Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Гүнжидмаа,

Хохирогч Б.Н ,

Шүүгдэгч Д.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Шангас овогт Д-гийн Ц-д холбогдох 1816002710003 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ..... аймгийн Тэс сумын харьяат, .... аймгийн Тэс сумын 4-р багт оршин суух бүртгэлтэй, одоо Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ..... багийн ... дугаар байр ... тоотод түр оршин сууж байгаа, 1998 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ....... аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн ...... дугаар дамжаанд суралцдаг, оюутан, ам бүл 6, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ............регистрийн дугаартай, Шангас овогт Д-гийн Ц гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Ц  нь 2018 оны 11 сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв 18 дугаар байрны 18 тоот өрөөнд Б.Н-гийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Д.Ц  нь 2018 оны 11 сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв 18 дугаар байрны 18 тоот өрөөнд Б.Н-гийн нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Д.Ц-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Манай хажуу өрөөний хүүхдүүд шуугилдаад байхаар нь чимээгүй бай гэж хэлэхэд Б.Н  намайг пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмэгтэй хүн байж тийм үг хэлж болдог юм уу? гэж хэлсэн. Тэгээд араас өрөөнд орж ирээд хэл амаар доромжлоод зуурч аваад байхаар нь би санамсаргүй цохичихсон... Нүүр рүү нь цохисон... 300.000 төгрөг төлсөн... гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... : 650.000 төгрөгийг төлж чадахгүй бол яах бол...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...11 дүгээр сарын 18-ны орой найзуудтайгаа хоол хийж идээд нэг нэгэндээ шийтгэл өгөөд хөзөр тоглож байхад гарч ирсээнээ дуугүй байгаа ч ямар их шуугидаг юм бэ? гэж хэлэхээр нь юун сүртэй юм бэ? өөрсдөө шуугидаггүй юм уу? гэж хэлсэн. Тэгээд ирээд хаалга нүдээд байхаар нь гарахад буриад гутлаараа миний гэдэс рүү өшиглөсөн. Би хөл нүцгэн байсан учир Д.Ц-гийн хөл рүү нэг өшиглөсөн. Яваандаа өрөө рүү нь ороход миний хамар руу цохиод би ямар ч тамиргүй болоод доороо унасан. Манай өрөөнд байсан 3 найз орж ирж аваад миний хамарнаас цус тогтохгүй байхаар нь эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хамар чинь хүнд гэмтсэн байна. Маргааш яаралтай хамар хоолой эмчид үзүүл гэж хэлсэн. Хажуу талын сувилагч эгч цагдаад мэдэгдэхгүй яасан юм бэ? гэж хэлэхээр нь цагдаад мэдэгдсэн байгаа... Тэр орой амралтын өдөр байсан болохоор хоол хийж идчихээд хөзөр тоглож байхад гаднаас чимээгүй байгаа ч гэж хэлсэн. Тэр үед би Д.Ц-г согтууруулах ундаа уусан юм болов уу? гэж бодсон... Намайг коридорт гарахад буриад гуталтай намайг өшиглөсөн. Гэнэт намайг цаашаа түлхээд өрөө рүүгээ оруулсан. Тэгээд ирж зуураад хамар руу цохисон ... Гомдол санал байхгүй... Би хараалын үг хэлээгүй. Д.Ц  намайг пизда гэж хэлсэн... Миний буруу өөрийн буруугаас болоод гар хүрсэн байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Н-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 11 сарын 18-ны өдөр 20 цагийн үед би гэртээ М, Э  гэх найз нарын хамт хоол хийж идчихээд хөзөр тоглож байсан. Удалгүй хажуу өрөөнд амьдардаг Ц  гэдэг хүүхэд чимээгүй бай гэхээр нь би урдаас нь ямар сүртэй юм бэ гээд миний хамарлуу гараараа цохиод буриад гуталтай хөлөөрөө гэдэсрүү өшиглөсөн. Тэгээд намайг унахад хүүхдүүд аваад өрөөндөө оруулсан. Эмчид үзүүлэхэд эмч намайг хамар чинь хугарсан байна. Яаралтай мэс заслын эмч, хамар хоолойн эмчид харуул гэж хэлсэн. Миний гэдэсрүү 1 удаа өшиглөж, гарнаас базсан, хамар луу гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг/хх 32-33-рт/,

