| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2018/0143/Э |
| Дугаар | 151 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Х-д холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О.Х
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Х нь 2018 оны 11-р сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.А-н эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтэй адил учраас дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүгдэгч О.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...юм ярьж байгаад бид хоёр муудалцаад баарны хажуу талын гражны дэргэд Г.А-г гурав, дөрвөн удаа алгадсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/
Шүүгдэгч О.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож байна..., …Г.А бид 2 үл ойлголцоод тэгээд тэрийг нь хэлсэн чинь Г.А хүлээн зөвшөөрөхгүй маргалдаад байхаар нь би уурандаа Г.А-г зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/
Хохирогч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11-р сарын 05-ны 01 цаг болж байхад О.Х гарч бүжиглэе гээд байхаар нь би бүжиглэхгүй гэж хэлсэн чинь намайг бааран дотор нүүр рүү нэг цохиод авсан. Тэр үед би хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа намайг гараад ир гэж хэлсэн. Баарнаас гараад намайг баарны хажууд байдаг гражны араар оруулж байгаад зодсон. Намайг гражны хажууд аваачаад очингуут шууд нүүр рүү цохисон, дараа нь үсдэж дарж байгаад цохисон, тэгээд унагаагаад дээрээс цохиод байсан, тэгээд би болноо гэж хэлэхэд намайг үргэлжлүүлээд цохиод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/
Хохирогч Г.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Х намайг “гараад ирээ уулзъя, араас гараад ирээрэй” гээд баарнаас гараад явчихсан. Тэгээд би араас нь гарч очиход О.Х баарны хажууд байдаг гражны гол руу дагуулж яваад тэндээ юм ярьж байгаад цохиод авсан. Тэгээд миний нүүр рүү гараараа цохисон, бас өвдөглөсөн, өшиглөхийг оролдсон, тэгээд унагаагаад дээрээс цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/
Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны .... дугаартай: “...Г.А-н биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Г.А-н биед учирсан гэмтлүүд нь эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Г.А-н биед учирсан баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 13-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22-р хуудас/
Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-р хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Х нь 2018 оны 11-р сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.А-н эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулсан, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Х-н сарын цалин хөлсийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА