гэрээг үндэслэн “*******” ХХК нь “*******” ХК-иас 11 удаагийн төлбөрийн гүйлгээгээр 129,883,079,739.50 төгрөгийг шилжүүлэн авчээ.

Дээрх хэрэгт “*******” ХХК-д холбогдуулан 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

******* нь “*******” ХК-ийн Хууль зүй, дотоод хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан компанийн бизнесийн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг хянаагүйгээс “*******” ХК-иас 11 удаагийн төлбөрийн гүйлгээгээр 129,883,079,739.50 төгрөгийн хохирол учруулах боломжийг бүрдүүлсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус зааснаар “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/965 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, *******ыг тус компанийн Хуулийн хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 17,888,210 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчийн 3,906,572 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан дээрх цалингийн зөрүүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “*******” ТӨХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 301,161 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар давж заалдах гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт

1. Хавтаст хэргийн 136-168 дугаар талд Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам нь “*******” ХХК-тай Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ байгуулж, улмаар уг гэрээний дагуу “*******” ХК нь “*******" ХХК-тай Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх” 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр QSС 17/01 дугаартай гэрээг “*******” ХК-ийн ерөнхий захирал , “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар байгуулж, талууд харилцан тохиролцож байгуулсныг нотолж “*******” ХК-ийн Үйлдвэр эрхэлсэн дэд захирал *******, Уурхай хариуцсан дэд захирал *******, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга *******, Хууль зүй дотоод хяналтын хэлтсийн дарга *******, “*******’ ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч , төслийн менежер нар гарын үсэг зурсан байна. /хх 27- 41 тал/

Дээрх эрх бүхий этгээдүүд нь Концессын гэрээний 4.5, 4.6-д заасан заалтуудыг зөрчсөн, мөн Монгол Улсын Компанийн тухай хуулийн 87.1.1-д заасан заалтыг зөрчин нийт хөрөнгийн 25 хувиас илүү үнийн дүнтэй гэрээ баталгаажуулж, тус компанид 129.9 тэрбум төгрөгийн хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэсэн байна.

Талууд хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журамдаа хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гэдгийг тусгасан боловч нэхэмжлэгч ******* нь Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх гэрээг “*******” ХК, “*******” ХХК-тай байгуулсан гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсныг нотолж гарын үсэг зурахдаа дээр дурдсан хөдөлмөрийн гэрээний 6.5.19, Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.3.4 буюу хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод тусгайлан заасан үүргээ биелүүлээгүй ямар зөрчил гаргасан болох, ямар ажил үүргээ гүйцэтгээгүй, хангалтгүй биелүүлсэн, чанарын алдаа дутагдал гаргасан, удирдах болон захиргааны албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүйн улмаас компанид хохирол учруулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэжээ.

Харин Дотоод хяналтын хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтээр /хх 76-78 талд/

Концессын гэрээний 4.5-д заасны дагуу ******* нь төрийн өмч байна гэж заасны дагуу их хэмжээний хэлцэл хийхийн өмнө Төрийн өмчийн бодлого, Зохицуулалтын Газрын тогтоол, шийдвэргүйгээр их хэмжээний үнийн дүн бүхий Гэрээ байгуулсан байна. “Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх гэрээ”-нд “*******” ХК-ийн талаас үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал *******, Уурхай хариуцсан дэд захирал *******, Санхүү, Эдийн засгийн хэлтсийн дарга ******* мөн Хууль зүй дотоод хяналтын хэлтсийн дарга ******* нар нь гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Дээрх эрх бүхий этгээдүүд нь Концессын Гэрээний 4.5, 4.6-д заасан заалтуудыг зөрчин тухайн үеийн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэр, тогтоолгүйгээр тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн Монгол Улсын Компанийн тухай хуулийн 87.1.1-д заалтыг зөрчин нийт хөрөнгийн 25 хувиас илүү үнийн дүнтэй гэрээг баталгаажуулж тус компанид 129.9 тэрбум төгрөгийн хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн.

“*******” ХХК болон “*******” ХК хооронд байгуулсан “Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх гэрээ”-нд ******* ХК-ийн талаас оролцогч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан Үйлдвэр эрхэлсэн дэд захирал *******, Уурхай хариуцсан дэд захирал *******, Санхүү, Эдийн засгийн хэлтсийн дарга *******, Хууль зүй, дотоод хяналтын хэлтсийн дарга ******* мөн уг гэрээний 12 үзүүлэлтэд заасан 61 нэр төрлийн мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх ажил үйлчилгээ хангалттай баримтаар нотлогдоогүй үед “Хангалттай” “100%” гэж гэрээг дүгнэх актыг баталгаажуулсан “*******” ХК- ийн Ерөнхий захирал М.Отгонбаяр нарыг Монгол Улсын Компанийн тухай хуулийн 85.4-д заасан “...Өөрийн буруугаас компанид хохирол учруулсан эрх бүхий албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэж болно. Мөн хуулийн 85.2- д заасан “...компанийн эрх бүхий албан тушаалтан дор дурдсан хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компани, хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө” гэсэн заалтын дагуу буруу этгээдүүдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ, ...авах гэсэн дүгнэлтэд Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний анхан шатны шүүхээс энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, хуулийн ямар зүйл заалтыг баримталж дүгнэлт гаргасан талаар эрхзүйн дүгнэлтийг тодорхой тайлбарлаагүй байна.

2.*******ын дундаж цалин хөлсийг 17.888.210 төгрөг олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

******* нь 9 дүгээр сард ээлжийн амралтын цалин бодогдсон гэж байгаа учраас ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх бүтэн цалин бодогдсон саруудын дунджаар бодогдох ёстой гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            5.  Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа:

            Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт:

1. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх” гэрээг “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ерөнхий захирал *******, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар байгуулж, талууд харилцан тохиролцож байгуулсныг нотолж ...******* гарын үсэг зурж компанид их хэмжээний хохирол учруулсан талаар дурджээ.

Миний бие дээрх гэрээ байгуулагдах үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байгаагүй бөгөөд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасан аливаа гэрээ хэлцэл хийх итгэмжлэлийг гүйцэтгэх удирдлагаас авч байгаагүй.

Компанийн тухай хуулийн 84.2-т “Компани өөрийн онцлогтоо тохируулан эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна”, гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан “*******” ХК-ийн дүрэм /хавтаст хэргийн 122-135 дахь тал/-ийн 9.1-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Ерөнхий захирал, дэд захирлууд болон Ерөнхий захирлын тушаалаар томилогдсон этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” мөн Компанийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Их хэмжээний хэлцэл хийх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчийн хурал/ санал нэгтэйгээр гаргана” гэж заажээ.

Гомдолд дурдсан “Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний нэг тал болох “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь уг гэрээ байгуулагдах үед *******ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан болон 2015.01.15-ны өдөр батлагдсан “*******” хувьцаат компанийн дүрэм хүчин төгөлдөр үйлчилж байсан талаар талууд маргадаггүй болохыг дурдах нь зүйтэй.

 2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэгд заасан 17,888,210 төгрөгийн олговрыг хариуцагчийн зүгээс зөвшөөрөхгүй гэжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” мөн журмын 2.3.5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор” гэж тодорхойлсны дагуу нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Төрийн мэдээллийн сангаас авсан тодорхойлолт/хавтаст хэргийн 113 дахь тал/-ыг үндэслэн дундаж цалин хөлс тодорхойлогдсон бөгөөд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргасан.

*******ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/965 дугаартай тушаалын тухайд:

1. 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр *******ийн Хуулийн хэлтсийн дарга н.Батбаяр намайг албан өрөөндөө дуудаж компанид хийсэн хяналт шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэнтэй холбоотой чамайг ажлаас чөлөөлөхөөр болсон тул өөрийн хүсэлтээр халагдах өргөдлөө өгөх шаардлага тавьсан бөгөөд миний бие зөрчлийг шалгасан баримттай танилцаж тайлбар өгөх хуулийн зохицуулалттай тухай тайлбарлахад ямар ч баримт үзүүлээгүй байсан өөрийн дураараа ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхгүй бол зөрчлөөр ажлаас халах тухай мэдэгдсэн. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр тушаал гардаж авахад 129,883,079,739.50 төгрөгийн хохирол учруулсан тухай дурдсан байсан.

Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч намайг тайлбар өгөхөөс татгалзсан гэж мэдүүлдэг боловч энэ нь ямар үндэслэлгүй бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт ямар нэг нотлох баримт байхгүй болно. Дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3-т заасан “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн.

2. Хариуцагчийн зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ******* болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээнд гарын үсэг зурсан нь компанид их хэмжээний хохирол учруулсан гэж үздэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4, 123.5-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

3. Тушаалын гол үндэслэл болсон ажлын байрны тодорхойлолт нь хэзээ батлагдсан нь тодорхойгүй бөгөөд хариуцагчийн зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш батлагдсан талаар /М.Отгонбаяр захирал баталсан/ маргадаггүй.

4. Тушаалын үндэслэх хэсэгт дурдсан Хөдөлмөрийн дотоод журам /хавтаст хэргийн 76-104 дэх тал/ нь 2022 оны 04 дүгээр сарын 04-нд батлагдсан, мөн үндэслэх хэсэгт дурдсан Гэ3158 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хавтаст хэргийн 4-8 дахь тал/ нь 2019 оны 04 дүгээр сарын 22-нд байгуулагдсан байдаг.

5. Уг тушаалд ******* нь Концессын гэрээнд заагаагүй, эрх зүйн үндэслэлгүй гэрээг “*******” ХХК-тай байгуулсны улмаас компанид 122,883,079,739.50 төгрөгийн хохирол учруулсан талаар дурддаг. 2014 оны 04 дүгээр сарын 04- ний өдөр “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ”/хавтаст хэргийн 136-168 дахь тал/ Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан бөгөөд миний бие Эдийн засгийн хөгжпийн яам болон “*******” ХХК-д ажиллаж байгаагүй. Өөрөөр хэлбэл энэ гэрээгээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй.

6. Нэхэмжлэгч миний хэзээ гаргасан зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцсон талаар тушаалд дурдаагүй байдаг тул анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад энэ талаар хариуцагчаас тодруулахад /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 10 дугаар хуудас/ хэдэн оны, хэдэн сард гаргасан гэдэг нь байхгүй гэж хариулсан.

Дээрх үйл баримтуудыг дүгнэж үзвэл *******ийн  гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/965 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т заасан “хууль тогтоомжид нийцүүлэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:


            1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Б.Ундрал нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч ******* нь “*******” ТӨХК-д холбогдуулан “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/965 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил буюу тус компанийн хуулийн хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

Хэргээс үзэхэд:

3.Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажилтантай байгуулсан №Гэ3158 дугаартай хөдөлмөрийн гэрээний дагуу “*******” ХК-ийн хуулийн хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан бөгөөд “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/965 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. /1 дүгээр хавтаст хэргийн 3-8/

4.Хариуцагч “*******” ТӨХК нь нэхэмжлэгч *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үндэслэлээ “...ажлын байрны тодорхойлолтод заасан компанийн бизнесийн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг хангах үүргээ үл биелүүлж, Концессын тухай хууль болон концессын гэрээнд заагаагүй, эрх зүйн үндэслэлгүй Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх гэрээг “*******" ХХК-тай байгуулсны улмаас компани 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд бусад үйлчилгээ, менежментийн зөвлөх үйлчилгээ нэрээр 11 удаа нийт 129,883,079,739.50 төгрөгийг үндэслэлгүйгээр төлж, санхүүгийн хохиролд оруулахад хүргэсэн...” гэж тодорхойлжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 3/

Мөн “*******” ХХК болон “*******” ХК-ийн хооронд байгуулсан Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийн тайлан, тооцоонд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн санал дүгнэлт,  ...Концессийн гэрээний 4.5-д “******* нь төрийн өмч байна” гэж заасны дагуу их хэмжээний хэлцэл хийхийн өмнө тухайн үеийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол, шийдвэргүйгээр их хэмжээний үнийн дүн бүхий гэрээ байгуулсан, эрх бүхий этгээдийн нэг болох нэхэмжлэгч ******* нь Концессын гэрээний 4.5, 4.6-д заасан заалтуудыг зөрчсөн, мөн Монгол Улсын компанийн тухай хуулийн 87.1.1-д заасан заалтыг зөрчин нийт хөрөнгийн 25 хувиас илүү үнийн дүнтэй гэрээ баталгаажуулж тус компанид 129.9 тэрбум төгрөгийн хохирол учруулах нөхцлийг бүрдүүлсэн гэж дүгнэсэн тул уг дүгнэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасны дагуу хуульд заасан хугацааны дотор сахилгын шийтгэл ногдуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах хуулийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зөрчлийн хуудсыг танилцуулсан боловч гарын үсэг зурахаас татгалзсан гэж холбогдох нотлох баримтыг ирүүлжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 68, 71-74/

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс нэхэмжлэгч *******ыг  “...ажлын байрны тодорхойлолтод заасан компанийн бизнесийн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг хангах үүргээ биелүүлээгүй, компанийн дүрэм, хууль зүйн хэлтсийн үйл ажиллагааны журам, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж мэтгэлцэж байна. / 1 дүгээр хавтаст хэргийн 4-8, 42-48, 50-53, 69-70, 76-104,122-135, 214-216, 228-240/

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлахыг хуульчилсан ба хариуцагч “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/965 дугаартай тушаалаар нэхэмжлэгч *******тай 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ажилтантай байгуулсан №Гэ3158 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд уг хөдөлмөрийн гэрээний 6.5.19-т “хууль тогтоомж, энэхүү гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод тусгайлан заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөн” гэж заасныг зөрчсөн гэжээ.

Хавтаст хэрэгт 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 1153  дугаартай, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Гэ12 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Гэ3158 дугаартай хөдөлмөрийн гэрээнүүд тус тус авагдсан бөгөөд нэхэмжлэгч *******ын QSC 17/01 дугаартай Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх гэрээ”-г 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ерөнхий захирал *******, “Кью эс си” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар байгуулж, гарын үсэг зурсан үед 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 1153  дугаартай хөдөлмөрийн гэрээ үйлчилж байсан гэж үзнэ. / 1 дүгээр хавтаст хэргийн 4-8, 50-53, 214-216/

Өөрөөр хэлбэл дээрх гэрээг байгуулах үед талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 1153  дугаартай хөдөлмөрийн гэрээ үйлчилж байсан гэж үзэх бөгөөд ажил олгогч ажилтныг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Гэ3158 дугаартай хөдөлмөрийн гэрээг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан 1153  дугаартай хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт ямар төрлийн зөрчлийг ноцтой зөрчил гэж тооцохыг нэрлэн заасан байгаа бөгөөд нэхэмжлэгч ******* эдгээр зөрчлийн алийг нь гаргасан гэдгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тушаалд тодорхой тусгаагүй байна.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “...******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан компанийн бизнесийн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг хангах үүргээ биелүүлээгүй, компанийн дүрэм, хууль зүйн хэлтсийн үйл ажиллагааны журмыг зөрчсөн” гэж мэтгэлцэж байгаа боловч тухайн зөрчил гаргасан гэх үеийн ажлын байрны тодорхойлолт, хууль зүйн хэлтсийн үйл ажиллагааны журам хавтаст хэрэгт авагдаагүй байна.

1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дэх талд авагдсан ажлын байрны тодорхойлолт хэдэн онд батлагдсан  нь тодорхойгүй,  45-48 дахь талд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/260 тушаалын хавсралтаар батлагдсан ажлын байрны тодорхойлолт, 69-70 дугаар талд хууль зүйн хэлтсийн үйл ажиллагааны журам авагдсан байх ба зөрчил гаргасан гэх цаг хугацаанаас хойш буюу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш батлагдсан тодорхойлолт болон журмыг үндэслэж, нэхэмжлэгч *******ыг буруутгах үндэслэлгүй.

7. Мөн дотоод хяналтын хэлтсийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлтэд анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, Концессын гэрээний 4.5-д “******* нь төрийн өмч байна” гэж заасны дагуу их хэмжээний хэлцэл хийхийн өмнө Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын тогтоол, шийдвэргүйгээр их хэмжээний үнийн дүн бүхий гэрээ байгуулж, эрх бүхий этгээдүүд гэрээнд гарын үсэг зурсны улмаас компанид 129.9 тэрбум төгрөгийн хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлсэн гэж мэтгэлцэж байна.

2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн QSC 17/01 дугаартай Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх гэрээ”-г “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ерөнхий захирал *******, “Кью эс си” ХХК-ийн гүйцэтгэх захирал нар байгуулж, тус гэрээг “Кью эс си” болон “*******” ХК гэрээнд заасан өдөр харилцан тохиролцож байгуулсныг нотолж, “*******” ХК-ийн Үйлдвэр эрхэлсэн дэд захирал *******, Уурхай хариуцсан дэд захирал *******, санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга *******, хууль зүй, дотоод хяналтын хэлтсийн дарга *******, “Кью эс си” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч , төслийн менежер нар гарын үсэг зурж, талууд дээрх гэрээний хэрэгжилтийг 2018 оноос 2021 онуудад жил бүр “хангалттай” гэж дүгнэж, гэрээнд заасны дагуу төлбөрийг “*******” ХК-иас “*******” ХХК-ийн дансанд улирал бүр шилжүүлж байсан үйл баримт тогтоогдож байгаа бөгөөд уг гэрээний төсөл нь “*******” ХХК-иас боловсруулагдаж, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-нд PDF хэлбэрээр буюу засах, өөрчлөлт оруулах боломжгүйгээр илгээгдэж ирсэн, гэрээний төсөлд засвар өөрчлөлт оруулах эрх нэхэмжлэгч *******т байгаагүй гэж мэтгэлцэж байгааг хариуцагчийн төлөөлөгч нар үгүйсгэж чадахгүй байна. / 1 дүгээр хавтаст хэргийн 27-41, 169-192/

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж хуульчилсан, “*******” ХК-ийн дүрмийн 9.1-т “ТУЗ-н дарга, гишүүд, ерөнхий захирал болон ерөнхий захирлын тушаалаар томилогдсон этгээдийг эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч *******ыг бие даан шийдвэр гаргах эрх бүхий этгээд гэж үзэх үндэслэлгүй, маргааны үндэслэл болж буй уг гэрээг нэхэмжлэгч *******ыг байгуулсан гэж үзэх боломжгүй байна. / 1 дүгээр хавтаст хэргийн 122-135/

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна.” гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч *******ын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр QSC 17/01 дугаартай Мэргэжлийн зөвлөгөө болон техникийн туслалцаа үзүүлэх гэрээ”-г “*******” болон “*******” ХК гэрээнд заасан өдөр харилцан тохиролцож байгуулсныг нотолж, гарын үсэг зурсан үйлдлийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэж үзвэл тухайн зөрчлийг гаргаснаас хойш ажил олгогч нь 6 сарын дотор ажилтанд сахилгын хариуцлага тооцох эрхтэй.

Хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгч *******ын гаргасан зөрчлийг дотоод хяналтын хэлтсийн шалгалтаар илрүүлж, дүгнэлт гарсны дагуу  хуульд заасан хугацааны дотор буюу 1 сарын дотор хариуцлага тооцож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж мэтгэлцэж байгаа нь хуульд нийцэхгүй.

9. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т  заасны дагуу ажил олгогч нь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах үүрэгтэй  бөгөөд хариуцагч “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас зөрчлийн хуудас ирүүлсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 68/

Уг зөрчлийн хуудсанд ажилтны гаргасан зөрчлийг өөрт нь тайлбарлаж, танилцуулсан эсэх гэсэн хэсэгт тэмдэглэгээ хийгдээгүй, хариу тайлбар хэсэгт “гарын үсэг зурахаас татгалзсан” гэж тэмдэглэсэн байх бөгөөд нэхэмжлэгч ******* нь “129.9 тэрбум гэдэг бол маш их хэмжээний төлбөр. Үүний дагуу буруутгасан гэдгийг мэдсэн бол би тайлбараа өгөх байсан. Гэтэл намайг дуудаад чи ажлаа өгнө шүү гэхээс өөр юм хэлээгүй” гэж мэтгэлцэж байгааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үгүйсгэж чадахгүй байх тул ажил олгогч этгээд болох “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК нь ажилтны гаргасан гэх зөрчлийн талаар сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар өгөх эрхийг нь хангаагүй байна гэж үзнэ.

Иймд *******ыг “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Хуулийн хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Харин ажил олгогчийн гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд энэ нь цаашид ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй учир шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

10. Нэхэмжлэгч *******ыг урьд эрхэлж байсан тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосонтой холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан түүнд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг тооцохдоо “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн А/192 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталж, уг журам 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

 “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно.”, 2.1.2-т “нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж тодорхойлно.” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч ******* нь ажлаас халагдахаас өмнөх 3 сар буюу 2022 оны 08 дугаар сард 2,317,000 төгрөг, 07 дугаар сард 2,317,000 төгрөг, 06 дугаар сард 2,646,375 төгрөгийн цалин авсан ба энэ хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сард 20 хоног, 07 дугаар сард 16 хоног, 08 дугаар сард 23 хоног буюу нийт 59 хоног ажилласан байх тул тухайн хугацаанд ажилласан хоногт хуваахад тухайн ажилтны 1 өдрийн цалин 123,396.1 төгрөг байна. /2,317,000+2,317,000 +2646,375=7,280,375 7,280,375:59=123,396.1 төгрөг байна. / 1 дүгээр хавтаст хэргийн 12/

Нэхэмжлэгч *******ын хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тушаалд ажил хүлээлцэх хугацааг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэж тэмдэглэсэн боловч 2022 оны 09 дүгээр сард олгосон цалингийн задаргааг ирүүлээгүй байх тул тушаал гаргаснаас хойшхи 3 хоногийн цалинг олгосон эсэх нь тодорхойгүй байна.

Иймд хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тушаал гарсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 121 хоног ажилгүй байсан ба 123,396.1x121=14,930,939 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 6,863,843 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

11. Нэхэмжлэгч ******* нь “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/965 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил болох тус компанийн Хуулийн хэлтсийн хуулийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх” тухай шаардлага гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож байгаа тохиолдолд баримтлах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгосон байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  03 дугаар сарын 15-ны өдрийн 135/ШШ2023/00315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“...******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/965 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгож” гэснийг хасаж,

“...хариуцагч “*******” ТӨХК-иас 17,888,210 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,906,572 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг

“...хариуцагчаас 14,930,939 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, 6,863,843 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын

“...хариуцагч “*******” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 301,161 төгрөг гаргуулж” гэснийг

“...хариуцагч “*******” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 232,605 төгрөг гаргуулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,392  төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.                                  

                               

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Х.БАЙГАЛМАА                                                      

                                     ШҮҮГЧИД                                     Г.МЯГМАРСҮРЭН                                              

                                             Я.ТУУЛ