Гэрч Б.Д-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Хажуу өрөөний хүүхдүүд орилолдоод байхад Ц  чимээгүй бай гэж хэлсэн. Н Ц-г хэл амаар доромжлоод байсан. Би салгаад Ц-гийг өрөөлүү оруулсан. Нөгөө охин манай өрөөнд хэл амаар доромжлоод ороод ирсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад хөлрүү нь өшиглөөд байх шиг байсан. Удалгүй Ц  нэг цохиж авсан...” гэх мэдүүлэг/хх 36-37-рт/,

Гэрч Л.Э-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ц , Д , А , С  бид нар хөзөр тоглож байсан. Хажуу талын өрөөний хүмүүс шуугилдаад байхаар нь Ц   гараад чимээгүй бай гэтэл Н  гарч ирээд тэр хоёр маргалдаад коридорт барьцалдаад байсан. Ц  өрөөрүүгээ ороод иртэл араас нь Н  орж ирээд элдэв үгээр хэлээд доромжлоод Ц-гийн хөлрүү нь өшиглөтөл Ц  уурлаад гараараа нүүрлүү нь цохисон. Тэгээд бид нар салгаад хоёр тийшээ өрүүлүү нь оруулсан...” гэх мэдүүлэг/хх 39-40-рт/,

Гэрч С.М-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ц  манай найз охиныг өрөөрүүгээ татаж оруулаад эхлээд гараараа нүүр лүү нь цохисон. Дараа нь тонгойхоор нь гарлуу нь хөлөөрөө тийрсэн. Гэдэсрүү нь 1 удаа өшиглөсөн, гараараа хамарлуу нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг/хх 44-45-рт/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ахлах дэслэгч Т.Алтайбаатарын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №276 дугаартай “...1. Б.Н-ийн биед хамрын зөөлөн эдийн няцрал, хамрын мөгөөрсний цөмөрсөн хугарал, баруун зүүн зовхи, зүүн бугалганд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 47-48-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: хохирогч Б.Н-ийн мэдүүлэг /хх32-33-рт/, гэрч Л.Энхсайхан мэдүүлэг /хх39-40-рт/, гэрч С.М-ийн мэдүүлэг /хх44-45-рт/, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 276 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт /хх47-48-рт/,  гэрч Б.Д-гийн мэдүүлэг /хх36-37-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг рентген зурагт үзлэг хийв.

 

Шүүгдэгч Д.Ц  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хохирогч, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Д.Ц-г яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ болон Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн, шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Д.Ц-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Ц-гийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, мөн хохирогч, шүүгдэгч нарын зүй бус харилцаа хандлага нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Д.Ц  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон, хохирогч нь хохиролд нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, прокурор 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, Д.Ц-г яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Д.Ц  нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан/хх 89-рт/ бөгөөд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, учруулсан хохирол, прокурорын гаргасан санал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Учир нь: Шүүгдэгч Д.Ц  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үед 20 нас 01 сар 05 хоногтой буюу 21 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно...” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч Д.Ц-гийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д зан үйлээ засах сургалтад хамрагдах, мөн оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Ц  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзаж  үзсэн бөгөөд  харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч Д.Цэндсүрэнгийн үйлдэлд тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн хураагдсан хамрын рентген зураг 2 ширхэгийг хохирогч авах хүсэлт гаргасан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шангас овогтой Д-гийн Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д-гийн Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-д зан үйлээ засах сургалтад хамрагдах, мөн оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хамрын рентген зураг 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА