Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.А , түүний өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Д-н А-т холбогдох 1816002580144 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ...... багт оршин суух бүртгэлтэй, одоо Говь-Алтай аймгийн ....... сумын .......т багийн .........тоотод түр оршин сууж байгаа, . оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, . настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ......... регистрийн дугаартай, Боржигон овогт Д-ын А .

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.А  нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Мичид зоогийн газарт зөөгчөөр ажиллаж байхдаа үйлчлүүлэгч иргэн П.А-гийн ХААН банкны виза картыг олж аван “Их буудал” дэлгүүрийн хажуу талын АТМ-ээс 400.000 төгрөгийг уншуулж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогдож Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр анагаахын хүүхдүүд манай дээр орж ирж нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэсэн. Тэгээд тооцоо дутаад 10500 төгрөг виза картаар уншуулсан. Тэр хүүхдүүдийг гарч явсаны дараа би дээшээ гараад цэвэрлэгээ хийж байхад карт нь унасан байхаар нь би аваад халаасандаа хийсэн. Нөгөө хүүхэд эргэж орж ирээд эгчээ би картаа хаясан байна уу? гэж асуухаар нь би байхгүй гэж хэлээд гаргасан. Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Банкны мөнгөнд баригдан ийм хэрэг хийсэндээ үнэхээр гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй... Заал цэвэрлэж байхад ширээн доогуур унасан байхаар нь авсан... Тухайн картанд 1 сая гаруй төгрөг байсан. Би банкны зээлийн мөнгөө л авсан илүү мөнгө аваагүй... Би авъя гэж бодоогүй. Банкны мөнгөнд шахагдаад аргагүйн эрхэнд авсан. 1 сая гаруй төгрөг байсан би илүү мөнгө аваагүй... Намайг уучлаач би дахин ийм хэрэг хийхгүй. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна... Миний буруу хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин хэзээ ч ийм хэрэг хийхгүй. Миний буруу намайг уучлаач...” гэх мэдүүлэг,

Хохирогч П.А-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манай ангийнхан 2018 оны 10 сарын 26-нд Мичид зоогийн газарт суусан юм. Тухайн үед манай ангийн хүүхдүүдийн төрсөн өдрийн үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм. Нийт 28 хүүхэд оролцсон, 18-23 цагийн хооронд Мичид зоогийн газарт байсан, тарах үед тооцоо дутаад би өөрийнхөө виза картнаас 10.500 төгрөг уншуулаад гарсан. Тэгээд харих замдаа виза картаа алга болсон байхыг мэдээд хайгаад Мичид зоогийн газраас асуухад байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ очиж амарсан. Маргааш нь миний данснаас 400.000 төгрөгийн гүйлгээ гарсан талаар миний утсан дээр мэдээлэл ирсэн. Тэгээд би ХААН банк руу утсаар холбогдон виза картаа хаалгасан...” гэх мэдүүлэг/хх 14-18-рт/,

Гэрч О.Д-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Тухайн газраасаа гараад А-гийн гэр лүү явж байхад А  “миний хаан банкны карт алга байна” гээд Б-ын хамт тэр хоёр яваад нөгөө газраа очиход карт нь байхгүй байна гээд буцаж ирээд нээх удалгүй Б-ын хамт би гэртээ харьж амарсан. Маргааш өглөө нь эрт А ганцаараа манайд ирсэн бөгөөд картнаас 400.000 төгрөг гарчихлаа дансаа хаалгамаар байна гээд бид хэд хамт явж байгаад лавлах руу нь утсаар дансаа хаалгамаар байна гээд бид хэд хамт явж байгаад лавлах руу утсаар ярьсан...Урьд өмнө нь манай найз залуу А-гаас мөнгө аваад тухайн өдөр дансанд нь хийсэн байсан юм. Тэр мөнгө  нь байсан...” гэх мэдүүлэг/хх 20-рт/,

Шүүгдэгч Д.А-гийн мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлсэн: “...Зураг, камерийн бичлэг харсан, миний зураг мөн байна. Би тэр орой картаа унагаасан байхаар нь авсан. Маргааш өглөө нь тэр картнаас мөнгө авсан. Би Ал-ийн Хаан банкны картын дугаарыг надад тооцоо хийгээд картаа уншуулахад нь мэдсэн. ...Их буудал дэлгүүрийн хажуу талын АТМ-ээс 400.000 төгрөг аваад Цаст Алтай хадгаламж зээлийн хоршоонд зээлийн хүү төлсөн. Алтантуяагийн Хаан банкны зартыг такситай явж байгаад Б  эмчийн эмнэлгийн орчим хаясан...Тухайн үед картыг нь айгаад өгч чадаагүй...Би буруугаа хүлээж байна. Би ганцаараа мөнгө авсан. Камерын бичлэг дээр миний ард зогсож байсан хүн бол таксины жолооч юм аа. Тэр өдөр шуургатай байсан болохоор миний ард ирээд зогсож байсан...Ийм хэрэг хийсэндээ буруугаа хүлээн гэмшиж байна. Тэр охиныг хохиролгүй болгож өгнө...” гэх мэдүүлэг/хх 28-30-рт/,

Гэрч М.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 10-р сарын 26-нд Мичид зоогийн газарт тооцоогоо хийчихээд гэрлүүгээ явж байгаад виза картаа байхгүй байгаа талаар мэдээд эргэж Мичид зоогийн газарт П.Ал  бид хоёр очсон зөөгчөөс асуутал виза карт байхгүй талаар хэлсэн тэгээд харьж амарсан. 2018 оны 10 дугаар сарын 27-нд манайд ирээд миний данснаас 400.000 төгрөг гарчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 25-27-рт/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх 47-48-рт/,

Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа/хх 66-рт/,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 236 дугаартай тодорхойлолт,

Хохирогч П.Ал-гийн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан нотариатаар батлуулсан хүсэлт/хх 69-рт/ болон шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр хохирогчийн 1, 2 дугаар удаа мэдүүлэг авсан тэмдэглэл /хх14-16-рт/, /хх-17-18-т/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх10-рт/, гэрч О.Д-ын мэдүүлэг /хх20-рт/, шүүгдэгч Д.А-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх28-30-рт/, гэрч Б-ын мэдүүлэг /хх25-27-рт/, шүүгдэгч Д.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх44-46-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хохирогчийн 1, 2 дугаар удаа мэдүүлэг авсан тэмдэглэл /хх14-16-рт/, /хх-17-18-т/, Д.А-гийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх48-рт/, Д.А-т тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна гэсэн лавлагаа хх66-рт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн засаг даргын тодорхойлолт хх67-рт, хохирогчийн хүсэлт хх69-рт, шүүгдэгч Д.А-гийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хаан банкны АТМ-ээс мөнгө авч байгаа бичлэгтэй СD зэрэгт үзлэг хийв.

 

Говь-Алтай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.А-т холбогдох эрүүгийн 1816002580144 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “...Залилах...” гэмт хэргийн үндсэн шинжийг хангах бөгөөд шүүгдэгч Д.А-гийн дээрх үйлдэл нь уг гэмт хэргийн шинжийг хангахгүй, харин хохирогч П.Ал-гийн ХААН банкны виза картыг олж аван “Их буудал” дэлгүүрийн хажуу талын АТМ-ээс 400.000 төгрөгийг уншуулж авсан үйлдэл нь  “...гээгдэл эд хөрөнгийг буюу ХААН банкны виза картыг П.Ал-гийн өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж АТМ-ээс 400.000 төгрөгийг уншуулан авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Боржигон овогтой Д-ын А-т холбогдох эрүүгийн 1816002580144 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй байна.

 

Мөн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Эрдэнэ нь шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцохдоо “...Яллах дүгнэлтэд заасан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн залилах гэмт хэргээр зүйлчилж оруулж ирсэн нь зүйлчлэлийн хувьд техникийн шинжтэй алдаа гарсан байна. Энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна...” гэсэн санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч нь ямар нэгэн татгалзал гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Д.А-ийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Говь-Алтай аймгийн прокурорын газраас хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Д.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Миний буруу хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин хэзээ ч ийм хэрэг хийхгүй. Миний буруу намайг уучлаач...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Гээгдэл эд хөрөнгө гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн өмчлөлийн эд зүйлийг хаясан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа эд хөрөнгийг ойлгох бөгөөд Мичид зоогийн газарт цэвэрлэгээ хийж байхдаа олсон Виза картыг өөрийнх нь биш, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэхгүйгээр, өөрөө хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор ашиглаж 400.000 төгрөгийг АТМ-ээс авч өөрийн зээлийн хүүндээ хийсэн нь завшиж буй үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “ бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан ба Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт тооцох”-оор хуульчилсан тул шүүгдэгч Д.А-гийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Мичид зоогийн газарт зөөгчөөр ажиллаж байхдаа үйлчлүүлэгч иргэн П.Ал-гийн ХААН банкны виза картыг олж аван “Их буудал” дэлгүүрийн хажуу талын АТМ-ээс 400.000 төгрөгийг уншуулж авсан үйлдэл нь уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээний буюу 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Боржигон овогтой Д-ын А-т холбогдох эрүүгийн 1816002580144 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.А-ийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч П.Ал  нь мөрдөн байцаалтын шатанд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ: “... А-т ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Д.А-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Д.А  гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн байцаалтын шатанд гаргасан, прокурор 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, шүүгдэгч Д.А-ийг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахаар шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээ өөрчлөх саналыг шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилхэд өмгөөлөгчийн зүгээс маргах зүйл байхгүй...” гэж татгалзаагүй, шүүхээс прокурорын санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж, тэнсэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр тус тус заасан бөгөөд хорих ял оногдуулах санкци тусгагдаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлүүд нь Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх гэсэн зөвхөн хорих ял оногдуулахаар заагдсан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарахаар байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.А  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн Боржигон овогтой Д-ын А-т холбогдох эрүүгийн 1816002580144 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Д-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан Д.А  нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг ялтан Д.А-т мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн 2 ширхэг CD-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

7. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА